Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 216/МА2020/00012

 

 П.М нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 134/ШШ2020/00138 дугаар шийдвэртэй, П.М нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймаг дахь П к холбогдох Захиргаа, аж ахуй албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Тэнгэр даатгалаас авах байсан нөхөн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч П.М давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П овогтой М миний бие нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь П к хөдөлмөрийн гэрээ байгуулан Захиргаа аж ахуйн албаны менежерийн албан тушаалд томилогдсон. Тус байгууллагад ажилд томилогдсоноос хойш 3 жил 1 сар ажилласан байна. Захирал Ш.О 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр надад Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах болсон талаар мэдэгдэл өгсөн. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 тоот ажлаас халах тухай тушаалдаа мэдэгдэлд дурдаагүй буюу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 2.14.3, 2.14.4 дэх заалтуудыг нэмж үндэслэн ажлаас халсан.

П к захирлын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн Б/24 тоот ажлаас халах тушаал нь дараах үндэслэлээр хууль бус үндэслэлгүй болно.

Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд төрийн тусгай, төрийн захиргааны албан тушаалыг хамааруулахаар заасан. Миний бие Политехник коллежийн Захиргаа аж ахуй хариуцсан менежерээр ажилладаг бөгөөд уг албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах тул төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох үйл ажиллагааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй, надад хамааралгүй заалтууд юм.

Ажлаас халах тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6-г давхар үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох боловч тушаалын агуулгад намайг ямар ноцтой зөрчил гаргасан, эсвэл ямар давтан зөрчил гаргасанг дурдаагүй. Миний бие хөдөлмөрийн гэрээг цуцлахаар ноцтой зөрчил гаргаагүй, өмнө нь ч сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаагүй болно. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд “сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон” гэсэн заалт байхад намайг Шударга иргэдийн нэгдсэн эвслийн орон нутаг дахь зөвлөлийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа гэдэг үнэдэслэлэр ажлаас халсан байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.6-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг ажилтан өөр эсхүл тухайн байгууллагад орон тооны, тогтмол цалинтай ажилд зохих журмаар сонгогдох буюу томилогдохыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг. Гэтэл миний бие өөр орон тооны ажил албан тушаалд томилогдоогүй буюу цалинтай ажил давхар эрхлээгүй, Шударга иргэдийн нэгдсэн эвслийн орон нутаг дахь зөвлөлийн ерөнхий зохицуулагчаар ажилладаггүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл байхгүй болно. Хөдөлмөрийн дотоод журмын 2.14-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн буюу 2.14.3-д “Хичээлийн болон оюутны дотуур байранд согтуугаар нэвтэрсэн, архидан согтуурсан”, 2.14.4-д “Байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйлийг удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн ажлын байрнаас авч гарах, эд ангийг солих, өөрийн буруугаас эвдэх, гадны хүнд, гадны байгууллагад болон хувьдаа ашиглуулахыг завдсан буюу ашигласан” гэж үзэн тушаалын үндэслэлдээ дурдсан боловч тушаалын тушаах хэсэгт хэзээ, ямар зөрчил гаргасан, түүнийг хэрхэн тогтоосон талаар дурдаагүй байна. Миний бие 2019 оны 11 дүгээр сард хөдөлмөрийн дотоод журмын 2.14.3 дахь хэсгийг зөрчсөн нь үнэн боловч тухайн үед буруугаа ухамсарлан арга хэмжээ аваад өгөөч гэхэд аваагүй байж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан хугацаа дууссаны дараа буюу зөрчил илрүүлснээс хойш 4 сар болсон байхад уг заалтыг үндэслэн ажлаас халж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Харин хөдөлмөрийн дотоод журмын 2.14.4-т заасан зөрчлийг гаргаж байгаагүй, ажилдаа үнэнч шудрагаар ажиллаж ирсэн. Ажлаас халах тушаалын тушаах хэсэгт Шударга иргэдийн нэгдсэн эвслийн орон нутаг дахь зөвлөлийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7.1.3, Хөдөлмөрийн гэрээний 3.4.2-г зөрчсөн гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 7.1.3-т “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх” зарчмыг тусгасан байдаг. Миний бие улс төрийн намд энэ тушаалд тусгасан шиг ерөнхий зохицуулалгчаар ажиллаж байгаа зүйл байхгүй бөгөөд тухай намаас ямар нэгэн цалин хөлс авдаггүй болно.

Дээрх үндэслэлүүдээр П к захирлын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр намайг ажлаас буруу халсан гэж үзэж байна. Мөн П к захирлын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/07 тушаалын хавсралтаар 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 0-10 насны хүүхэдтэй албан хаагчдад чөлөө олгосон бөгөөд миний нэр уг тушаалын хавсралтанд тусгагдаж, 2 хүүхдээ харах захиргааны чөлөөтэй байсан. Гэтэл тус байгууллагын захирал 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халах тушаалыг гаргасан. Өөрөөр хэлбэл ажлаас халсан тушаал гаргах үед миний бие байгууллагаас олгосон захиргааны чөлөөтай байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасны дагуу чөлөөний хугацаа дуустал албан тушаал хэвээр хадгалагдахаар байхад намайг үндэслэлгүй халсан гэж үзэж байна.

Иймд, миний бие П к Захиргаа аж ахуйн албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, гаргасан тушаалаас болж Тэнгэр даатгалаас авах байсан нөхөн төлбөрийг гаргуулах боломжгүй болсон тул нөхөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Ш.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд П.М Говьсүмбэр аймаг дахь П к холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Тэнгэр даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч П.М нь манай коллежид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн Захиргаа, аж ахуйн албаны менежерийн ажил, албан тушаалыг эрхэлдэг байсан. П.М нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын Говьсүмбэр аймаг дахь ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа. Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ш.О миний хувьд түүнтэй энэ асуудлаар нь уулзаж, өөрийн гэсэн ажлын байртай, намын орон нутгийн ерөнхий зохицуулагч гэсэн ажил албан тушаалд сонгогдон /томилогдон/ ажиллах нь төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж байгаа үйлдэл гэдгийг хэлж сануулсан. Үүний дараагаар тухайн ажил үүргийг хийж гүйцэтгэсээр байсан тул 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Мөн ажилтан П.М ажил үүргийн гүйцэтгэл болон хамт олноо хүндэтгэдэггүй, зүй зохисгүй харьцдаг талаар ажилчдаас гомдол санал удаа дараа ирдэг байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2019 оны 11 дүгээр сард гаргасан зөрчлийн тухайд уг зөрчлийг тогтоох ажиллагаа нь хийгдэж хуульд заасан хугацаанд арга хэмжээг авсан гэж үзэж байна.

            Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Ш.О шүүхэд гаргасан нэмэлт тайбартаа: Миний бие нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 01/93 тоот албан бичгээр гаргасан хариу тайлбар дээр нэмж дор дурдсан тайлбарыг гаргаж байна. П.М ажлаас халах тухай 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 тоот тушаалыг ажилтан нь сонгууль, томилолтоор өөр орон тооны санаачлагаар цуцалж болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6 дахь заалтын үндэслэн гаргасан. Нэхэмжлэгч П.М нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагчаар сонгогдсоныг миний бие 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шудрага иргэдийн нэгдсэн эвсэл намын албан ёсны фейсбүүх дэх хуудсаар мэдсэн. Миний бие нэхэмжлэгч П.М Политехник коллежийн Захиргаа аж ахуйн албаны менежерээр ажиллаж байгаа хирнээ Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагчаар давхар ажиллаж байгаа нь үүрэгт ажил цалгардах нөхцөл үүсэж байгааг сануулсан боловч өөрийн үүрэгт ажил дээрээ давхардуулан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагчаар ажиллаад байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч П.М байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч П.М нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам Говьсүмбэр аймаг дахь орон нутгийн зөвлөл гэсэн тамгаар баталгаажуулж, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагч гэж өөрийн гарын үсгээ зурсан. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/18 тоот албан бичгээр тус намаас нэр дэвшиж буй О.Г, О.Э нар нь танай байгууллагын хамт олонтой уулзалт хийх гэж байгаа тухай мэдэгдлийг надад ирүүлсэн. Энэ нь П.М нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагчаар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сонгогдсон нь нотлогдож байна. Улс төрийн намын тухай хуулийн 13.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд нийцүүлэн өөрийн онцлогт тохирсон зохион байгуулалтын бүтцийг төв, орон нутгийн түвшинд байгуулан ажиллуулна” мөн хуулийн 13.8 дахь хэсэгт “Намын орон нутгийн төлөөллийн байгууллагыг нууц санал хураалтаар сонгож байгуулна” гэж тус тус заасан байна. Энэхүү заалтуудын дагуу Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймаг дахь намын байгууллага мөн болно.

            Иймд, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын албан ёсны фейсбүүк дэх хуудас дээр гарсан тус намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагчаар П.М томилсон мэдээ болон Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/18 тоот албан бичгийг нотлох баримтаар гаргаж байна гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.М ажлаас халах тушаалыг гаргасан. Уг тушаалд голлон үндэслэсэн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г үндэслэсэн. Бусад заалтуудын хувьд өмнө нь П.М холбоотой их гомдол гардаг байсан. Тушаал гарахын өмнөх өдөр Мэргэжлийн боловсролын үнэлгээ мэдээлэл, арга зүйн төвөөс бичиг ирсэн. Уг бичигт П.М нь ёс зүйн доголдол гаргасан. Ажлын байранд архидан согтуурч, танхайрсан. Ажилтантай ёс бус үгээр харьцсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2.14.4, 2.14.3 дахь заалтуудыг зөрчсөн байна. Иймд Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн захиргаа аж ахуйн албаны менежерийн албан тушаал эрхлэгч П.М хуулийн дагуу арга хэмжээг авч хариу ирүүлнэ үү? гэсэн байсан. Хүний эрхийн Үндэсний комиссоос манай коллежийн ажилчдаас ирүүлсэн гомдлыг хэлэлцээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас албан бичиг ирсэн. Мөн уг албан бичигт ажилтан албан хаагчийн ялгаварлан харьцсантай холбоотой Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийг тус тус зөрчсөн байна гэж үзсэн. Уг албан бичиг 2020 оны 03 дугаар сарын 06-нд ирсэн. Тиймээс тушаал гаргахдаа энэ заалтуудыг нэмж оруулсан. Уг тушаалын гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6-г баримталсан. П.М нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын орон нутгийн ерөнхий зохицуулагчаар томилогдсон байхыг миний бие уг намын ерөнхий пэйж хуудсаас мэдсэн. П.М Говьсүмбэр аймгийн П к  захиргаа аж ахуйн албаны менежерийн албанд давхар ажиллаж байгаа нь ажил цалгардуулж байгаа талаар 2 удаа уулзаж, сануулсан. Энэ ажлыг төрийн албаны ажилтай давхардуулж хийх боломжгүй талаар ч хэлсэн. Тэгэхэд П.М нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Ерөнхий зохицуулагчаар ажилласан учир Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч П.М нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагч гэх өөрийн гарын үсгээ зурсан 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байгууллага орон нутгийн иргэдтэйгээ уулзах гэж байгаа тул мэдээлэл хийх боломжоор хангаж өгнө үү гэсэн тамгаараа баталгаажуулсан албан бичиг ирүүлсэн байдаг. Энэ нь Говьсүмбэр аймаг дахь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын түр зохицуулагчаар 2020 оны 01 дүгээр сард сонгогдсон нь батлагдсан. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын албан ёсны фэйсбүүк хуудсанд П.М нь албан ёсны зохицуулагчаар томилогдсон талаар мэдээлэл байсан. Түүнийг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн. Ингээд сонгуульт ажил эрхэлсэн тул П.М байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шууд цуцалсан. Мөн хүүхэд харах чөлөөтэй байсан гэдэг тайлбар хэлсэн. Хүүхэд харах чөлөөг мэдэгдэл хүргүүлснээс хойш гаргасан. Түүний дараа ажлаас халах тушаал гаргасан гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.М Говьсүмбэр аймаг дахь П к Захиргаа, аж ахуйн албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Тэнгэр даатгалаас нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Говьсүмбэр аймаг дахь П к ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 868 662 /нэг сая найман зуун жаран найман мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.М олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч П.М ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П к даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 115 049 /нэг зуун арван таван мянга дөчин есөн/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж,... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.М давж заалдах гомдолдоо: П овогтой М миний бие нь Говьсүмбэр аймаг дахь П к үндэслэлгүй халагдсан асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний 134/ШШ2020/00138 тоот шийдвэрээр өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулахаар болсон. Тус шүүхийн шийдвэрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 1 868 662 төгрөг гэж тооцож, олгохоор шийдвэрлэсэн хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Шүүхээс миний ажиллаж байсан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцохдоо алдаатай, буруу тооцоолжээ. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа П к цалингийн хүснэгтийг баталгаажуулан гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүхээс сүүлийн 3 сарын цалинг буруу дүн буюу гарт олгох хэсгээр тооцоолон, дундаж цалин хөлсийг буруу гаргажээ. Цалингийн хүснэгтийн гарт олгох хэсэг нь цалингийн урьдчилгаа хэсгийн оруулан тооцоогүй дүн буюу хассан, сарын сүүлийн үлдэгдэл цалин юм. Цалингийн хүснэгтийн бүгд дүн хэсэгт тухайн сарын урьдчилгаа, сарын сүүлийн үлдэгдэл мөнгө, урамшуулал, ундаа хоолны мөнгө гээд тухайн сард авсан цалингийн нийлбэр дүн бичигддэг болно. Уг дүнгээр нэхэмжлэгч миний нийгмийн даатгал төлөгддөг.

Цалингийн хүснэгтийн бүгд дүн хэсэгт миний бие 2020 оны 01 дүгээр сард 1 382 538 төгрөг, 2-р сард нь 1 252 728 төгрөг, 3-р сард 1 321 770 төгрөгийн цалин авч байсан бөгөөд нэг сарын дундаж нь 1 319 012-88,000 /хоол унаа/=1 231 012 төгрөг болохоор байгаа юм. Миний нэг өдрийн цалин 1 231 012:21,5=57 256 /1 хоногийн цалин/. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гартал 69 хоног байгаа бөгөөд ажилгүй байсан үеийн цалин хөлс 57 256х69=3 950 670 төгрөг болно гэж үзэж байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний 134/ШШ2020/00138 тоот шийдвэрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг буруу тооцоолсон хэсгийг өөрчилж, дутуу тооцоологдсон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж өнгө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ :

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

            Нэхэмжлэгч П.М нь Говьсүмбэр аймаг дахь П к  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Тэнгэр даатгалаас авах байсан нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П к захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар П.М ёс зүйн зөрчил гаргасан, Шударга иргэдийн нэгдсэн эвсэлийн Орон нутаг дахь зөвлөлийн зохицуулагчаар ажилласан гэж үзэж ажлаас чөлөөлсөн байх ба ингэхдээ Төрийн албаны  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6, хөдөлмөрийн гэрээний 3.4.2, 4.2.2, хөдөлмөрийн дотоод журмын 2.14.3, 2.14.4-д заасныг тус тус үндэслэсэн байна.

             Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч татгалзаж буй тайлбарын үндэслэл болох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, тушаалд заасан үндэслэл нь хуулийн зохицуулалттай нийцээгүй, тушаал нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж анхан шатны шүүхээс хөдөлмөрийн эрх зүйн маргаантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

Харин  ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахдаа нэхэмжлэгчийн сарын  үндсэн болон дундаж цалин хөлсийг зөв тодорхойлоогүй, буруу тооцсон байх тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацаа болон дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын мөнгөн дүнгийн хэмжээ зэргийг тодорхой заагаагүй байх боловч нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан талаар хариуцагч нь маргаагүй тул нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо түүний 2019, 2020  оны цалингийн карт /хх-9,10/-г  үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2020 оны  03 дугаар сарын 16-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажлын 67 өдрөөр тооцож олговорт 3,117,644 /гурван сая нэг зуун арван долоон мянга зургаан зуун дөчин дөрвөн/ төгрөгийг  хариуцагчаас гаргуулах  үндэслэлтэй гэж үзлээ. / 2019 оны 12 сард нийт 1,174,332 төг, 2020 оны 01 сард 958,913 төг, 02 сард 868075 төг, нийт 3,001,320 төгрөг : 3 сар = 1,000,440 төгрөг /нэг сарын цалин/,  1,000,440 төг : 21.5 =46,532 төгрөг /нэг өдрийн цалин/, үүнийг ажилгүй байсан хугацаа 67 хоногоор үржүүлэвэл  46,532 х 67 х = 3,117,644 төгрөг болно/.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 135033 төгрөгийг /64,833 төг +70200 төг/ хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П к-с  гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн Тэнгэр даатгалаас авах байсан нөхөн төлбөрийг авч болохгүй болсон тул уг нөхөн төлбөрийг  хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь энэ асуудалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулахаас гадна  шийдвэрийн тогтоох хэсгийн зарим заалтуудыг нэгтгэх байдлаар найруулгын хувьд өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

        Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 134/ШШ2020/00138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 гэсний дараа 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг нэмж, тус тус баримтлан ... , ...с ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт “1,868,662 төгрөгийг” гэснийг “3,117,320 төгрөгийг” гэж ,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 дахь заалт болгож “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.М ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын  болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П к даагасугай” гэж, 

тогтоох хэсгийн 3 дахь заалт болгож “ Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Тэнгэр даатгалаас авах байсан нөхөн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ” гэж ,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын ... “115049 төгрөг” гэснийг “135033 төгрөг ” гэж  тус тус өөрчлөн  найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Х.БАЙГАЛМАА

             ШҮҮГЧИД                             О.ОДНЯМАА

                                                                                 Г.ТЭГШСУУРЬ