Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 83

 

Т- Б- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00390/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 17-ны өдрийн 700 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т- Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С- М- ХХК,

Хариуцагч Ц.Б- нарт холбогдох

“74.904.714 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.К-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-, Ц.Э-, Ш.К-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т- Б-ны Дархан-Уул салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.К- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч С- М- ХХК-ийн захирал Б.Н-, хамтран зээлдэгч Ц.Б- нар нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Т- Б- ХХК-тай ЗГ50/1 тоот дугаартай Зээлийн гэрээг байгуулан 80.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 26.4 хувийн хүүтэй Эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч С- М- ХХК /РД:4272838/-ийн Т- Б-ин дахь 140800253948 тоот дансанд 80.000.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг бодитоор бүрэн олгосон.

Зээл авахдаа 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Т- Б- ХХК-тай БГ50/1 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Б.Н-ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Орхон сум 2-р баг, Энхтал хөтөл 87-р гудамжны 20 тоот хаягт байрлах Ү-2004000531 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000402773 гэрчилгээний дугаартай 240 мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, Орхон сум 2-р баг, Энхтал хөтөл 87-р гудамжны 20 тоо хаягт байрлах Г-2004001117 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000311567 гэрчилгээний дугаартай 724.0 мкв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, итгэмжлэлээр Б.Ц-гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 11-р баг, 6-р хороолол, 12-р байрны 01 тоот хаягт байрлах Ү-2003005503 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000544931 гэрчилгээний дугаартай 18.0 мкв нэг өрөө Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар гэрээ байгуулан Дархан-Уул аймаг дахь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн.

Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасан үүргийн хүрээнд гэрээний салшгүй хэсэг болох 1 дүгээр хавсралтын эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч хариуцагч нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг төлбөрийн хуваарийн дагуу төлж чадахгүй, санхүүгийн төлбөрийн чадамжгүй болсон гэдгээ С- М- ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №25 тоот албан хүсэлтийн дагуу 2017 оны 11 сарын 29-ний өдөр дахин Т- Б- ХХК-тай ЗГ87/3 тоот Нэмэлт зээлийн гэрээ байгуулан зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулан төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Гэвч С- М- ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т- Б- ХХК-тай ЗГ87/3 тоот Нэмэлт зээлийн гэрээний салшгүй хэсэг болох 1 дүгээр хавсралтын эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгээ дахин төлөхгүй байгаа тул 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг хариуцагчид өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Т- Б- ХХК-нд ноцтой хохирол учруулж байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ50/1 тоот Зээлийн гэрээг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл 67.117.146 төгрөг, Үндсэн хүү 7.016.275 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 737.293 төгрөг, Нийт 74.870.714 төгрөг болно.

Иймд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №ЗГ50/01 Зээлийн гэрээ-ний төлбөр 74,870,714 төгрөг болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т болон зээлийн гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал болох нотариатын үйлчилгээний хөлс 34.000 төгрөг, нийт 74,904,714 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хариуцагч Б.Н-ын өмчлөлийн Дархан-Уул аймаг , Орхон сум 2-р баг, Энхтал хөтөл 87-р гудамжны 20 тоот хаягт байрлах Ү-2004000531 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000402773 гэрчилгээний дугаартай 240 мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, Орхон сум 2-р баг, Энхтал хөтөл 87-р гудамжны 20 тоот хаягт байрлах Г-2004001117 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000311567 гэрчилгээний дугаартай 724.0 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, итгэмжлэлээр Б.Ц-гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 11-р баг, 6-р хороолол, 12-р байрны 01 тоот хаягт байрлах Ү-2003005503 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000544931 гэрчилгээний дугаартай 18.0 м.кв нэг өрөө Орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгч банкийг хохиролгүй болгож өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжид Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дансанд нэхэмжлэлийн шаардлага болох нийт 74.904.714 төгрөгөөс тооцож 602.674 төгрөг төлсөн гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ50/01 дугаартай Зээлийн гэрээгээр 80 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, сарын 2.20%-ийн хүүтэй, жилийн 26.40%-ийн хүүтэй, зээлийн гэрээний 3 жилийн хугацаанд зээлдэгч графикийн дагуу төлсөн тохиолдолд нийт 79.2%-ийн хүү төлөх гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргажээ. 80 сая төгрөгөөс банк үндэслэлгүйгээр 1%-ийн шимтгэл авч, зээлдэгчид олгосон зээлийн дүнгээс 800.000 төгрөг хасагдаж, 79.200.000 төгрөг олгогдсон байна. Зээлдэгч нь зээлийн төлөлтөнд нийт 62.038.232 төгрөг 36 мөнгийг гэрээний хугацаанд банкинд эргүүлэн төлсөн байна. Үүн дээр шимтгэлд төлсөн 800.000 төгрөгийг нэмбэл банкнаас авсан 79,2 сая төгрөгийн хариу төлбөрт өнөөдрийн байдлаар нийт 62.838.232 төгрөг төлчихсөн. 2019 орны 05 дугаар сарын 22-ны өдөр Т- Б- нь дээрх зээлийн гэрээг цуцалж, Дархан- Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлдүүлэгч тал болох банкны санаачилгаар гэрээ цуцлагдсан.

Гэтэл нэхэмжлэгч тал нь одоо үндсэн зээлд 67.117.146 төгрөг, хүү 7.016.275 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 737.293 төгрөг, нийт 74.870.714 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдэгч гэрээний хугацаанд 62 сая гаран төгрөг төлчихсөн байтал үндсэн зээлийн дүнгээс хасагддаггүй, мөн дахин хүү 7 сая гаран төгрөг нэхэмжилж байгаа нь банк өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, зээлдэгчээс үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэж үзэж байна. Зээлдэгч нь зээлийн төлөлтөнд нийт 62.038.232 төгрөг 36 мөнгийг эргүүлэн төлсөн. Үүн дээр шимтгэлд төлсөн 800.000 төгрөгийг нэмбэл банкнаас авсан 79,2 сая төгрөгийн хариу төлбөрт өнөөдрийн байдлаар нийт 62.838.232 төгрөг төлчихсөн. Гэрээ цуцлагдсанаас хойш 20.000.000 төгрөг төлчихсөн байтал энэ мөнгийг хүүнд суутгаж, зээлдэгч нарын зээлийн дүнгээс хасагдаагүй нь тооцооллын хувьд эргэлзээ үүсгэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 17-ны өдрийн 700 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч С- М- ХХК, хамтран зээлдэгч Ц.Б- нараас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулсан ЗГ50/1 тоот Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 69.494.663 төгрөг, хүү 9.274.091 төгрөг, нотариатын зардал 34.000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй, үүнээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 20.000.000 төгрөгийг хасаж тооцон нийт 58.772.154 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т- Б-ны Дархан салбарт олгож 21.139.560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Б.Н-ын өмчлөлийн Дархан-Уул аймаг , Орхон сум 2-р баг, Энхтал хөтөл 87-р гудамжны 20 тоот хаягт байрлах Ү-2004000531 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000402773 гэрчилгээний дугаартай 240 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, Орхон сум 2-р баг, Энхтал хөтөл 87-р гудамжны 20 тоот хаягт байрлах Г-2004001117 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000311567 гэрчилгээний дугаартай 724.0 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, итгэмжлэлээр Б.Ц-гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 11-р баг, 6-р хороолол, 12-р байрны 01 тоот хаягт байрлах Ү-2003005503 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000544931 гэрчилгээний дугаартай 18.0 м.кв нэг өрөө Орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Т- Б-, төрийн сангийн 100190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602.674 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С- М- ХХК, Ц.Б- нараас улсын тэмдэгтийн хураамж 451.811 төгрөгийг гаргуулж Т- Б-ны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.К- давж заалдсан гомдолдоо:

            Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 20.000.000 төгрөгийг хасаж тооцон нийт 58.772.154 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож 21.139.560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т- Б-ны Дархан салбар нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр С- М- ХХК, Ц.Б- нараас 78.998.447 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3806 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй тул зээлийн гэрээ цуцлагдаагүй болно. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр банк шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхээс зээлийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тасалбар болгон цуцалж үүнээс хойших хугацааны хүү тооцох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Банк энэ тухай хариуцагч нарт зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Т- Б- ХХК, хариуцагч С- М- ХХК болон Ц.Б- нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын үйлчилгээний хөлсөнд 74.904.714 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас 59.768.754 төгрөгийг төлөхийн хүлээн зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч С- М- ХХК болон хамтран зээлдэгч Б.Н-, Ц.Б- нар нь Т- Б- ХХК Дархан-Уул салбараас 80.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 26.40 хувийн хүүтэй “Эргэлтийн хөрөнгө”-ийн зээл авч, 240м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай байр, 724 м.кв бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 18м.кв орон сууц зэрэг эд хөрөнгийг барьцаалсан нь хэрэгт авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн ЗГ50/1 тоот, барьцааны БГ50/1 тоот гэрээнүүд болон ЗГ50/01 тоот дугаартай зээлийн гэрээний хавсралт, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг буцаан төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Улмаар зээлдэгч талаас зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу зээлийн эргэн төлөлтийг заасан хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах” ЗГ87/3 тоот гэрээг нэмж байгуулан, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоосон байна. /хх-ийн 14-20-р тал/

Зээлдэгч С- М- ХХК хамтран зээлдэгч Б.Н-, Ц.Б- нар нь банктай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох, мөн нэг талын санаачилгаар банк гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирол шаардах эрхтэй талаар харилцан тохиролцсон ба 2019 оны 01 дүгээр сарын 24, 02 дугаар сарын 14-ны өдрүүдэд нэг талын санаачилгаар Зээлийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах, барьцаа хөрөнгөд халдах шат дараалсан арга хэмжээ авах талаар “Мэдэгдэл”-ийг зээлдэгчид хүлээн авсан байна. /хх-ийн 21, 22-р тал/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг зохигчдын хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.К-ээс “...анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2312 тоот захирамжаар үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгоогүй учир “Зээлийн гэрээ” цуцлагдаагүй, банк зээлдэгч нарт зээлийн гэрээ цуцлах мэдэгдэл өгөөгүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас 20.000.000 төгрөгийг хасан, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 21.139.560 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болно гэж заасан ба гэрээний уг заалтын дагуу 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Т- Б- ХХК банк нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул энэ үеэс талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ50/01 тоот “Зээлийн гэрээ” нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар цуцлагдсан гэж үзнэ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дээрх нэхэмжлэлийн дагуу Иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3806 тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 56-57-р тал/ Уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрх бүхий этгээдүүдээс гомдол гаргаагүй, захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэгэнт банкны санаачилгаар зээлийн гэрээ цуцлагдсан үед банк анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээ цуцлагдсан хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь буруу бөгөөд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна.

            Анхан шатны шүүх хэргийн талаар тогтоогдсон үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч талаас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн /зээлийн гэрээ цуцлагдсан үе/ 20.000.000 төгрөгийг болон нэмэгдүүлсэн хүү зэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

            Т- Б- ХХК банкны гүйцэтгэх захирал 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр С- М- ХХК болон Б.Н-, Ц.Б- нарт холбогдох иргэний хэрэгт тус банкыг төлөөлөх итгэмжлэлийг Т- Б-ны Дархан-Уул салбарын захирал П.Л-, харилцааны менежер Ш.К- нарт хугацаагүйгээр олгосон байна. /хх-ийн 7-р тал/

Уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д “...хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна...” гэж заасан итгэмжлэл байх бөгөөд итгэмжлэлийн хугацаа нь дууссан байх үед буюу 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэжээ.

            Хэдийгээр энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил боловч хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх хугацаанд нэхэмжлэгч талаас дээрх зөрчлийг арилган тус банкны хуулийн газрын мэргэжилтэн Э.А-, Ц.Э- Дархан-Уул салбарын харилцааны менежер Ш.К- нарт 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 01/5288 тоот албан бичгээр дахин итгэмжлэл олгосон, уг зөрчил нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, мөн хэргийн оролцогч нарыг чирэгдүүлэхгүй байх үүднээс давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.К-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.650 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.          

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                      ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА

                                                                                                       М.МӨНХДАВАА