Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 06

 

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Цолмонцагааны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

                                                                       Хэргийн индекс: 102/2015/08213/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч        Б.Батзориг

                     Шүүгчид                      Л.Амарсанаа

                                                         Г.Давааренчин

  Оролцогчид:

           Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 273 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Н.Баясгалан, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын давж заалдах гомдлоор Ч.Цолмонцагааны нэхэмжлэлтэй Н.Баясгалан, П.Сонинбаяр нарт холбогдох “Түрээсийн төлбөр 3.768.750 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага замын зардал 215.000, бүгд 3.983.750 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ч.Цолмонцагаан шүүхэд  гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…Миний бие Ч.Цолмонцагаан нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар өөрийнхөө 82-85 УН улсын дугаартай “Солар 55 ви” маркийн эксковаторыг хариуцагч П.Сонинбаяр, Н.Баясгалан нарт 1 сарын 7.500.000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохирч бичгээр гэрээ хийж, урьдчилгаанд 50 хувь болох 3.750.000 төгрөг бэлнээр авч, үлдэх 50 хувийг 2015 оны 07 дугаар сарын 30-нд өгөхөөр тохиролцож хэлцэл хийсэн. Хариуцагч нар гэрээгээр зөвхөн эксковаторыг түрээслэхээр тохирсон ч өөрсдөө эксковаторын суурь автомашин болох “Зил-130 сомсмаль” маркийн 97-66 УБД улсын дугаартай автомашиныг үнэ төлбөргүй хамтад нь хэрэглэж ашигласан. Хариуцагч нар хугацаандаа мөнгөө өгөлгүй 1 сар хүлээгээч, 09 дүгээр сарын 13-нд яг найдвартай өгье гэхэд нь би зөвшөөрсөн боловч одоо болтол мөнгөө өгөхгүй, утсаа ч авахгүй, намайг хохироож байгаа учраас түрээсийн үлдэгдэл төлбөр 3.750.000 төгрөг, хугацаа хэтэрсэн 0.5 хувийн торгууль болох 18.750 төгрөг, нийт 3.768.750 төгрөг, унааны зардлууд болох 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн анхан шатны шүүх хуралд явахаар өөрийнхөө “Пажеро Жип” маркийн  54-93 УНА улсны дугаартай автомашинд бензин 92-ыг очих, буцах зардал болох 170.000 төгрөг зарцуулж Улаанбаатар хотын “Петрожамп”-аас 110.000 төгрөгөөр /70.5 л/, Сэлэнгээс Улаанбаатар хотруу явахдаа Дарханы “Петрожамп”-аас 30.000 төгрөгөөр /19.868 л/, Улаанбаатар хотоос Дарханд давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор явахдаа “Шижир-Ойл”-оос 30.000 төгрөгөөр /19.736 л/, Дарханаас хотруу буцахдаа “Тес Петролум”-аас 15.000 төгрөгөөр /15 л/ тус тус бензин авсан, нийт 215.000 төгрөгийг нэмж, нийт 3.983.750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Н.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“…Миний бие Нацагдорж овогтой Баясгалан Цолмонцагааны 3.750.000 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь Ч.Цолмонцагааны эксковаторыг хариуцуулан ажиллуулах жолооч болох Төмөрөөг бид сольж өөр хүнтэй ажиллах хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Жолооч Төмөрөө эксковаторыг ажиллуулж чадахгүй, “ЗИЛ-130” машинтайгаа алга болж, архидан согтуурч, зодоон цохион хийж асуудал их үүсгэдэг байсан. Ийм ч учраас бид ажлаа явуулж чадахаа больж, түрээсийн үлдэгдлийг 3.750.000 төгрөгийг төлөх боломжгүй болсон. Миний зүгээс би 50 хувь болох 1.875.000 төгрөгийг 7 сард багтааж төлөх боломжтой. Илүү төлөх боломжгүй...”,

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “...Ч.Цолмонцагааны нэхэмжилсэн замын зардал болох 215.000 төгрөгийг төлж чадахгүй ээ. Учир нь нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй байгаа, энэ мөнгийг төлөх чадвар байхгүй...” гэжээ.

 

Хариуцагч П.Сонинбаяр шүүхэд гаргасан хариу  тайлбартаа:

Ч.Цолмонцагааны нэхэмжилсэн 3.768.750 төгрөгийг миний бие хариуцах үндэс байхгүй. Учир нь: Анх 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Н.Баясгалан өөрийн төрсөн ах Н.Даваасүрэнтэй Улаанбаатар хотод ирсэн. Н.Даваасүрэн миний найз учраас намайг хотоор /гадуур/ цаг явж, түрээсийн эксковатор олж өгөхийг гуйсан. Бүтэн өдөржийн явж хайсны эцэст Цолмонцагааны нөхөр болох Төмөрбаатартай таарч, түүний эксковатор “DOOSAN-55”-ыг түрээслэхээр тохиролцсон. Сарын түрээс 3750.000 төгрөгөөр тохирч, Ч.Цолмонцагаан нь түрээсийн гэрээ хийхийг хүссэн. Н.Баясгалан, Н.Даваасүрэн нарт бичиг баримт байгаагүй тул миний  паспортын хаягаар буюу над дээр гэрээг хийсэн.

          Би энэ хэрэгт ямар ч холбогдолгүй, Н.Баясгалангаас ашиг орлого, мөнгө төгрөг аваагүй, тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй… гэжээ.

 

          Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн 273 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт зааснаар Н.Баясгалангаас 3768750 төгрөгийг гаргуулан Ч.Цолмонцагаанд олгож, нэмэгдүүлсэн нэхэмжлэл 215000 төгрөг, П.Сонинбаяраас 3768750 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 215000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 82350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баясгалангаас улсын тэмдэгтийн хураамжинд 75250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Баясгалан, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол  болон тайлбартаа:

“...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчаас 3.768.750 төгрөгийг гаргуулахаар болсон ба тус шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтуудыг бүрэн судалж дүгнээгүй гэж үзэж байна.

Зохигч талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байгааг шүүх анзаарч үзээгүй байна. Учир нь зохигч хооронд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан автомашин түрээслэх тухай гэрээ нь тухайн гэрээ байгуулагдах үед автомашин нь нэхэмжлэгчийн өмчлөлд байгаагүй, автомашины жинхэнэ өмчлөгч нь Иргэний хуульд заасан өөрийн нэрийн өмнөөс төлөөлүүлэх итгэмжлэлийг олгоогүй байхад дур мэдэн түрээслүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас нотлогдож байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар ...энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэсэн байна. Үүний дагуу Иргэний хуулийн 288.1.1 “...хөлслөх хугацааны турш гэрээнд заасны  дагуу ашиглах боломжтой...биет байдлын эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлнэ...” гэсэн байхад эрхийн доголдолтой хөрөнгө түрээслүүлсэн, хэрвээ нэхэмжлэгч бусдын эд хөрөнгийн ашиг шимийг хүртэхээр хязгаартайгаар эзэмшиж, шиглаж байна гэж үзэх юм бол Иргэний хуулийн 152 дугаар зүйлийн 152.2 дахь хэсэгт зааснаар “...гуравдагч этгээдэд уг эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд өмчлөгчийн зөвшөөрлийг заавал авна...” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Гэтэл шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн,...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ...” гэснийг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч шүүх хурал дээр машины үнийг 20.000.000 төгрөг гэж хэлсэн, тэгсэн хэрнээ худалдах, худалдан авах гэрээ нь 5.000.000 төгрөгөөр хийгдсэн, түрээслэх гэрээ нь 25.000.000 төгрөгөөр хийгдсэн зэрэг илт хуурамч байдлаар үнэ тогтоож сүүлд худалдан авах гэрээ нь хийгдсэнийг шүүх мөн анхаарч үзээгүй.

Түрээсийн гэрээнд “Doosan-55” маркийн 97-66 дугаартай тээврийн хэрэгслийг түрээслүүлсэн байхад худалдах, худалдан авах гэрээнд “Dawoo solar-55” маркийн /улсын дугаар бичигдээгүй/ тээврийн хэрэгслийг худалдагдсан зэрэг маркийн зөрүү гэрээнүүдэд бичигдсэн байна. Тэгэхээр үнэхээр түрээслэсэн машин нь худалдагдсан машин мөн эсэх нь эргэлзээтэй. Мөн шүүх хурал дээр нэхэмжлэгч тухайн машиныг түрээслэсэн гэрээ хийгдэхэд миний нэр дээр байсан, би гаалиас 2012 онд Солонгос улсаас орж ирэхэд нөхөртэйгээ 20.000.000 төгрөгөөр бичигтэй нь авсан гэсэн тайлбар нь худалдаж авсан гэдэг нь үгүйсгэгдэж байгааг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Цолмонцагаан давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Хариуцагч Н.Баясгалан нь нэхэмжлэгч Ч.Цолмонцагаан надтай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө түрээслэх гэрээ хийгээгүй гэж маргаагүй. Харин түрээсийн мөнгийг бүгдийг нь өгөх боломжгүй гэж тайлбарладаг. Иймд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр, түрээслэгч нь түрээслүүлэгчид эд хөрөнгө ашигласны төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй учраас төлбөл зохих төлбөр, хугацаа хэтрүүлснээс үүсэх хохирлыг төлөх ёстой. Миний хувьд зөвхөн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болон торгуулийн 3.768.750 төгрөгийг зөвхөн нэхэмжилсэн боловч надад үүнээс ч илүү хохирол учирсан. Улаанбаатар хотоос ирж шүүхэд нэхэмжлэл гаргах, 3 удаа шүүх хуралдаанд оролцох гэх мэт 320.000 төгрөгний унааны шатахууны зардал гарсан. Хэрвээ өөр хүнтэй гэрээ хийж, мөнгөө 100% аваад явсан бол одоо надад хохирол учрахгүй.

Миний хувьд өөрийн эксковаторыг бусдад түрээслэсэн. Уг эксковаторыг би Г.Содгэрэлээс 2012 дугаар сарын 07 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөгөөр бэлнээр худалдаж авсан. Би мөнгөө Г.Содгэрэлд 100% төлчихсөн. Хариуцагчийн зүгээс түрээсийн гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах талаар маргаагүй, зөвхөн түрээсийн тал хувийг төлнө гэж мэдүүлсэн, түрээсийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж шаардлага гаргаагүй тул шүүх зөвхөн хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гэрээг хүчингүй тооцох хууль зүйн үнсэдлэлгүй юм. Миний хувьд уг эксковаторыг 5.000.000 төгрөгөөр бэлнээр худалдан авч үнийг бэлнээр төлсөн, хэн нэгэн гуравдагч этгээд худалдагч болон худалдан авагчид гомдлын шаардлага гаргаагүй учраас эрхийн доголдолтой эд хөрөнгө бусдад түрээслэсэн гэх үндэслэлгүй бөгөөд эксковатор нь өөрөө явагч машин биш харин ачигч төхөөрөмж учраас зайлшгүй эзэмшигчийн гэрчилгээ шаардлагагүй байдгийг анхаарч үзнэ үү. Иймээс хариуцагч Н.Баясгалан болон түүнйи өмгөөлөгч Г.Амартүвшин нар нь санаатайгаар цаг хугацаа авч үлдэгдэл мөнгө буюу 3.768.750 төгрөгийг өгөхгүй хохироож байгаа тул хурдан энэ асуудлыг шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ч.Цолмонцагаан нь хариуцагч П.Сонинбаяр, Н.Баясгалан нарт холбогдуулан  түрээсийн төлбөр 3.768.750 төгрөг, шатахууны болон унааны зардал 215,000 төгрөг нийт 3.983.750 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийн хариуцагч нь давж заалдах гомдолдоо “…анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байгааг  анхаараагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсний дагуу хэргийг судлан үзэхэд: Нэхэмжлэгч Ч.Цолмонцагаан  хариуцагч Н.Баясгалан нар нь 2015 оны 07 сарын 08-ны өдөр  автомашин түрээслэх гэрээг  сарын хугацаатай байгуулж, сарын төлбөр 7.500.000 төгрөг байхаар харилцан тохирч түрээсийн урьдчилгаанд төлбөрийн 50 хувь болох 3.750.000 төгрөгийг  төлж  гэрээний хугацаа дууссаны дараа үлдэгдэл төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулжээ.

 

Талууд түрээсийн гэрээг нэг  сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээ нь 2015 оны 08 сарын 07-ны өдөр дуусгавар болсон  тул түрээслэгч Ч.Цолмонцагаан  нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр  түрээслэгч Н.Баясгалангаас түрээсийн төлбөр гаргуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн хариуцагч Н.Баясгалан болон түүний өмгөөлөгч нэхэмжлэгчийн түрээсэлсэн эксковатор нь түрээсийн гэрээ байгуулах үед өөрийнх нь  өмчлөлийнх бус доголдолтой хөрөнгө шилжүүлсэн, гэрээ байгуулсны дараа эксковаторыг өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн байх тул  талуудын хооронд байгуулсан  түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл талуудын  хооронд түрээсийн гэрээ байгуулагдах үед  гэрээний зүйл болох “Daewoo” маркийн УН 8285 улсын дугаартай эксковатор нь нэхэмжлэгч Ч.Цолмонцагааны эзэмшилд байсан  бөгөөд  түүнийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар тухайн хөрөнгийн хувьд  шударга эзэмшигч гэж үзнэ.

 

Хэдийгээр хариуцагч гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч, хэрэгт  гэрээний хугацаанд эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн талаар ямар нэгэн маргаан гараагүй бөгөөд эрхийн хувьд доголдолтой хөрөнгийг  түрээслүүлэгчид шилжүүлснээр тухайн хөрөнгийн хэвийн ашиглалтад хэрхэн саад болсон  талаар  нотлох баримт  авагдаагүй байна.

 

Түүнчлэн гэрээний талуудын гэрээ байгуулах үедээ гэрээний зүйлийн өмчлөл, эзэмшлийн талаар  маргаагүй  бөгөөд  нэг сарын хугацаатай байгуулж, гэрээ дуусгавар болсон мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр  илэрхийлсэн  хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан  хэлбэрээр илэрхийлсэн  бол шинээр  хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.” гэж заасан байх тул зохигчдын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөрт тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн тул  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний түрээслэгч талыг төлөөлөн хариуцагч Н.Баясгалан, П.Сонинбаяр нар гарын үсэг зурсан ба нэхэмжлэгч Ч.Цолмонцагаан нь түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Сонинбаяр нь тухайн түрээсийн гэрээний  оролцогч биш болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбараар  тогтоогдож байх тул  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч П.Сонинбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хууль хэрэглээний алдаа  гаргасан байх тул түүнийг зөвтгөн шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Сонинбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Баясгалангаас түрээсийн төлбөр 3.768.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цолмонцагаанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 215.000  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж  өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.250 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БАТЗОРИГ 

 

                           ШҮҮГЧИД                                       Л.АМАРСАНАА

 

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН