Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 749

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2019/01222/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Оюундарь, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн .. сум, ... багийн ... тоотод оршин суух Ж-ын Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух Б-ийн Э-т холбогдох

 

"15,165,500 төгрөгийн хохирол гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Э нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дах хэсэгт заасныг зөрчин эсрэг урсгал сөрж миний жолоодож явсан Лексус-470 загварын ... улсын дугаартай автомашиныг мөргөж надад 15,165,500 төгрөгийн хохирол учруулсан. Б.Эийн үйлдэлд Төв аймгийн цагдаагийн газраас 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар уг үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж иргэний нэхэмжлэл гаргах эрхийг хэвээр үлдээсэн юм. Иймд миний бие нь Б.Э-ээс миний эзэмшлийн автомашинд учруулсан хохирол болох 12,095,500 төгрөг тэнхлэг тохиргооны хөлс 30,000 төгрөг, засварын ажлын хөлс 900,000 төгрөг, дотор талын хянах янзалсан сэлбэг, хөлс 500,000 төгрөг, дотор талын эд ангийг солиход гарсан зардал 950,000 төгрөг, осолд орсон машиныг тээвэрлэсний хөлс 160,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг үнэлүүлэхэд шинжээчид төлсөн хөлс 370,000 төгрөг, бүгд 15,005,500 төгрөгийг, эрүүл мэндэд учруулсан хохирол толгой хүзүүний зураг авах зардал 160,000 төгрөг, нийт 15,165,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Ж.Эын нэхэмжилсэн төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Б.Эт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 15,165,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан ба шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч нь шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед цагдаа, прокурорын байгууллага хууль зөрчиж, Б.Эийг буруутайд тооцож, Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан хэргийг харьяалал зөрчиж, Ж.Эын оршин суудаг Зүүнхараад хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зүүн хараагийн анхан шатны шүүхээр хууль зөрчин шийдвэрлүүлэх гэж байсан, мөн Б.Эийг өвчтэй, бие муу байхад нь Б.Эийг цагдаагийн хүчээр авч явж байсан гэх мэт Ж.Эын талд үйлчилж байсан зэрэг үйл баримтууд байсан, хэргийн газрын схем зураг, бусад ослын шалтгаантай холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлтүүдийг гаргаж байсан. ...тухайн осол гаргахад Б.Эийг гэм буруутай гэж тогтоосон зүйл байхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлажээ.

 

Б.Э нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Жарын даваа гэх газар Т.Марк-2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин, эсрэг урсгал сөрөн өөдөөс ирж явсан Лексус-470 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Ж.Эын эд хөрөнгөнд 12,095,500 төгрөгийн, иргэн Э.Гантулгын эд хөрөнгөд 1,551,500 төгрөгийн, нийт 13,647,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 109 дугаартай захирамжаар хэргийн прокурорт буцаахаар шийдвэрлэснийг, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай магадлалаар ...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 109 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Эт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож...хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж... шийдвэрлэсэн байна. /хх3-9/

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай магадлалд “...Яллагдагч Б.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж, энэ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

Гэтэл шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тухайн үйлдэл нь гэмт хэрэгт тооцохгүй болсон байна. Үйлдэл эс үйлдэхүйн гэмт хэрэгт тооцохгүй болсон гэдэг нь өмнөх эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож байсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шинэ хуулиар гэмт хэрэг гэж үзэхгүй болох ойлголт юм.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан”-аар тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байсан бол Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан” байх гэмт хэргийн шинжийг заасан, харин үлэмж хэмжээний хохирол учруулсан байхыг шаардахгүйгээр хуульчлагдсан байна.

Иймд яллагдагч Б.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар  гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцнэ...” гэж дүгнэж, шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн магадлал хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” байхаар зохицуулжээ.

 

Хариуцагч өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “...Б.Э-т гэм буруу байхгүй, гэм бурууг тогтоосон зүйл байхгүй гэж...” тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан Төв аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б-ын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101 тоот дүгнэлтээр Б.Э-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай магадлалд Б.Эийг үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан гэж дүгнэсэн тул хариуцагчийн гаргасан дээрх татгалзал нь үгүйсгэгдэж байна.

Хариуцагч тал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн энэхүү тайлбартай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх асуудлыг иргэний журмаар хянан шийдвэрлэхгүй болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу дээрх ослын улмаас бусдад учруулсан учирсан хохирлыг хариуцагч Б.Э хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Тухайн осол гарах үед Ж.Э-ын унаж явсан Лексус-470 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр улсын бүртгэлд М.Б /хх-98/ гэж бүртгэгдсэн боловч уг автомашиныг Ж.Э нь бусдаас худалдан авч, бодитоор өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байлгадаг болох нь гэрч М.Б-ын “...Манай ах Ж.Э нь 2016 оны намар ...улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг өөрийн хөрөнгөөр худалдан авсан байсан юм. Ах Ж.Э нь 2017 оны 09 дүгээр сард надтай утсаар яриад дээрх автомашиныг ...улсын дугаартай авахын тулд оршин суух хаяг нь Улаанбаатар хотын бүртгэлтэй хүн байх шаардлагатай байх учир намайг өөрийн нэр дээр шилжүүлээд авчих гэж хэлсэн. Ингээд би 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ... улсын дугаартай авто машиныг шилжүүлэн авсан. Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байсан ч ах Ж.Эын эд хөрөнгө учир түүнийг Ж.Э ах өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг,

 Гэрч Б.Баясгалангийн “...Ж.Эын барьж яваад осолд орсон гэх цаг хугацаанд Лексус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээ нь миний нэр дээр байсан. Ж.Э нь Лексус-470 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2015 оны сүүлээр байна уу, 2016 оны эхээр надаас худалдаж авч байсан санагдаж байна. Яг хугацааг нь тодорхой сайн санахгүй байна. Тухайн үед Ж.Эын хаяг хөдөөнийх байсан бөгөөд ажил ихтэй байсан учраас шилжүүлж өгч амжаагүй юм. Тухайн үед хэдийгээр миний нэр дээр байсан боловч хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь Ж.Э юм. ...Ж.Э нь дээрх тээврийн хэрэгслийг ...улсын дугаартай нь хамт шилжүүлж авахыг хүсэлтэй байгаагаа хэлсэн. ...Гэтэл Ж.Э нь орон нутгийн хаягтай байсан. Орон нутгийн харьяалалтай тохиолдолд улсын дугаар солигддог. ...Ж.Э нь би Улаанбаатарт харьяалалтай дүүгээ явуулъя гэж хэлээд Батболд гэж хүнийг явуулсан байсан. Ингээд би тээврийн хэрэгслийг Батболд гэж хүнд шилжүүлж өгч байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр  тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т зааснаар Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох тул дээрх тээврийн хэрэгсэл нь худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр Ж.Эын эзэмшилд шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь Ж.Эыг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй болно.

Дээрх хуульд заасан үндэслэлээр Ж.Э нь уг ослын улмаас өөрийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагч Б.Эээс шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Э нь өөрт учирсан хохирол төлбөрт “...автомашинд учруулсан хохирол болох 12,095,500 төгрөг, тэнхлэг тохиргооны хөлс 30,000 төгрөг, засварын ажлын хөлс 900,000 төгрөг, дотор талын хянах янзалсан сэлбэг, хөлс 500,000 төгрөг, дотор талын эд ангийг солиход гарсан зардал 950,000 төгрөг, осолд орсон машиныг тээвэрлэсний хөлс 160,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг үнэлүүлэхэд шинжээчид төлсөн хөлс 370,000 төгрөг, бүгд 15,005,500 төгрөгийг, эрүүл мэндэд учруулсан хохирол толгой хүзүүний зураг авах зардал 160,000 төгрөг, нийт 15,165,500 төгрөгийг” гаргуулахаар шаардсан.

Хавтас хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээнд “...Ж.Эын биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн толгой хүзүүний зураг авахуулахад гаргасан зардал 160,000 төгрөгийг,

“Х.Э” ХХК-ний 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон Лексус-470 маркийн ...улсын дугаартай автомашин ослын улмаас учирсан хохирлын шууд болон шууд бус зардал нийт 11,825,500 төгрөгийг, нийт 11,985,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Харин “Х.Э” ХХК-ний үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн төлбөрт  эд анги солих зардал, тэнхлэг шалгуулж, тохируулах зардал болон бусад зардлыг тооцсон байх  тул  тэнхлэг тохиргооны хөлс 30,000 төгрөг, засварын ажлын хөлс 900,000 төгрөг, дотор талын хянах янзалсан сэлбэг, хөлс 500,000 төгрөг, дотор талын эд ангийг солиход гарсан зардал 950,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

уг хэргийг иргэний журмаар хянан шийдвэрлэх явцад гаргасан шинжээчийн зардал биш байх тул шинжээчийн зардал 370,000 төгрөгийн шаардлагыг,

баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул осолд орсон машиныг тээвэрлэсний хөлс 160,000 төгрөгийн шаардлагыг, нотлох баримтгүй 270,00 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Б.Эээс хохирол төлбөрт нийт 11,985,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эод олгож, нэхэмжлэлийн үлдэх 3,180,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр” заасан.

Шүүх нэхэмжлэгч Ж.Эын нэхэмжлэлийг хүлээн авахдаа дээрх хуульд заасан үндэслэлд хамаарна гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн боловч шүүх хуралдааны явцад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Эээс хохирол төлбөрт 11,985,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эод олгож, нэхэмжлэлийн үлдэх 3,180,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Эоос улсын тэмдэгтийн хураамж 233,777 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамж 206,718 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА

 

          ШҮҮГЧИД                              Д.ОЮУНДАРЬ

 

                                                            М.ОЮУНЦЭЦЭГ