Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00562

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00130 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.М-ын хариуцагч холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 14 дүгээр байрны 30 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Ш.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б,

Хариуцагч Ц.Б, Б.А, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Б гуайтай уулзаж байрыг нь худалдаж авах талаар тохиролцсон. Ц.Б гуай хэлэхдээ байр нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа, эхнэр Хятад улс руу явсан, энэ 7 хоногтоо багтаад ирнэ. Зээлийн хугацаа дуусаад, банк орон сууцыг битүүмжлэх болчихоод байгаа учир яаралтай зарах хэрэг гараад зарж байна, байраа 45 000 000 төгрөгөөр зарна гэсэн. Тэр үед Ц.Б гуайн хүүхдүүд Б.М, Б.А  нар хамт байсан. Бид наймаа хийж байгаа учраас ярилцаж, тохироод 43 500 000 төгрөгөөр байрыг худалдан авахаар болсон. Маргааш нь би 43 500 000 төгрөгөө бариад Ц.Б гуайн гэрт очиж уулзахад урьдчилсан байдлаар 33 500 000 төгрөг өгчих, энэ мөнгөөр байраа барьцаанаас чөлөөлж авна. Үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулна, үлдсэн 10 000 000 төгрөгийг байрны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлсэний дараа авъя, эхнэр маргааш, нөгөөдрөөс ирнэ гэсэн. Ингээд бид өмчлөгчийн нэрийг сольж, шинээр гэрчилгээ гаргуулсаны дараа үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохиролцсон. Ц.Б гуайд 33 500 000 төгрөг өгөхөд “Худалдаа хөгжлийн банк” ХХК рүү орж зээлээ төлж, байраа чөлөөлсөн гээд гарч ирсэн. Байрныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн Төмөр зам дахь салбараас очиж авна гэсэн. Намайг төмөр замын салбар руу дагуулж яваад байрныхаа гэрчилгээг барьж гарч ирсэн. Тэгээд чи байрны гэрчилгээг барьцаанд авчих, маргааш нөгөөдрөөс эхнэр Хятад улсаас ажлаа дуусаад ирэхээр нэр дээр чинь шилжүүлж өгөөд үлдсэн 10 000 000 төгрөгийг авахаар болсон. Эхнэрийг нь ирэхийг 7 хоног хүлээсэн ч ирэхгүй байсан. Ингээд эхнэр чинь ирэхгүй байна, наймааны асуудал удаашраад байна, одоо яах вэ гэхэд манай эхнэр 2006 оны 06 дугаар сард Хятад руу явсан. Хятадуудтай нийлээд компани байгуулсан байсан. Нөгөө компани нь дампуурахдаа тулж, хөрөнгө оруулалтын ажлаар явсан. Өнөө, маргаашгүй ирэх ёстой гэсэн зүйл ярьсан. 2008 оны 01, 02 дугаар сард байх, цагаан сарын үеэр ах нь чиний өгсөн мөнгийг шилжүүлсэн, 13 500 000 төгрөгийг банкинд өгсөн, үлдэгдэл мөнгийг нь эхнэр рүү шилжүүлсэн. Эхнэр маань өөрөө ирж чадахгүй бол итгэмжлэл явуулна. Манай охин Б.А  удахгүй ээж рүүгээ явж, итгэмжлэл авчирна гэж ярьсан. Цагаан сар болох гээд ахад нь мөнгий хэрэгцээ гараад байна үлдэгдэл 10 000 000 төгрөгөөсөө 500 000 төгрөг өгөөч гэхээр нь 500 000 төгрөг өгч нийт 34 000 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш эхнэр нь ч ирээгүй, Ц.Б гуай ч холбоогүй болж, утас нь холбогдохгүй 3, 4 сар болсон. Ц.Б гуайтай дахин уулзахад манай эхнэр ирэхгүй байна аа, хоёулаа асуудлаа шийдье, энэ байр нь манай ааваас надад өвлөгдөж ирсэн юм. Манай эхнэрт ямар ч хамааралгүй, хамтран өмчлөгчөөсөө эхнэрээ хасуулах гээд хөөцөлдөж байна. Ах нь энэ байрыг мэддэг хамаатан садангуудаараа Ө.М -д байрыг зарахад, татгалзах зүйлгүй гэсэн зүйл бичүүлээд ирлээ гэсэн. Хэдэн хүний гар бичмэлтэй, нэг хүний иргэний үнэмлэхийн хуулбар барьж ирсэн. 2008 оны 04 дүгээр сарын сүүлчээр байх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын гадаа зуучлаад иймэрхүү асуудлыг шийддэг хүмүүс байдаг юм байна. Хоёулаа тэр хүмүүстэй очиж уулзъя. Манай эхнэр урдаас ирэхгүй, ор сураггүй алга болсон, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байна. Манай охин урагшаа яваад ээжийгээ хайгаад олсонгүй, уулзаж чадаагүй ирсэн байна гэсэн. Үүнийг бүтэх эсэхийг мэдэхгүй, хоёулаа хайж явж байгаад н.Сэлэнгэ гэдэг хүнтэй уулзсан. Тэр хүн нь намайг таниад чи чинь таньдаг дүү байна шүү дээ, ТВ5 телевизийн Гялбаа гээд кинонд тоглосон залуу байна, сайн уу миний дүү л гэсэн. Тэгээд н.Сэлэнгэ гэдэг хүнд 500 000 төгрөг өгсөн. Ц.Б гуай, н.Сэлэнгэ бид гурав Ц.Б гуайн гэрт нь очоод 2 хүүхдээр бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Үүнийгээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өгөхөөр шинээр гэрчилгээ гарч ирнэ гэсэн. Үүнээс болж хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдсэн гээд 2008 оны 05 дугаар сараас 2010 оны 02 дугаар сар хүртэл цагдаагийн байгууллагад шалгагдсан. 2010 оны 02 дугаар сараас хойш буюу үйл явдал болсноос хойш Ц.Б гуай надад байрны гэрчилгээг өгөөд, эхнэрээ олж ирнэ. Эхнэр нь удахгүй итгэмжлэл явуулна гэсэн юм ярьдаг байсан. 2010 оны 02 дугаар сараас хойш, ор сураггүй алга болсон. Ц.Б гуай 4 жил гаруй сураггүй алга болсон. Би энэ хугацаанд түүнийг хайсаны эцэст уулзахад Жигжидийн зусланд амьдарч байгаа гэж хэлж байсан. Жигжидийн зуслангаар явж хайгаад олоогүй. Би Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ц.Б -г эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр 2014 оны 05 дугаар сард гарсан. 2014 оны 09 дүгээр сард гудамжинд явж байгаад Ц.Б гуайтай санамсаргүй таарсан. Тэгээд Ц.Б гуайг дагуулаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 хэлтэст очоод эрэн сурвалжлуулж байгаа хүнээ олоод ирлээ гэсэн. Тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан ба прокурор эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн. Тэгээд Жигжидын зусланд байдаг гэх гэрийн хаягийг нь олж авсан ч дахин Ц.Б гуай алга болоод хайсан. Хаяг нь Жигжидийн задгайд гэж байсан боловч надад олдоогүй. Би 2-3 жил тэр хавиар сураглаж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, зуслангийн цагдаагийн хэсгийн цагдаад нь хэлж байсан. Улмаар 2019 оны 04 дүгээр сард Ц.Б гуайн амьдарч байгаа хаягийг олж мэдээд, 2 дахь удаагаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би байрыг худалдаж аваад 12 жил болж байна. 2008 оноос хойш уг байранд амьдарч байгаа боловч, байраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадахгүй байна. Орон сууцны өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Б -г мөнгө авсан гэж Ө.М хэлж байна. Гэхдээ Ө.М нь Ц.Б -д 2008 оны хэдэн сарын хэдэнд, хэдэн төгрөг өгсөн нь тодорхойгүй, ямар ч нотлох баримт байдаггүй. 30 000 000 гаруй төгрөг өнөөдөр их хэмжээний мөнгө. Ц.Б -д Ө.М мөнгө өгсөн нь нотлогддоггүй. Ц.Б нь Ө.М-аас мөнгө аваагүй гэдэг. Огт мөнгө аваагүй гэж мэтгэлцэхгүй, Ц.Б нь Ө.М-ын аав н.Өлзийбаяр гэдэг хүнээс мөнгө авсан гэдэг. Ө.М өөрөө мөнгө өгсөн юм шиг ярьж байна. Үүнийг нотлох баримтаар нотлоогүй. Ц.Баяраа, Ө.М хоёр 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ш.Б-гийн эзгүйд бэлэглэлийн гэрээ-г бусадтай бүлэглэн хийсэн гэх үндэслэлээр Цагдаагийн хэлтэст 20840750 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан. Энэ баримт нь хавтаст хэргийн 124 дүгээр талд байгаа. Уг хэргээс 2018 онд Ц.Баяраа, Ө.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт байгаа прокурорын хариу бичгээр нотлогдоно. 10 жил гаруй хугацаанд шалгагдаж явж байгаад хэрэгсэхгүй болсон. Энэ хугацаанд цагдаа дээр шалгагдаж байсан хүмүүс нэг нэгнийгээ 2014 онд эрэн сурвалжилж байсан гэдэг нь арай өрөөсгөл юм шиг санагдаж байна. Хавтас хэргийн 125 дугаар талд Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг байгаа. Прокурорын бичигт ...холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод, байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ц.Б -д буцаан олгохоор шийдвэрлэсэн гэж заасан байдаг. Гэтэл цагдаад шалгагдаж байх явцад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь олдохгүй, алга болсон. 2013 онд Ш.Б нь Монгол улсад түр хугацаагаар ирээд байрныхаа талаар хөөцөлдөж явахад 2014 оны 09 дүгээр сард цагдаа дээр гэрчилгээ нь олдохгүй, гээгдсэн гэдэг. Цагдаа хурааж авсан гэх байрны гэрчилгээ яагаад өнөөдөр Ө.М -д байна. Ш.Б нь 2014 онд Хятад улс руу буцаж яваад 2018 оны 4 дүгээр сард Монгол улсад ирсэн ба үүнээс хойш холбогдох бүх шатны байгууллагад хандаж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 8 төрлийн хориг тавьсан байсныг 2019 оноос эхэлж хариу бичгүүдийг авснаар 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 8 төрлийн цуцалгаа хийгдэж, гээгдсэн гэрчилгээг дахин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраар гаргуулж авсан. “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн барьцаанд тавьсан байрыг чөлөөлөхөөр мөнгө авсан гэсэн асуудал яригдаж байгаа юм. Худалдаа хөгжлийн банкнаас Д.Г гэдэг хүн 12 000 000 төгрөгийн зээл авахад барьцаа болгож, Ц.Б нарын үл хөдлөх эд хөрөнгийг батлан даалтын гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг. Д.Г нь нэг жилийн хугацаатай зээл аваад хугацаанд зээлээ төлсөн. Хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх бичиг өгсөн байдаг. Энэ бичгээр үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөөгүй байсан учир банкны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн бичгээр байрыг барьцаанаас чөлөөлсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхад дахин авлаа гэсэн асуудал ярьж байгаа нь ийм учиртай юм. Ц.Б нь бусад 3 өмчлөгчийн өмнөөс дангаараа шийдвэр гаргах эрхгүй. Ц.Б-гийн бичсэн хамтарсан гэрээ нь Иргэний хуулийн 128.2, 128.3-д заасан заалтыг зөрчиж хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Б.М, Б.А , Ш.Б нар нь байраа зарна гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Ц.Б Ө.Мөнгөнтулгатай хэлцэл хийж байхад Ш.Б нь Монгол улсад байгаагүй. Ш.Б нь 2006 оны 4 дүгээр сард Хятад улс руу явж тодорхой хугацааны дараа ирсэн. Энэ нь хавтаст хэргийн 29-32 дугаар хуудаст авагдсан хилээр орж, гарсан баримтаар нотлогддог. Гэр бүлийн гишүүн нь Монголд байгаагүй байхад нэг хүн бусад 3 хүнийг төлөөлж байрыг зарах, бусдад шилжүүлэх талаар дангаар шийдвэрлэх эрхгүй. Хуулиар хязгаардлагдсан. Тийм учраас хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байна. Энэ байрыг зарахыг Б.М, Б.А  нар зөвшөөрсөн гэж байгаа боловч эд нар зөвшөөрөөгүй. Б.Мэнджаргалын хувьд цагдаад өгсөн мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэж тайлбарлаж байна. Тухайн үед Б.М аавыгаа хэрэгт холбогдсон байна гээд байрыг зарах гэж мөнгө авсан ээжид мөнгө шилжүүлсэн гэж хэлбэл, аав нь хэргээс мултрах гээд байна гэж аавынхаа хэлсний дагуу цагдаад нэг удаа мэдүүлэг өгсөн байдаг. Байраа зарах гэж хэлцэл хийж зөвшөөрсөн зүйл байхгүй. Б.А  ямар ч мэдүүлэг өгөөгүй, байраа зарахыг зөвшөөрсөн, гарын үсэг зурсан зүйл байхгүй. Ө.М-ыг байрны өмчлөгчөөр тогтоох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Байраа чөлөөлж өгсөн, уг байранд Ө.М 10 гаруй жил амьдарч байна гэж байна. Энэ асуудлын талаар цагдаа дээр нотлох баримт байдаг юм байна билээ. Ц.Б нь хөгжлийн бэрхшээлтэй, 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл группд байдаг. Тухайн үед ч, одоо ч архины хамааралтай хүн. Яг энэ хэлцлийг хийхдээ Ц.Б гэртээ ганцаараа байсан гэдэг. Гэтэл Ө.М-ын гэрчээр асуулгасан 2 хүн нь ажил дээр ирж бичсэн гэдэг нь худлаа, үүнийг гэртээ ганцаараа байхад Ө.М бичүүлсэн. Ө.М-ын ааваас мөнгө авснаа үгүйсгэхгүй. Ааваас нь мөнгө авсны төлөө өрнийхөө оронд байраа өг гэсэн гэдэг. 2008 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 3-4 хүнтэй гэрт нь орж ирээд, Ц.Б -г хөөн гаргаж байрны түлхүүрийг хурааж авсан ба Ө.М-аас мөнгө аваагүй гэж хэлдэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан учраас мөнгө авсан, өгсөн асуудлыг жич тусдаа өөр нэхэмжлэлээр шийдэх ёстой асуудал байх гэж бодож байна. Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 14 байрны 30 тоот орон сууц нь Ц.Баяраа, Б.М, Б.А , Ш.Б нарын өмч юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.3-д зааснаар Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 14 дүгээр байрны 30 тоотод байршилтай 37 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ө.М -д шилжүүлэх, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ө.М-ын өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч Ц.Б нарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийнх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, дутуу төлсөн 257.550 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагч Ц.Б нараас 327.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.М -д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10237 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах-аар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Хариуцагч Ц.Б-ийг орон сууц худалдсан мөнгөнөөс 2008 оны 11 дүгээр сарын өдөр 18 000 000 төгрөгийг “Мөнгөн гүүр” мөнгө гуйвуулгын газраар шилжүүлсэн болох нь гэрч Б.Мэнджаргалын мэдүүлгээр нотлогдсон хэмээн дүгнээд орон сууц захиран зарцуулах хэлцэлд түүнийг оролцож хүлээн зөвшөөрсөн хэмээн дүгнэсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд цугларсан баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явагдаж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “шууд” нотлох баримт болж чадахгүй юм. Хариуцагчийг 18 000 000 төгрөг авсан гэх гэрчийн мэдүүлгийн эх сурвалж хэргийн материалд нотлох баримтаар ирээгүй байна. “Мөнгөн гүүр” хэмээх аж ахуй нэгж байсан эсэх, одоо байгаа эсэх нь тодорхойгүйгээс гадна уг байгууллагын эрхийн хүрээнд 18 сая төгрөг шилжүүлсэн санхүүгийн баримт хэрэгт хавсаргагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх энэ байдлыг үл харгалзан эрүүгийн хэрэгт эцгийгээ хамгаалах зорилгоор худал ташаа өгсөн байж болох магадлал бүхий эргэлзээтэй нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв, хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг зөрчин эцгийнх нь эсрэг авсан мэдүүлгийг ‘үнэн зөв”-д тооцох бололцоогүй гэдгийг мөн дурьдаж байна. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн бусад насанд хүрсэн гишүүдийн бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. Гэсэн байх ба мөн хуулийн 128.3-т хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2 дахь хэсэгт заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байхад ЭБШХ-ийн хүрээнд бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэгт хэт нэг талыг барьсан үнэлэлт дүгнэлт өгч гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин нотлох баримтад тооцон Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан шаардлага хангагдсан хэлцэлд тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ө.М нь хариуцагч Ц.Б нарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 14 дүгээр байрны 30 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Б, Б.А, Б.М нараас татгалзсан ба хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ “маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Б нь 2008 оны 01 дүгээр сард 43 500 000 төгрөгөөр худалдан авахаар болж урьдчилгаанд 34 000 000 төгрөг төлсөн, эхнэрийг ирэхээр нь өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэсэн бол, хариуцагч нь татгалзлаа “орон сууцыг Ц.Б нь гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авалгүйгээр Ө.М-ын эзэмшилд шилжүүлсэн, дур мэдэн бусдад худалдан борлуулах эрхгүй” гэсэн зөрүүтэй тайлбар гаргасан байна. /хх-9-10, 56/

 

Хэргийн 129-131 дүгээр талд зээлийн болон зээлийн батлан даалтын гэрээ авагдсан байх ба уг гэрээнээс үзвэл 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас Д.Г 12 000 000 төгрөг зээлэхдээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 14 дүгээр байрны 30 тоот 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулжээ. Худалдаа хөгжлийн банкнаас иргэн Д.Г -ын зээлсэн 12 000 000 төгрөгийн зээлийн үүрэг дуусгавар болсон тул зээлийн барьцаанд бариулсан уг 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн болох нь хэргийн 168 дугаар тал дахь Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 7405/151 тоот албан бичгээр тогтоогджээ.

 

Хэргийн 7-8 дугаар талд “Хамтарсан гэрээ” гэх баримт авагдсан байх бөгөөд уг гэрээнд “Ц.Б нь 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Л.Өлзийбаяр түүний хүү Ө.М нартай тохиролцож, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 14 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах 37 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаа 43 500 000 төгрөгөөр худалдахаар тохирч 34 000 000 төгрөгийг авсан, хүү Б.М, охин Б.А , эхнэр Ш.Баярцэцэг, бидний дундын өмч, эхнэр Хятадаас ирээгүй, хамтран эзэмшигч байхгүйгээс асуудал шийдэгдэхгүй байгаа. Мөнгийг эргүүлж төлтөл Ө.М -д байраа чөлөөлөн өгч, мөнгийг эргүүлэн төлөх үеийн 2 өрөө байрны ханшаар тооцож үнийн дүнгийн 80 хувьтай тэнцэх мөнгө төлсөн тохиолдолд байраа эргүүлэн авахаар тохиролцлоо” гэсэн агуулга бүхий тохиролцоог заан талууд гарын үсэг зурсан байна.

 

Хэргийн 100-121 дүгээр тал дахь баримтаар маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 14 дүгээр байрны 30 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч Ц.Б нар болох нь талуудын тайлбар болон 0001198050 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. Энэ тохиолдолд маргаж буй 2 өрөө орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Иймд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-гийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг захиран зарцуулахдаа гэр бүлийн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. 

 

Хэргийн 167 дугаар талд Ө.Мөнгөнтулга, Ц.Б нарын хооронд байгуулсан 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр Ц.Б нь  улсын бүртгэлийн Ү-2202007018 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 14 дүгээр байрны 30 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Ө.М -д бэлэглэж түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгүүлэхээр харилцан тохиролцсон байна. Уг гэрээг Ц.Б нь Ч.Сэлэнгэ Ө.М нартай бүлэглэн Ш.Б-гийн гарын үсгийг хуурамчаар зуруулан бичиг баримт бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон боловч 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар хэргийн 165 дугаар тал дахь 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 25 тоот Сонгинохайрхан дүүргийн Прокурорын тогтоолд заажээ.

 

Хэргийн 58-59 дүгээр талд 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэгт Ц.Б-гийн хүү Б.Мэнджаргалыг гэрчээр асуусан тэмдэглэл гэх бичгийн нотлох баримт авагдсан байна. Гэрч Б.М нь “дээрх орон сууц би, ээж, аав, дүү Б.А  нарын хамтын өмчлөлд байдаг. Аав байраа зарах талаар надад хэлсэн би зарахыг зөвшөөрсөн. Манайх 2008 оны 05 дугаар сараас байраа зарах талаар ярьдаг байсан. 2008 оны 11 дүгээр сард аав байраа Ө.М гэх хүнд 35 000 000 төгрөгөөр зарахаар боллоо гэж Б.А  бид хоёрт хэлсэн. Тухайн үед бид 2 зөвшөөрсөн. Аав байраа зараад банкны өрөө төлсөн. Би 18 000 000 төгрөгийг нь 2008 оны 11 дүгээр сард ээжид Мөнгөн гүүр мөнгө гуйвуулгын газраар Хятад руу шилжүүлж үлдсэн мөнгийг гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан” гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

 

Дээрх гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад авсан нэг талын баримт бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан журмын дагуу бүрдүүлж нотлох баримт буюу гэрчийн мэдүүлэг гэж үзэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

 

Нэхэмжлэгч Ө.М нь маргааны зүйл болж буй 2 өрөө орон сууцыг 2008 оноос өнөөг хүртэл 12 жилийн турш эзэмшиж ашиглаж ирсэн, хариуцагчаас уг эзэмшлийг татгалзаж байгаагүй нь түүнийг уг орон сууцны өмчлөх эрх олж авсан гэж үзэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг нөхцөл байдлын талаар улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авах боловч маргааны зүйл болж буй 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгүүлээгүй байх бөгөөд маргааны зүйл болох орон сууцыг эзэнгүй эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч Ө.М нь хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан тул түүний эзэмшлийг хууль ёсны гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй.

 

Гэрээний болон гэрээний бус үүргийн өмчлөх эрхийн зохицуулалтын аль аль нь дээр үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь нотлох баримтыг үнэлж хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байгааг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Ө.М нь хариуцагч Ц..Б-гаас маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан гэж тайлбарласан боловч уг хэлцэл нь бусад этгээдийн буюу гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй. Харин нэхэмжлэгч Ө.М хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэнтэй холбоотой буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардах эрхийг энэхүү шүүхийн шийдвэрээр хөндөөгүй болно.

 

Иймээс нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 14 дүгээр байрны 30 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Ц.Б нарт холбогдох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 14 дүгээр байрны 30 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ