Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/387

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Р.М,

хохирогч Х.Д, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.У нарын өмгөөлөгч Д.Батсайхан,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А,

хохирогч В.Н, түүний өмгөөлөгч Н.Н,

иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Г

иргэний хариуцагч Ц.О, түүний өмгөөлөгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овгийн Г Аэд холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1989 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, Төв аймаг Цээл сум дахь сум дундын цагдаагийн газарт цагдаа ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 6-45 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, арьс ширний 80 айлын 34 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, __________ дугаарын регистртэй, С овгийн Г А

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.А нь согтуугаар Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Сүүж” амралтын газрын салдаг уулзвараас 1 км зайд асфальтан зам дээр 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота Креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 3.7/а “...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”  Гэсэн заалтыг тус тус зөрчиж Х.Дгийн жолоодож явсан  “Тоёота Ланд-300” маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч В.Нийн эрүүл мэндэд хүнд, Х.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Д.Уийн эзэмшлийн “Тоёота ланд-300” маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 144.295.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Г.А:

...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр даргаасаа чөлөө авч Төв аймгийн Цээл сумаас Төв аймгийн Баянчандманьд байрлах “Сүүж” амралтын газар очсон. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлынхан хурал хийж, хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тараасан. Тэгээд би охинтойгоо 5-6 сар уулзаагүй тул 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр очиж бэлэг өгөхөөр ярьсан. Би “Сүүж” гэх амралтын газар очиж охиндоо бэлэг өгөх зорилготой байсан. Тухайн үед 12 цагийн орчим Төв аймгийн Цээл сумаас гарч, Төв аймгийн Баянчандмань суманд 14 цагийн орчим очсон. Тэгээд өмнө таньдаг байсан 2 ахтай таарч, 2 лааз пиво уусан. Тэд нар архи ууцгаасан. Харин би 2 лааз пиво уусан. Бид нар хоол идчихээд, би одоо явахгүй бол болохгүй гэж хэлээд Баянчандмань сумаас “Сүүж” орох замаа хэтрээд явсан. Тэгээд тэндээ буцаж эргэсэн. Өмнө миний явж байсан зам биш байсан болохоор замаа хайж явсан. Тэр үед бүрэнхий болсон байсан. Би замаас тэмдэг, тэмдэглэгээ хайж явсан. Тухайн осол орой 5 цагийн орчим гарсан. Осол болсны дараа ухаан орж, сэрсэн... гэж,

 

Хохирогч В.Н:

...2021 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Хөтөл рүү явж, буцаж ирэх замд Баянчандмань суманд осол гарсан. Би жолоочийн ард суугаад явж байсан. Зүүрмэглэх хооронд гэнэт түс тас хийгээд машин мөргөсөн. Цаашаа юу болсон талаар санахгүй байна. Нүүрнээс маш их цус алдсан. Баянчандманы эмнэлэг дээр жаахан ухаан орсон. Ослоос болж эд эрхтэнээрээ маш их хохирсон. Дахиж хэзээ ч урьдны байдал руугаа сэргэж орохгүй. Миний гоо сайхан, нүдний хараа зэрэг бүх зүйлд өөрчлөлт орсон. Нүд ширгэж, хараа огцом муудаж, хамар хугаралтай тул амьсгалахад хүндрэлтэй байдаг. Энэ хүн эмчилгээний зардал гэж 700.000 төгрөг шилжүүлсэн талаар хэлж байна. Миний дансанд ямар ч мөнгө ороогүй. Тэр Портер машин ямар ч хамааралгүй. Манай хашаанд В.А эгч авч ирж тавьсан. Тэр машиныг би авах хүсэлгүй байна. Тэр машиныг шалгуулахад 2010 хойш оношилгоонд ороогүй, олон удаагийн торгуультай машин байсан. Би тэр төмрийн сэг машиныг авах хүсэлгүй байна. Моторыг нь гаргаад  зарахад нь 200.000 төгрөг ч хүрэхээргүй машин байна лээ. Би ченж нараас асууж үзсэн. Тэр машиныг авахгүй, мөн 700.000 төгрөг аваагүй. Надтай нэг ч удаа гэмшиж яриагүй тул маш их гомдолтой байгаа... гэж,

 

Хохирогч Х.Д:

...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед Хөтлөөс нааш Баянчандмань шороон зам дуусаж асфальтан зам руу орсон. Тэгээд гэнэт хурдтай машин гарч ирсэн. Тухайн үед өнгөрч явах байх гэж бодтол хажуу талаас орж ирж мөргөсөн. Би огт төсөөлөөгүй... гэж,

 

Иргэний нэхэмжлэгч В.А:

...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөтөл ороод буцах замдаа автын осолд орсон. Осол болох үед жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Би хөнгөн зэргийн гэмтэл авсан. Учир нь бүс зүүж явсан. Эрүүл мэндийн хувьд 845.876 орчим төгрөгийн  хохирол учирсан. Машины тухайд охины нэр байдаг боловч бидний эзэмшлийн машин. Тиймээс охин нэхэмжилж байгаа. Машиныг “Таван богд” компаниас 197.400.0000 төгрөгөөр худалдаж авсан. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Бодь даатгал” ХХК-тай тээврийн хэрэгслийн гэрээ хийж, машинаа 100.000.000 төгрөгөөр даатгуулсан. 197.000.000 төгрөг бүтнээр нь хийх гэсэн боловч мөнгөний асуудлаас болж чадаагүй.Өнөөдрийн зах зээлийн дунджаар бодоход 250.000.000 төгрөг. Гэтэл зах зээлийн үнэлгээгээр 188.000.000 төгрөг гэж гаргасан. Хохирлын үнэлгээ нь 176.291.000 төгрөгөөр гарсан. Тиймээс “Бодь даатгал” ХХК-д хандан 93.328.455 төгрөг, нийт хохирлын 93%, сүйрсэн гэж үзэж, үнэлгээ гаргасан гэв. Үлдэгдэл 82.962.545 төгрөгийн үлдэгдэл, үнэлгээний тайлангийн 2.000.000 төгрөгийн бид нар өөрсдөө төлсөн. Нийлээд 84.962.545 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Г.Аээс авсан тэр “Портер”  машиныг  5.000.000 төгрөгөөр бодож, худалдах, худалдан авах гэрээ хийж авсан.  В.Нийн хашаанд нь тавьсан. Тэр машиныг эмчилгээний төлбөрт нь өгөх байсан... гэж,

 

Иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М:

...Даатгалын гэрээгээр буруутай этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг харгалзан үзэж, гэрээ байгуулдаг. Өнөөдрийн байдлаар гэрээ байгуулсан. Гэхдээ манай компанид ямар ч төлөлт хийгдээгүй, буруутай этгээдээс хохирлыг шаардана... гэж

 

Иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г:

...Бодь даатгал” ХХК-ний даатгуулагч Д.У нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай компанитай 2103010477 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр “Тоёото Ланд круйзер 300”  маркийн 57-87 УБС гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан. Даатгуулагч Д.Уээс осол болсон талаар нөхөн төлбөрийн хүсэлт өгсөн. Манай компани 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгслийн хохиролд  93.328.455 төгрөг өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эрүүл мэндийн эмчилгээний хохиролд 1.000.000 төгрөг өгсөн. Манай компаниас даатгуулагчид нийтдээ 94.328.455 төгрөг өгсөн. Тээврийн хэрэгслийн хохирлыг Д.Уийн дансанд шилжүүлж, эрүүл мэндийн хохирлын мөнгийг В.Агийн данс руу шилжүүлсэн гэв. Учир нь манай компанийн даатгалын гэрээний дагуу хамтран даатгуулагч байсан. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7,  Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 5 дугаар зүйлийн 5.13-т зохицуулсан. Манай компани Даатгалын тухай хууль болон Иргэний хууль зэрэг холбогдох хуулийн дагуу буруутай этгээдээс 94.328.455 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Тухайн гэрээ байгуулах үед Г.А мөргөсөн гэх үйл баримт тогтоогдсон хэдий ч машин хэний өмчлөл дээр байгаа талаар мэдээлэл ирээгүй...гэж

 

Иргэний хариуцагч Ц.О:

...Иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай аав 2013 онд нас барсан. Аавыг нас барахаас өмнө жилд нь Н.Дүгэрээг Цээл суманд хөдөө, зуслангийн гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед аман хэлцэл хийж, 10 тонн будаагаар бартер хийж, худалдаж авсан. Тамгын газрын дарга нь нотариат хийдэг. Орон тооны нотариат гэж орон тоон дээр ерөөсөө суудаггүй. Цээл сумын Тамгын газрын дарга нь нотариатаа хийдэг. Тэр үеэс л тэгж таарсан. Би энэ Г.А гэх хүнийг огт танихгүй. Би Н.Дүгэрээг л танина, бид хоёрын дунд ямар ч тооцоо байхгүй. Энэ олон жилийн хугацаанд яагаад машинаа шилжүүлээгүй вэ? гэхээр бид хоёр 2 удаа ч очсон. Хотод очоод шилжүүлэх гэтэл заавал Н.Дүгэрээтэй хамт байх ёстой гэж хэлсэн. Н.Дүгэрээ хөдөө мал дээрээ байдаг. Огт боломж нь болохгүй байсан. 2021 онд над руу утасдаж, Г.А гэх хүнд өгсөн, чи шилжүүлээд өгчихөөрэй гэж хэлсэн. Би тэгээд шилжүүлэх гэж залгасан. Гэтэл Тамгын газрын дарга байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Угтаалд очиж шилжүүлье гэж хэлэхэд бас байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хотод очиж шилжүүлье гэж хэлэхэд за гэж хэлсэн. Тэгээд л холбоогүй таг болсон... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн _____ дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Г.А нь согтуугаар Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Сүүж” амралтын газрын салдаг уулзвараас 1 км зайд асфальтан зам дээр 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота Креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 3.7/а “...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”  Гэсэн заалтыг тус тус зөрчиж Х.Дгийн жолоодож явсан  “Тоёота Ланд-300” маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч В.Нийн эрүүл мэндэд хүнд, Х.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Д.Уийн эзэмшлийн “Тоёота ланд-300” маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 144.295.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан үйл баримт нь дараах

 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 22 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 23-25, 28-36 дугаар хуудас/,    

зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 26 дугаар хуудас/,

осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 27 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 53 дугаартай ...Х.Дгийн биед бүсэлхийн L3-х нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, өвчүү ясны хугарал, баруун 4,6-р хавирганы хугарал, зүүн шилбэнд зулгаралт зүүн гуя, зүүн шилбэ, зүүн хөлийн тавхайд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...талаарх дүгнэлт /1-р хх-ийн 99-100 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 527 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн Х.Д 53 настай, эрэгтэй гэж хаягласан 00279947 гэсэн хариу шилний дугаартай улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Уг цус нь А (II) бүлгийн харьяалалтай байна...талаарх дүгнэлт /1-р хх-ийн 102-103 дугаар хуудас/,

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1551 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 108-115 дугаар хуудас/,

техникийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 21 дугаартай ...1. 36-38 ДАР улсын дугаартай “Тоёота креста” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.А Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 3.7.а ...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2. 57-87 УБС улсын дугаартай “Тоёота ланд крүзер-300” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна.

3. Жолоо Г.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон байна.

4. Уг осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин  нөлөөлөөгүй гэж үзэж байна.

5. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол  бүхий нөхцөл байдал илрээгүй...талаарх дүгнэлт /1-р хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 526 дугаартай ...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. “Дамдинсүрэн 53/эр 12-29” гэж хаягласан, 00279947 дугаарын хуруу шилтэй цусанд спирт илрээгүй...талаарх дүгнэлт /1-р хх-ийн 124-125 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 26 дугаартай ...В.Нийн биед дух яс духны хөндийн гадна дотор ялтас дайрч хөндийн гадна дотор ялтас дайрч бяцарсан ясны сэлтэрхий бүхий цөмөрсөн хугарал, уг хугарлаас доош хоёр талын нүдний ухархай дотор хана, доод хана, гадна хана, хамар яс, хамрын таславч, этмойд хөндий, суурийн хөндий, суурь ясны баруун талын сэртэн, зүүн хоншоорын хөндийн урд болон гадна хана, хоншоор яс, хатуу тагнай хамарсан олон нийлмэл хугарал, гавлын хөндийд олон тооны хийн бөмбөлгүүд тодорхойлогдоно, духны хөндий этмойд хөндий, суурийн хөндий хоёр талын хоншоорын хөндийд цус, духанд шарх, дух, нүүр, эрүү, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  Цаашид хөдөлмөрийн тогтонги чадварт нөлөөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...талаарх дүгнэлт /1-р хх-ийн 131-132 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 523 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн Н 45 настай, эмэгтэй гэж хаягласан 00159182 гэсэн хуруу шилний дугаартай улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ...талаарх дүгнэлт /1-р хх-ийн 135-136 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 522 дугаартай ...ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. “ХII/29 Н 45 эм 22/47 гэж хаягласан, 001529182 дугаарын хуруу шилтэй цусанд спирт илрээгүй...талаарх дүгнэлт /1-р хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 51 дугаартай ...В.Агийн биед зүүн хөх, баруун эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...талаарх дүгнэлт /1-р хх-ийн 144-145 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 63 дугаартай ...Э.Дөлгөөнтамирын биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...талаарх дүгнэлт /1-р хх-ийн 149-150 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 62 дугаартай ... Д.Ганзоригийн биед баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 154-155 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаартай ...В.Бат-Яруугийн биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 159 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 525 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн Г.А 32 настай, эрэгтэй гэж хаягласан 00279971 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Уг цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 165-166 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 524 дугаартай ...ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. “Г.А 32 эр ХII/29 22/50 гэж хаягласан, 001528750 дугаарын хуруу шилтэй цусанд 0.7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0.7 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...талаарх дүгнэлт /1-р хх-ийн 169-170 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22г3 дугаартай ...Г.Аийн  биед баруун 4, 5 зүүн хавирганы хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн сарвуу, зүүн гарын чигчий, ядам хуруу, хоёр өвдөгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Баруун 4, 5, зүүн 3, 4-р хавирганы хугарал цээжний хөндийд хий шингэн хуралдалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн сарвуу, зүүн гарын чигчий, ядам хуруу хоёр өвдөгт сорви нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...талаарх дүгнэлт /1-р хх-ийн 176-177 дугаар хуудас/,

Итгэлт Эстимэйт-3 авто машин техникийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 211-217 дугаар хуудас/

хохирогч Х.Дгийн ...2021 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 07 цагт Сэлэнгэ аймгийн Хөтөл орохоор охиныхоо эзэмшлийн “Тоёота ланд-300” маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр В.Нийн хүү Бат-Яруугийн эхнэр болох Дөлгөөнтамирыг гуйх өдрөө ярьж тохирох мөн аав, ээжтэй нь танилцахаар явцгаасан. Тухайн үед би өөрөө тээврийн хэрэгслийг жолоодон, манай эхнэр В.А нь жолоочийн хажуу талын урд суудалд, эхнэрийн дүү Ганзориг, В.Н, Г.Бат-Яруу бид замдаа явсаар байгаад өдөр 13 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд очиж Дөлгөөнтамирын гэрт очиж ээж, аавтай уулзаж ярилцаад цай, хоол идээд гэгээтэй дээр газар дөхье гээд 15 цаг арай  болоогүй байхад тэндээс гарахад Дөлгөөнтамир жирэмсэн хяналтад орно гээд бид нартай хамт ирэхээр болж машины хойд талын туслах суудалд Бат-Яруу суугаад арын суудалд Н, Ганзориг, Дөлгөөнтамир нар суугаад Улаанбаатар хот руу хөдөлж яваад Сэлэнгийн Баруун хараагийн автобусны зогсоол дээр зогсож бие зассан. Нийг бууж бие зассан эсэхийг санахгүй байна. Тэнд нэг их удалгүй хөдөлсөн. Тухайн үед арын суудалд буюу жолоочийн ард Н, голд Ганзориг, баруун хойд талд Дөлгөөнтамир, Дөлгөөний арын туслах суудалд Бат-Яруу суугаад Баянчандмань өнгөрөөд шороон замаар өгсөөд засмал зам руу ороод ойролцоогоор 2-3 орчим км байсан  байх 52-ийн даваа, Баянчандмань 2-ын хооронд ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байтал өөдөөс хурдтай цагаан өнгийн машин гарч ирээд өөрийнхөө урсгалаар явж байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг хажуугаар өнгөрөх юм байна гэж бодоод явж байтал, гэнэт гэрэл гялбаад хажуу талаас буюу талын урд дугуй хэсэг рүү гэнэт орж ирээд түс тас хийгээд мөргөсөн. Тэр үед би авто машиныхаа тоормосыг гишгээд, рүлнээсээ бариад урдуур өнгөрчих байх гэж горьдсон байсан. Тухайн тээврийн хэрэгсэл гэрлээ хол дээрээ тавьчихсан зорчиж явсан бөгөөд ямар учраас гэнэт эсрэг урсгал руу дарж орж ирээд миний  машины зүүн урд хэсэг рүү мөргөснийг мэдэхгүй байна. Түрхэн хугацаанд л болоод өнгөрсөн, манай эхнэр наад цагаан машин гэж хэлж дуусаагүй байхад л ирж мөргөсөн. Гэнэт ухаан ороод өөрийнхөө талын урд хаалгыг онгойлгох гэсэн боловч онгойгоогүй, манай эхнэр буугаад би араас нь дамжиж буухдаа хамт зорчиж явсан хүмүүсийг гайгүй юу гэж асуухад гайгүй гэж хэлэхээр нь хамт явсан хүмүүс гайгүй юм байна гэж бодсон. Манай эхнэр В.А, Н цус алдаад байна гэхээр нь Хил хамгаалах ерөнхий газрын штабын дарга руу эхэлж яриад, зам тээврийн ослын талаар хэлж яаралтай түргэн тусламж үзүүлэх боломж байна уу дүү маань цус алдаад байна гэхэд эргээд холбогдье гэж хэлсэн. Зам тээврийн ослын талаар Төв аймгийн цагдаагийн газар болон эмнэлэг рүү ярьж дуудлага мэдээлэл өгсөн байсан. Хэр удсаныг сайн мэдэхгүй байна цагдаагийн алба хааг нар ирж Н, Ганзориг, Дөлгөөнтамир нарыг Баянчандмань сумын эмнэлэгт очиж анхан шатны тусламж үзүүлэхээр авч явсан. Би цагаан өнгийн суудлын авто машин дотор ямар хүн явж байгаа юм болоо гэж бодоод очиход жолооч нь байгаа бололтой нэг хүн харагдаж байсан. Бат-Яруу, Ганзориг хоёр очиж жолоочийг машинаас нь гаргасан. Өөр хүн байгаа эсэхийг үзэж шалгахад өөр хүн байхгүй машин болон өөрөөс нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба авто машин дотор нь архины шил харагдаж байсан. Тухайн согтуу жолооч удалгүй машиндаа буцаад суучихсан. Манай эхнэр замын унаанд гар өргөж суугаад эмнэлэг дээр очиж Нд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн  байх. Ослын газарт манай ажлынхан болон хүүхдүүд ирчихсэн би өөрөө сайн  ярьж чадахгүй, явж чадахгүй байдалтай байхад дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч нар  намайг дотуур цус алдаж байж магадгүй яаралтай эмнэлэг яв гэж зөвлөсний дагуу хүүхдүүдтэйгээ Улаанбаатар хот руу гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж үзүүлсэн. Ослын газарт цагдаагийн албан хаагч нар үзлэг хийхэд манай  хүргэн Билэгсайхан, манай эхнэрийн 3 дүү, найз Наранбат нар байсан... /1-р хх-ийн 44-47 дугаар хуудас/,

гэрч Х.Дгийн ...би 2021 оны 12 дугаар сарын 29-ны өглөө 7 цагт Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны чиглэлд Улаанбаатар хотоос гарсан. Манай дүү Бат-Яруугийн эхнэрийг гуйх өдрийг хадам нартай нь тохиролцох зорилгоор явсан. Тэгээд Хөтөлд 12 цаг 30 минутын үед очоод эртхэн буцъя гээд Улаанбаатар хот руу 15 цаг арай болоогүй байхад гарсан. Замдаа Баруун хараа дээр бууж бие засаад шууд хөдөлсөн. Тэгээд наашаа хөдлөөд Баянчандмань сум өнгөрөөд шороон замаар өгсөөд засмал зам руу ороод явж байсан чинь нэг цагаан тэрэг урдаас ирж байснаа гэнэт өөдөөс эсрэг урсгалд дараад ороод ирсэн. Манай эхнэр В.А наад цагаан машин чинь гээд хэлсэн  чинь тэр машин ирээд мөргөсөн. Тэр маш хурдтай явж байсан. Би баруун дараад тормозлох гэсэн боловч гаргаж чадаагүй. 2 секунд болсон уу үгүй юу ийм зүйл болсон... /1-р хх-ийн 51-53 дугаар хуудас/,

хохирогч В.Нийн ...2021 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 7 цагт Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Хөтөл сум руу очиж хүүгийн хадмуудтай уулзаж бэр гуйх өдрөө тохирохоор хүргэн ах Х.Д, эгч В.А, нөхөр Д.Ганзориг, хүү В.Бат-Яруу нарын хамт Д.Уийн эзэмшлийн “Тоёота ланд-300” маркийн тээврийн хэрэгсэлтэй явцгаасан. Бид нар өдөр 13 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд очиж бэрийнхээ аав, ээж нартай нь уулзаж ярилцаад цай, хоол идээд өдөр 14-15 цагийн хооронд Улаанбаатар хот руу буцахаар хөдлөхөд бэр Дөлгөөнтамир нь жирэмсэн учраас хот руу хяналтынхаа эмчид үзүүлэхээр хамт ирэхээр  болж хүү В.Бат-Яруу авто машины хойд суудалд голын суудалд нөхөн Д.Ганзориг, Дөлгөөнтамир бид нар зэрэгцэж суугаад хүргэн ах маань машинаа жолоодон эгч жолоочийн хажуугийн суудалд суугаад зорчиж явцгаасан. Бид нар бүгд хамгаалах бүсээ зүүж явсан ба Баянчандмань өнгөрөөд явж байсан ба тухайн үед түр зүүрмэглээд хүмүүс машин ороод ирлээ гэж орилж хашхирч байсан. Би тэр үед зүүрмэглэж явсан учраас толгойгоороо авто машины суудлыг бариулыг мөргөөд толгой дүүрч, эргээд толгойноос цус их хэмжээгээр гарсан. Эгч маань буугаарай гээд орилохоор нь машин шатах гэж байгаа юм болов уу гэж бодоод машинаас буугаад харахад ирж  мөргөсөн гэх цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь ирж мөргөөд буцаж эргээд бид нарын явж байсан зүг рүү хараад зогссон байсан. Тэр үед эгч маань нөгөө мөргөсөн машины жолооч нь яасан юм болоо гэж орилоход нь манай нөхөр Д.Ганзориг очиж хараад жолоочийг нь машинаас татаж буулгаснаа энэ хүн чинь согтуу байна шдээ гэж хэлж байсныг тод санаж байгаа. Тэрнээс хойш зарим зүйлийг тодорхой сайн санахгүй байна. Машинд орж суугаад эгч маань толгойг боож, тариа хийгээд удалгүй машин ирээд Баянчандмань сумын эмнэлэг рүү Дөлгөөнтамир, Ганзориг бид гурав яваад араас эгч В.А ирсэн. Тэрнээс хойш зам тээврийн осол болсон газарт юу болсныг мэдэхгүй. Манай хүргэн Х.Д авто машинаар нэг их давхиагүй. Баянчандмань орохын өмнө авто машины хянах самбар руу харахад 60 гаруй км-ийн хурдтай явж байхаар нь ямар удаан явж байна гэж бодоод өнгөрсөн. Ер нь замд явж байхад автомашинууд хажуугаар их хурдтай өнгөрч яваад байхаар хурдаа нэмээд явж болохгүй юм болов уу гэж бодоод явж байсан. Х.Д ах тээврийн хэрэгслээ жолоодон хажууд нь эгч В.А, би Х.Д ахын ард голын суудлын зүүн талд миний баруун талд нөхөр Д.Ганзориг, түүний баруун гар талд буюу автомашины голын суудлын баруун талд бэр Дөлгөөнтамир, Дөлгөөнтамирын ард автомашины хойд суудалд хүү В.Бат-Яруу сууж явсан. Нүүрний зүүн хэсэг буюу зүүн нүдний ухархай хана цөмөрч зүүн нүдний алим руу яс хатгаж нүдний хараа сайн тогтохгүй муу харж байгаа. Хагалгаанд орж металл ялтас суулгасан. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр хагалгаанд орсон. Одоо миний зүүн талын нүүрний хэсэг мэдээгүй болсон гэрээр болон эмнэлгээр эмчилгээ хийлгэж байгаа 6 сарын дахиж хагалгаанд орж нүүрний хадаас төмрийг авхуулсан.../1-р хх-ийн 56-58 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч В.Агийн ...Би гэрчийн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн. Дээр нэмж хэлэхэд Г.А нь зам тээврийн осол гаргах үед маш их хэмжээний согтолттой байсан бөгөөд Баянчандмань сумын эмнэлгийн эмч нар Г.Аэд анхан тусламж үзүүлж цус тогтоох тариа, шингэнүүд хийж байсан. Тэр үед өвдөлтөөсөө болж ухаан алдаагүй, архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэндээ л өөрийнхөө утасны дугаарыг 89040570 дугаар гэж дахин дахин хэлээд байсан. Итгэлт Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлантай танилцсан. Холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Тийм учраас тээврийн  хэрэгслийн эвдрэл гэмтэл тогтоосон үнэлгээний тайлангаар гаргасан 176.291.000 төгрөгийг нэхэмжилнэ.../ 1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/,

гэрч В.Агийн ...2021 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 07 цагт нөхөр Дамдинсүрэн, дүү Н түүний нөхөр Ганзориг түүний хүүхэд Бат-Яруу бид нар Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Хөтөл гэдэг газар яваад 12 цаг 30 минутын орчимд очоод тэгээд тэндээ 15 цаг 30 минутын орчимд эргээд Улаанбаатар хот явахаар буцсан. Тэгээд  явж байтал 18 цаг 30 минут орчим Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд шороон замаас засмал зам руу ортол бид нарын явж байсан урсгал руу цагаан өнгийн жижиг машин ороод ирсэн. Тэрнээс хойш хэсэг зуур юу болсныг мэдээгүй ухаан алдсан уу яаснаа мэдэхгүй байна. Би машинаас буусан байсан. Миний шилэн хүзүү рүү татаад сонин болоод байсан. Би машинаа тойроод хаалгаг нь онгойлгох гэхэд жолооч талын хаалга нь онгойхгүй байсан. Тэгсэн нөхөр Дамдинсүрэн жолоочийн эсрэг талын хаалгаар буугаад ирсэн ба бууж ирээд хараад машинаас Бат-Яруу, Ганзориг нар арын хаалгаар туслах талын хаалгаар буусан байсан. Бат-Яруугийн жирэмсэн найз охин Дөлгөөн газарт сууж байсан. Тэгэхээр нь би дүү Ондгой буюу Нийг хаана байна гэж дуудахад Н нүүрээ дарчихсан гарын салаагаар нь цус урсаж байсан. Тэгэхээр нь би машины эмийн сангийн жолоочийн эсрэг талын хаалгаар аваад Нийн толгойг нь боож өвчин намдаах тариа хийсэн. Би өөрөө эмч болохоор анхан шатны тусламж үзүүлж язарсан  хэсэгт хөвөнгөөр дараад өвчин намдаах тариа хийж байхад Н их өвдөж орилж байсан. Тэр үед цагдаагийн маяактай машин ирээд бид нарыг авч явна гээд Н Дөлгөөн, Ганзориг гуравыг аваад явсан Би араас замын машинд гар  өргөж суугаад эмнэлэг дээр нь яваад очсон. Тэгээд бид нарын араас манай нөхөр бусад хүмүүс ирсэн. Би тэр цагаан машины жолооч дээр очоод харах гэхэд жолоон дээр нь очоод татаж буулгах гэтэл ёо ёо гээд орилоод байхаар нь тэр хүнд хандан гэр бүлийнхээ хүмүүс рүү утасны дугаарыг нь гэхэд тэр жолооч маш их согтолтой тэгээд 89040570 гэсэн дугаар хэлэхийг болсон амнаас нь маш их архи үнэртэй байсан. Тэр утас руу нь залгаад дуудаад авахгүй байсан. Би хамт явсан хүмүүстээ хандаж энэ хүнийг гаргаж авъя гэхэд Бат-Яруу маань наад хүн чинь гайгүй байна цагдаа нь ирээд гаргаж авна гэж хэлсэн. Тэгээд бид замын машинд суугаад эмнэлэг дээр ирж буусан.../1-р хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

иргэний хариуцагч Ц.Оын ...”Тоёота креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч тухайн авто машинаа 2012 оны намар Төв аймгийн Цээл сумын малчин Дүгэрээд 10 тонн будаагаар зарж байсан. Тэр үедээ авто машиныхаа нэрийг шилжүүлье гэж удаа дараа хэлж байсан боловч хөдөө мал малладаг учраас Улаанбаатар хот орж ирж чадаагүй. 2021 оны сүүлээр яг хэдэн сард гэдгийг нь санахгүй байна. Миний авто  машиныг авсан Дүгэрээ гуай над руу утсаар яриад миний машиныг манай сумын цагдаа авчихлаа шилжүүлээд өгөөрэй гэж ярьж байсан. Манай ажил Цээл суманд үйл ажиллагаа явуулдаг болохоор Цээл суманд очихоороо машинаа шилжүүлээд өгье гэж бодоод тус сумын цагдаа руу 4-5 удаа залгаж ярихад Цээл сумын нотариатч байхгүй, амарчихсан байна гэсэн шалтгаан хэлж шилжүүлээгүй өнгөрсөн. Мөн угтаал сум руу яваад нотариат хийлгээд өгье гэсэн боловч яваагүй. Улаанбаатар хот руу орохоороо шилжүүлье гэж яриад таг чиг болсон..../1-р хх-ийн 72 дугаар хуудас/,

хохирогч Д.Уийн ...2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Таван богд ХХК-ний 197.400.000 төгрөгөөр худалдан авч байсан ба миний нэр дээр бүртгэлтэй боловч манай аав, ээж, хоёр унаж ашигладаг байсан. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 30 минутын орчим манай аав, ээж хоёр залгаад зам тээврийн ослын талаар хэлээд бид нар бүгд ослын газарт очсон.../1-р хх-ийн 79-80 дугаар хуудас/,

гэрч В.Бат-Яруугийн ...Би ээж В.Н, эгч А, ах Дамдинсүрэн Ганзориг эхнэр Дөлгөөнтамир нарын хамт Сэлэнгэ аймгийн Хөтөл сумаас Улаанбаатар хот чиглэлд явж байгаад Баянчандмань сум өнгөрөөд засмал зам руу дөнгөж ороод 2 км гаран явж байсан чинь өөдөөс гэрэл ороод ирсэн. Бид нар 60 км цагийн хурдтай явж байсан. Жирэмсэн хүнтэй явж байсан болохоор ямар нэгэн яарах зүйлгүй явж байсан. Тэгсэн өөдөөс их гэрлээ асаасан машин өөдөөс нөгөө урсгалдаа явж байгаад 5-6 метрийн зайд манай урсгал руу дараад ороод ирсэн. Ямар ч тормосгүй шууд өөдөөс нилээн хурдтай ороод ирсэн. Манайх аль болох тормос гишгэсэн тэгээд замын хажууд шуудуй байсан болохоор замаар гаргах боломжгүй байсан. Мөргөлдсөний дараагаар хамгийн түрүүнд манай эхнэр Дөлгөөнтамир буусан. Араас нь ах Ганзориг буусан би хойноос нь суудлыг нь өргөөд гарч ирсэн. Бидний өөдөөс ирж мөргөсөн жижиг тэрэгний жолооч талын хаалгыг нь татсан боловч онгойгоогүй гацсан байсан. Замд явж байсан жолооч бууж ирээд бид нар туслахаар ирсэн. Нөгөө машины жолооч талын цонх онгорхой байсан. Очоод үзсэн чинь архи үнэртэй  байсан. Жолоочийн эсрэг талын суудал дээр цагдаагийн дүрэмт хувцас байсан. Тэгээд тэр жолооч энэ  чинь цагдаа юм байна шдээ гэж хэлээд бид нар явлаа гээд хөдлөөд явсан. Тэрний дараа Ганзориг ах жолоочийг нь машинаас гаргах гээд хаалгыг нь татаж онгойлгоод жолоочийг гаргасан. Тухайн үед ээжийн хамар болон духнаас цус гараад тогтохгүй байсан.../1-р хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

гэрч Д.Ганзоригийн ...Дамдинсүрэн, А, Бат-Яруу, Н, Дөлгөөнтамир, Ганзориг бид нар Дөлгөөнтамир аав, ээжтэй нь танилцчихаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хот руу 57-87 УБС улсын дугаартай Ланд крүйзер300 маркийн автомашинтай явж байсан. Тэгээд Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд 60-ын даваа уруудаад явж байтал урдаас хурдтай их гэрэлтэй, цагаан өнгөтэй суудлыг автомашин ирж явж байгаад зөрөх гэж байтал урдуур урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд хаалга онгойлгож Дөлгөөнтамир буугаад араас нь би буугаад дараа нь Бат-Ярууг буулгаад автомашины урдуур тойроод зүүн хойд хаалгыг онгойлгоод Нийг буулгах гэсэн чинь маш их цус гарч байсан. Тэгээд А эгч манай эхнэр Нд анхны тусламж үзүүлж байх хооронд түргэн тусламж, цагдаа дуудсан. Мөргөсөн машины жолооч намайг авраач гээд орилоод байхаар ньь автомашин дээр очиход жолооч ганцаараа байсан. Тэгээд би автомашины хаалгыг нь онгойлгоод жолоочийн хоёр хөлийг эхэлж гаргаад автомашинаас татаж гаргасан. Намайг автомашинаас татаж гаргах үед жолооч суудлын бүс хэрэглээгүй автомашинаас архи үнэртэж байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Миний сууж явсан автомашиныг Дамдинсүрэн ах жолоодоод явж байсан.  Манай автомашинд тухайн үед 60 км/ц-ийн  хурдтай явж байсан.  Жолооч жолоочийн хажуугийн зорчигч суудлын бүс хэрэглэсэн. Бусад зорчигч нар суудлын бүс хэрэглээгүй байсан. Ослоос болж миний баруун шилбэ нидрэгдчихсэн юм шиг болчихсон байсан. Осол манай автомашины урдаас ирж явсан цагаан өнгийн суудлын автомашин шууд манай автомашины урдуур орж ирсэн буюу тэр автомашин урсгал сөрснөөс болж осол гарсан гэж үзэж байгаа. Миний хувьд гомдолтой байна... /1-р хх-ийн 86 дугаар хуудас/,

гэрч Э.Дөлгөөнтамирын ...Дамдинсүрэн, А, Бат-Яруу, Н, Ганзориг бид нар манай аав ээжтэй танилцчихаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хот руу 57-87 УБС улсын дугаартай Ланд-300 маркийн автомашинтай явж байсан. Би автомашины жолоочийн эсрэг талын арын суудалд суугаад явж байсан. Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд 60-ын даваа уруудаад явж байтал А эгч машин ороод ирлээ шдээ Дамдинсүрэн гээд орилоод байсан. Тэгээд автомашин зогсоод хамгийн түрүүнд би буугаад газар суусан. Тэгээд зорчигч нар автомашинаас буусан. Н ээж миний эрүү мултарчихжээ гэж хэлэхээр нь арын гэрэл асаасан чинь нүүр нь битүү цус болчихсон байсан. Тэгээд А эгч Н ээжид анхны тусламж үзүүлсэн. Удалгүй цагдаагийн автомашин ирээд Ганзориг, Н бид гурав суугаад Баянчандмань сумын ЭМТ рүү явсан. Би зорчиж явсан автомашиныг Дамдинсүрэн ах бариад явж байсан. Нөгөө автомашинд ганцаараа явж байсан. Би ослоос болж би жирэмсэн байсан болохоор тонус өгсөн, гуя нь дээр хөхөрч, толгой өвдөөд халуураад байсан. Миний хувьд гомдолтой байна... /1-р хх-ийн 88 дугаар хуудас/,

гэрч Ж.Батмөнхийн ...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд санагдаж байна. Төв аймгийн Баянчандмань сумын  Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн гэмтсэн гэх дуудлага мэдээллийг хүлээн авч Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Х.Мягмархишиг, цагдаа цагдаагийн ахлах ахлагч Г.Баянжаргал нарын хамт очиход Төв аймгийн Цээл сумын цагдаагаар ажилладаг цагдаагийн ахлах дэслэгч Г.А нь “Тоёота креста” маркийн авто машин жолоодож явахдаа өөдөөс ирж явсан “Тоёота ланд-300” маркийн авто машинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байсан ба Ланд-300 маркийн авто машинд зорчиж явсан зорчигч нар гэмтэж, нэг эмэгтэй их хэмжээний цус алдаж байсан учраас тус сумынхаа эмнэлэг рүү цагдаа ахлах ахлагч Баянжаргалын хамт хүргээд буцаж очоод “Тоёота креста” маркийн авто машины жолооч Г.Аийн биеийн  байдал хүнд байхаар нь мөн эмнэлэг рүү зөөвөрлөн авч очоод драгер багаж үлээлгэх гэсэн боловч хавиргаар өвдөөд байна гээд үлээж чадахгүй байсан учраас эмнэлгийн сувилагчаар цус авхуулж шинжилгээнд хүргүүлэхээр болсон. Тэгээд буцаж очоод ослын газарт үзлэг хэмжилтээ хийсэн. Ослын газарт Г.Аээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Драгер багажаар үлээлгэж шалгаагүй болохоор согтолтын хэмжээг мэдэхгүй. Г.Аийн биеэс авсан дээж буюу цусанд шинжилгээ хийлгэхээр 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тогтоол үйлдэн хуруу шилтэй цусны хамт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэж өгсний дагуу шинжилгээ хийж дүгнэлтийг гаргаж ирүүлсэн байсан. Г.Аийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хойд суудал дээр цагдаагийн дүрэмт хувцас байгаагүй. Хувийн дугаартай энгэрийн наалт байсан. Мөн хойд суудал дээр нь пивоны лааз хөх өнгийн трод хийсэн байсан.../2-р хх-ийн 151-152 дугаар хуудас/,

гэрч Б.Булганцэцэгийн ...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би эрүүл мэндийн төв дээрээ жижүүр эмчээр ажиллаж байсан ба яг хэдэн цагт гэдгийг нь нарийн тодорхой санахгүй байна. Эмнэлгийн утсанд зам тээврийн осол гарч хүмүүс нь гэмтсэн гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу жолооч Батмөнхийн хамт эмнэлийн пургон машинтай очиж явахад өөдөөс гэмтсэн хүмүүсийг эмнэлэг рүү зөөвөрлөөд явчихсан, нэг хүн үлдсэн гэхээр нь ослын газар руу явж байтал тухайн хүнийг аваад эмнэлэг рүү явчихсан гэхээр нь жолоочийнхоо хамт эмнэлэг дээр буцаад очиход 2 их эмч, 1 бага эмчээ дуудаад гэмтсэн гэх хүмүүсээ үзэж эрэмблэн ангилалт хийж тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тухайн үед би Ланд-300 маркийн авто машины хойд суудалд сууж яваад тархиндаа гэмтэл авсан нэг эмэгтэй 5 сартай жирэмсэн эмэгтэйг үзэж эмчилгээ хийж биеийг нь тогтворжуулан тархиндаа гэмтэл авсан эмэгтэй болон нөгөө машины жолооч гэх эрэгтэйг эмнэлгийн машиндаа аваад их эмч Эрдэнэболдын хамт Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг хүргэхээр явсан. Араас 5 сартай жирэмсэн эмэгтэй, Ланд-300 маркийн авто машины жолооч гэх настай эрэгтэйн хамт аваад дагаад явсан. Миний хувьд тархиндаа гэмтэл авсан гэх эмэгтэйг эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн. Нөгөө машины жолоочийг хэн үзэж эмчилгээ хийснийг сайн санахгүй байна. Нөгөө машины жолоочоос цус авхуулахаар цагдаа нар ирчихсэн байсан.../2-р хх-ийн 155-156 дугаар хуудас/,

гэрч Г.Баянжаргалын ...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим санагдаж байна. Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт 60-ын давааны эргэдгийн наад талд зам тээврийн осол гарч хүн гэмтсэн гэх дуудлага мэдээллийг хүлээн авч хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Батмөнх, замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Х.Мягмархишиг нарын хамт очиход Ланд-300 маркийн авто машин “Тоёота креста” маркийн авто машинтай мөргөлдсөн байдалтай байхаар нь Ланд-300 маркийн авто машин дээр очиход жирэмсэн эмэгтэй бие эвгүй болоод байна гэхээр нь жирэмсэн эмэгтэйг нөхрийнх нь хамт бас нэг тархиндаа гэмтэл авч цус алдаж байсан эмэгтэйг машинд суулгаад сумынхаа эмнэлэг рүү хүргэчхээд буцаж очоод “Тоёота креста” маркийн авто машины жолоочийг гайгүй юу гээд татахад Төв аймгийн Цээл сумын эмнэлэг рүү зөөвөрлөж хүргэсэн. Дараа нь Ланд-300 маркийн авто машины жолоочийг хүргэсэн. Эмнэлэг дээр очоод Аийг драгер багаж үлээлгэх гэсэн боловч цууж  хөндүүрлээд байна гээд бүтэн амьсгал авч үлээж чадахгүй байсан чинь хэсгийн дарга дэд хурандаа Ж.Батмөнх эмнэлгийн сувилагчид хэлж цус авхуулсан. Г.Аийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хойд суудалд юу юу байсныг анзаарч хараагүй. Гэмтсэн хүмүүсийг эмнэлэг рүү хүргэчхээд буцаж очоод ослын газрыг хамгаалалтад авч үзлэг хийж дууссаны дараа Аийн унаж явсан “Тоёота креста” маркийн авто машины замын цагдаагийн постны журмын хашаанд аваачиж байрлуулсан.../2-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Аийн согтуугаар, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота Креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 3.7/а “...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчиж Х.Дгийн жолоодож явсан  “Тоёота Ланд-300” маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч В.Нийн эрүүл мэндэд хүнд, Х.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирж, Д.Уийн эзэмшлийн “Тоёота ланд-300” маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 144.295.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзсэн.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Г.Энхбат:

...Шүүгдэгч С овогт Г А нь согтуугаар Төв аймгийн Баянчандмань сумын нутагт 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 3.7.а/ “...согтууруулах ундаа..хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчиж, “Тоёото Креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, В.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр, Х.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, “Тоёото Креста” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд хохирол учруулж, их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч болон холбогдогчийн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Г.А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан тул шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирлын тухайд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд авагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч В.Нд 46.496.000 төгрөгийн хохирлоос төлсөн зүйлгүй, хохирогч Х.Дд 6.869.342 төгрөгийн хохирлоос шүүгдэгч 5.000.000 төгрөгийг “Портер” маркийн тээврийн хэрэгслээр үнэлж, “Бодь даатгал” ХХК-д 1.000.000 төгрөгийн хохирол гаргуулж, нийт 6.000.000 төгрөгийн хохирлыг төлж, үлдэгдэл 869.342 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний нэхэмжлэгч В.Агийн эрүүл мэндэд учирсан 845.876 төгрөгийн хохирлоос 700.000 төгрөгийн хохирол төлсөн тул 145.876 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Иргэний нэхэмжлэгч Д.Уийн тухайд тээврийн хэрэгсэлд 176.291.000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Үүнээс “Бодь даатгал” ХХК нь 93.328.455 төгрөгийг гаргаж, үлдэгдэл хохирол 82.962.545 төгрөг болон тээврийн хэрэгслийн үнэлгээний хохирол 2.000.000, нийт 84.962.545 төгрөгийн хохирол гарсан. Дээрх хохирлуудаас шүүгдэгч Г.Аээс хохирогч В.Нд 46.496.000 гаргуулах саналтай байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй нэхэмжлэх саналыг гаргаж байна. Хохирогч Х.Дд үлдэгдэл хохирол 869.342 төгрөгийн хохирлыг Г.Аээс  гаргуулах саналтай байна. Хохирогч Х.Д нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй гэсэн санал гаргасан. Иргэний нэхэмжлэгч В.А эрүүл мэндэд учирсан хохирол 145.876 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Аээс гаргуулах хүсэлтэй. Иргэний нэхэмжлэгч Д.Уийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 84.962.545 төгрөгийг шүүгдэгч Г.Аээс гаруулах саналыг гаргаж байна. “Бодь даатгал” ХХК, шүүгдэгч Г.А нарын хооронд хийгдсэн 94.328.455 төгрөгийн байгуулсан гэрээний төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.М:

...Миний үйлчлүүлэгч Г.А нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт Сүүж амралтын газрын  салдаг уулзвараас 1 км зайд асфальтан зам дээр Тоёота Креста маркийн 36-88 дугаартай Дар улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 3.7.а/ “... согтууруулах ундаа..хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчиж, В.Нийн эрүүл мэндэд хүнд, Х.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж, тээврийн хэрэгсэлд 144.295.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар гэмт хэрэгт тооцож, яллах дүгнэлт үйлдэж яллаж байна. Иймд өмгөөлөгч миний бие Г.Аийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, дараах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэргийг бодит байдлыг хуульд заасны дагуу арга хэмжээ авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоосны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотолбол зохих байдал, хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоож чадсангүй. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цаг 30 минутад гомдол мэдээллийг авч, 23 цаг 00 минутад үзлэгийг хийж дууссан. Хохирлын үнэлгээнд эргэлзээ гарч байна. Хохирогч В.Н хамгаалалтын бүс зүүж яваагүйгээс машины хаалга тус байх бариулыг мөргөж, өөртөө гэмтэл учруулсан нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар хохирогч хамгаалах бүс зүүгээгүй нь учирч болох хохирлыг ихэсгэсэн байна. Тухайн осол болсон замд ямар нэгэн дүгнэлт гараагүй. Тухайн осол болох үед замын тэмдэг, тэмдэглэгээг хайж улмаар машинтай мөргөлдөж осол гарсан... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч В.Нийн өмгөөлөгч Н.Н:

...Хавтаст хэрэгт шинжлэн судалсан баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад бүрэн тогтоогдсон. Эрүүгийн  хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй. 176 дугаар яллах дүгнэлт нь үндэслэлтэй. Шүүгдэгч Г.Аийг гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг төлөгдөөгүй. Миний үйлчлүүлэгчийн эд эрхтэн тэр чигтээ хуучин хэвэндээ нөхөн сэргээгдэхгүй, насан туршдаа эмзэг өвчтэй болж байна. Гэтэл энэ хугацаанд шүүгдэгч Г.А нэг ч удаа гэмшээгүй. Шүүх хуралдаан болгон дээр асууж байсан. Шүүгдэгч Г.А ямар нэгэн байдлаар уучлалт болон хохирол төлбөр төлөөгүй. Иймд 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Цаашид гарах зардлыг Иргэний хуулийн 499, 510 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрхийг тусгаж өгөхийг хүсэж байна гэв. Хохирогчийн 46.496.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд шүүгдэгч Г.Аийг гэм буруутайд тооцуулах саналтай байна...гэсэн саналыг,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Батсайхан:

...Шүүгдэгч Г.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч Х.Д хүндэвтэр гэмтэл авсны улмаас эрүүл мэндийн 6.869.342 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 5.000.000 төгрөгийн “Портер” машиныг хасаж тооцож, даатгалаас авсан 1.000.000 төгрөгийг хасаж, нийт 869.342 төгрөгийн хохирлыг Г.Аээс барагдуулах хүсэлтэй байна гэв. Миний үйлчлүүлэгч Д.У нь хэлэлцүүлгийн явцад 176.291.000 төгрөгөөс 93.328.455 төгрөгийн хасаж, нийт хохирлын үлдэгдэл дээр үнэлгээний зардал 2.000.000 төгрөгийн нэмж 84.962.545 төгрөгийг иргэний хариуцагч Ц.Оаас гаргуулах саналтай байна. Хэлэлцүүлгийн явцад Ц.О нь өөрөө машины эзэмшигч гэдгээ удаа дараагийн мэдүүлгээрээ нотолсон учраас Ц.Оаас гаргуулах саналтай байна... гэсэн саналыг,

 

Иргэний нэхэмжлэгч В.А:

...Ослын улмаас Ланд Круйзер 300 маркийн авто машин гэмтэж, хохирлын үнэлгээ 176.291.000 гэж гарсан боловч зах зээлийн үнэ 188.000.000 төгрөг. Нийт 176.291.000 төгрөгөөс даатгалаас авсан мөнгөн дүнгээ хасаж, үлдэгдэл 84.962.545 төгрөгийг иргэний хариуцагчаар гаргуулах саналтай байна... гэсэн саналыг,

 

Иргэний хариуцагч Ц.Оын өмгөөлөгч Д.М:

...Ц.О нь иргэний нэхэмжлэгч болон иргэний харуцагчаар давхар явж байгаа. Иргэний хариуцагчаас авсан мэдүүлгийг дурдахад, 2021 оны сүүлээр Н.Дүгэрээ ярьж, тухайн машиныг сумын цагдаа авсан талаар мэдүүлсэн. Иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөхдөө: Би уг машиныг зараад 10 гаруй жил болж байна. Хэзээ, хаана, хэн унаж яваад зам тээврийн осол гарсныг мэдэхгүй. Миний нэр дээр бүртгэлтэй байсан боловч эзэмшигч нь 2 дамжаад явчихсан. Нэрээ шилжүүлээгүй байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй хэмээн хэлсэн. Нотлох баримтыг шинжлэн судлахад хавтаст хэргийн 206-215 дугаар талд тээврийн хэрэгслийн оношилгоонд орсон талаар баримт байгаа.  Энэ машин 2010 онд зарагдсан. 2013-2021 он хүртэл жил дараалж тээврийн хэрэгслийн оношилгоонд орсон. Хэний данснаас мөнгө гарч, машин оношилгоонд орсон талаар хэрэгт авагдаагүй. 10 тонн будаагаар Н.Дүгэрээд худалдсан талаар мэдүүлсэн. Шүүхийн шатанд Н.Дүгэрээг иргэний хариуцагчаар татсан. Ц.Оын хавтаст хэрэгт хохирлын тооцоо, эд хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй. Тиймээс Ц.О нь иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчийн аль нь ч биш. Хавтаст хэргийн 225 дугаар талд байгаа Н.Дүгэрээ нь Ц.Оаас 2012 оны намар 3688 Дархан гэсэн улсын дугаартай машиныг 10 тонн улаан буудайгаар худалдаж авсан нь үнэн болно гэдгийг сүүлд нотариатаар баталгаажуулсан. Иргэний хуулийн 89.3, 90, 96.1, 96.3, 112.1, 11.1, 11.2.1-т заасан. Нийт хохирлыг Г.Аээс гаргуулах саналыг дэмжиж байна... гэсэн саналыг,

Иргэний хариуцагч Ц.О:

...Би Н.Дүгэрээд л машиныг зарсан. Энэ хүнийг огт танихгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн саналыг,

 

Иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М:

...Өнөөдрийн шүүх хуралдаанд гэмт хэргийн гэм хорын талаар яригдаж байна. Гэтэл манай компанид өнөөдрийг хүртэл 1 төгрөг ч төлөөгүй. Манай компанийн тухайд 94.328.455 төгрөгийн бодит хохирол учирсан. Даатгалын хууль болон Иргэний хуулиар шаардах эрх үүсдэг. Тиймээс Эрүүгийн хэргийг Иргэний хэргийн хамт шийдвэрлэж өгөхийг хүсэж байна... гэсэн дүгнэлтийг

 

Иргэний нэхэмжлэгч“Бодь даатгал” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г:

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд 8.5.2-т гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийнхээ хүрээнд хянан шийдвэрлэхээр заасан. Шүүх хуралдааны явцад “Бодь даатгал”  ХХК нь 94.328.455 төгрөгийн хохирол учирсан нь үйл баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Дахиад Иргэний хэргийн шүүхээр явах нь хуулийн этгээдэд хүндрэл учруулна гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Түүнчлэн шүүгдэгч Г.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 53, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 527, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 526, 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 26, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 523, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 522, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 51, 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 63, 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 62, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 50, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 525, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 524, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2.2г3 дугаартай дүгнэлтүүд хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрчүүд мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.А нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.А тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол тус тус учирсан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар гэмт хэрэгт үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 3.7.а/ “...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг,

мөн нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирснаар 2.3, мөн бусдын эрүүл мэндэд их хэмжээний хохирол учирснаар 2.4, улмаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор 2.1-д заасан хүндрүүлэх шинжүүдийг тус тус хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

 

Тэрээр шүүгдэгч Г.Аийг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7/а заасныг тус тус зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд, хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

Иймд шүүгдэгч Г.Аийг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Мөн түүнчлэн шүүх Дүгэрээ, О нарыг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй байна гэж үзсэн.

 

Учир нь Оаас Дүгэрээд тус “ТОЁОТА КРЕСТА” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдсан болох нь О, Дүгэрээ нарын хооронд 10 тонн улаан буудай буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр зарсан талаарх худалдах, худалдан авах гэрээний нотариатаар батлуулсан хувь, О, Дүгэрээ нарын мэдүүлэг,

мөн Дүгэрээгээс Г.Аэд худалдсан болох нь Аээс Дүгэрээгийн данс руу 1.300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн баримт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.” гэж зааснаар тухайн “ТОЁОТА КРЕСТА” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөх эрх шүүгдэгч Г.Аэд бүрэн шилжсэн гэж шүүх үзлээ.

 

Өөрөөр хэлбэл О, Дүгэрээ, А нар тухайн тээврийн хэрэгслийн үнийг шилжүүлсэнээр өмчлөх эрх шилжсэн талаар мэдүүлгүүдээрээ тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх талаар удаа дараа ярилцаж байсан нь нотлогддог юм.

Түүнээс гадна Иргэний нэхэмжлэгч байгууллага болох “Бодь даатгал” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Г нар иргэний хариуцагч Ц.Оаас хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн тайлбар, дүгнэлтийг гаргадаг боловч шүүх хангах үндэслэлгүй гэж үзсэн.

 

Учир нь 1. Шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.” гэж зааснаар тухайн “ТОЁОТА КРЕСТА” маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөх эрх шүүгдэгч Г.Аэд бүрэн шилжсэн гэж үзсэн.

2. “Бодь Даатгал” ХХК нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ут тээврийн хэрэгслийн хохиролд 93.328.455 /ерэн гурван сая гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ад эрүүл мэндэд учирсан хохиролд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг, нийт 94.328.455 /ерэн дөрвөн сая гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг шүүгдэгч Г.Аээр эргэн төлүүлэхээр Иргэний хуульд заасны дагуу гэрээ бичгээр хийсэн байна.

 

Тухайн гэрээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр ба энэ гэрээг хүчингүй болгосон, цуцалсан талаар хэрэгт авагдсан баримт байхгүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ талаар тайлбар, мэдүүлэг гаргаагүй тул шүүх тус гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байна гэж дүгнэлээ.

 

Ийм учраас шүүх даатгалын нөхөн төлбөр болох 94.328.455 /ерэн дөрвөн сая гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг эрүүгийн хэрэгтээ нь хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.Аээс жич нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болон ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Г.Энхбат:

... Шүүгдэгч С овогт Г Аийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг саналыг гаргаж байна. Энэ хэрэгтээ шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өнөөдрийг хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, жолоодох эрхийн үнэмлэх нь бичиг баримтын хамт хураагдан ирсэн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч В.Нийн өмгөөлөгч Н.Н:

... Улсын яллагчийн санал хөнгөдөж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 6.5 дугаар зүйлийн хүндрүүлсэн нөхцөл байдал байхгүй байна. Шүүгдэгч Г.А нь хохирол төлбөр төлөөгүй, хохирол төлбөр төлөх боломж олгож байхад гэмшиж уучлалт гуйгаагүй.   Иймд ялын  дээд хэмжээгээр шийтгэхийг хүсэж байна...гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч В.Н:

...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна...гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Х.Дгийн өмгөөлөгч Д.Батсайхан:

...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...гэсэн дүгнэлтийг,

 

Иргэний нэхэмжлэгч В.А:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.М:

... Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар тохиолдлын чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Даатгалын байгууллагатай гэрээ хийж, 93.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Өөрийн эзэмшлийн “Портер” машиныг хохиролд 5.000.000 төгрөгөөр бодож өгсөн. Хохирогчийн эмчилгээний зардалд 700.000 төгрөгийг өгсөн. Тиймээс тодорхой хэмжээнд хохирлыг барагдуулсан гэж үзэж байна. Г.Аийг хуульд заасан хүндрүүлсэн нөхцөл байдалд орохгүй гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн, нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргээс учирсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хуульд заасан үндэслэл журмын дагуу хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх саналтай байна. Г.А нь 7 сартай хүүхэдтэй тул хувийн байдлыг нь харгалзан үзэхийг хүсэж байна...гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.А:

...Хорихоос өөр төрлийг ял эдлэхийг хүсэж байна. Ажил хийж хохирлыг төлөх хүсэлтэй байна. Гэм буруу дээр маргах зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгч Г.Аэд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Аэд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчилсан учраас шүүгдэгч Г.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн В.Нийн эрүүл мэндэд хүнд, Х.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Уийн эзэмшлийн “Тоёота ланд круйзер-300 маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 144.295.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч Г.Аээс хохирогч В.Нийн нэхэмжилсэн 46.496.000 /дөчин зургаан сая дөрвөн зуун ерэн зургаан мянга/ төгрөгөөс эмнэлэгт байхад нь В.Агийн дансаар дамжуулж өгсөн 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг хасаж, үлдэгдэл 45.796.000 /дөчин таван сая долоон зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Аээс гаргуулж, хохирогч В.Нд,

хохирогч Х.Дгийн нэхэмжилсэн хохирол болох 6.869.342 /зургаан сая найман зуун жаран есөн мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгөөс, хохирогч нь шүүгдэгч Г.Атэй 5.000.000 /таван сая/ төгрөгөөр тооцож гэрээ хийж “портер” машиныг шилжүүлж авсан тул 5.000.000 /таван сая/ төгрөгийг хасаж, үлдэгдэл 1.869.342 / нэг сая найман зуун жаран есөн мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг шүүгдэгч Г.Аээс гаргуулж, хохирогч Х.Дд,

иргэний нэхэмжлэгч Д.Уийн нэхэмжилсэн тээврийн хэрэгсэлд учирсан шууд хохирол болох 144.295.000 /зуун дөчин дөрвөн сая хоёр зуун ерэн таван мянга/ төгрөгийн хохиролоос төлөгдсөн иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт иргэний нэхэмжлэгч Д.У болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А нарт 93.328.455 /ерэн гурван сая гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг хасаж, үлдэх 50.966.545 /тавин сая есөн зуун жаран зургаан мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг шүүгдэгч Г.Аээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А нарт тус тус олгохоор шийдвэрлэж,

 

 

 

харин хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Агийн нэхэмжилсэн 845.876 /найман зуун дөчин таван мянга найман зуун далан зургаа/ төгрөгөөс “Бодь даатгал”-аас эрүүл мэндийн эмчилгээний хохиролд өгсөн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хасаж, үлдэх 154.124 /зуун тавин дөрвөн мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийн илүү төлөлттэй тул гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэж байна.

 

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Д.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А нар нь “Итгэлт-Эстимэйт”-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтад дурдсан хөргөлтийн радиатор цэнэглэх-64.000 /жаран дөрвөн мянга/ төгрөг, агрегат засварын үйлчилгээний хөлс-4.183.000 /дөрвөн сая нэг зуун наян гурван мянга/ төгрөг, будаж угсрах, засвар үйлчилгээ, бараа материалын үйлчилгээний хөлс-27.749.000 /хорин долоон сая долоон зуун дөчин есөн мянга/ төгрөг, нийт 31.996.000 /гучин нэгэн сая есөн зуун ерэн зургаан мянга/ төгрөгийн шууд бус зардлаа энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.Аээс жич нэхэмжлэх эрхийг,

 

Иргэний нэхэмжлэгч “Бодь Даатгал” ХХК нь даатгалын нөхөн төлбөр болох 94.328.455 /ерэн дөрвөн сая гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.Аээс жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Аээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн _____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

        36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овгийн Г Аийг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч С овгийн Г Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Г Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн _____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Г Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С овгийн Г Аээс нийт 98.631.887 /ерэн найман сая зургаан зуун гучин нэгэн мянга найман зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан хохирогч БЮ76091521 дугаартай регистртэй, Харчин овгийн Владимарийн Нд 45.796.000 /дөчин таван сая долоон зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг,

            хохирогч ГА68051011 дугаартай регистртэй, Улаансоён овгийн Хөхийн Дамдинсүрэнд 1.869.342 /нэг сая найман зуун жаран есөн мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг,

Иргэний нэхэмжлэгч БЮ94052105 дугаарын регистртэй, С овгийн Дамдинсүрэнгийн Ут 50.966.545 /тавин сая есөн зуун жаран зургаан мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Мөн иргэний нэхэмжлэгч БЮ94052105 дугаарын регистртэй, С овгийн Дамдинсүрэнгийн У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А нар нь “Итгэлт-Эстимэйт”-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтад дурдсан нийт 31.996.000 /гучин нэгэн сая есөн зуун ерэн зургаан мянга/ төгрөгийн шууд бус зардлаа энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.Аээс,

Иргэний нэхэмжлэгч “Бодь Даатгал” ХХК нь даатгалын нөхөн төлбөр болох 94.328.455 /ерэн дөрвөн сая гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.Аээс тус тус жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С овгийн Г Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тооцсугай.     

             

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С овгийн Г Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН