Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/79

 

 

 2022           12                7                                                79

 

Г.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Энхбат

            Хохирогч Б.Н

            Иргэний нэхэмжлэгч В.А

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Уийн итгэмжлэгдсэн

            төлөөлөгч В.А

            Иргэний хариуцагч Ц.О, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир

            Шүүгдэгч Г.А

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Ж.Батзориг

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, хохирогч В.Н, иргэний нэхэмжлэгч В.А, иргэний нэхэмжлэгч Бодь даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.У, В.А нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, шүүгдэгч Г.А-д холбогдох эрүүгийн 223400000081 дугаар хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1989 оны 4 дүгээр сарын 05-нд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Төв аймгийн Цээл сум дахь сум дундын цагдаагийн газарт цагдаа ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, охины хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 6-45 тоотод оршин суух хаягтай боловч, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, арьс ширний 80 айлын 34 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, С овогт Г. А,

 

Г.А нь согтуугаар Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Сүүж” амралтын газрын салдаг уулзвараас 1 км зайд асфальтан зам дээр 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота Креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 3.7/А “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”  гэсэн заалтыг тус тус зөрчиж Х.Дамдинсүрэнгийн жолоодож явсан  “Тоёота Ланд-300” маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч В.Нийн эрүүл мэндэд хүнд, Х.Дамдинсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Д.Уийн эзэмшлийн “Тоёота ланд-300” маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 144.295.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Г А-ийг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4-т тус тус зааснаар Г.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.А-ээс нийт 98.631.887 төгрөг гаргуулан хохирогч В.Н-д 45.796.000 төгрөгийг, хохирогч Х.Дамдинсүрэнд 1.869.342 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Ут 50.966.545 төгрөгийг тус тус олгож,

 

иргэний нэхэмжлэгч Д.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А нар нь “Итгэлт-Эстимэйт”-ийн 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтад дурдсан нийт 31.996.000 төгрөгийн шууд бус зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний нэхэмжлэгч “Бодь Даатгал” ХХК нь даатгалын нөхөн төлбөр болох 94.328.455 төгрөгийг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.А-ээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.А гаргасан давж заалдах гомдолдоо: Миний хариуцлагагүй болгоомжгүй үйлдсэн зам тээврийн ослын улмаас хүний биед хүндэвтэр, хүнд хохирол, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсандаа туйлын их гэмшиж харамсаж явдаг ба одоо ч энэ гомдлоороо дахин уучлалт гуйж байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.1, 39.5 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн, бусад хууль тогтоомж зөрчиж энэ хэргийн явц нь зөвхөн нэг талыг барьж яллах шийдвэрт хүргэсэн. Тиймээс шүүгдэгч миний эрх зүйн байдал дордсон гэж үзэж байна. Үүнд:

 

1. Иргэний нэхэмжлэгч Д.Уийн эзэмшлийн 57-87 УБС улсын дугаартай “Тоёото Ланд 300” маркийн тээврийн хэрэгсэл нь зах зээлийн үнэлгээ 188.000.000 төгрөг гэж байхад “Итгэлт-Эстэймт” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн авто машин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 93% сүйрсэн гэж үзэж эвдрээгүй олон зүйлийг эвдэрсэн болгон нийт хохирлын үнэлгээ нь 176.291.000 төгрөг гаргаж, шинжээчийн дүгнэлт буруу эргэлзээтэй өндөр гарсан. Уг дүгнэлтэд анхан шатны шүүх нь 144.295.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.А төлж барагдуулах, үлдсэн хохирол 31.996.000 төгрөгийг Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг олгосон. Хохирогч В.Н нь хүнд гэмтэл учирсны улмаас 46.496.000 төгрөг нэхэмжилсэн. Хохирогч В.Н нь жолооч болон зорчиж яваа зорчигч хамгаалах бүс хэрэглэн явах үүрэгтэй гэсэн замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчиж гэм хорыг ихэсгэсэн болох нь гэрч, нөхөр болох Д.Ганзоригийн мэдүүлгээр тогтоогдсон. Хохирогч В.Н мөрдөн байцаалт, шүүх хуралд худал мэдүүлэг, тайлбар өгч шүүх хурлын явцад нөлөөлсөн. Энэ үйлдлүүд нь Иргэний хууль, Захиргааны хууль бусад хуулийг зөрчсөн, энэ шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

 

2. Хэрэгт холбогдсон гэх “Тоёото Креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэн Ц.О нь 2012 онд Н.Дүгэрээ гэх хүнд худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, нэр шилжүүлэхгүй 2021 он хүртэл, 9 гаруй жил болсон. Уг машиныг шүүгдэгч Г.А би Н.Дүгэрээ гуайн нэр дээр байдаг гэж ойлгон Н.Дүгэрээгийн данс руу 1.300.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь тухайн машиныг өөр хүний нэр дээр байгааг мэдсэн.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.О гэх машины эзэмшигчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар тооцсон мөртлөө “Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжинэ” гэж үзэж тээврийн хэрэгслийг өмчлөх эрх шүүгдэгч Г.Аэд бүрэн шилжсэн гэж шүүх үзсэн. Энэ үйлдэл нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т зааснаар даргалагч шүүгч өөрийн нөхцөл байдалд тааруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар 5 хоногийн завсарлагыг шүүгдэгч Г.А-д өгөөгүй, энэ бүх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

Бусад зөрчлийн талаар: Осол болох шалтгаан замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан урсгал сөрсөн байна гэж үзсэн. Замын нөхцөл байдал ослын нөхцөлд нөлөөлөөгүй, осол гарах үед шүүгдэгч Г.А би “Сүүж-Уул” амралт, сувилалын уулзварт гарц, тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан. Дарааллын 3.3.а, 3.3.б гэх туслах тэмдэг байсан бол осол гарахаас наана уулзвар эргээд орчих боломж байсан. Тиймээс замын нөхцөл байдал, үзэгдэх харагдах орчин маш их энэ осолд нөлөөлсөн гэж үзэж байна.

 

“Тоёото Креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийгээгүй, осол болсон гэх замд замын дүгнэлт гаргаагүй. Хэрэгт холбогдсон Тоёото Ланд-300 маркийн тээврийн хэрэгсэл нь осол гарах үед маш хурдтай явж байсан. Тухайн өдрийн 15 цаг 30 минутын үед Хөтлөөс гараад 17 цаг 30 минутад Баянчандмань сум өнгөрөөд мөргөлдсөн. Явсан км, хурд, цаг хугацааг тооцоход хурд хэтрүүлж явсан байх боломжтой, хэргийн газрын үзлэгийг 8 минутад хийж дуусгасан.

 

Өөрийн буруугаас гэм хорын хохирлыг ихэсгэсэн хохирогч В.Нийн хохирлыг хууль журмын дагуу шийдвэрлэж, үзлэгт тусгаж тогтоогоогүй. Энэ бүх нь хэргийн явц хэрэгт холбогдолтой зөрчлүүд нь хуульд нийцэхгүй миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Г.А би техникийн шинжээчийн дүгнэлт, гэм буруу дээрээ ял авчих болов уу гэж бодон огт маргаагүй.

 

Хуульд нийцээгүй шударга бус хохирол хор уршгийн талаар: Хохирогч В.Нийн нэхэмжилсэн 46.496.000 төгрөгөөс эм тариа, авах зорилгоор 700.000 төгрөг өгсөн. Хохирогч Х.Дамдинсүрэнгийн нэхэмжилсэн 6.869.342 төгрөгөөс өөрийн “Портер” машинаа 5.000.000 төгрөгт бодож эмчилгээний зардалд нь хууль тогтоомжийн дагуу нэр шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгч Д.Уийн нэхэмжилсэн 176.291.000 төгрөгөөс түүний албан ёсны төлөөлөгч В.Атай уулзан “Бодь даатгал” ХК-аас шүүгдэгч Г.А би 10 жилийн хугацаатай эргэн төлөхөөр гэрээ байгуулж 93.328.465 төгрөг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч В.А-гийн нэхэмжилсэн 845.876 төгрөгөөс мөн адил “Бодь даатгал” ХК-аас эрүүл мэндийн хохирол гэж 1.000.000 төгрөг шилжүүлж 154.124 төгрөг илүү төлөлттэй хийгдсэн. Иймээс учирсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж бодож байна.

 

Шүүгдэгч Г.А миний бодлоор хэрэгт холбогдсон “Тоёото Ланд 300” маркийн 57-87 УБС улсын дугаартай автомашинаа хэрэг дуусаж шийдвэрлэхээс өмнө огт засвар хийгээгүй 46.000.000 төгрөгт хямд зарсан байсан. Гэтэл анхан шатны шүүх засвар хийгээгүй зарагдсан машинд засварын төлбөр гэх 31.996.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэхийг нээлттэй үлдээсэн нь ойлгомжгүй. Уг авто машин ийм хямд зарагдах боломжгүй. Хэрэг дуусахаас өмнө зарсан нь хуульд нийцэхгүй буруу гэж үзэж байна.

 

Хохирогч В.Н, Х.Д нарын эмчилгээний баримт хасагдсан, ямар төрлийн эм, тариа авч эмчилгээ хийлгэсэн нь тодорхой биш ойлгомжгүй, маш өндөр шатахууны баримт төлбөр гарсан. Шаардлага хангахгүй баримт хэрэгт ихийг өгсөн.

 

Анхан шатны шүүх нь нийт нэхэмжилсэн хохирол 223.787.000 төгрөгийг 100 хувь бүрэн төлөхөөр шударга бус шийдвэр гаргасан. Иймд Г.А би туйлын гомдолтой байна. Хэрэгт холбогдсон Тоёото Ланд-300 маркийн машин нь Монгол улсад орж ирсэн ховор, үнэтэй машин болохоор үнэлгээ нь өндөр гарсан. Техникийн шинжээчийн дүгнэлт хохирогчийн хамгаалах бүс зүүгээгүйг тогтоож гэм хор, гэмтэл дээр нь хууль журмын дагуу ажилласан бол, мөн хохирогч В.Н нь осол болох үед хамгаалах бүс зүүж явсан бол шүүгдэгч миний бие хоригдох ял шийтгэл авахгүй байх боломж байсан.

 

Шүүгдэгч Г.А би уг ослын улмаас хүнд  зэргийн гэмтэл авч эмчлэгдсэн, толгой өвдөх, цээж хатгаж өвдөх, амьсгаа давчдах зэрэг хүндрэлтэй. Урьд өмнө эрүүгийн хэрэгт огт холбогдож байгаагүй. 15 жил жолоо барих хугацаандаа анх удаа ийм том осол, аваар хийж гэмт хэрэгт холбогдож байна.

 

Ажлаас халагдах үедээ 10.000.000 гаран төгрөгийн цалингийн зээлтэй үлдэж 8 сартай нярай охин, эхнэрийн хамт түрээсийн байранд амьдардаг. Хорих ял аваад явах юм бол миний хувийн байдал хүндэрч хохирогч, нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулахад хүндрэлтэй байна. Тиймээс хуулийн хүрээнд хохирлын үнэлгээг үнэн зөв гаргуулж, учирсан хохирлыг хуулийн дагуу тухай бүрт төлж барагдуулах болсон гэдгээ илэрхийлж байна.

 

Г.А миний хувийн болон хохирогч, нэхэмжлэгч талын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг өөр төрлийн ялаар сольж, хохирлын хэмжээг хуулийн дагуу үнэн зөв шударга тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан гаргасан давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3-т “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, “..хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...”, “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байна.

 

Нэг: Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт бодит байдалтай нийцээгүй талаар:

 

1. Анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан :

 

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

- зам тээврийн осол дээр тогтоосон акт,

- осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч,

- техникийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаартай

дүгнэлт,

- шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 26 дугаартай дүгнэлт,

- Итгэлт Эстимейт ХХК-ийн авто техник үнэлгээний тайлан,

- хохирогч В.Н-ийн мэдүүлэг,

- иргэний хариуцагч Ц.О-ын мэдүүлэг,

- гэрч Д.Ганзоригийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7/а заалтыг тус тус зөрчиж Х.Дамдинсүрэнгийн жолоодож явсан “Тоёота ланд-300” маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч В.Нийн эрүүл мэндэд хүнд, Х.Дамдинсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Д.Уийн эзэмшлийн “Тоёота ланд-300” маркийн 57-87 УБС дугаарын тээврийн хэрэгсэлд 144.295.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байна.

 

Шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдохгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлтийг хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж онцгой ач холбогдол бүхий нотлох баримт болох “Итгэлт-Эстимейт” ХХК-ийн үнэлгээний тайланд автомашины эвдрэл гэмтэл харилцан зөрүүтэй, 197.400.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийн шууд хохирлын үнэлгээ нь 144.295.000 төгрөг, түүнд эвдрээгүй эд ангийг эвдэрснээр тооцсон, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох хохирогч В.Н, гэрч Д.Ганзориг нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, хамгаалах бүс хэрэглэсэн, хэрэглээгүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд мөргөлдсөн хоёр тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээгүй, хохирогч В.Нийн хохирлын 46.496.000 төгрөгийн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлах, “Тоёота креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, хариуцагчийг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

 

 Хоёр: Шүүх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн:

 

1. Шүүх Н.Д, Ц.О нарыг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзээд Ц.О-аас Н.Дүгэрээд тус “Тоёота креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдсан болох нь Ц.О, Н.Дүгэрээ нарын хооронд 10 тонн улаан буудай буюу 6.000.000 төгрөгөөр зарсан талаарх худалдах, худалдан авах гэрээний нотариатаар батлуулсан хувь, Ц.О, Н.Дүгэрээ нарын мэдүүлэг, Н.Дүгэрээгээс Г.Аэд худалдсан болох Г.Аээс Н.Дүгэрээгийн данс руу 1.300.000 төгрөг шилжүүлсэн баримт зэргээр тус тус тогтоогдож байгаа учраас шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “...талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ...” гэж зааснаар тухайн “Тоёота креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөх эрх шүүгдэгч Г.Аэд бүрэн шилжсэн гэж шүүх үзлээ хэмээн дүгнэж, хохирлыг Г.Аээс гаргуулж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

 

Учир нь: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “...худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан байхад Н.Дүгэрээ, Ц.О нар нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр анхан шатны шүүхэд “Найдан овогтой Дүгэрээ миний бие нь Цогтбаатар овогтой Очирбатаас 2012 оны намар 36-88 ДАР улсын дугаартай “Тоёота креста” маркийн суудлын автомашиныг 10 тонн улаан буудайгаар худалдаж авсан нь үнэн болно” гэж хоёулаа гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан бичгийн нотлох баримтыг худалдах, худалдан гэрээ гэж үзэх боломжгүй байгаа юм. Н.Дүгэрээ нь эрхийн зөрчилгүй хөрөнгийг Г.Аэд худалдах ёстой, тийм зүйл байгаагүй.

 

Шүүх “Тоёота креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөх эрх шүүгдэгч Г.Аэд шилжсэн гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар Иргэний хариуцагчаар татахгүй Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар 98.631.887 төгрөгийг Г.Аээс гаргуулсан нь хууль зөрчсөн.

 

Иргэний нэхэмжлэгч В.А нь шүүхийн хэлэлцүүлэгт ““Тоёота ланд-300” маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг эвдэрсэн байдлаар нь бусдад 46.000.000 төгрөгөөр зарсан гэж мэдүүлсэн байхад уг тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний шууд бус зардал болох 31.996.000 төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч “Бодь Даатгал” ХХК нь даатгалын нөхөн төлбөр болох 94.328.455 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Аээс жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

 

Гурав: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн:

 

         1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хохирогч В.Нийн гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлийн доорх,

 

         - хохирогч В.Нийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хохирлын тооцоо болох эм, тариа, эмчилгээ, хагалгаанд 41.937.054, шатахуун бензинд 2.609.951, бусад зардалд 1.949.000 төгрөг буюу нийт 46.493.005 төгрөг зарцуулсан гэх баримт,

 

- хохирогч В.Нийн хохирлын тооцоо эмчилгээний зардал 1.354.079, шатахууны зардал 2.069.641 төгрөг буюу нийт 3.423.720 төгрөг,

- Бензин шатахуун түлш болон бусад нэмэлт зардлын тооцоо 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 549.600 төгрөг,

- Эм тариа эмчилгээний зардлын нэмэлт жагсаалт 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 20.022.900 төгрөг,

- Бензин шатахуун түлшний тооцоо 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 540.310 төгрөг,

- Эм, тариа, эмчилгээний зардлын тооцоо 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 69 ширхэг баримт, нийт хохирлын дүн 5.528.691 төгрөгийн баримтуудын нэхэмжлэлийн үндэслэлийг тогтоохгүйгээр шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисон гэсэн атлаа тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэлийг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар 98.631.887 төгрөгийг Г.Аээс гаргуулан, хохирогч В.Нд 45.796.000, иргэний нэхэмжлэгч Д.Ут 50.966.545, хохирогч Х.Дамдинсүрэнд 1.869.342 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн үндэслэлгүй заалт болсон.

 

2. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Аийг гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа шүүгдэгч Г.А түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүх хуралдааныг 5 хоног завсарлуулах санал гаргасныг шүүх хүлээн авалгүйгээр, хэт нэг талыг барьж хохирогч нарын талд шийдвэрлэж шүүгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн байна.

 

3. Төв аймаг дахь Цагдаагийн газрын Баянчандмань сумын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Батмөнх нь 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол үйлдсэн байхад тухайн өдөр нь “Итгэлт-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин М.Эрхэмбаяр 528 тоот автомашин техникийн үнэлгээний тайландаа ““Тоёота ланд-300” маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрээгүй зүүн хойд хаалга, их гэрэл 2 ширхэг, хойд гупер, хормой, урд амортизатор 2 ширхэг гэж нийт 8.153.000 төгрөгийн хохирлыг буруу гаргасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэсэн хуулийн заалтаа хэрэгжүүлсэнгүй.

 

4. Техникийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01/21 тоот дүгнэлтэд хохирогч В.Н нь “Тоёота ланд-300” маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж яваад хамгаалах бүс хэрэглээгүйгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: а/ Хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх /энэ дүрмийн 3.4-ийн “Б” заалтын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд/ гэсэн заалтыг зөрчиж осол болох үед үүрэглэж, унтаж яваад машин мөргөлдөх үед хамгаалах бүс зүүгээгүйгээс жолоочийн арын хаалганы бариул мөргөж хүнд гэмтэл авсан нь хохирогчийн өөрийнх нь буруутай үйлдэл байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж дүгнэлт хийсэн.

 

Хохирлын хэмжээг тодорхойлоход Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасны дагуу хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах шаардлагагүй байхад ялыг хүндрүүлж, хохирлыг бүрэн гаргуулсан нь Эрүү болон Иргэний хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд шүүгдэгч Г.Аийн оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж, хохирлын хэмжээг багасгаж өгөхийг хүсэж байна гэжээ. 

 

Хохирогч В.Н гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 6 дахь заалтад хохирогч миний цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх талаар тусгаж өгнө үү хэмээн давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

 

Тус хэрэгт хохирогч миний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд энэ хэрэг гарснаас хойш шүүхээр түүний гэм бурууг хэлэлцэх хүртэлх бүх хугацаанд Г.Аийн зүгээс хүн ёсоор надаас уучлалт гуйгаагүй, хохирол төлөөгүй, эмчилгээ, эмчийн анхан шатны тусламж нэг ч удаа үзүүлээгүй гээд үнэхээр өөрөө надад хүнд гэмтлийг учруулснаа ойлгож ухамсарласан зүйлгүй байсаар шүүхээс ял шийтгүүлж би хохирсон хэвээр үлдсэн. Гэтэл шүүгдэгч Г.А хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй байсан бөгөөд удаа дараа санаатайгаар шүүх хурлыг хойшлуулж байх хугацаандаа надад хохирол огт төлөөгүй, шүүхийн хэлэлцүүлэг дуусаад завсарлага авах эсэх дээр уулзахад одоо 5 хоног дотор В.Н надад төлөх мөнгө байхгүй, яаж хэрхэн төлөхөө ч мэдэхгүй байна гэж ярьсан тул бид олон удаа хойшлуулахгүйгээр хурдан шийдвэрлүүлэхээр хуралд санал гаргаж, бүх хэргийн оролцогч нар хурлаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн.

 

Мөн хохирогч намайг өөрөө өөртөө гэмтэл учруулсан мэтээр маргаж худал хэлж хуулийн байгууллагыг хуурч гомдол гаргасанд үнэхээр хэлэх үг олдохгүй гомдолтой байна. В.Н миний бие залуу хүн, эрүүл мэндээс гадна гоо сайхнаараа ноцтой хохирсон ч би тэр бүх хохирлоо нэхэмжлээгүй л байсан. Энэ бүх хугацаанд хохирогч найз нөхөд ах дүү нарын дэмжлэгээр өндийж биеийн байдал арай дээрдсэн ч хэрэг учрал болсноос хойш хэд хэдэн удаа хүнд хагалгаанд орж цаашид ч гэсэн дахин олон удаа нүд, хамар гээд хүний гол эд эрхтнүүдийн хагалгаанд орох болсон байтал шүүхээс иргэний нэхэмжлэгч нарын хохирол мөнгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.А-ээс тус тус жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан атлаа В.Н миний хэргийн улмаас авсан хүнд гэмтлийн гэм хор, учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг дурдаагүйд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч В.А, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.У нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний хариуцагч Ц.О-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч, дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

Нэг: Нотлох баримт, бодит байдалд шүүх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарласан талаар:

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар Тоёота креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрх Г.А-д шилжсэн гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Иргэний хуулийн 112.1 дүгээр зүйлд бүхий л эд хөрөнгөтэй холбоотой ерөнхий утгыг тусгасан бол Улсын бүртгэлтэй хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 111 дүгээр зүйлд тусгайд нь заасан.

 

1. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд “Эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох” гэх заалтын 91.2.1-т заасны дагуу “Эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол” гэх заалтын дагуу Улсын бүртгэлд хамрагдах эд хөрөнгө эзэмшигч өмчлөгч хууль ёсны өмчлөгч эзэмшигч байна гэж заасны дагуу 36-88 ДАР дугаартай Тоёота креста суудлын автомашин нь Ц.О-ын хууль ёсны өмч юм. Тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлтэй хөдлөх хөрөнгөд ордог бөгөөд өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрлөөр шилждэг хөрөнгөд ордог.

 

2. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх тухай заалтын 111.1-т зааснаар “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэсэн.

 

Дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ.

 

111.2.1 “Өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр,

111.2.2 “Өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар”,

111.2.3 “Эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар” гэж тус тус заажээ.

 

Тэгэхээр 36-88 ДАР дугаартай Тоёота креста суудлын автомашиныг Ц.О нь хуулийн дагуу Н.Д, Г.А нарт шилжүүлээгүй байна гэсэн үг. 36-88 ДАР дугаартай Тоёота креста суудлын автомашин улсын бүртгэлтэй хөдлөх хөрөнгөнд хамаарна.

 

3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

4. Ялтан Г.А нь 36-88 ДАР дугаартай Тоёота креста суудлын автомашиныг Н.Дүгэрээс авахаар болоод Н.Дүгэрээ рүү 1.300.000 төгрөг шилжүүлээд авах гэж очиход Ц.О гэдэг хүний нэр дээр байсныг анхнаасаа мэдээгүй. Тухайн үед Н.Д-н нэр дээр гэж бодоод мөнгө шилжүүлсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт олон удаа мэдүүлсэн.

 

Тэр 1.300.000 төгрөг нь гүйлгээний утга байхгүй, юуны мөнгө нь тодорхойгүй тул нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Тухайн үед Ц.О гэдэг хүний нэр дээр байсан учраас тээврийн хэрэгслийг шилжүүлж чадаагүй гэж байгаа. Ц.О-ын нэр байгаа тээврийн хэрэгсэл байхад Н.Д-н данс руу шилжсэн 1.300.000 төгрөгөөр нотлоод байгаа нь ойлгомжгүй хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Г.А-ээс эзэмшигч Ц.О руу мөнгө шилжээгүй гэсэн үг. Хууль ёсны өмчлөгч эзэмшигч рүү мөнгө ороогүй гэсэн үг. /Ц.О Г.А, Н.Дүгэрээ нарын мэдүүлэг/

 

5. Хавтаст хэргийн 2-р хавтас 225 дугаар хуудсанд авагдсан Ц.О, Н.Д нарын худалдсан, худалдан авсан гэх бичиг нь авто осол болсноос хойш бүтэн 5 сарын дараа нөхөж хийсэн байгаа нь үгсэж тохирсон, хууль дүрэм, үнэнд нийцэхгүй тул нотлох баримт болохгүй. Осол болоогүй бол Ц.О-ын хөрөнгө хэвээр байх уу?

 

Мөн тухайн бичгийг Төв аймгийн Цээл сумын 26 гэсэн бүртгэлийн дугаартай нотариатаар батлуулсан байна. Нөгөө Цээл сум нотариатгүй гээд мэдүүлээд байгаа нотариат хаанаас гараад ирэв? хх-ийн 1-р хавтасны 72 дугаар хуудсанд авагдсанаар, Ц.О-ын мэдүүлснээр бүхэл бүтэн 10 жил нотариатгүй гээд байгаа нь ойлгомжгүй. Осол болсны дараа худалдсан гээд байгаа нь сонирхолтой байна. Мөн Ц.О нь Цээл суманд өнөөдрийг хүртэл газар тариалангийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гэж мэдүүлсэн байгаа. Ц.О нь тээврийн хэрэгслээ үнэхээр шилжүүлье гэсэн бол авч байгаа хүнийхээ бичиг баримтыг аваачаад шилжүүлэхэд л болох байсан болов уу. Тэгэхээр 10 жил болоход шилжүүлэх, худалдах гэсэн ямар ч оролдлого харагдахгүй байгаа. Эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэж заасан байхад Н.Дүгэрээ нь өөрийнх нь нэр дээр бус өмчийг өөр нэгэнд шилжүүлж ашиглуулсан. Биет байдлын доголдолгүй гэж байхад Тухайн тээврийн хэрэгсэл нь хөдөлдөггүй, асдаггүй байсан гэж байгаа. Үүнийг Н.Дүгэрээ, Г.А нар шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн.

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т  заасны дагуу “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т заасны дагуу “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг харахад Ц.Оын Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашиныг Г.А нь Ц.Оын зөвшөөрөлгүй унаж яваад буюу ашиглаж байгаад бусдад хохирол учруулсан байна.

 

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасны дагуу “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтаар Ц.Оын эзэмшлийн машиныг Н.Дүгэрээ нь Г.Аэд шилжүүлэн өгч ашиглуулсан байна . Иймд Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашины эзэмшигч буюу өмчлөгч Ц.О, ашигласан этгээд Г.А нар хамтран хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна.

 

7. Иргэний хариуцагч Цогтбаатарын Очирбат нь 36-88 ДАР улсын дугаартай автомашины эзэмшигч өмчлөгч гэдгийг мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох баримтыг үндэслэж нотолж байна. Үүнд:

 

1. хх-ийн 1 дүгээр хавтасны 40 дүгээр хуудсанд авагдсанаар мөрдөн шалгах явцад 36-88 ДАР дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл лавлагаагаар Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашин нь Цогтбаатарын Очирбатын нэр дээр бүртгэлтэй байгааг нотолно.

 

2. хх-ийн 1 дүгээр хавтас 202-217 дугаар хуудсанд авагдсанаар Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашин нь 2012-2021 оныг хүртэл 10 жилийн хугацаанд Ц.О нь жил бүрийн техникийн үзлэг оношилгоонд оруулж байсан байна.

 

3. Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашин нь Практикал даатгал дээр 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Цогтбаатарын Очирбатын нэр дээр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хийсэн гэрээ хүчинтэй байгаа нь Ц.Оын эзэмшлийнх гэдгийг нотолно. /Жолоочийн Албан Журмын Даатгагчдын Холбооноос гаргаж өгсөн албан бичиг болон Жолоочийн албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягтыг хавсаргасан/

 

4. хх-ийн 1 дүгээр хавтас 202 дугаар хуудсанд авагдсанаар ялтан Г.А нь Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашины хууль ёсны эзэмшигч биш гэдэг нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 745 тоот лавлагааны хуулбараар нотлогдож байна.

 

5. 10 жилийн өмнө 10 тонн будаагаар зарсан гэх Ц.Оын мэдүүлэг, 6 жилийн өмнө 6.000.000 төгрөгөөр авсан гэх Н. Дүгэрээгийн мэдүүлгүүд зөрүүтэй үнэнд нийцэхгүй байна.

 

6. Шүүгдэгч Г.А нь Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашины хууль ёсны эзэмшигч биш учраас Жолоочийн албан журмын даатгал хийлгээгүй явж байгаад осол буюу даатгалын тохиолдол гаргаж, их хэмжээгээр хохирсон хохирогчдод Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай машин нь Ц.Оын нэр дээр Жолоочийн Хариуцлагын даатгалтай гэх үндэслэлээр Жолоочийн албан журмын даатгал, Жолоочийн албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллагууд нь үйлчлээгүй юм. Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэр хууль ёсоор шилжээгүй учраас Г.Аэд ямар ч байгууллага үйлчлээгүй юм. Үүнийг дараах албан бичгүүд нотолно. Хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Үүнд :

 

А. Жолоочийн албан журмын даатгагчдын холбоонд гаргасан Г.Аийн өргөдөл,

Б. Албан журмын даатгагчдын холбооноос Г.Аэд өгсөн өргөдлийн хариу, Жолоочийн албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт буюу Ц.Оын нэр дээр байгаа,

Г. Аийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өргөдөл,

Д. Санхүүгийн зохицуулах хороо Албан журмын даатгагчдын холбоонд ирүүлсэн албан бичиг,

E. Албан журмын даатгагчдын холбоо Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан хариу зэрэг нь нотолно.

 

7. 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд Н.Дүгэрээ гуайн мэдүүлснээр 6 жилийн өмнө авсан, бичиг баримт бүрдүүлэх гэхээр Ц.О нь өөрөө алга болсон гэх мэдүүлэг, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд Ц.Оын 10 жилийн өмнө зарсан гэх мэдүүлгүүд нь зөрөөтэй, худлаа мэдүүлэг байна. Хавтаст хэрэгт Н.Дүгэрээ, Г.А нарын мэдүүлснээр Ц.О нь хэзээ ч машинаа худалдах оролдлого хийгээгүй нь дахин дахин нотлогдож байна. Нотлох баримтад дараах материалыг хавсаргасан байгаа. Үүнд:

 

1. Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас буюу нүүрэнд байгаа 36-88 ДАР дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл лавлагааны хуулбар -1х,

2. Жолоочийн албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт буюу Ц.Оын 1х,

3. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 745 тоот лавлагааны хуулбар . хх-ийн 1-н 202-р хуудас,

4. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хуулбар 57-87 УБС машины-1х, энэ нь хавтаст хэрэгт байгаа,

5. Шүүгдэгч Г.Аийн Албан журмын даатгагчдын холбоонд хандаж гаргасан өргөдөл-1х,

6. Албан журмын даатгагчдын холбооноос өгсөн өргөдлийн хариу-2х,

7. Шүүгдэгч Г.Аийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өргөдөл-2х,

8. Санхүүгийн зохицуулах хорооноос Албан журмын даатгагчдын холбоонд ирүүлсэн албан бичиг-1х,

9.Албан журмын даатгагчдын холбооноос Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан хариу-1х,

10. Шүүгдэгч Г.Аээс В.Ад Жолоочийн албан журмын даатгалын асуудлаар Албан журмын даатгагчдын холбоо, Санхүүгийн зохицуулах холбоонд хандах итгэмжлэл,

 

Нэхэмжилж байгаа тээврийн хэрэгслийн хохирол болох 176.291.000 төгрөгөөс тээврийн хэрэгслийн нөхөн төлбөр болох 93.328.455 төгрөгийг “Бодь даатгал” нь гаргаж, Г. А нь “Бодь даатгал”-д буцаан төлөхөөр гэрээ хийсэн тул үлдэгдэл төлбөр болох 82.962.545 төгрөг, үнэлгээний тайлангийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөг, нийт 84.962.545 төгрөг үлдээд байгаа билээ.

Энэ үлдэгдэл хохирлыг иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4, 243 дугаар зүйлийн 243.1, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2.1, 111.2.2, 111.2.3-т тус тус заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 84.962.545 төгрөгийг машины эзэмшигч, өмчлөгч, иргэний хариуцагч Ц.Оаас нэхэмжилж гаргуулах хүсэлтийг гаргаж байна.

 

Иргэний үүргээ биелүүлдэггүй, хариуцлагагүй, хууль дүрмээ мэддэггүй Г.А, Ц.Оын нарын хүмүүсээс болж, ажлаа хийгээд амьдраад явж байсан жирийн иргэн бид сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө маш их хэмжээгээр хохирч байгаад туйлын гомдолтой байгаа гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч В.А гаргасан давж заалдах гомдолдоо: Иргэний нэхэмжлэгч миний бие Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дараах хүсэлтийг гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт оруулсан боловч шүүгч шүүх хуралдаан дээр шийтгэх тогтоол уншиж танилцуулахдаа энэ хүсэлтийг оруулж шийдвэрлэнэ гэсэн атлаа хурлын тэмдэглэл, шийтгэх тогтоолд огт оруулж шийдээгүй орхигдуулсан байгаад нь гомдолтой байна.

 

Г.А нь ослоос хойш 9 сарын хугацаанд эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой үүссэн хохирлоос барагдуулах ямар ч төлбөрийн чадваргүй учраас миний бие арга буюу ялтан Г.Аээс итгэмжлэл хийлгэн, даатгалын байгууллагуудаар бүтэн 5 сар явсан билээ.

 

Иргэний нэхэмжлэгч В.А миний бие шүүхэд дараах 2 хүсэлтийг гаргасан байсныг хяналгүй өнгөрөөсөнд маш их гомдолтой байна.

 

1. Албан журмын даатгагчдын холбоотой асуудлаар гаргасан хүсэлт:

 

Г.Аийн осол гаргах үед унаж явсан Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашин нь Ц.Оын эзэмшлийнх байсан бөгөөд Практикал даатгал дээр Ц.Оын нэр дээр жолоочийн хариуцлагын даатгалтай байсан. Г.А нь энэ тээврийн хэрэгсэл дээр ямар нэгэн жолоочийн хариуцлагын даатгал хийлгээгүй явж байгаад даатгалын тохиолдол гаргаж, их хэмжээний хохирол учруулсан билээ. Ялтан Г.Аийн хувьд тухайн үед даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан тул Практикал даатгал нөхөн төлбөр гаргах боломжгүй гэж үзсэн. Г.А нь ослоос хойш эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэж байгаад 2022 оны 2 дугаар сарын 21-нд Албан журмын даатгагчдын холбоонд хандан дараах хуулийн заалтын дагуу даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан гэж үзэн өргөдлөө гаргасан.

 

Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан тохиолдолд” гэж заасан. 3 дугаар зүйлийн 3.1.4-т “даатгуулагч” гэж “даатгагчтай гэрээ байгуулж замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг” гэжээ.

 

Иймд хохирогчид учирсан хохирлыг Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6, 3.1.7, 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасныг үндэслэн нөхөн төлбөрийг албан журмын даатгагчдын холбооноос олгох үндэслэлтэй гэж үзсэн тул туслалцаа үзүүлж өгөхийг хүсэн өргөдөл гаргасан боловч “Жолоочийн албан журмын даатгалын холбоо” нь Г.А гэдэг жолоочтой бус 36-88 ДАР гэдэг тээврийн хэрэгсэлтэй холбож, хуулийг илт мушгин гуйвуулж тайлбарлаад, өөрөөсөө холдуулж тайлбар гарган, шийдвэрлээгүй байгаа. 57-87 УБС гэдэг тээврийн хэрэгсэл нь “Бодь даатгал”-тай тээврийн хэрэгслийн даатгалын асуудлаа шийдсэн байгаа.

 

Жич: Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Жолоочийн даатгалын нөхөн төлбөр гэж жолоочийн даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу даатгагчаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгө болон даатгалын гэрээгээр даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй бол жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгийг”,

3.1.7-д “Жолоочийн даатгалын сан гэж жолоочийн даатгалд хамрагдаагүй эсхүл гэрээний хугацаа дууссан түүнчлэн даатгалын тохиолдол гаргасан, жолооч зугтаасан болон даатгагч нь дампуурсан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хэд хэдэн даатгагч хамтарч энэ хуульд заасны дагуу байгуулсан санг” гэжээ.

 

Энэ хуулийн дагуу даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан тохиолдолд “Албан журмын даатгагчдын холбоо” нь хохирогчдын хохирлыг барагдуулж, буруутай этгээдээр буцаан төлүүлдэг байгууллага гэж үзэж байгаа.

 

“Албан журмын даатгагчдын холбоо”-нд гаргасан өргөдөлд шийдвэртэй хариу аваагүй тул 2022 оны 3 дугаар сарын 31-нд хянах дээд байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргасан.

 

Санхүүгийн зохицуулах хорооноос “Албан Журмын даатгагчдын холбоо”-нд “Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан “Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан” нөхцөл үүссэн байх тул жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Жолоочийн даатгалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэ гэж хариу өгсөн.

 

Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т “Энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.5-д заасан тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл” гэж заасан. 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасан заалт нь “А” ангиллын тээврийн хэрэгсэл, 10.1.2 нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл гэж тус тус зааж оруулсан.

 

Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9-д “Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно” гэж заажээ. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдол шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцна” гэжээ.

 

Албан журмын даатгагчдын холбоо Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ гэсэн байгаа.

 

Иргэний нэхэмжлэгч В.А миний бие нь Жолоочийн даатгалын тухай хууль, Албан журмын даатгагчдын холбооны эрх үүргийн тухай хуулиудыг 5 сарын турш судалж үзсэний үндсэн дээр хууль зүйн зөвлөгөө авч хохирогчид нийцсэн хууль гэж үзсэний үндсэн дээр Жолоочийн албан журмын даатгалтай холбоотой нөхөн төлбөрийг “Албан журмын даатгагчдын холбоо” буюу жолоочийн даатгалын сангаас хохирогчид гаргаж өгч, харин гэм буруутай нь тогтоогдсоны дараа Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан нөхөн төлбөрийг буруутай этгээдээс “Албан журмын даатгагчдын холбоо” буцаан нэхэмжлэх үндэстэй гэж үзсэн.

 

Иргэний нэхэмжлэгч В.А миний бие нь шүүгдэгч Г.Аээс энэ асуудалтай холбоотой Албан журмын даатгагчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, бүх шатны шүүхэд хандах бүх төрлийн эрхийг итгэмжлэлээр авсан байгаа.

 

2. “Бодь даатгал”-ын асуудлаар гаргасан хүсэлт: Ланд крузейр-300 маркийн 57-85 УБС улсын дугаартай автомашин нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Бодь даатгал” ХК-тай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 3.1.6-д заасны дагуу 93.328.455 төгрөгийг гаргуулан авч, буруутай этгээдээр буцаан төлүүлэхээр гэрээ байгуулсан. “Бодь даатгал” нь хийсэн гэрээнийхээ 2 дугаар зүйлийн нэмэлт үйлчилгээ хэсгийн 14-т заасны дагуу эмчилгээний зардал болох 1 сая төгрөгийг олгоод, Г.Аийг төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгаанаар 2 дугаар зүйлийн нэмэлт үйлчилгээ хэсгийн 20-д заасны дагуу олгох ёстой хохирлын үнэлгээний зардал 2.000.000 төгрөгийг одоо болтол олгоогүй байгаа.

 

“Бодь даатгал” нь гэрээ хийх үедээ бүгдийг олгоно гэж өчнөөн сайхан юм ярьж гэрт ирж гэрээ хийчхээд яг даатгалын тохиолдол гаргаж ядрахад хийсэн гэрээгээ барихгүй өчнөөн явдал чирэгдэл учруулсанд гомдолтой байгаа.

 

Албан журмын даатгагчдын Холбоо нь хохирогчдын эрх ашиг хамгаалах гэж байгуулагдаж, Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.7-д зааснаар хохирогчдод нөхөн төлбөр олгох ёстой байтал хуулийн заалтыг гуйвуулж, Г.А нь даатгалгүй, Ц.О даатгалтай гэдэг шалтгаанаар олон сараар хохирогчдод чирэгдэл учруулж байгаад гомдолтой байгаа.

 

Даатгалын тохиолдол буюу осол, авар гарсан тохиолдолд хэн нэг буруутай этгээд нь хохирогчдод нэг дор их бага хэмжээний хохирлыг гаргаж өгөх боломжгүй учраас даатгалын байгууллага, Жолоочийн албан журмын даатгагчдын холбоо нь хохирогчдод зохих хэмжээний хохирлыг гаргаж буруутай этгээдээр буцаан төлүүлэх дүрэм, журам, хуулийн зохицуулалттай гэж иргэн би ойлгож байгаа.

 

Иймд миний гаргасан хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 5.2-т заасныг хангуулах үүднээс “Бодь даатгал” болон “Жолоочийн албан журмын даатгагчдын холбоо”-ны дараах асуудлыг дахин хэлэлцэн нягталж, шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна

 

Үүнд: 1. Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасны дагуу хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой хохирол 5.000.000 төгрөгийг “Албан журмын даатгагчдын холбоо”-ноос буюу даатгалын сангаас гаргуулж, хохирогчдод олгоод  буруутай этгээдээр буцаан төлүүлэх,

 

Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ гаргасан хохирлын үнэлгээний зардал болох 2.000.000 төгрөгийг тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хоёрдугаар зүйлийн нэмэлт үйлчилгээ заалтын 20-д заасны дагуу “Бодь даатгал”-аар гаргуулж, буцаан буруутай этгээдээр төлүүлэх.

 

Жич: Хохирлын үнэлгээний тайлан гаргахад төлсөн зардал 2.000.000 төгрөгийн “Е” баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа болно. Бодь даатгал нь хүсэлтээ тухайн үед коронагийн үе байсан болохоор цахимаар авч байсан болно.

 

Хавтаст хэрэгт дараах материалыг хавсаргасан байгаа. Үүнд:

1. Г.Аийн Албан журмын даатгагчдын холбоонд хандаж гаргасан өргөдөл-1х,

2. Албан журмын даатгагчдын холбооноос өгсөн өргөдлийн хариу-2х,

3. Г.Аийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өргөдөл-1х,

4. Санхүүгийн зохицуулах хорооноос Албан журмын даатгагчдын холбоонд ирүүлсэн албан бичиг-1х,

5. Албан журмын даатгагчдын холбооноос Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан хариу тайлбар-1х,

6. Шүүгдэгч Г.Аийн иргэний нэхэмжлэгч В.Ад олгосон итгэмжлэл-1х,

7. Бодь даатгал руу цахимаар явуулж байсан хүсэлтүүд -3х зэргийг хавсаргав.

 

Жич: 7 дугаартай баримттаас бусад 1-6 дугаартай баримтыг Д.Уийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн нотлох баримт дотор оруулж өгсөн байгаа болно гэжээ.

 

            Иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г гаргасан давж заалдах гомдолдоо:

 

1.Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдсөн тухайд:

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүх даатгалын нөхөн төлбөр болох 94.328.455 төгрөгийг эрүүгийн хэрэгтэй нь хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.Аээс жич нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн болно” гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

 

“Бодь даатгал” ХК нь иргэний нэхэмжлэгч Д.Ут тээврийн хэрэгслийн хохиролд 93.328.455 төгрөг, В.Ад /Х.Дамдинсүрэнгийн эмчилгээ/ эрүүл мэндийн хохиролд 1.000.000 төгрөгийг тус тус олгосон бөгөөд ийнхүү Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж заасны дагуу буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх иргэний нэхэмжлэгч нарын эрх хуулийн дагуу манай компанид шилжсэн юм.

 

Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч Д.Уийн эзэмшлийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 144.295.000 төгрөгийн бодит хохирол учирч, “Бодь даатгал” ХК 93.328.455 төгрөг олгосон гэх үйл баримтыг үнэн зөв үнэлсэн атлаа тээврийн хэрэгсэлд учирсан хохиролтой холбогдуулан Д.Уийн нэхэмжлэлийг хангаад, “Бодь даатгал” ХК-ийн нэхэмжлэлийг иргэний шүүхээр жич нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсэн нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал: Д.Ут нөхөн төлбөр олгосноор тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын 93.328.455 төгрөгийг “Бодь даатгал” ХК, 50.966.545 төгрөгийг Д.У нэхэмжлэх эрхтэй болсон байхад нэг иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаад, адил шаардах эрх бүхий иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-т заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд харшилж байна.

 

2.Иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХК-д учирсан хохирол бодитой, тодорхой тухайд:

 

“Бодь даатгал” ХК нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу Д.Ут “Итгэл Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 528 тоот хохирлын үнэлгээний тайланг үндэслэн 93.328.455 төгрөгийг, эмнэлэг, эмчилгээний зардлын баримтыг үндэслэн В.Ад 1.000.000 төгрөгийг олгосон бөгөөд энэхүү зардал нь тээврийн хэрэгсэл болон хүний эрүүл мэндэд учирсан бодит хохиролд олгосон нөхөн төлбөр юм.

 

Ийнхүү гэмт хэргийн улмаас “Бодь даатгал” ХК-д учирсан хохирол бодитой, хуулийн дагуу хохирол нэхэмжлэх шаардах эрх шилжсэн, уг нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй нь хамтатган нэхэмжлэх боломжтой байхад анхан шатны шүүх “даатгалын нөхөн төлбөр болох 94.328.455 төгрөгийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүйхэмээн “Бодь даатгал” ХК-д учирсан хохирол нь тодорхойгүй, бодит бус мэт дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т заасан иргэний нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна.

 

3. Буцаан нэхэмжлэх гэрээ бус гэм хорын дагуу хохирол нэхэмжилж байгаа тухайд:

 

Анхан шатны шүүх “Бодь даатгал” ХК нь 94.328.455 төгрөгийг Г.Аээр төлүүлэхээр Иргэний хуульд заасны дагуу гэрээ бичгээр хийсэн байна” гэжээ.

 

Нэгдүгээрт: “Бодь даатгал” ХК нь зөвхөн тээврийн хэрэгсэлтэй холбогдох 93.328.455 төгрөгийн хүрээнд буцаан нэхэмжлэх гэрээ байгуулсан болно.

 

Хоёрдугаарт: Г.Аийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйг баталгаажуулах гол зорилготойгоор буцаан нэхэмжлэх гэрээг байгуулсан бөгөөд ийнхүү буруугаа хүлээн зөвшөөрсөн тул гэрээ байгуулсны дараа Д.Ут нөхөн төлбөр олгосон байдаг.

 

Г.А нь дээрх гэрээний дагуу огт төлбөр төлөөгүй ба гэрээний 1.8-д “Буруутай этгээд гэрээгээр тогтоосон график зөрчиж, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд даатгагч нь үлдсэн үнийн дүнг бүхэлд нь төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй байна” гэж заасан.

 

Дээрх заалтаар нэхэмжлэлийг зөвхөн иргэний шүүхэд гаргахаар хязгаарлаагүй бөгөөд үндсэн төлбөр дээр алданги, торгууль тооцон гэрээний дагуу нэхэмжлэх үү, зөвхөн учирсан бодит хохирлоо гэм хорын дагуу нэхэмжлэх үү гэдэг нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал юм. “Бодь даатгал” ХК-ийн зүгээс Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг үндэслэн гэм хорын дагуу учирсан бодит хохирлоо Г.Аээс нэхэмжилж байгаа болохоос буцаан нэхэмжлэх гэрээний дагуу анз, торгууль нэмж тооцсон бодит бус хохирлыг нэхэмжлээгүй болно.

 

Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Бодь даатгал” ХК-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж “Бодь даатгал” ХК-д 94.328.455 төгрөгийг Г.А-ээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн энэ гэмт хэрэг гарсанд гэмшиж байна. Мөрдөгч, прокурор, шүүх хэт нэг талд үйлчилж миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан. Хохирогч Д.Уийн машины 93 хувь эвдрэлтэй гэсэн нь эргэлзээтэй байгаа ба огт засвар хийлгүйгээр бусдад худалдсан автомашинд 31.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хохирогч Х.Дамдинсүрэнд 6.800.000 төгрөгийн болон хохирогч В.Н гадаад улс руу явж эмчлүүлээгүй атлаа 46.000.000 төгрөг нэхэмжилж байгаад маш их гайхаж байна. Мөн анхан шатны шүүх хохирол төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв.

 

Хохирогч В.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ зам тээврийн ослоос үүдэн одоогийн байдлаар гурван удаа хагалгаанд ороод байна. Мөн нүдний харах чадвар муудсан, зүүн нүд ширгэх магадлалтай гэсэн учир дахин ч хагалгаанд орох шаардлагатай болсон. Иймд цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Иргэний нэхэмжлэгч В.А гаргасан тайлбартаа: Иргэний хариуцагч Ц.О тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учир түүнээс хохирлоо гаргуулан авмаар байна. Албан журмын даатгагчдын холбоонд гаргасан өргөдлийг үндэслэн 5.000.000 төгрөгийг тус холбооноос гаргуулахаар шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Иргэний хариуцагч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ машиныг 2012 онд Н.Дүгэрээ гэх хүн зарсан. Миний хувьд Г.А гэх хүнийг огт танихгүй учир ямар нэгэн хохирол төлөх үндэслэлгүй гэв.

 

Иргэний хариуцагч Ц.О-ын өмгөөлөгч Д.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчээс Н.Дүгэрээ гэгч нь 3688 ДАР улсын дугаартай “Тоёота креста” маркийн авто машиныг 10 тонн будаагаар худалдан авч жил бүр оношилгоонд оруулж байсан нь тогтоогдсон. Шүүдэгч Г.А нь уг автомашиныг Н.Дүгэрээгээс худалдан авсан байдаг, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд гурван үндэслэлээр гомдол гаргасан байгааг анхаарч үзнэ үү. Г.А нь уг ослын улмаас хүнд гэмтэл авсан ба түүний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч Ж.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хавтаст хэрэгт авагдсан НӨАТ-ын баримтууд юунд зарцуулагдсан нь тодорхой бус байхад анхан шатны шүүх аль нотлох баримтыг хуульд нийцсэн талаар огт дүгнэлт өгөлгүйгээр шүүгдэгч Г.Аээс 41.183.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Мөн хохирогч В.Н нь хагалгаа хийлгэсэн гэх боловч стори байхгүй, гар картад ямар эм хэрэглэх талаар бичигдээгүй байгаа. Г.Аийн гэм буруу дээр маргахгүй. Гэхдээ иргэний хариуцагч Ц.О машинаа хуулийн дагуу түүнд шилжүүлээгүй ба Ланд круйзер-300 авто машинд учирсан гэх зарим гэмтлүүд эргэлзээтэй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмын дагуу Г.Аэд оногдуулсан хорих ялыг тэнсэж, түүнийг гадуур байлган бусдад учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Аэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, хохирогч В.Н, иргэний нэхэмжлэгч В.А, иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.У, В.А нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:

 

Г.А нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 17-18 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 0.7 хувийн хөнгөн зэргийн согтолттой байх үедээ “Тоёота креста” маркийн 3688 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт байрлах “Сүүж” гэх амралтын газар руу салдаг уулзвараас 1 км-ын зайд, асфальтан зам дээр зорчин явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...”, 3.7/А “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” хэмээн заасныг тус ус тус зөрчин Х.Дамдинсүрэнгийн жолоодож явсан “Тоёота Ланд круйзер-300” маркийн 5787 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн уг тээврийн хэрэгслийн жолооч Х.Дамдинсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч В.Нийн эрүүл мэндэд хүнд, Д.Уийн эзэмшлийн “Тоёота Ланд круйзер-300” маркийн 5787 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 144.295.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан хохирогч Х.Д-н “...тухайн үед арын суудалд буюу жолоочийн ард В.Н, голд Д.Ганзориг, баруун хойд талд Э.Дөлгөөнтамир, Дөлгөөний арын туслах суудалд В.Бат-Яруу суугаад Баянчандмань өнгөрөөд шороон замаар өгсөөд засмал зам руу ороод ойролцоогоор 2-3 орчим км байсан байх, “52”-ын даваа Баянчандмань хоёрын хооронд ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байтал өөдөөс хурдтай цагаан өнгийн машин гарч ирээд өөрийнхөө урсгалаар явж байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг хажуугаар өнгөрөх юм байна гэж бодоод явж байтал, гэнэт гэрэл гялбаад хажуу талаас буюу зүүн урд талын дугуй хэсэг рүү гэнэт орж ирээд түс тас хийгээд мөргөсөн..., ...манай эхнэр наад цагаан машин гэж хэлж дуусаагүй байхад л ирж мөргөсөн..., ...эхнэр В.А В.Н цус алдаад байна гэсэн..., ...Би цагаан өнгийн суудлын авто машин дотор ямар хүн явж байгаа юм болоо гэж бодоод очиход жолооч нь байгаа бололтой нэг хүн харагдаж байсан. В.Бат-Яруу, Д.Ганзориг хоёр очиж жолоочийг машинаас нь гаргасан. Өөр хүн байгаа эсэхийг үзэж шалгахад өөр хүн байхгүй машин болон өөрөөс нь архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, авто машин дотор нь архины шил харагдаж байсан...” /хх-ийн 1-р хавтас 44-47-р тал/ гэх,

 

Хохирогч В.Н-ийн “...Баянчандмань өнгөрөөд явж байсан ба тухайн үед түр зүүрмэглээд хүмүүс машин ороод ирлээ гэж орилж хашхирч байсан. Би тэр үед зүүрмэглэж явсан учраас толгойгоороо авто машины суудлын бариулыг мөргөөд толгой дүүрч, эргээд толгойноос цус их хэмжээгээр гарсан. Эгч маань буугаарай гээд орилохоор нь машин шатах гэж байгаа юм болов уу гэж бодоод машинаас буугаад харахад ирж мөргөсөн гэх цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь мөргөөд буцаж эргээд бид нарын явж байсан зүг рүү хараад зогссон байсан..., ...Манай нөхөр Д.Ганзориг очиж хараад жолоочийг нь машинаас татаж буулгаснаа энэ хүн чинь согтуу байна шүү дээ гэж хэлж байсныг тод санаж байгаа. ...Нүүрний зүүн хэсэг буюу зүүн нүдний ухархай хана цөмөрч зүүн нүдний алим руу яс хатгаж нүдний хараа сайн тогтохгүй муу харж байгаа. Хагалгаанд орж металл ялтас суулгасан. ...Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаанд орсон. Одоо миний зүүн талын нүүрний хэсэг мэдээгүй болсон, гэрээр болон эмнэлгээр эмчилгээ хийлгэж байгаа 6 сарын дараа дахин хагалгаанд орж нүүрний хадаас төмрийг авхуулсан...” /хх-ийн 1-р хавтаа 56-58-р тал/ гэх,

 

Хохирогч Д.У-ийн “...2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Таван богд” ХХК-аас 197.400.000 төгрөгөөр худалдан авч байсан ба миний нэр дээр бүртгэлтэй боловч манай аав, ээж, хоёр унаж ашигладаг байсан. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 30 минутын орчим манай аав, ээж хоёр залгаад зам тээврийн ослын талаар хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас 79-80-р тал/ гэх,

 

Иргэний нэхэмжлэгч В.Аг-ийн “...Г.А нь зам тээврийн осол гаргах үед маш их хэмжээний согтолттой байсан бөгөөд Баянчандмань сумын эмнэлгийн эмч нар Г.Аэд анхан тусламж үзүүлж цус тогтоох тариа, шингэнүүд хийж байсан. Тэр үед өвдөлтөөсөө болж ухаан алдаагүй, архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэндээ л өөрийнхөө утасны дугаарыг 89040570 гэж дахин дахин хэлээд байсан. “Итгэл Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлантай танилцсан. ...тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл тогтоосон үнэлгээний тайлангаар гаргасан 176.291.000 төгрөгийг нэхэмжилнэ...” /хх-ийн 1-р хавтас 64-65-р тал/ гэх,

 

Гэрч В.Бат-Яруугийн “...өөдөөс их гэрлээ асаасан машин нөгөө урсгалдаа явж байгаад 5-6 метрийн зайд манай урсгал руу дараад ороод ирсэн. Ямар ч тоормосгүй шууд өөдөөс нэлээн хурдтай ороод ирсэн. ...Нөгөө машины жолооч талын цонх онгорхой байсан, очоод үзсэн чинь архи үнэртэж байсан. Жолоочийн эсрэг талын суудал дээр цагдаагийн дүрэмт хувцас байсан..., ...тухайн үед ээжийн хамар болон духнаас цус гараад тогтохгүй байсан...” /хх-ийн 1-р хавтас 83-84-р тал/ гэх,

 

Гэрч Д.Ганзоригийн “...Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд “60”-ын даваа уруудаад явж байтал урдаас хурдтай, их гэрэлтэй, цагаан өнгөтэй суудлыг автомашин ирж байгаад зөрөх гэж байтал урдуур урсгал сөрөөд ороод ирсэн..., ...В.Нийг буулгах гэсэн чинь маш их цус гарч байсан. ...манай автомашины урдаас ирж явсан цагаан өнгийн суудлын автомашин шууд манай автомашины урдуур орж ирсэн...” /хх-ийн 1-р хавтас 86-р тал/ гэх,

 

Гэрч Э.Дөлгөөнтамирын “...явж байтал В.А эгч машин ороод ирлээ шүү дээ Х.Дамдинсүрэн гээд орилоод байсан. Тэгээд автомашин зогсоод хамгийн түрүүнд би буугаад газар суусан. ...В.Н ээж миний эрүү мултарчихжээ гэж хэлэхээр нь арын гэрэл асаасан чинь нүүр нь битүү цус болчихсон байсан...” /хх-ийн 1-р хавтас 88-р тал/ гэх,

 

Гэрч Ж.Батмөнхийн “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд санагдаж байна. Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн гэмтсэн гэх дуудлага мэдээллийг хүлээн авч Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Х.Мягмархишиг, цагдаа цагдаагийн ахлах ахлагч Г.Баянжаргал нарын хамт очиход Төв аймгийн Цээл сумын цагдаагаар ажилладаг цагдаагийн ахлах дэслэгч Г.А нь “Тоёота креста” маркийн авто машин жолоодож явахдаа өөдөөс ирж явсан “Тоёота ланд-300” маркийн авто машинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байсан ба Ланд-300 маркийн авто машинд зорчиж явсан зорчигч нар гэмтэж, нэг эмэгтэй их хэмжээний цус алдаж байсан учир сумынхаа эмнэлэг рүү цагдаа ахлах ахлагч Г.Баянжаргалын хамт хүргээд, буцаж очин “Тоёота креста” маркийн авто машины жолооч Г.Аийн биеийн  байдал хүнд байхаар нь мөн эмнэлэг рүү зөөвөрлөн авч очоод драгер багаж үлээлгэх гэсэн боловч хавиргаар өвдөөд байна гээд үлээж чадахгүй байсан учир эмнэлгийн сувилагчаар цус авхуулуулсан..., ...ослын газарт Г.Аээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ...хойд суудал дээр нь пивоны лааз хөх өнгийн торонд хийсэн байсан...” /хх-ийн 2-р хавтас 151-152-р тал/ гэх,

 

Гэрч Б.Булганцэцэгийн “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би эрүүл мэндийн төв дээрээ жижүүр эмчээр ажиллаж байсан..., ...хоёр их эмч, нэг бага эмчээ дуудаад гэмтсэн хүмүүсээ үзэж эрэмбэлэн ангилалт хийж тусламж үйлчилгээ үзүүлсэн..., ...нөгөө машины жолоочоос цус авхуулахаар цагдаа нар ирчихсэн байсан...” /хх-ийн 2-р хавтас 155-156-р тал/ гэх,

 

Гэрч Г.Баянжаргалын “..эмнэлэг дээр очоод Г.Аийг драгер багаж үлээлгэх гэсэн боловч цээж хөндүүрлээд байна гээд бүтэн амьсгал авч үлээж чадахгүй байсан чинь хэсгийн дарга дэд хурандаа Ж.Батмөнх эмнэлгийн сувилагчид хэлж цус авхуулсан...” /хх-ийн 2-р хавтас 158-159-р тал/ гэх мэдүүлгүүд,

 

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 53 тоот “...Х.Дамдинсүрэнгийн биед бүсэлхийн L3-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, өвчүү ясны хугарал, баруун 4, 6-р хавирганы хугарал, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн хөлийн тавхайд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 1-р хавтас 99-100-р тал/ гэх,

 

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 26 тоот “...В.Нийн биед дух яс духны хөндийн гадна дотор ялтас дайрч бяцарсан ясны сэлтэрхий бүхий цөмөрсөн хугарал, уг хугарлаас доош хоёр талын нүдний ухархайн дотор хана, доод хана, гадна хана, хамар яс, хамрын таславч, этмойд хөндий, суурийн хөндий, суурь ясны баруун талын сэртэн, зүүн хоншоорын хөндийн урд болон гадна хана, хоншоор яс, хатуу тагнай хамарсан олон нийлмэл хугарал, гавлын хөндийд олон тооны хийн бөмбөлгүүд тодорхойлогдоно, духны хөндий, этмойд хөндий, суурийн хөндий, хоёр талын хоншоорын хөндийд цус, духанд шарх, дух, нүүр, эрүү, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 1-р хавтас 131-132-р тал/ гэх,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 524 тоот “...Г.А 32 эр, ХII/29, 2250 гэж хаягласан, 001528750 дугаарын хуруу шилтэй цусанд 0.7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0.7 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх химийн шинжээчийн /хх-ийн 1-р хавтас 169-170-р тал/ гэх, 

 

Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1551 тоот “...Toyota Land cruiser J300 маркийн, хар саарал өнгийн 5787 УБС тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын шууд зардал 144.295.000, шууд бус буюу будаж, угсрах, засвар үйлчилгээ, бараа материалын үйлчилгээний хөлс 31.996.000, нийт 176.291.000 төгрөг...” гэх авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт. /хх-ийн 1-р хавтас 108-115-р тал/,

 

Шинжлэх Ухаан Техникийн Их сургуулийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01/21 тоот “...1. 3638 ДАР улсын дугаартай “Тоёота креста” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.А Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно,

3.7/А ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

5787 УБС улсын дугаартай “Тоёота ланд крузер-300” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Дамдинсүрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна.

3. Жолооч Г.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол болох шалтгаан болсон байна.

4. Уг осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин  нөлөөлөөгүй гэж үзэж байна...” /хх-ийн 1-р хавтас 120-121-р тал/ гэх тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 23-36-р тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэмт этгээдийн тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан хандлага, уг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо зэргээсээ хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогддог ба прокуророос Г.Аийн үйлдэл холбогдлыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал зэргийг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” хэмээн заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Г.А-ийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Мөн шүүхээс шүүгдэгч Г.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд болон гэм буруу, шударга ёсны зарчмыг хангасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Хэдийгээр “Тоёота креста” маркийн, 3688 ДАР улсын дугаар бүхий автомашин шүүгдэгч Г.Аийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлгүй байгаа ч иргэний хариуцагч Ц.О, Н.Д, шүүгдэгч Г.А нарын мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс үзвэл иргэний хариуцагч Ц.О-аас Н.Д-д, Н.Д-с шүүгдэгч Г.А нарын хооронд тухайн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах талаар хэлцэл хийгдсэн, уг машины төлбөрт Г.А-ээс 1.300.000 төгрөгийг Н.Д-н данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогддог.

 

Иймд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан “Худалдах, худалдах авах гэрээ”-ний харилцаа үүссэн байх ба машины үнийг төлснөөр өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжсэн байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглуулсан, эсхүл томилсон, шилжүүлэн өгсний улмаас шүүгдэгч Г.А нь бусдад гэм хор учруулсан гэж үзэн иргэний хариуцагч Ц.Оаар хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг хариуцуулан төлүүлэх үндэслэлгүй болно. 

 

Анхан шатны шүүх “Тоёота креста” маркийн, 3688 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар шүүгдэгч Г.А-д бүрэн шилжсэн гэх болон,

шүүгдэгч Г.А нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2031 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл “Бодь даатгал” ХК-д 93.328.455 төгрөгийг тохирсон хуваарийн дагуу дагуу төлж байхаар иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүгдэгч Г.А нарын хооронд 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр “Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр буцаан нэхэмжлэх гэрээ” /хх-ийн 2-р хавтас 221-222-р тал/-г байгуулагдсан байх ба, уг гэрээний үүрэг зөрчигдөн тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус болсон талаарх баримт хэрэгт авагдаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно хэмээн заасан.

 

Хуулийн дээрх заалт нь шүүх хуралдааныг заавал завсарлуулах шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд 3 дугаар хавтаст хэргийн 51-77 дугаар талд авагдсан “Шүүх хуралдааны тэмдэглэл”-ээс үзвэл шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол нөхөн төлнө хэмээн шүүх хуралдааныг завсарлуулах санал, хүсэлт гаргасан талаар бичигдээгүй байх тул анхан шатны шүүхийг шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

 

Харин гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэх ёстой хэдий ч тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах, шүүх хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг дахин иргэний журмаар гаргах эрх нээлттэй үлдэх учиртай.

 

Мөн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээс хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгох эрх хуулиар олгогдоогүй.

 

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.У, Х.Д, В.Н нарт учирсан хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн шийдвэрлэж чадаагүй байх тул шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн холбогдох заалтад дор дурдсан үндэслэлүүдээр өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно хэмээн заасан ба мөн зүйлийн 5-д шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох үүрэгтэй талаар хуульчилсан.

 

Хавтас хэргийн 2-р хавтасны 89-94 дүгээр талд авагдсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ, хүлээлцэх хуудас, үйлчилгээний хуваарь, “Е” болон зарлагын баримт” зэргээр Д.У нь “Таван Богд” ХХК-аас 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “LC300 GX petrol high, AT /Leather/” маркийн хар саарал өнгийн шаргал өнгийн суудалтай автомашиныг 197.400.000 төгрөгөөр худалдан авсан нь тогтоогддог, энэ талаар хэргийн оролцогч нарын хэн аль нь маргадаггүй.

 

Уг тээврийн хэрэгсэл шүүгдэгч Г.Аийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд орж 144.295.000 төгрөгийн бодит хохирол учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болсон.

 

Харин анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.У-ийн төлөөлөгч В.А-гаас дээрх тээврийн хэрэгслийг осолд орсон байдлаар нь бусдад 42.000.000 төгрөгөөр зарж борлуулсан /шүүх хуралдааны тэмдэглэл хх-ийн 3-р хавтас 68-р тал/ хэмээн мэдүүлэн тайлбарлаж байхад анхан шатны шүүх шүүгдэгчээс шууд бус хохирол буюу дээрх тээврийн хэрэгслийг засварлах зардалд 31.996.000 төгрөгийг гаргуулахаар,

 

Мөн хохирогч В.Н-ээс эмчилгээ, эм, тарианы зардал гэж нийт 46.496.000 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байхад анхан шатны шүүхээс уг баримтуудын үнэн зөв эсэхийг нэг бүрчлэн нягтлан үзэлгүйгээр шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч В.А-гаар дамжуулан өгсөн гэх 700.000 төгрөгийг хасаж тооцон 45.796.000 төгрөгийг Г.А-ээс гаргуулан олгохоор шийдвэрлэж, түүний эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гарч болзошгүй хохирлыг нь хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь дурдалгүй орхигдуулсан,

 

Түүнчлэн хохирогч Х.Д эрүүл мэндэд учирсан хохирол гэж 6.869.342 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.А-ийн хохиролд шилжүүлсэн “Портер” авто машиныг 5.000.000 төгрөгт тооцон авч, түүний эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан үзэж үлдэх мөнгөн дүнгээс 1.000.000 төгрөгийг хасаж нийт 869.342 төгрөг нэхэмжилнэ /шүүх хуралдааны тэмдэглэл хх-ийн 3-р хавтас 63-р тал/ гэсэн байхад шүүхээс шүүгдэгч Г.Аээс нийт 98.631.887 төгрөг гаргуулан хохирогч В.Нд 45.796.000, Х.Дамдинсүрэнд 1.869.342, Д.Ут 50.996.545 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий, хууль ёсны болж чадаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хохирогч Д.У-т учирсан нийт 144.295.000 төгрөгийн хохирлоос түүний “Бодь даатгал” ХК-аас нөхөн төлбөрт 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр авсан 93.328.455 төгрөг болон уг авто машинаа бусдад худалдан борлуулсан гэх 42.000.000 төгрөгийн хасаж тооцон үлдэх 8.966.545 төгрөгийг шүүгдэгч Г.Аээс гаргуулан Д.Ут /144.295.000-93.328.455-42.000.000=8.966.545/,

хохирогч Х.Д-д 869.342 төгрөгийг,

хохирогч В.Н-ийн мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд гарган өгсөн баримтуудаас хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 23 дугаар хуудасны /2-5, 7, 9/, 24 дүгээр хуудасны /10, 11, 13-14, 16-17/, 25 дугаар хуудасны /19, 21, 22, 24-27/, 26 дугаар хуудасны /28/, 27 дугаар хуудасны /30-35/, 28 дугаар хуудасны /36-44/, 29 дүгээр хуудасны /45-53/, 30 дугаар хуудасны /54-57/, 31 дүгээр хуудасны /58, 59/, 32 дугаар хуудасны /60, 61/, 33 дугаар хуудасны /62/, 34 дүгээр хуудасны /63-67/, 55 дугаар хуудасны /2, 6-11/, 134 дүгээр хуудасны /1-5/, 135 дугаар хуудасны /1, 6, 7, 11/, 136 дугаар хуудасны /2-6/, 137 дугаар хуудасны /7-10/ гэж дугаарлагдсан, 59, 60, 107, 237, 239, 240, 243 дугаар хуудаснуудад авагдсан баримтуудаар, 238 дугаар хуудасны /1, 3/ 240 дүгээр хуудасны /1/, 241 дүгээр хуудасны /1/, 242 дугаар хуудасны /2/ гэж тус тус дугаарласнаас бусад баримт болон, 3 дугаар хавтаст хэргийн 13-15, 112-113 дугаар талд авагдсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн шүүгдэгч Г.А-ээс нийт 31.355.411 төгрөг гаргуулан хохирогч В.Н-д олгож, 15.140.589 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон цаашид эрүүл мэндтэй холбоотой гарах зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэх нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бодит байдалтай нийцнэ гэж үзэв.

 

Иймд магадлалд дурдсан үндэслэлүүдээр хохирогч В.Н-ийн гаргасан давж заалдсан гомдлыг болон шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлын хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг хүлээн авч ханган, үлдэх хэсгүүдийг болон иргэний нэхэмжлэгч, хохирогч Д.У, иргэний нэхэмжлэгч В.А нарын хамтран гаргасан, иргэний нэхэмжлэгч В.А, иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.А-ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон өдрөөс буюу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 71 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны /хх-ийн 2-р хавтас 194-195-р тал/, 2022 оны 5 дугаар сарын 25-ны /хх-ийн 2-р хавтас 200-201-р тал/ өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан болон 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн /хх-ийн 2-р хавтас 223-224-р тал/ “Бодь даатгал” ХК-ийг иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулсан “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэл”, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн /хх-ийн 2-р хавтас 29-31-р тал/ шүүх хуралдаан хойшлуулсан талаарх “шүүгчийн захирамж” зэрэг хэрэгт авагдаагүй, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тамга даран албажуулаагүй зэрэг алдаа зөрчил гаргажээ.

 

Дээрх алдаа зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй ба хэргийг хянан шийдвэрлэж гаргах шийдвэрт нөлөөлөхгүй хэдий ч дахин ийм төрлийн алдаа дутагдал гаргуулахгүй байх үүднээс магадлалд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С овгийн Г А-ээс нийт 98.631.887 /ерэн найман сая зургаан зуун гучин нэгэн мянга найман зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан хохирогч ..... дугаартай регистртэй, Х овгийн В.н Н-д 45.796.000 /дөчин таван сая долоон зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг,

 

Хохирогч .... дугаартай регистртэй, У овгийн Х.Д-д 1.869.342 /нэг сая найман зуун жаран есөн мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг,

 

Иргэний нэхэмжлэгч ..... дугаартай регистртэй, ....н овгийн Д. У 50.966.545 /тавин сая есөн зуун жаран зургаан мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг тус тус олгосугай...” гэснийг,

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасныг тус тус зааснаар шүүгдэгч Г.А-ээс нийт 41.191.298 төгрөг гаргуулан хохирогч В.Н-д 31.355.411 төгрөгийг, хохирогч Х.Д-д 869.342 төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.У-т 8.966.545 төгрөгийг тус тус олгож, хохирогч В.Н нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.140.589 төгрөгт холбогдох хэсэг болон цаашид эрүүл мэндтэйгээ холбоотой гарч болох зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.А-ээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж, 

 

7 дахь заалтад “...Мөн иргэний нэхэмжлэгч ..... дугаартай регистртэй, У овгийн Д.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А нар нь “Итгэлт-Эстимэйт”-ийн 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтад дурдсан нийт 31.996.000” /гучин нэгэн сая есөн зуун ерэн таван зургаан мянга/ төгрөгийн шууд бус зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.А-ээс,

 

Иргэний нэхэмжлэгч “Бодь Даатгал” ХХК нь даатгалын нөхөн төлбөр болох “94.328.455 /ерэн дөрвөн сая гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.А-ээс тус тус жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэснийг,

 

“...Иргэний нэхэмжлэгч “Бодь Даатгал” ХХК нь даатгалын нөхөн төлбөр болох “93.328.455 төгрөгийг болон бусад холбогдох зардлуудаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.А-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч В.Н-ийн гаргасан давж заалдсан гомдлыг бүхэлд нь, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлын хохиролтой холбоотой хэсгийг тус тус хүлээн авч ханган, үлдэх хэсгүүдийг болон иргэний нэхэмжлэгч, хохирогч Д.У, иргэний нэхэмжлэгч В.А нарын хамтран гаргасан, иргэний нэхэмжлэгч В.А, иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.А-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТҮВШИНТӨГС

 

                             ШҮҮГЧИД                          Н.ЭНХМАА

 

                                                                              М.МӨНХДАВАА