Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0826

 

2017 оны 11 сарын  23 өдөр           Дугаар 221/МА2017/0826                   Улаанбаатар хот

        Х.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Х.Т-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Т-ийн “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин, ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

Нэгд. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар уг хуулийн үйлчлэл хамаарах төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгч Х.Т нь захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулахын өмнө мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.8-д заасан журмын дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг гаргах үүрэгтэй.

Энэ нь Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Х.Т-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан Авлигатай тэмцэх газрын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/3766 дугаар албан бичигт “…нэр дэвшигч Х.Т-ийн эгч Х.Түмэндэмбэрэл нь сургуулийн дотуур байрны жижүүр тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж ажиллах шаардлагатай...” гэснээр батлагдана. Үүнийг давхар батлах Авлигатай тэмцэх газрын 2015 оны 10 дугаар сарын 22-ны, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зөвлөмжүүд хэрэгт авагдсан болно.

Иймдээ ч нэхэмжлэгч Х.Т нь 2014, 2015 онуудад хамаарал бүхий этгээд Х.Т-тэй холбогдох захиргааны шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг томилох эрх бүхий этгээд Ховд аймгийн Засаг даргад гаргаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар албан үүргээ гүйцэтгэх зөвшөөрөл авч ирсэн байдаг.

Ийм байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “…нэхэмжлэгч Х.Т нь сургуулийнхаа захирлын хувьд хамаарал бүхий этгээдэд цалин хөлс, мөнгөн урамшуулал олгохдоо ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг гаргах шаардлагагүй ...” гэж бодит байдалд үл нийцэх дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нийтийн албан тушаалтан хамаарал бүхий этгээдэд цалин хөлс, мөнгөн урамшуулал олгоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй тул мэдэгдэл, тайлбар гаргах үүрэггүй гэсэн заалт хуульд огтхон ч алга.

Харин ч тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж ажиллах үүрэгтэй талаар заалт тусгагдсан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болсон анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үүссэн тохиолдолд урьдчилан сэргийлэх гэсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байна.

Хоёрт. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заажээ.

Нэхэмжлэгч Х.Т нь Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар хамаарал бүхий этгээд болох Хонгороогийн Түмэннасанг үйлчлэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/43 дугаар тушаалаар Х.Түмэннасанд холбогдох үр дүнгийн мөнгөн урамшуулал олгосон.

Үүнийг анхан шатны шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хориглолтыг зөрчсөн сахилгын зөрчил гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингэсэн атлаа сахилгын зөрчлийг 2017 оны 03 дугаар сард илрүүлж, 05 дугаар сард сахилгын шийтгэл ногдуулсан нь оновчгүй гэж зөрчилдөөнтэй дүгнэлтээр маргаан бүхий захиргааны актыг буруутгахдаа ямар нэг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Гуравт. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд мэдэгдэл, тайлбарыг хэн нэг этгээдээс хамааралгүйгээр хариуцан гүйцэтгэх үүрэгтэй.

Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баатарсүрэн нь эрх бүхий албан тушаалтныхаа хувьд 2016 онд тус сумын сургуулийн захирал Х.Тээс Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулахыг шаардаагүй, заавар, зөвлөгөө өгч ажиллагаагүй нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийг зөвтгөх үндэслэл огт биш.

Ийм байхад анхан шатны шүүх Алтай сумын эрх бүхий албан тушаалтны албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийг зөвтгөх, сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг буруутгах үндэслэл болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.

Дөрөвт. Нэхэмжлэгч Х.Т нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн аваад гаргасан тайлбар, шүүхэд хандсан нэхэмжлэлийн өргөдөл, анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэрэгтээ гаргасан сахилгын зөрчлөө хүлээн зөвшөөрч маргаагүй байдаг.

Ийм байхад анхан шатны шүүх сахилгын зөрчил гаргаж, түүндээ тохирсон сахилгын шийтгэл хүлээсэн нэхэмжлэгч Х.Т-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасантай нийцэхгүй байна.

Сахилгын зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх нь зарчим тул Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Тийн Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Т-ийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчиж, хамаарал бүхий этгээд Х.Түмэндэмбэрэл, Х.Түмэннасан нартай холбогдох удаа дараагийн шийдвэр гаргах, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан” гэж үзэж, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

            Улмаар нэхэмжлэгч Х.Т нь Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тооцож, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Х.Т нь “...2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд,

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар буюу нэхэмжлэгчид ээлжийн амралтын олговор олгохыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

2. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байх ба нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбогдуулан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, түүнд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Тухайлбал,

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “…2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалинг нэхэмжилж байгаа, ...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр менежерийн албан тушаалд томилогдсон”, мөн “... тоон баримтын талаар тооцож гаргаагүй байна. Тийм учраас хугацаа зааж цалингийн болон нийгмийн даатгалын зөрүү гэж нэхэмжилсэн” талаар шүүх хуралдаанд тайлбарлажээ.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Т-ийг сургалтын менежерээр томилсон эсэх, хэрэв томилсон бол цалин нь хэдэн төгрөгөөр тогтоогдсон болох талаарх баримтуудыг цуглуулаагүй атлаа шүүх цалингийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа  авч байсан цалин болон сүүлд томилогдон ажилласан гэх сургалтын менежерийн албан тушаалын цалингийн талаарх баримтыг цуглуулаагүй нөхцөлд зөрүүг тооцох ямар ч боломж байхгүй юм.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Х.Т 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/06, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/09, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/13, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/18, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/29, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/37, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/07, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/24, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/28, А/29, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/43, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/46, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/55, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/59 дүгээр тушаалуудаар өөрт хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Х.Түмэндэмбэрэлд холбогдох шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх тухай мэдэгдэл гаргаагүй учраас маргаан бүхий актаар сахилгын шийтгэл оногдуулсан гэж хариуцагчаас тайлбарласан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд болох Х.Түмэндэмбэрэл нь дээрх тушаалуудын дагуу олгосон урамшуулал, нэмэгдлүүдийг авах болзол шаардлагыг хангасан байсан эсэхийг тодруулаагүй, энэ талаарх баримтыг цуглуулалгүйгээр шууд “...холбогдох хууль тогтоомжийн дагуу нийт багш, ажилчдад олгож байсан тул өөрт хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон гэж үзэхгүй, ...мэдэгдэл гаргахыг шаардахааргүй байна” гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д “энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж заасан тул анхан шатны шүүх нэхэмжлэгч нь өөрт хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Х.Түмэндэмбэрэлд ямар үндэслэлээр дээрх урамшуулал, нэмэгдлүүдийг удаа дараа олгож байсныг, түүнд ийнхүү урамшуулал, нэмэгдлүүд олгох үндэслэл бүрдсэн байсан эсэхийг тодруулсны эцэст нэхэмжлэгчид оногдуулсан сахилгын шийтгэл хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэх боломж бүрдэх юм.

4. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээж байгаа нь тодорхой байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт “нэхэмжлэгч Х.Т-ийн “... 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин, ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэж заасан нь тус шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү хэдэн төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй, биелэгдэх боломжгүй гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                     

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН