Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 85

 

Ж.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01222/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 749 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Э-т холбогдох

"15.165.500 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Д-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагчийн өмгөөлөгч Х.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э- нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт 52-97 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дах хэсэгт заасныг зөрчин эсрэг урсгал сөрж миний жолоодож явсан Лексус-470 загварын 47-00 УБД улсын дугаартай автомашиныг мөргөж надад 15,165,500 төгрөгийн хохирол учруулсан. Б.Э-ийн үйлдэлд Төв аймгийн цагдаагийн газраас 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар уг үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж иргэний нэхэмжлэл гаргах эрхийг хэвээр үлдээсэн юм. Иймд миний бие нь Б.Э-ээс миний эзэмшлийн автомашинд учруулсан хохирол болох 12.095.500 төгрөг тэнхлэг тохиргооны хөлс 30.000 төгрөг, засварын ажлын хөлс 900.000 төгрөг, дотор талын хянах янзалсан сэлбэг, хөлс 500.000 төгрөг, дотор талын эд ангийг солиход гарсан зардал 950.000 төгрөг, осолд орсон машиныг тээвэрлэсний хөлс 160.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг үнэлүүлэхэд шинжээчид төлсөн хөлс 370.000 төгрөг, бүгд 15.005.500 төгрөгийг, эрүүл мэндэд учруулсан хохирол толгой хүзүүний зураг авах зардал 160.000 төгрөг, нийт 15.165.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э- нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Ж.Э-ын нэхэмжилсэн төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 749 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Э-ээс хохирол төлбөрт 11.985.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-од олгож, нэхэмжлэлийн үлдэх 3.180.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-оос улсын тэмдэгтийн хураамж 233.777 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамж 206.718 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-од олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Д- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 749 дүгээр шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход чухал ач холбогдолтой хэргийн газрын үзлэгүүдийн нотлох баримтууд хууль зөрчиж хийгдсэн, мөрдөн байцаагч, прокурор нар хэт нэг талын барьж хариуцагчийн эрхийг зөрчиж байгаа нь эрүүгийн 201619000682 дугаар хавтаст хэрэгт хэрэгт тодорхой байдаг бөгөөд тухайн ослын гэм бурууг шүүхийн шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлээгүй байдаг бөгөөд гэм буруугийн асуудал дээр өнөөдрийг хүртэл маргаж байгаа. Иймд шүүхэд хэргийн газарт үзлэг хийлгэж техник шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүлээж аваагүй. Мөн шүүх нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжийн асуудлыг хууль нийцүүлж иргэний хэрэг үүсгээгүй дээр захирамжид огт дурдаагүй тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй хэргийг хянан хэлэлцсэн.

2. Дээрх нөхцөл байдлууд байсан учир шүүхийг бүрэлдэхүүнээр нь татгалзсан хүсэлтийг гаргасныг хүлээн авсан боловч нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хүсэлтийг шийдвэрлээгүй.

3. Тухайн үед Б.Э-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл Э.Г-ын өмчлөл эзэмшлийнх биш байсан нь нотлох баримтаар тогтоогдог. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.4-т Б.Э- хариуцахгүй шүүх иргэний хариуцагчийг зөв тогтоогоогүй гэх мэт олон асуудлууд байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Э- хариуцагч Б.Э-т холбогдуулан гэм хорын хохиролд 15.165.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б.Э- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Б.Э-ийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй, цагдаа прокурорын байгууллага хууль зөрчиж, Б.Э-ийг буруутайд тооцож, Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан хэргийг харьяалал зөрчиж, Ж.Э-ын оршин суудаг Зүүнхараад хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан, хэргийн газрын схем зураг, бусад ослын шалтгаантай баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан, Б.Э-ийг буруутай гэж хөдөлбөргүй тогтоосон зүйл байхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

Хэргийн болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл:

Хариуцагч Б.Э- нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Жарын даваа гэх газар Т.Марк-2 маркийн 52-97 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эсрэг урсгал сөрөн өөдөөс ирж явсан Лексус-470 маркийн 47-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б-ын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101 тоот дүгнэлтээр Б.Э-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд орохыг хориглоно гэж заасныг зөрчин зам тээврийн осол гаргасан.

Ослын улмаас иргэн Ж.Э-ын эд хөрөнгөнд 12.095.500 төгрөгийн хохирол, иргэн Э.Г-ын эд хөрөнгөнд 1.551.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 109 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү захирамжийг улсын яллагчийн эсэргүүцлээр Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн магадлалаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Тус магадлалд: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулснаар тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байсан бол шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан байх гэмт хэргийн шинжийг заасан, харин үлэмж хэмжээний хохирол учруулсан байхыг шаардахгүйгээр хуульчлагдсан байна.

Иймд яллагдагч Б.Э-ийн холбогдсон гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байх бөгөөд уг шүүхийн магадлал хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн явагдсан эсэх асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэхгүй болно.

Иймд хариуцагч Б.Э- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүнд,ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх / адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Тухайн осол гарах үед нэхэмжлэгч Ж.Э-ын унаж явсан Лексус-470 маркийн 47-00 УБД улсын дугаартай машиныг Ж.Э- бусдаас худалдан авч, бодитоор өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байлгаж байсан болох нь гэрч М.Б-,Б.Б- нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасантай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Э- өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх гэм хорын хохирлыг гаргахдаа Хөрөнгө ЭстимэйтХХК-ний үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн төлбөрөөс тэнхлэг тохиргооны хөлс 30.000 төгрөг, засварын ажлын хөлс 900.000 төгрөг, дотор талын хянах самбар янзалсан сэлбэг, хөлс 500.000 төгрөг, дотор талын эд анги солиход гарсан зардал 950.000 төгрөг, шинжээчийн зардал 370.000 төгрөг, осолд орсон машиныг тээвэрлэсний хөлс 160.000 төгрөг, нотлох баримтгүй 270.000 төгрөг зэрэг хохирол нэхэмжилснийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, үлдэх 11.985.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна гэж үзнэ.

Гэм хорын хариуцлага хүлээлгэх зарчим нь гэм буруу байх бөгөөд энэхүү гэм буруу нь заавал эрүүгийн журмаар тогтоогдсон байхыг шаардахгүй.

Гэм буруугүй гэдгээ нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч тал иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ талаарх баримт ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл гэм буруугаа мэтгэлцээгүй.

Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар авагдсан баримт гэж үзэж, нотолгооны хэрэгсэл болгох боломжгүй юм.

Иймд хариуцагч гэм буруугүйгээ нотлоогүй тул гэм хорыг хариуцах нь үндэслэлтэй гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Мөн хариуцагч талын гомдолд дурдсан нэхэмжлэлийн бүрдүүлбэр, шүүгчийн татгалзал зэрэг асуудлууд нь хэргийн шийдвэрт нөлөөлөхгүй.

Шүүх нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлийг хүлээж авахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаар чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлд хамаарна гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн боловч шүүх хуралдааны явцад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй гэж үзэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай нотлох баримтууд нь хууль зөрчсөн, тухайн ослын гэм бурууг шүүхийн шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлээгүй, хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 749 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Э-ээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.718 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                         ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА

                                                                                                           Л.АМАРСАНАА