Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 178

 

Б.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Н.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 8 дугаар магадлалтай, Б.Бт холбогдох 1836000000139 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг нэг сард 150.000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б бичсэн гомдолдоо: “...Ховд аймгийн цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд хилсээр ял тулган яллаж, нөхөж баршгүй асар их сэтгэл санаа, бие сэтгэлийн дарамт хохиролд оруулсанд гомдолтой байна. ...Би хэрэг хийгээгүй, хилсээр намайг гүтгэж байна. Үнэн зөвийг тогтоож, нэр төрийг минь цагаатгаж өгөхийг хүсч байна.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар бичсэн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүү нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 488 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “Шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх” шинжээчийн үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас уг дүгнэлт нь эргэлзээтэй, үндэслэл бүхий гараагүй байхад шүүхээс уг дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэн шүүгдэгч Б.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ...Хяналтын прокурор А.Анхбаярын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгийн дагуу Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн албан бичгээс харахад хохирогч Б.Аын биед учирсан гэмтлийн улмаас үйл ажиллагаанд нь хямрал үүсээгүй, эрүүл мэндийг сарниулаагүй болох нь нотлогдож байгаа. ...Зөвхөн хохирогчийн “Толгой өвдөнө, шилэн хүзүү хөшинө, дотор муухайрна” гэж хэлснээр гэмтлийн эмч гэмтлийн гаралтай тархи доргилт гэх гэмтэл үүссэн гэж оношилсныг үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан нь шинжилгээ бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хэргийн холбогдогч Б.Бийн баруун гар нь гэмтлийн улмаас хөдөлгөөн нь хязгаарлагдмал, хөдөлгөхөд өвддөг, атгалт байхгүй, хатингаршилт үүссэн, хагалгаанд орсон, хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байгаа болох нь амбулаториор эмчлүүлэгчдийн карт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, рентген зураг зэргээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Б.Б нь дундуур орж салгаж байсан дадлагажигч эмч О.Өлзийжаргалыг түлхэн хохирогч Б.Аын биед гэмтэл учруулсан байх боломжгүй бөгөөд эргэлзээ төрүүлэхүйц байгаа юм. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 177 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бямбадорж хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Гэвч хохирогчид учирсан гэмтлийг хэзээ, хаана, яаж учруулсан талаар ямар ч шалтгаант холбоо байхгүй. Б.Б нь баруун гараа дээш нь өргөж чаддаггүй, зүүн гараараа гарын үсэг зурж, тамга дардаг. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.  Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үүгэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Бт холбогдох хэрэг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Б.Б өөрөө шүүх эмнэлэгт үзүүлсэн боловч түүний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Давж заалдах шатны шүүхээс энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шалгавал зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг Олзвойн 01-02 тоотод иргэн Б.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Прокурор хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж ажиллахдаа, шүүх Б.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нэмж шалгуулах талаар шүүгдэгч болон өмгөөлөгчийн мөрдөн байцаалт, шүүхийн шатанд удаа дараа гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг бодитой хэрэгжүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бийг хохирогч Б.Атай “дүү Б.Майнбаярт цус тогтоох тариаг судсанд хийсэнгүй” гэж маргалдан хөл рүү нь 2-3 удаа өшиглөж, толгой руу нь 2-3 удаа цохиж биед нь “тархи доргилт, зүүн гуянд 3х3 см, зүүн шилбэнд 2х3 см, 2х2 см, гарын бугалганд 1х1 см, 1x0.5 см цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Аын “...намайг 2-3 удаа өшиглөөд, гарах гэтэл араас татаад, толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан” гэх мэдүүлэг, гэрч О.Өлзийжаргалын “... Би салгах гэж дундуур нь орсон, миний толгой дээгүүр гар нь, доогуур хөл нь явж байсан... Машин дотор ороход араас ирээд машины хаалга өшиглөж байсан. Б.А эмчийн гар нь хөхөрсөн байсан. Тэр орой толгой өвдөж байна гээд би үзлэгийг хийж байсан” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 488 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Цэндхүүгийн “Б.Аыг үзэхэд дагзны хэсгээр булчингийн хөшингө илэрсэн, мэс заслын болон гэмтлийн эмчийн үзлэг, рентген зураг, биеийн хэсэг гадаргууд цус хуралтууд үүссэн зэргийг үндэслэн тархи доргилт үүссэн гэх дүгнэлтийг гаргасан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж дүгнэжээ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж бүрэн тогтоосон, шинжээч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийнхээ хүрээнд үнэн зөв, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, хохирогч Б.А, О.Өлзийжаргал нарыг болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэж дүгнэснээс гадна гэрч Б.Майнбаяр, Ч.Дэлгэрсайхан нарын мэдүүлгийг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, тэдний өгсөн мэдүүлгүүд нь хохирогч Б.А, гэрч О.Өлзийжаргал нарын мэдүүлэг болон хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдсэн, мөн шүүгдэгч Б.Бийн зүүн гарын чигчий хурууны төгсгөлд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 489 дүгээр дүгнэлтээр гэрч Б.Майнбаяр, Ч.Дэлгэрсайхан нарын “Б.А нь Б.Бийн нуруун тус газар гараараа цохиж байсан...” гэх мэдүүлэг няцаагдаж байна гэсэн дүгнэлтийг хийжээ.

Хэргийн үйл баримтын талаар шүүхийн хийсэн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж үзэхэд шүүгдэгч Б.Бийн өгсөн “…Би тэгэхээр нь өвчтэй хүний толгойн дээр алцайгаад зогсоод байх юм, чи тусламж үзүүлж зөвлөгөө өгөхгүй юм бол манай гэрээс гар гэхэд шууд хашгирч ирээд балай авгай минь гээд миний зүүн гарын мөрөн дээр 3 удаа цохьсон, тэгэхээр нь би өвчтэй хүн, миний баруун гар хагалгаанд орсон, миний гарыг гэмтээж хөндүүзэй, би биеэ хамгаалах чадваргүй, ийм ёс зүйтэй эмч байдаг юм уу, хэлэх газар нь хэлнээ гэж хэлээд гараа угаах гээд гоожуур дээр очоод хойшоо хараад зогсож байхад миний нуруу луу 3 удаа гараараа цохьчихоод тэр хоёр эмч инээлдээд гараад явсан. Намайг цохихоор нь гараараа хааж хамгаалах гэж байгаад чигчий хуруундаа бас цохиулсан. Би Азжаргалыг цохиогүй, хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй” /хх-50/ гэх мэдүүлэгтэй ижил агуулга бүхий гэрч Б.Майнбаярын өгсөн “…Нөгөө эмч манай эгчийн мөр рүү 2-3 удаа цохиод авсан, тэгээд тэр хоёр хэрэлдээд эгч гоожуур дээр очоод гараа угаах гэтэл нөгөө эгчтэй хэрэлдэж байсан эмч нуруун дээр нь нэг удаа цохьчихоод хамт ирсэн эмчтэйгээ инээлдээд гараад явсан. Батцэцэг Азжаргал эмчийг зодож цохиогүй” /хх-27/ гэх мэдүүлэг, мөн гэрч Ч.Дэлгэрсайханы өгсөн “Азжаргал эмч та нар анхнаасаа юу гэж дуудлага өгсөн юм гээд Б.Бийн зүүн мөр лүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохьсон, тэгэхээр нь Батцэцэг “хүн зоддог эмч нар байдаг юм уу, хэлдэг газар нь хэлнэ” гээд арагшаа эргээд гараа угаах хооронд Б.А эмч Батцэцэгийн нуруу руу цохиод хажуудаа хамт ирсэн эмчтэй хамт хоорондоо инээлдээд гараад явсан. Тэгээд Б.Б араас нь гарч явсан, би гэрт үлдсэн. Манай дүү Батцэцэг нь эмч Азжаргалыг цохиогүй. Тухайн үед эмч Азжаргал баруун гараараа Б.Бийн мөр лүү 3 удаа, дараа нь нуруу луу 3 удаа баруун гараараа цохьсон” /х-31/ гэх мэдүүлэг, мөн гэрч Б.Майнбаяр, Ч.Дэлгэрсайхан нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүх “хохирогч Б.А, гэрч О.Өлзийжаргал нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн тул хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй” гэсэн агуулга бүхий хэт ерөнхий дүгнэлт хийсэн байх боловч тухайн нотлох баримтуудыг ямар үндэслэлээр хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Б.А, гэрч О.Өлзийжаргал нарын мэдүүлэг болон хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Б, гэрч Б.Майнбаяр, Ч.Дэлгэрсайхан нарын өгсөн мэдүүлгүүд үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, хэрэгт цугларсан харилцан зөрүүтэй мэдүүлгийн зөрүүг гаргах, гэрчийн өгсөн мэдүүлгүүд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, тэднийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхийн тулд хэн нэгэн хууль бусаар нөлөөлсөн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүйгээс нэр бүхий гэрчүүд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасан атлаа хэргийн талаар эрс зөрүүтэй мэдүүлэг өгч, шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлөх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” нөхцөл байдлыг бодитой бий болгожээ.

Түүнээс гадна шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн албан бичгийг үндэслэн хохирогч Б.Аын биед учирсан гэх гэмтлийн улмаас үйл ажиллагаанд нь хямрал үүсэх, эрүүл мэнд сарних зэрэг хөнгөн гэмтлийн шалгуур шинж тогтоогдсон эсэхийг шалгуулж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, мөн шүүгдэгч Б.Бийн баруун гар нь гэмтлийн улмаас хөдөлгөөн нь хязгаарлагдмал, хөдөлгөхөд өвддөг, атгалт байхгүй, хатингаршилт үүссэн, хагалгаанд орсон, хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байсан тул хохирогч Б.Аыг цохиж биед нь тархи доргилт бүхий гэмтэл учруулсан байх боломжгүй, энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, туршилт хийлгэх тухай хүсэлтийг мөрдөгч, прокурор, шүүхэд удаа дараа гаргасан байх боловч дээрх үндэслэл бүхий хүсэлтийг /хх-85,168,180/ хүлээн авч шийдвэрлээгүй, тэдний хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байх тул мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна.

Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш хийгдсэн байхад харилцан зөрүүтэй, эргэлзээ бүхий нотлох баримтын зөрүүг гаргахгүйгээр зөвхөн яллах талын баримтыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй гэж үзэв.

Хяналтын шатны шүүхийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвхөн “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх”-ийг хянах эрх хэмжээтэй тул дээр дурьдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын гаргасан “Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн гомдолд хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 8 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

                                    ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН