Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 134/ШШ2020/00138

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

П.М-ийн

К-д

Политехник коллежийн Захиргаа, аж ахуйн албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Тэнгэр даатгалаас авах байсан нөхөн төлбөр гаргуулах тухай П.М-ийн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.М, хариуцагчийн төлөөлөгч Ш.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.М миний бие нь 2017 оны 02 сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь К-той хөдөлмөрийн гэрээ байгуулан Захиргаа аж ахуйн албаны менежерийн албан тушаалд томилогдсон. Тус байгууллагад ажилд томилогдсоноос хойш 3 жил 1 сар ажилласан байна. Захирал Ш.О 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр надад Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах болсон талаар мэдэгдэл өгсөн. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 тоот ажлаас халах тухай тушаалдаа мэдэгдэлд дурдаагүй буюу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 2.14.3, 2.14.4 дэх заалтуудыг нэмж үндэслэн ажлаас халсан.

П К-ийн захирлын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн Б/24 тоот ажлаас халах тушаал нь дараах үндэслэлээр хууль бус үндэслэлгүй болно.

Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд төрийн тусгай, төрийн захиргааны албан тушаалыг хамааруулахаар заасан. Миний бие П К Захиргаа аж ахуй хариуцсан менежерээр ажилладаг бөгөөд уг албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах тул төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох үйл ажиллагааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй, надад хамааралгүй заалтууд юм.

Ажлаас халах тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6-г давхар үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох боловч тушаалын агуулгад намайг ямар ноцтой зөрчил гаргасан, эсвэл ямар давтан зөрчил гаргасанг дурдаагүй. Миний бие хөдөлмөрийн гэрээг цуцлахаар ноцтой зөрчил гаргаагүй, өмнө нь ч сахилгын гаргаж хэмжээ авагдаагүй болно. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд “сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон” гэсэн заалт байхад намайг Шударга иргэдийн нэгдсэн эвслийн орон нутаг дахь зөвлөлийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа гэдэг үнэдэслэлэр ажлаас халсан байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.6-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг ажилтан өөр эсхүл тухайн байгууллагад орон тооны, тогтмол цалинтай ажилд зохих журмаар сонгогдох буюу томилогдохыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг. Гэтэл миний бие өөр орон тооны ажил албан тушаалд томилогдоогүй буюу цалинтай ажил давхар эрхлээгүй, Шударга иргэдийн нэгдсэн эвслийн орон нутаг дахь зөвлөлийн ерөнхий зохицуулагчаар ажилладаггүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл байхгүй болно. Хөдөлмөрийн дотоод журмын 2.14-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн буюу 2.14.3-д “Хичээлийн болон оюутны дотуур байранд согтуугаар нэвтэрсэн, архидан согтуурсан”, 2.14.4-д “Байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйлийг удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн ажлын байрнаас авч гарах, эд ангийг солих, өөрийн буруугаас эвдэх, гадны хүнд, гадны байгууллагад болон хувьдаа ашиглуулахыг завдсан буюу ашигласан” гэж үзэн тушаалын үндэслэлдээ дурдсан боловч тушаалын тушаах хэсэгт хэзээ, ямар зөрчил гаргасан, түүнийг хэрхэн тогтоосон талаар дурдаагүй байна. Миний бие 2019 оны 11 дүгээр сард хөдөлмөрийн дотоод журмын 2.14.3 дахь хэсгийг зөрчсөн нь үнэн боловч тухайн үед буруугаа ухамсарлан арга хэмжээ аваад өгөөч гэхэд аваагүй байж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан хугацаа дууссаны дараа буюу зөрчил илрүүлснээс хойш 4 сар болсон байхад уг заалтыг үндэслэн ажлаас халж байгаа нь хууль зөрсөн үйлдэл болно. Харин хөдөмөрийн дотоод журмын 2.14.4-т заасан зөрчлийг гаргаж байгаагүй, ажилдаа үнэнч шудрагаар ажиллаж ирсэн. Ажлаас халах тушаалын тушаах хэсэгт Шударга иргэдийн нэгдсэн эвслийн орон нутаг дахь зөвлөлийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7.1.3, Хөдөлмөрийн гэрээний 3.4.2-г зөрчсөн гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 7.1.3-т “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх” зарчмыг тусгасан байдаг. Миний бие улс төрийн намд энэ тушаалд тусгасан шиг ерөнхий зохицуулалгчаар ажиллаж байгаа зүйл байхгүй бөгөөд тухай намаас ямар нэгэн цалин хөлс авдаггүй болно.

Дээрх үндэслэлүүдээр ПК-ийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр намайг ажлаас буруу халсан гэж үзэж байна. Мөн П К захирлын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/07 тушаалын хавсралтаар 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 0-10 насны хүүхэдтэй албан хаагчдад чөлөө олгосон бөгөөд миний нэр уг тушаалын хавсралтанд тусгагдаж, 2 хүүхдээ харах захиргааны чөлөөтэй байсан. Гэтэл тус байгууллагын захирал 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халах тушаалыг гаргасан. Өөрөөр хэлбэл ажлаас халсан тушаал гаргах үед миний бие байгууллагаас олгосон захиргааны чөлөөтай байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасны дагуу чөлөөний хугацаа дуустал албан тушаал хэвээр хадгалагдахаар байхад намайг үндэслэлгүй халсан гэж үзэж байна.

Иймд, миний бие П К Захиргаа аж ахуйн албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, гаргасан тушаалаас болж Тэнгэр даатгалаас авах байсан нөхөн төлбөрийг гаргуулах боломжгүй болсон тул нөхөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Ш.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Тус шүүхэд П М Говьсүмбэр аймаг дахь П К холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Тэнгэр даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч П М нь манай коллежид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан Говьсүмбэр аймаг дахь П К Захиргаа, аж ахуйн албаны менежерийн ажил, албан тушаалыг эрхэлдэг байсан. П М нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын Говьсүмбэр аймаг дахь ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа. Говьсүмбэр аймаг дахь П К захирлын үүрэг гүйцэтгэгч Ш О миний хувьд түүнтэй энэ асуудлаар нь уулзаж, өөрийн гэсэн ажлын байртай, намын орон нутгийн ерөнхий зохицуулагч гэсэн ажил албан тушаалд сонгогдон /томилогдон/ ажиллах нь төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж байгаа үйлдэл гэдгийг хэлж сануулсан. Үүний дараагаар тухайн ажил үүргийг хийж гүйцэтгэсээр байсан тул 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Мөн ажилтан П М-ийн ажил үүргийн гүйцэтгэл болон хамт олноо хүндэтгэдэггүй, зүй зохисгүй харьцдаг талаар ажилчдаас гомдол санал удаа дараа ирдэг байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2019 оны 11 дүгээр сард гаргасан зөрчлийн тухайд уг зөрчлийг тогтоох ажиллагаа нь хийгдэж хуульд заасан хугацаанд арга хэмжээг авсан гэж үзэж байна.

            Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш О шүүхэд гаргасан нэмэлт тайбартаа:

            Миний бие нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 01/93 тоот албан бичгээр гаргасан хариу тайлбар дээр нэмж дор дурдсан тайлбарыг гаргаж байна. П.М ажлаас халах тухай 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 тоот тушаалыг ажилтан нь сонгууль, томилолтоор өөр орон тооны санаачлагаар цуцалж болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6 дахь заалтын үндэслэн гаргасан. Нэхэмжлэгч П.М нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагчаар сонгогдсоныг миний бие 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шудрага иргэдийн нэгдсэн эвсэл намын албан ёсны фейсбүүх дэх хуудсаар мэдсэн. Миний бие нэхэмжлэгч П.М-д ПК Захиргаа аж ахуйн албаны менежерээр ажиллаж байгаа хирнээ Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагчаар давхар ажиллаж байгаа нь үүрэгт ажил цалгардах нөхцөл үүсэж байгааг сануулсан боловч өөрийн үүрэгт ажил дээрээ давхардуулан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагчаар ажиллаад байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч П.М –той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч П.М нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам Говьсүмбэр аймаг дахь орон нутгийн зөвлөл гэсэн тамгаар баталгаажуулж, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагч гэж өөрийн гарын үсгээ зурсан. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/18 тоот албан бичгээр тус намаас нэр дэвшиж буй О.Ганбат, О.Эрдэнэтөгс нар нь танай байгууллагын хамт олонтой уулзалт хийх гэж байгаа тухай мэдэгдлийг надад ирүүлсэн. Энэ нь П.М нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагчаар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сонгогдсон нь нотлогдож байна. Улс төрийн намын тухай хуулийн 13.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд нийцүүлэн өөрийн онцлогт тохирсон зохион байгуулалтын бүтцийг төв, орон нутгийн түвшинд байгуулан ажиллуулна” мөн хуулийн 13.8 дахь хэсэгт “Намын орон нутгийн төлөөллийн байгууллагыг нууц санал хураалтаар сонгож байгуулна” гэж тус тус заасан байна. Энэхүү заалтуудын дагуу Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймаг дахь намын байгууллага мөн болно.

            Иймд, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын албан ёсны фейсбүүк дэх хуудас дээр гарсан тус намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагчаар П.М томилсон мэдээ болон Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/18 тоот албан бичгийг нотлох баримтаар гаргаж байна гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Ш О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие П.М-ийг ажлаас халах тушаалыг гаргасан. Уг тушаалд голлон үндэслэсэн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г үндэслэсэн. Бусад заалтуудын хувьд өмнө нь П.М той холбоотой их гомдол гардаг байсан. Тушаал гарахын өмнөх өдөр Мэргэжлийн боловсролын үнэлгээ мэдээлэл, арга зүйн төвөөс бичиг ирсэн. Уг бичигт П.М нь ёс зүйн доголдол гаргасан. Ажлын байранд архидан согтуурч, танхайрсан. Ажилтантай ёс бус үгээр харьцсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2.14.4, 2.14.3 дахь заалтуудыг зөрчсөн байна. Иймд Говьсүмбэр аймгийн ПК захиргаа аж ахуйн албаны менежерийн албан тушаал эрхлэгч П.М ийг хуулийн дагуу арга хэмжээг авч хариу ирүүлнэ үү? гэсэн байсан. Хүний эрхийн Үндэсний комиссоос манай коллежийн ажилчдаас ирүүлсэн гомдлыг хэлэлцээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас албан бичиг ирсэн. Мөн уг албан бичигт ажилтан албан хаагчийн ялгаварлан харьцсантай холбоотой Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийг тус тус зөрчсөн байна гэж үзсэн. Уг албан бичиг 2020 оны 03 дугаар сарын 06-нд ирсэн. Тиймээс тушаал гаргахдаа энэ заалтуудыг нэмж оруулсан. Уг тушаалын гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6-г баримталсан. П.М нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын орон нутгийн ерөнхий зохицуулагчаар томилогдсон байхыг миний бие уг намын ерөнхий пэйж хуудсаас мэдсэн. П.М ийг Говьсүмбэр аймгийн ПК захиргаа аж ахуйн албаны менежерийн албанд давхар ажиллаж байгаа нь ажил цалгардуулж байгаа талаар 2 удаа уулзаж, сануулсан. Энэ ажлыг төрийн албаны ажилтай давхардуулж хийх боломжгүй талаар ч хэлсэн. Тэгэхэд П.М нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Ерөнхий зохицуулагчаар ажилласан учир Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч П.М нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Говьсүмбэр аймгийн орон нутгийн түр зохицуулагч гэх өөрийн гарын үсгээ зурсан 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байгууллага орон нутгийн иргэдтэйгээ уулзах гэж байгаа тул мэдээлэл хийх боломжоор хангаж өгнө үү гэсэн тамгаараа баталгаажуулсан албан бичиг ирүүлсэн байдаг. Энэ нь Говьсүмбэр аймаг дахь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын түр зохицуулагчаар 2020 оны 01 дүгээр сард сонгогдсон нь батлагдсан. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын албан ёсны фэйсбүүк хуудсанд П.М нь албан ёсны зохицуулагчаар томилогдсон талаар мэдээлэл байсан. Түүнийг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн. Ингээд сонгуульт ажил эрхэлсэн тул П.М той байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шууд цуцалсан. Мөн хүүхэд харах чөлөөтэй байсан гэдэг тайлбар хэлсэн. Хүүхэд харах чөлөөг мэдэгдэл хүргүүлснээс хойш гаргасан. Түүний дараа ажлаас халах тушаал гаргасан гэв.

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч П.М нь Говьсүмбэр аймаг дахь ПК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин  гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Тэнгэр даатгалаас нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймаг дахь П.М той 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Захиргаа, аж ахуйн албаны менежерийн албан тушаалд томилогдсон,

Говьсүмбэр аймаг дахь ПК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар ажилтан П.М ийг ёс зүйн зөрчил гаргасан, Шударга иргэдийн нэгдсэн эвсэлийн Орон нутаг дахь зөвлөлийн зохицуулагчаар ажилласан гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6, Хөдөлмөрийн гэрээний 3.4.2, 4.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 2.14.3, 2.14.4-д заасныг тус тус үндэслэн  үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хариуцагчаас ... Тушаалд голлон үндэслэсэн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6-г үндэслэсэн, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын орон нутгийн ерөнхий зохицуулагчаар томилогдсон байхыг миний бие уг намын фэйсбүүк хуудаснаас мэдсэн бөгөөд сонгуульт ажил эрхэлсэн тул П.М –той байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шууд цуцалсан, ... бусад заалтын хувьд П.М той өмнө нь их гомдол гардаг байсан, ажлын байранд архидан согтуурдаг, ажилтантай ёс бус үгээр харьцсан, ёс зүйн доголдол гаргасан нь холбогдох хуулийг зөрчсөн талаар тушаал гарахын өмнөх өдөр Мэргэжлийн боловсролын үнэлгээ мэдээлэл, арга зүйн төвөөс албан бичиг ирсэн тул тушаалд баримталсан ...” хэмээн маргана. 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заажээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа дараа гаргасан, зөрчил тус бүр нь тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаарддаггүй, харин ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгох ба ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдолд бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхаар зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, ажилтан П.М нь сахилгын зөрчлийг давтан гаргасан болон ноцтой зөрчил гаргасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.  

Мөн хуулийн 40.1.6-д сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон гэдэгт ажилтан өөр эсхүл тухайн байгууллагад орон тооны, тогтмол цалинтай, ажилд зохих журмаар сонгогдох буюу томилогдох боловч ажил олгогч ийнхүү захиргааны санаачлагаар ажилтны ажлын байрыг өөрчлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар ажилтны зөвшөөрлийг авсан байх учиртай.

Тодруулбал, мөн хуулийн 32.1-д гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болохыг заасан ба хуулийн 40.1.6 дахь заалт нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй хамааралгүй байхын зэрэгцээ өөр иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалт юм.

Түүнчлэн Б/24 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг баримталсан бөгөөд энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг болон үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуульчилсан.

Тодруулбал, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д төрийн захиргааны албан тушаал, 10.1.3-д төрийн тусгай албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан тушаалтан биш бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалтан юм.  

Иймд, Говьсүмбэр аймаг дахь ПК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/24 дүгээр тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажилтныг ажлаас халсан үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай нийцээгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж шүүх үзэв.

2. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын А-д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасны дагуу тооцож, журмын 4-д ажилтанд олгож байгаа бүх төрлийн ... нөхөн олговор, хөнгөлөлтийн орлого буюу унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 1, 2, 3 сарын хоол, унааны хөлсийг хасч тооцсон болно.

Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сард 846 913-88 000 /хоол, унааны хөлс/=758 913 төгрөг, 2 дугаар сард 656 075-88 000 төгрөг=568 075 төгрөг, 3 дугаар сард 463 805-44 000 төгрөг=419 805 төгрөг авч байсан нь түүний цалингийн цэсээр /хх-10/ тогтоогдож байх ба нэг сард дунджаар 582 264 төгрөгийн цалинтай ажилласан байна. Үүнд:

758 913+568 075+419 805=1 746 793:3 сар=582 264 /1 сарын дундаж цалин/

582 264:21.5=27 082 /1 хоногийн цалин/

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах буюу 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт ажлын 69 хоног байна. Үүнд:  2020 оны 03 дугаар сард ажлын 12 хоног, 04 дүгээр сард ажлын 22 хоног, 05 дугаар сард 21 хоног, 06 дугаар сард 14 хоног, нийт ажлын 69  хоног.

Ажлын 69 хоног х 27 082 төгрөг /1 хоногийн цалин/=1 868 662 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.М –д олгох нь хуульд нийцнэ.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.  

4. Нэхэмжлэгч нь Тэнгэр даатгалаас нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын албан ёсны фэйсбүүк хуудсанд П.Мөнхцоож нь албан ёсны зохицуулагчаар томилогдсон талаар мэдээлэл байсан. Түүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн гэх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй болно.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба харин хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 868 662 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 44 849 төгрөг, нийт 115 049 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.М-ийг Говьсүмбэр аймаг дахь ПК-ийн Захиргаа, аж ахуйн албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Тэнгэр даатгалаас нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежоос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 868 662 /нэг сая найман зуун жаран найман мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.М д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч П.М ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймаг дахь ПК-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 115 049 /нэг зуун арван таван мянга дөчин есөн/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ЦОГЗОЛМАА