Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1785

 

“ТИ ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах       даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/02006 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “ТИ ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Б-, Ж.Б- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 38 572 127 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ТИ ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгорүматрикс гинко ББСБ” ХХК нь Ш.Б-, Ж.Б- нарын хүсэлтээр 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр №20180041 тоот зээлийн гэрээгээр 45.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэй жилийн 30 хувь, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор барьцааны гэрээг Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч нарын хүсэлтээр 46.000.000 төгрөгийг нэмж зээлсэн, тухайн үед зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 14.000.000 төгрөг байсан. Ингээд нийт 60.000.000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлж дуусахаар тохирч нэмэлт гэрээ байгуулсан. Зээлдэгчдийн хүсэлтээр үндсэн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 удаа зээлийн гэрээг сунгасан бөгөөд сунгалтын хугацаа 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дууссан ба зээлээ хааж дуусалгүй өдий хүрсэн байна. 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн үлдэгдэл 35.400.833 төгрөг үлдсэн байсан. Иймд үндсэн зээл 35.400.833 төгрөг, хүү 2.356.822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814.472 төгрөг, нийт 38.572.127 төгрөгийг  Ш.Б-, Ж.Б- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ш.Б-, Ж.Б- нар нь хамтран “Монгрүматрикс гинко ББСБ” ХХК-аас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 20180041 дугаартай зээлийн гэрээний дагуу 45.000.000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагааны орлогоос шалтгаалан хуваариас төлж байсан бөгөөд үндсэн зээл 31.000.000 төгрөг, хүү 2.660.425 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 997 төгрөг төлсний дараа 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 46.000.000 төгрөг нэмж зээлсэн. Зээлдүүлэгчид үндсэн зээлд 42.031.189 төгрөг, хүүд 14.596.156 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 177.371 төгрөг төлсний дараа 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дахин нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 2020 оны 02 дугаар сарын 26 хүртэл сунгасан. 2020 оны 01 дүгээр сард Ковид 19 цар тахал дэгдсэний улмаас хөл хорио тогтоох, дэлгүүрийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох, улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, манай харилцагчдын эдийн засгийн чадавхи муудсаны улмаас орлого эрс буурч, зээлийн үлдэгдлийг хуваарийн дагуу төлж чадахгүйд хүрсэн. Бид улс орон даяар учирсан энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг зээлдүүлэгчид мэдэгдэн, зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөлтийн хуваарьт уян хатан нөхцөл оруулахыг хүссэн боловч зээлдүүлэгч нь бидний энэ саналыг хүлээн аваагүй. Зээлийн гэрээний 3.2.1, 3.2.8-д заасан нь зээлдэгчид хэт хохиролтой гэрээ болжээ. Бид авсан зээлээ цаг хугацаанд нь төлж ирсэн боловч дэлхий дахинд гарсан цар тахал өвчний улмаас буюу биднээс үл хамаарах хүчин зүйлийн улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дун уул овогт Шагдарын Байгалмаа, Энгэт овогт Жавзмаагийн Батжаргал нараас 34.574.184,48 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Тандэм инвест ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3.997.942,52 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Б-, Ж.Б- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 20 дугаар байр 43 тоотод байршилтай 40 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн 2205006917 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421.011 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Б-, Ж.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 401.021 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Тандэм инвест ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бид улс орон даяар учирсан энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг зээлдүүлэгчид мэдэгдэн, зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөлтийн хуваарьт уян хатан нөхцөл оруулахыг хүссэн боловч зээлдүүлэгч нь бидний энэ саналыг хүлээн аваагүй. Зээлийн гэрээний 3.2.1, 3.2.8-д заасан нь зээлдэгчид хэт хохиролтой гэрээ болжээ. Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 35.400.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн эргэн төлөлтийн тооцооллын хувьд хариуцагч нар нийт 4.175.0000 төгрөг төлсөн тул үндсэн зээлээс хасч, үлдэгдэл 31.225.000 төгрөг үлдэх ёстой байсныг анхан шатны шүүх буруу тооцоолжээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй боловч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг хэрэглээгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

Нэхэмжлэгч “ТИ ББСБ” ХК нь хариуцагч Ш.Б-, Ж.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38.572.127 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “...ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг хүлээж аваагүй, биднээс үл хамаарах хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон, гэрээний 3.2.1, 3.2.8-д зээлдүүлэгчид хэт ашигтай заалт орсон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 374 тоот тогтоолыг үндэслэн “Монгорүматрикс гинко ББСБ” ХХК нь “Баян-Алдар” ХК-д нэгдэж,  “Баян-Алдар” ББСБ” ХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 тоот тогтоолоор компанийн оноосон нэрийг “ТИ ББСБ” ХК болгон хуулийн этгээдийн нэрийг өөрчилсөн байна.  / хх-ийн 6-11, 48-53 /

 

Анхан шатны шүүх “Монгорүматрикс гинко ББСБ” ХХК болон Ш.Б-, Ж.Б- нарын хооронд үүссэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийг “ТИ ББСБ” ХК шаардах эрхтэй  гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 20180041 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 45.000.000 төгрөгийг, 2.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлдэгч нар зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон, зээлийн барьцаанд Ш.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006917 дугаарт бүртгэгдсэн, 0023072 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 20 дугаар байр 43 тоотод байрлах 40 м.кв 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-ийн 13-16 /

 

Мөн талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр  20180041-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгасан, зээлийн сарын хүүг 2.5 хувь болгож бууруулсан, өмнөх зээлийн үлдэгдэл 14.000.000 төгрөг дээр нэмж 46.000.000 төгрөгийг олгож, нийт үндсэн зээл 60.000.000 төгрөг болгож тус тус өөрчлөлт оруулсан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.  /хх-ийн 20 /

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дууссан, гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй болохыг зөв дүгнэснээс гадна нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болохыг зөв дүгнэжээ.

 

Харин гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хариуцагчийн хугацаа хэтрүүлж төлсөн төлбөрүүдийг үндсэн зээлээс  хасч тооцох  нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай нийцэх учиртайг анхаараагүй байна.

 

Иймд, зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл төлөгдсөн төлбөрүүдийг үндсэн зээлээс хасч тооцсон зээлийн  үлдэгдэлд хэтэрсэн хугацааны хүүг  тооцоход үндсэн зээлийн үлдэгдэлд 29.720.299,79 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 4.452.148 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890.430 төгрөг, нийт 35.062.878 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй байх боловч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш  хариуцагч нараас нийт 3.810.000 төгрөгийг төлсөн тул хариуцагч нараас 31.252.878 гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/02006 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “34 574 184,48” гэснийг “31 252 878” гэж, “3 997 942,52” гэснийг 7 319 249” гэж,  2 дахь заалтын “401 021” гэснийг “314 214” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 401 021 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ 

                                                          ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА  

                                                                                                     Н.БАТЗОРИГ