Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2020/00130

 

    2020           01            15                                            182/ШШ2020/00130                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар ,

             Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .... оршин суух, эрэгтэй, Х овгийн Ө-ын М-ын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .... оршин суух, эрэгтэй, М овгийн Ц-ын Б,

            Хариуцагч:   Хан-Уул дүүрэг, ..... оршин суух, эмэгтэй, С овгийн Ш-ын Б,

            Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...... оршин суух, эмэгтэй, Т овогт Б-ийн А,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ...... оршин суух, эрэгтэй, Т овогт Б-ийн М нарт  холбогдох

            Чингэлтэй дүүрэг, ..... тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: Ө.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, Д.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагч нарын  өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ Нь:

               Нэхэмжлэгч Ө.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие  нь  2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Б гуайтай уулзаж байрыг нь худалдаж авах талаар тохиролцсон.  Ц.Б гуай хэлэхдээ “байр нь Х банк ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа, эхнэр Хятад руу явсан, энэ 7 хоногтоо багтаад ирнэ. Зээлийн хугацаа дуусаад, банк орон сууцыг битүүмжлэх болчихоод байгаа учир яаралтай зарах хэрэг гараад зарж байна, байраа 45.000.000 төгрөгөөр  зарна” гэсэн. Тэр үед Ц.Б гуайн хүүхдүүд Б.М, Б.А нар хамт  байсан. Бид наймаа хийж байгаа учраас ярилцаж, тохироод 43.500.000 төгрөгөөр байрыг худалдан авахаар болсон. Маргааш нь би 43.500.000 төгрөгөө бариад Ц.Б гуайн гэрт очиж уулзахад “урьдчилсан байдлаар  33.500.000 төгрөг өгчих, энэ мөнгөөр байраа барьцаанаас чөлөөлж авна. Үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулна, үлдсэн 10.000.000 төгрөгийг байрны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлсэний дараа авъя,  эхнэр маргааш, нөгөөдрөөс ирнэ” гэсэн. Ингээд бид  өмчлөгчийн  нэрийг сольж, шинээр гэрчилгээ гаргуулсаны дараа үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохиролцсон.

            Ц.Б гуайд 33.500.000 төгрөг өгөхөд Х банк ХХК рүү орж зээлээ төлж, байраа чөлөөлсөн гээд гарч ирсэн. Байрныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Х ХХК-ийн Төмөр зам дахь салбараас очиж авна гэсэн. Намайг  төмөр замын салбар руу дагуулж яваад байрныхаа гэрчилгээг барьж гарч ирсэн. Тэгээд “чи байрны гэрчилгээг барьцаанд авчих, маргааш нөгөөдрөөс эхнэр Хятад улсаас ажлаа дуусаад ирэхээр нэр дээр чинь шилжүүлж өгөөд үлдсэн 10.000.000 төгрөгийг авахаар” болсон. Эхнэрийг нь ирэхийг 7 хоног  хүлээсэн ч ирэхгүй байсан. Ингээд “эхнэр чинь ирэхгүй байна, наймааны асуудал удаашраад байна, одоо яах вэ” гэхэд “манай эхнэр 2006 оны 06 дугаар сард Хятад руу явсан. Хятадуудтай нийлээд компани байгуулсан байсан. Нөгөө компани нь дампуурахдаа тулж, хөрөнгө оруулалтын  ажлаар явсан. Өнөө, маргаашгүй ирэх ёстой” гэсэн зүйл ярьсан. 2008 оны 01, 02 дугаар сард  байх, цагаан сарын үеэр “ах нь чиний өгсөн мөнгийг шилжүүлсэн, 13.500.000 төгрөгийг банкинд өгсөн, үлдэгдэл мөнгийг нь эхнэр рүү шилжүүлсэн. Эхнэр маань өөрөө ирж чадахгүй бол итгэмжлэл явуулна. Манай охин Б.А удахгүй ээж рүүгээ явж, итгэмжлэл авчирна гэж ярьсан. Цагаан сар болох гээд ахад нь мөнгий хэрэгцээ гараад байна үлдэгдэл 10.000.000 төгрөгөөсөө 500.000 төгрөг өгөөч” гэхээр нь 500.000 төгрөг өгч нийт 34.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш  эхнэр нь ч ирээгүй, Ц.Б гуай ч холбоогүй болж, утас нь холбогдохгүй 3, 4 сар болсон. Ц.Б гуайтай дахин уулзахад “манай эхнэр ирэхгүй байна аа, хоёулаа асуудлаа шийдье, энэ байр нь манай ааваас надад өвлөгдөж ирсэн юм. Манай эхнэрт ямар ч хамааралгүй, хамтран өмчлөгчөөсөө эхнэрээ хасуулах гээд хөөцөлдөж байна. Ах нь энэ байрыг мэддэг хамаатан садангуудаараа Ө.М-д байрыг зарахад, татгалзах зүйлгүй гэсэн зүйл бичүүлээд ирлээ” гэсэн. Хэдэн хүний гар бичмэлтэй, нэг хүний иргэний үнэмлэхийн хуулбар барьж ирсэн. 2008 оны 04 дүгээр сарын сүүлчээр байх “үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын гадаа зуучлаад иймэрхүү асуудлыг шийддэг хүмүүс байдаг юм байна. Хоёулаа тэр хүмүүстэй очиж уулзъя. Манай эхнэр урдаас ирэхгүй, ор сураггүй алга болсон, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байна. Манай охин урагшаа яваад ээжийгээ хайгаад олсонгүй, уулзаж чадаагүй ирсэн байна” гэсэн. Үүнийг бүтэх эсэхийг мэдэхгүй, хоёулаа хайж явж байгаад н.С гэдэг хүнтэй уулзсан. Тэр хүн нь намайг таниад “чи чинь таньдаг дүү байна шүү дээ, ТВ5 телевизийн Гялбаа гээд кинонд тоглосон залуу байна, сайн уу миний дүү” л гэсэн. Тэгээд н.С гэдэг хүнд 500.000 төгрөг өгсөн. Ц.Б гуай, н.С бид гурав Ц.Б гуайн гэрт нь очоод 2 хүүхдээр бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Үүнийгээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өгөхөөр шинээр гэрчилгээ гарч ирнэ гэсэн. Үүнээс болж хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдсэн гээд 2008 оны 05 дугаар сараас 2010 оны 02 дугаар сар хүртэл цагдаагийн байгууллагад шалгагдсан. 2010 оны 02 дугаар сараас хойш буюу үйл явдал болсноос хойш Ц.Б гуай надад  байрны гэрчилгээг өгөөд, эхнэрээ олж ирнэ. Эхнэр  нь удахгүй итгэмжлэл явуулна гэсэн юм ярьдаг байсан. 2010 оны 02 дугаар сараас хойш, ор сураггүй алга болсон. Ц.Б гуай 4 жил гаруй сураггүй алга болсон. Би энэ хугацаанд  түүнийг  хайсаны эцэст уулзахад “Жигжидийн зусланд амьдарч байгаа“ гэж хэлж байсан. Жигжидийн зуслангаар явж хайгаад олоогүй. Би Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ц.Б-г эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр 2014 оны 05 дугаар сард гарсан.

           2014 оны 09 дүгээр сард гудамжинд явж байгаад Ц.Б гуайтай санамсаргүй таарсан. Тэгээд Ц.Б гуайг дагуулаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 хэлтэст очоод “эрэн сурвалжлуулж байгаа хүнээ олоод ирлээ” гэсэн. Тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан ба прокурор эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн. Тэгээд Жигжидын зусланд байдаг гэх гэрийн хаягийг нь олж авсан ч дахин Ц.Б гуай алга болоод хайсан. Хаяг нь  Жигжидийн задгайд гэж байсан боловч надад олдоогүй. Би 2-3 жил тэр хавиар сураглаж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс,  зуслангийн цагдаагийн хэсгийн цагдаад нь хэлж байсан. Улмаар 2019 оны 04 дүгээр сард Ц.Б гуайн амьдарч байгаа хаягийг олж мэдээд, 2 дахь удаагаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би байрыг худалдаж аваад 12 жил болж байна. 2008 оноос хойш уг байранд амьдарч байгаа боловч,  байраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадахгүй байна. Орон сууцны өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэв.  

         Хариуцагч Ц.Б, Ш.Б, Б.М, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Б-г мөнгө авсан гэж Ө.М  хэлж байна. Гэхдээ Ө.М  нь Ц.Б-д 2008 оны хэдэн сарын хэдэнд, хэдэн төгрөг өгсөн нь тодорхойгүй, ямар ч нотлох баримт байдаггүй. 30.000.000 гаруй төгрөг  өнөөдөр их хэмжээний мөнгө. Ц.Б-д Ө.М мөнгө өгсөн нь нотлогддоггүй. Ц.Б нь Ө.М ас мөнгө аваагүй гэдэг. Огт мөнгө аваагүй гэж мэтгэлцэхгүй, Ц.Б нь Ө.М-ын аав н.Ө гэдэг хүнээс мөнгө авсан гэдэг. Ө.М өөрөө мөнгө өгсөн юм шиг ярьж байна. Үүнийг нотлох баримтаар нотлоогүй. Ц.Б, Ө.М  хоёр 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ш.Б-ийн эзгүйд “бэлэглэлийн гэрээ”-г  бусадтай  бүлэглэн  хийсэн гэх үндэслэлээр Цагдаагийн хэлтэст 20840750 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан. Энэ баримт нь хавтаст хэргийн 124 дүгээр талд байгаа. Уг хэргээс 2018 онд Ц.Б, Ө.М нарт холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт байгаа прокурорын хариу бичгээр нотлогдоно. 10 жил гаруй хугацаанд шалгагдаж явж байгаад хэрэгсэхгүй болсон. Энэ хугацаанд цагдаа дээр шалгагдаж байсан хүмүүс нэг нэгнийгээ 2014 онд эрэн сурвалжилж  байсан гэдэг нь  арай өрөөсгөл юм шиг санагдаж байна. Хавтас хэргийн 125 дугаар талд Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг байгаа. Прокурорын бичигт “...холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод, байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ц.Б-д буцаан олгохоор шийдвэрлэсэн” гэж заасан байдаг. Гэтэл цагдаад шалгагдаж байх явцад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь олдохгүй, алга болсон. 2013 онд Ш.Б нь Монгол улсад түр хугацаагаар ирээд байрныхаа талаар хөөцөлдөж явахад 2014 оны 09 дүгээр сард цагдаа дээр гэрчилгээ нь олдохгүй, гээгдсэн гэдэг. Цагдаа хурааж авсан гэх байрны  гэрчилгээ  яагаад өнөөдөр Ө.М-д байна. Ш.Б нь 2014 онд Хятад улс руу  буцаж яваад 2018 оны 4 дүгээр сард Монгол улсад ирсэн ба үүнээс хойш холбогдох бүх шатны байгууллагад хандаж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 8 төрлийн хориг тавьсан байсныг 2019 оноос эхэлж хариу бичгүүдийг авснаар 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 8 төрлийн цуцалгаа хийгдэж, гээгдсэн гэрчилгээг дахин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраар гаргуулж авсан.

           Х банкны барьцаанд тавьсан байрыг чөлөөлөхөөр мөнгө авсан гэсэн асуудал яригдаж байгаа юм. Х банкнаас Д.Г гэдэг хүн 12.000.000 төгрөгийн зээл авахад барьцаа болгож, Ц.Б нарын үл хөдлөх эд хөрөнгийг батлан даалтын гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг. Д.Г нь нэг жилийн хугацаатай зээл аваад хугацаанд  зээлээ төлсөн. Хугацаа хэтэрсэн зүйл байхгүй.  2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх бичиг өгсөн байдаг. Энэ бичгээр үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөөгүй байсан учир банкны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн бичгээр байрыг барьцаанаас чөлөөлсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхад дахин авлаа гэсэн асуудал ярьж байгаа нь ийм учиртай юм. Ц.Б нь бусад 3 өмчлөгчийн өмнөөс дангаараа шийдвэр гаргах эрхгүй. Ц.Б-ийн бичсэн хамтарсан гэрээ нь Иргэний хуулийн 128.2, 128.3-д заасан заалтыг зөрчиж хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Б.М, Б.А, Ш.Б нар нь байраа зарна гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Ц.Б, Ө.М-тай хэлцэл хийж байхад Ш.Б нь Монгол улсад байгаагүй. Ш.Б нь 2006 оны 4 дүгээр сард Хятад улс руу явж тодорхой хугацааны дараа ирсэн. Энэ нь хавтаст хэргийн 29-32 дугаар хуудаст авагдсан хилээр орж, гарсан баримтаар нотлогддог. Гэр бүлийн гишүүн нь Монголд байгаагүй байхад нэг хүн бусад 3 хүнийг төлөөлж байрыг зарах, бусдад шилжүүлэх талаар дангаар шийдвэрлэх эрхгүй. Хуулиар хязгаардлагдсан. Тийм учраас хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байна. Энэ байрыг зарахыг Б.М, Б.А нар зөвшөөрсөн гэж байгаа боловч эд нар зөвшөөрөөгүй. Б.М-ын хувьд цагдаад өгсөн мэдүүлгээр  хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэж тайлбарлаж байна. Тухайн үед Б.М аавыгаа хэрэгт холбогдсон байна гээд “байрыг зарах гэж мөнгө авсан ээжид мөнгө шилжүүлсэн гэж хэлбэл, аав нь хэргээс мултрах гээд байна” гэж аавынхаа хэлсний дагуу цагдаад нэг удаа мэдүүлэг өгсөн байдаг.  Байраа зарах гэж хэлцэл хийж зөвшөөрсөн зүйл байхгүй. Б.А ямар ч мэдүүлэг өгөөгүй,  байраа зарахыг зөвшөөрсөн, гарын үсэг зурсан зүйл байхгүй. Ө.М-ыг байрны өмчлөгчөөр тогтоох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Байраа чөлөөлж өгсөн, уг байранд Ө.М  10 гаруй жил амьдарч байна гэж байна. Энэ асуудлын талаар цагдаа дээр нотлох баримт байдаг юм байна билээ. Ц.Б нь хөгжлийн бэрхшээлтэй, 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл группд байдаг. Тухайн үед ч, одоо ч архины хамааралтай хүн. Яг энэ хэлцлийг хийхдээ Ц.Б гэртээ ганцаараа байсан гэдэг. Гэтэл Ө.М-ын гэрчээр асуулгасан 2 хүн нь ажил дээр ирж бичсэн гэдэг нь худлаа, үүнийг гэртээ ганцаараа байхад Ө.М бичүүлсэн. Ө.М-ын ааваас мөнгө авснаа үгүйсгэхгүй. Ааваас нь мөнгө авсны төлөө өрнийхөө оронд байраа өг гэсэн гэдэг.  2008 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 3-4 хүнтэй гэрт нь орж  ирээд, Ц.Б-г хөөн гаргаж байрны түлхүүрийг хурааж авсан ба Ө.М-с мөнгө аваагүй гэж хэлдэг. Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагын хувьд байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан учраас мөнгө авсан, өгсөн асуудлыг жич тусдаа өөр нэхэмжлэлээр шийдэх ёстой асуудал байх гэж бодож байна.  Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 14 байрны  30 тоот орон сууц нь Ц.Б, Б.М, Б.А, Ш.Б нарын өмч юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, гэрч С.Ө, Н.А, С.Г нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

          Нэхэмжлэгч Ө.М нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн .... тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хамтран хариуцагчаар Ш.Б, Б.М, Б.А нарыг татах хүсэлт гаргасныг шүүх хангаж, уг хэрэг дөрвөн хариуцагчтай болсон болно. /х.х-ийн 47-50, 97, 122-123, 138 тал/

        Нэхэмжлэгч нь хариуцагч нарын маргаж буй орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон, төлбөрт 34.000.000 төгрөг төлсөн, Ц.Б нь эхнэр Ш.Б-ийг БНХАУ-аас буцаж ирэхээр нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө гэсэн боловч, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхгүй олон жилийн хугацаа өнгөрсөн гэх тайлбар болон гэрч С.Ө, Н.А, С.Г нарын мэдүүлэг, хамтарсан гэрээ зэргийг  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байна. /х.х-ийн 1-3, 9-10, 60-63, 154-164 тал/

           Хариуцагч нар нэхэмжлэгчээс 34.000.000 төгрөг хүлээн авснаа үгүйсгээгүй боловч тухайн байрыг худалдах талаар тохиролцоогүй, Ц.Б нь гэр бүлийн гишүүдээс ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр орон сууцыг Ө.М-ын эзэмшилд шилжүүлсэн. Ц.Б өөрөө дур мэдэн бусдад зарж борлуулах эрхгүй байсан, Ө.М-д удаан хугацаагаар байрыг хөлслүүлэх, түрээслүүлэхээр тохиролцож, төлбөрийг авч байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа болно. /х.х-ийн 56 тал/

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна”, 42 дугаар зүйлийн 42.2-т “Зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж тус тус зохицуулсан.

           Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

         Нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх гэрээ хуульд нийцсэн буюу хүчин төгөлдөр тохиолдолд уг гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцнэ. 

      Эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг ... тоот ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Ц.Б, Ш.Б, Б.М, Б.А нар болох нь зохигчдын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 1-3, 6, 9, 33, 42, 56, 100-127 тал/

         Худалдаа хөгжлийн банкны Төмөр зам дахь салбартай Д.Г, Ц.Б нар нь 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 12.000.000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Эрхийн улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг .... тоот, .... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалахаар, 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээнд Ц.Б, Ш.Б, Б.М, Б.А нар гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээ зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 128-131 тал/

            Ц.Б нь банкны өр төлбөрийг төлөхөөр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа охин Б.А, хүү Б.М нарын зөвшөөрөлтэйгээр эхнэр Ш.Б-ийг БНХАУ-д байхад нь түүнд мэдэгдсэний үндсэн дээр Л.Ө, түүний хүү Ө.М  нарт 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 43.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 34.000.000 төгрөгийг хүлээн авч, эхнэр Ш.Б-ийг БНХАУ-аас буцаж ирэхээр үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцоны үндсэн дээр Ө.М нь 2008 оны 01 дүгээр сараас хойш тухайн байранд амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 9-10, 154-164 тал/

            Ц.Б, Ө.М нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэх “хамтарсан гэрээ”-нээс гадна Ө.М  нь Ц.Б, Б.М, Б.А нартай 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг бэлэглэлийн гэрээнд зурагдсан Ш.Б-ийн гарын үсэг, нотариатын тамга, дардсыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр Ц.Б, Ө.М нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ.

          Хэрэгт баримтаар авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 5/513 тоот хариу мэдэгдэх хуудсанд “...Сонгинохайрхан дүүгийн прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Зарим яллагдагчид холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Ц.Б-д холбогдох бусдыг залилсан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр Ч.С, Ө.М  нартай бүлэглэн хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэргийг 2009 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн №000198050 тоот гэрчилгээг Ц.Б-д буцаан олгохоор шийдвэрлэсэн“ гэжээ. /х.х-ийн 125-127 тал/   

           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ“ гэж заажээ.

            Зохигчдын хооронд байгуулагдсан гэх орон сууц худалдах худалдан авах хэлцэл  хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр хийгдээгүй байгаа боловч тухайн орон сууцыг Ө.М-д худалдах зөвшөөрөлийг гэр бүлийн гишүүд болох Б.М, Б.А нар өгсөн, тухайн орон сууцны үнэ 34.000.000 төгрөгөөс Ш.Б-ийг БНХАУ-д байх хугацаанд буюу 2008 оны 11 дүгээр сард 18.000.000 төгрөгийг Мөнгөн гүүр мөнгөн гуйвуулгын газраар шилжүүлсэн болох нь эрүүгийн хэрэгт  хууль сануулан гэрчээр Б.Мэнджаргалыг байцаасан мэдүүлгээр хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 60-63 тал/

        Гэрч зөвхөн үнэн мэдүүлэг өгөх үүрэгтэй этгээд тул Б.М-ын өгсөн мэдүүлгийг үгүйсгэн “Б.М  тухай үед  аавыгаа эрүүгийн хэргээс мултрах, аавынхаа хэлсний дагуу цагдаад нэг удаа мэдүүлэг өгсөн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 107 дугаар зүйлийн 107.1-д зааснаар зохигч нь бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй.

       Хариуцагч Ш.Б нь “...хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа бичгээр зөвшөөрөл аваагүй, 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээнд Ш.Б-ийг байхгүй үед нь гарын үсгийг хуурамчаар үйлдсэн” гэж нэхэмжлэгчийг буруутган тайлбарлаж байгаа боловч тэрээр тухайн орон сууцыг худалдахыг зөвшөөрч, худалдсан мөнгөнөөс тодорхой хэмжээний мөнгийг авсан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.     

         Иймд шүүх талуудын тайлбар, хэргийн үйл баримтад тулгуурлан зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэн худалдагч худалдсан эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх  нь зүйтэй гэж үзэв.

            Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №..... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг “үрэгдүүлсэн” гэх шалтгаанаар 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шинээр өөрсдийн нэр дээр дахин гэрчилгээ авсан үйл баримт тогтоогдож байна. /х.х-ийн 117-121 тал/

           Хэрэгт  баримтаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1617 дугаар шийдвэр авагдсан байх ба уг шийдвэрээр Ц.Б-г эрэн сурвалжлаж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /х.х-ийн 13 тал/

             Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т ”үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна“ гэж, мөн хуулийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гарах буюу батлагаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” тус тус гэж заажээ.

       Ө.М нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 79 дүгээр зүйлийн 79.2, 80 дугаар зүйлийн 80.1-д заасан журмын дагуу гэж үзнэ.

       Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 327.750 төгрөг төлөхөөс 70.200 төгрөг төлснийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, дутуу төлсөн 257.550 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгох, хариуцагч нараас 327.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.3-д зааснаар Чингэлтэй дүүрэг .... тоотод байршилтай ... м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ө.М-д шилжүүлэх, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ө.М-ын өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч Ц.Б, Ш.Б, Б.М, Б.А нарт даалгасугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийнх тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.М-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, дутуу төлсөн 257.550 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагч Ц.Б, Ш.Б, Б.М, Б.А нараас 327.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.М-д олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10237 дугаар захирамжаар ”шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах”-аар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                            Ж.ЦЭНГЭЛ