Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2016/01016

 

Ч.Цолмонцагааны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 273 дугаар шийдвэр,        

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ч.Цолмонцагааны нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Баясгалан, П.Сонинбаяр нарт холбогдох,

Түрээсийн төлбөр 3.768.750 төгрөг, замын зардал 215.000, бүгд 3.983.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Н.Баясгалан, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Цолмонцагаан нь 2015.07.08-ны өдрөөс 2015.08.07-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар өөрийнхөө 82-85 УН улсын дугаартай “Солар 55 ви” маркийн эксковаторыг хариуцагч П.Сонинбаяр, Н.Баясгалан нарт 1 сарын 7 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохирч бичгээр гэрээ хийж, урьдчилгаанд 50 хувь болох 3 750 000 төгрөг бэлнээр авч, үлдэх 50 хувийг 2015.7.30-нд өгөхөөр тохиролцож хэлцэл хийсэн.Хариуцагч нар гэрээгээр зөвхөн эксковаторыг түрээслэхээр тохирсон ч өөрсдөө эксковаторын суурь автомашин болох “Зил-130” маркийн самосвал 97-66 УБД улсын дугаартай автомашиныг үнэ төлбөргүй хамтад нь хэрэглэж ашигласан.Хариуцагч нар хугацаандаа мөнгөө өгөлгүй 1 сар хүлээгээч, 09 дүгээр сарын 13-нд яг найдвартай өгье гэхэд нь би зөвшөөрсөн боловч одоо болтол мөнгөө өгөхгүй, утсаа ч авахгүй, намайг хохироож байгаа учраас түрээсийн үлдэгдэл төлбөр 3 750 000 төгрөг, хугацаа хэтэрсэн 0.5 хувийн торгууль болох 18 750 төгрөг, нийт 3 768 750 төгрөг, унааны зардлууд болох 2016.01.22-ны өдөр Сэлэнгэ аймгийн анхан шатны шүүх хуралд явахаар өөрийнхөө “Пажеро Жип” маркийн 54-93 УНА улсын дугаартай автомашинд бензин 92-ыг очих, буцах зардал болох 170 000 төгрөг зарцуулж, Улаанбаатар хотын “Петрожамп”-аас 110 000 төгрөгөөр /70.5 л/, Сэлэнгээс Улаанбаатар хот руу явахдаа Дарханы “Петрожамп”-аас 30 000 төгрөгөөр /19.868 л/, Улаанбаатар хотоос Дарханд давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор явахдаа “Шижир-Ойл”-оос 30 000 төгрөгөөр /19.736 л/, Дарханаас хотруу буцахдаа “Тес Петролум”-аас 15 000 төгрөгөөр /15 л/ тус тус бензин авсан, нийт 215.000 төгрөгийг нэмж, нийт 3.983.750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: …Миний бие Н.Баясгалан 3 750 000 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь Ч.Цолмонцагааны эксковаторыг хариуцуулан ажиллуулах жолооч болох Төмөрөөг бид сольж өөр хүнтэй ажиллах хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Жолооч Төмөрөө эксковаторыг ажиллуулж чадахгүй, “ЗИЛ-130” машинтайгаа алга болж, архидан согтуурч, зодоон цохион хийж асуудал их үүсгэдэг байсан.Ийм ч учраас бид ажлаа явуулж чадахаа больж, түрээсийн үлдэгдлийг 3 750 000 төгрөгийг төлөх боломжгүй болсон. Миний зүгээс би 50 хувь болох 1 875 000 төгрөгийг 7 сард багтааж төлөх боломжтой. Илүү төлөх боломжгүй. ...Ч.Цолмонцагааны нэхэмжилсэн замын зардал болох 215 000 төгрөгийг төлж чадахгүй. Учир нь нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй байгаа, энэ мөнгийг төлөх чадвар байхгүй гэжээ.

Хариуцагч П.Сонинбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Цолмонцагааны нэхэмжилсэн 3 768 750 төгрөгийг миний бие хариуцах үндэс байхгүй. Учир нь 2015.07.07-ны өдөр хариуцагч Н.Баясгалан өөрийн төрсөн ах Н.Даваасүрэнтэй Улаанбаатар хотод ирсэн. Н.Даваасүрэн миний найз учраас намайг хотоор явж, түрээсийн эксковатор олж өгөхийг гуйсан. Бүтэн өдөржин явж хайсны эцэст Цолмонцагааны нөхөр болох Төмөрбаатартай таарч, түүний эксковатор “DOOSAN-55”-ыг түрээслэхээр тохиролцсон. Сарын түрээс 3 750 000 төгрөгөөр тохирч, Ч.Цолмонцагаан нь түрээсийн гэрээ хийхийг хүссэн. Н.Баясгалан, Н.Даваасүрэн нарт бичиг баримт байгаагүй тул миний паспортын хаягаар буюу над дээр гэрээг хийсэн. Би энэ хэрэгт ямар ч холбогдолгүй, Н.Баясгалангаас ашиг орлого, мөнгө төгрөг аваагүй, тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт зааснаар Н.Баясгалангаас 3 768 750 төгрөгийг гаргуулан Ч.Цолмонцагаанд олгож, нэмэгдүүлсэн нэхэмжлэл 215 000 төгрөг, П.Сонинбаяраас 3 768 750 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 215 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 82 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баясгалангаас улсын тэмдэгтийн хураамжинд 75 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн: 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Сонинбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Баясгалангаас түрээсийн төлбөр 3 768 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цолмонцагаанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 215 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75 250 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч Н.Баясгалан болон түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн судлаж дүгнээгүй байна.Зохигч талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Учир нь зохигчдын хооронд 2015.07.08-ны өдөр байгуулагдсан автомашин түрээслэх тухай гэрээ нь тухайн гэрээ байгуулагдах үед автомашин нь нэхэмжлэгчийн өмчлөлд байгаагүй, автомашины жинхэнэ өмчлөгч нь Иргэний хуульд заасан өөрийн нэрийн өмнөөс төлөөлүүлэх итгэмжлэлийг олгоогүй байхад дур мэдэн түрээслүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар дээрхи тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч нь байна гэж үзсэн байна. Гэтэл тус хуулийн 90.1-д “...хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа, эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч...” гэж үзнэ гэсэн байна. Өөрөөр хэлбэл зохигч хооронд түрээсийн гэрээ байгуулагдах үе болох 2015.07.08-ны өдөр нэхэмжлэгч Ч.Цолмонцагаанд тухайн эксковатарыг хууль ёсоор эзэмших, түрээслэх ямар нэгэн баримт, гэрээ, итгэмжлэл байгаагүй юм.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “...өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй гэсэн байхад шударга эзэмшигч гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар ...Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэсэн байдаг. Үүний дагуу Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д “...хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой ...биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлнэ” гэсэн байхад эрхийн доголдолтой хөрөнгө түрээслэсэн.Хэрвээ нэхэмжлэгч бусдын эд хөрөнгийг ашиг шимийг нь хүртэхээр хязгаартайгаар эзэмшиж, ашиглаж байна гэж үзвэл Иргэний хуулийн 152 дугаар зүйлийн 152.2-т зааснаар ...гуравдагч этгээдэд уг эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд өмчлөгчийн зөвшөөрлийг заавал авна гэсэн заалтыг зөрчсөн байна. Гэтэл шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэснийг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх зөвхөн үнийг нь төлсөн гэсэн үндэслэлээр машин өмчлөгчийг Цолмонцагаан мөн байсан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна.Нэхэмжлэгч шүүх хурал дээр машины үнийг 20 000 000 төгрөг гэж хэлсэн, гэтэл худалдах-худалдан авах гэрээ нь 5 000 000 төгрөгөөр хийгдсэн, түрээслэх гэрээ нь 25 000 000 төгрөгөөр хийгдсэн зэрэг илт хуурамч байдлаар үнэ  тогтоож сүүлд худалдан авах гэрээ нь хийгдсэнийг шүүх мөн анхаарч үзээгүй. Мөн тээврийн хэрэгслийн марк нь түрээсийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээнд зөрүүтэй бичигдсэн бөгөөд үнэхээр түрээслэсэн машин нь худалдагдсан машин мөн эсэх нь эргэлзээтэйг анхаарч үзээгүй. Мөн шүүх хурал дээр нэхэмжлэгч нь тухайн машиныг түрээслэсэн гэрээ хийгдэхэд миний нэр дээр байсан, би гаалиас 2012 онд Солонгос Улсаас орж ирэхэд нөхөртэйгөө 20 000 000 төгрөгөөр бичигтэй нь авсан гэсэн тайлбар нь худалдаж авсан гэдэг нь үгүйсгэгдэж байгааг нотлож байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааны төрлийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн зөв тодорхойлж, уг харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан нь зөв боловч хариуцагч П.Сонинбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасан шаардлагыг зөрчжээ. Магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ч.Цолмонцагаан, хариуцагч Н.Баясгалан нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан автомашин түрээслэх гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын үүрэг, үүргийн гүйцэтгэл зэрэг маргааны үйл баримттай холбоотой эрх зүйн асуудлаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Түрээсийн гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой бус харин бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний төрөлд хамаардаг тул түрээслүүлэгч тал тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхтэй этгээд байх учиртай. Нэхэмжлэгч Ч.Цолмонцагаан түрээсийн гэрээний зүйлийг эзэмших, ашиглах эрхгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба эд хөрөнгийн өмчлөгч биш байж түрээсийн гэрээ байгуулсан учир гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд хамааруулсан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.   

Хариуцагч П.Сонинбаяр нь зохигчдын хоорондох түрээсийн гэрээний оролцогч биш тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Харин давж заалдах шатны шүүх хариуцагч П.Сонинбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д “хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ. Хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.9., 65.1.10-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тусгагдаагүй байна. Нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татсан этгээд тухайн шаардлагыг хариуцах ёсгүй бол шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоос бус хэргийг хэрэгсэхгүй болгохгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй, харин давж заалдах шатны шүүхийн магадлалд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Сонинбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Баясгалангаас түрээсийн төлбөр 3 768 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цолмонцагаанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 215 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 318 дугаар зүйлийн 318.1.-д заасныг баримтлан хариуцагч Н.Баясгалангаас 3 768 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цолмонцагаанд олгож, 215 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч П.Сонинбаярт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН