Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2017/0344/З |
Дугаар | 221/МА2018/0056 |
Огноо | 2018-01-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2018/0056
2018 оны 01 сарын 17 өдөр Дугаар 221/МА2018/0056 Улаанбаатар хот
Б.Э ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, гуравдагч этгээд Н.У , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0902 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т--ын давж заалдах гомдлоор, Б.Э ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0819 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э ийн “Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамжийн Н.У т холбогдох хэсгийг хүчингүй болгох уг газар эзэмших шийдвэр, гэрчилгээг үндэслэн гарсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004374 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын үйлдэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5-д заасан шаардлагыг хангаагүйгээс иргэн Б.Э ийн 2004 оноос өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж, хашаа барих, байшин барих, суварга барих, 10 хана бүхий гэр барих зэргээр тусгайлан хамгаалж, өөрийн хувийн хөрөнгөөр барьж байгуулсан “хашаа, байшин, гэр, суварга буй” газрыг түүний эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг шалгалгүйгээр шийдвэрлэсэн буруу гэж үзэж байна. Б.Э нь энэ газрын эзэмшил, газар дээрх барилгын өмчлөлийн асуудлаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн зохицуулалтаар хамгаалагдсан зүй ёсны ашиг сонирхол юм. Мөн нэхэмжлэгч Б.Э ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж байгааг олон нотлох баримтуудаар батлагдаж нотлогдож байхад Б.Э ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар ...гаргасан өргөдлийг гэж томьёолсон. Үүгээр Б.Э ийн 2004 оноос хойш оршин суусан, одоо ч мөн адил оршин суусаар байгаа, өмч хөрөнгөө барьсан, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн газрыг түүнд мэдэгдэлгүйгээр өөр хүн эзэмшиж, өмчилсөн нь Б.Э газраа эзэмших, өмчлөх хүсэлт гаргах хууль ёсны эрх зөрчигдсөн болох нь цаашлаад тухайн газар, байрнаасаа албадан гаргагдах, хөөгдөх нөхцөл байдал үүсэх болзошгүй нөхцөл байдал байна. Энэ л үүднээс Б.Э зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг.
...Газрын алба нь Н.У ээс гаргасан хүсэлтийг судлан шийдвэрлэхдээ тухайн газар дээр нь ямар нэгэн барилга байшин байгаа эсэх, тухайн газрыг хэн нэгэн эзэмшиж, ашиглаж байгаа эсэх, хэн нэгэн орших сууж амьдарч байгаа эсэхийг огт шалгалгүйгээр газрын гэрчилгээг олгож тус хуулийн тус заалтыг зөрчсөн байна. ...Н.У т газар олгохдоо 0,1 га газраас илүү газар эзэмших хүсэлт гаргаагүй байхад Н.У т 0,1-ээс илүү газрыг эзэмшүүлсэн, тухайн газар нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд ороогүй байхад газар эзэмшүүлсэн. Үүнээс гадна Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 203/127 тоот тушаалын 3.9.12 дахь заалтыг тус тус зөрчиж байгаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
...Нэхэмжлэгчийн зүгээс Н.У тухайн газарт амьдарч байсан эсэхийг нотолсон баримтыг хариуцагч Налайх дүүргийн Засаг даргаас гаргуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргуулах хүсэлтийг шийдвэрлэж шүүгчийн захирамж гарсан. Гэтэл уг захирамж биелээгүй, энэ баримт нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал үүсгэх чухал баримт гэж үзэж байгаа бөгөөд үүгээрээ нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нэг шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.
Б.Э нь тухайн газар эзэмших гэрчилгээг Н.У гаргуулан авсныг, дараа нь түүний амьдарч байсан байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсныг огтоос мэдээгүй бөгөөд Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд
Н.У ээс өөрийн өмч, эзэмшиж буй газраас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаар мэдсэн. Тухайн барилгыг өмчөөр шинээр бүртгүүлэхэд гол нөхцөл байдал болох газар эзэмших эрх нь өөрөө хуулийн дагуу олгогдоогүй, илтэд хууль зөрчсөн тул үүнээс улбаалан гарсан дараагийн бүртгэл бүхэлдээ хүчингүй гэж үзэж байгаа, энэ нь Монгол Улсын эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” заалтыг зөрчсөн байгаа юм. Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Б.Э нь Налайх дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамжийн Н.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах уг газар эзэмших шийдвэр, гэрчилгээг үндэслэн гарсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004374 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, “маргаан бүхий газарт 2004 оноос хойш амьдарч байсан боловч хариуцагчаас тухайн газрыг хэн нэгэн эзэмшиж байсан эсэхийг шалган тогтоохгүйгээр гуравдагч этгээд Н.У-т эзэмшүүлсэн, ийнхүү 0.1 га газраас илүү талбай бүхий газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа явуулаагүй, тухайн газар нь усны сан бүхий газарт хамаарч байхад гуравдагч этгээд Н.У-т эзэмшүүлсэн нь хууль бус болсон бөгөөд газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, хууль бус байхад үүнийг үндэслэн тухайн газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн улсын бүртгэл бүхэлдээ хүчингүй, улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг зөрчсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.У-т Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 10 000 м.кв газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас уг газарт байрлах 226.47 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004371 дугаарт бүртгэж, өмчлөгчөөр гуравдагч этгээд Н.У, Э.А нарыг бүртгэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.9 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу, холбогдох баримтын хамт гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч Б.Э нь зохих журмын дагуу захиргааны байгууллагад газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй төдийгүй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмших тул нэхэмжлэгч Б.Э тухайн газар байрлах хаягт бүртгэлтэй гэх үндэслэлээр түүнд маргаан бүхий газрыг эзэмших эрх үүссэн гэж үзэх боломжгүй.
Мөн хэрэгт авагдсан иргэний бүртгэлийн лавлагаануудад Б.Э нь 1988 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөм задгай гэх хаягт амьдарч байгаад 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Барилгачдын талбай Хийморь 4/6-34 хаягт амьдрах болсон, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүх хуралдааны 2006 оны 67 дугаар Шийтгэх тогтоолд Б.Э-ийн оршин суух хаяг “...Баянзүрх дүүргийн Алтан тэвш хороолол 16-р байранд оршин суух” гэж бичигдсэн, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс Налайх дүүргийн 5 дугаар хороо, Уу булан гялаан мөс 4 дүгээр гудамж 4а тоотод шилжин ирсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “маргаан бүхий газарт 2004 оноос хойш амьдарсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Дээрхээс үзэхэд нэгэнт гуравдагч этгээд Н.У нь нэхэмжлэгчээс түрүүлж, газар эзэмших хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж, маргаан бүхий газрыг эзэмшсэн байх ба нэхэмжлэгчийн тухайд газар эзэмших эрхийг хуульд заасны дагуу олж аваагүй, маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэр гараагүй тул хариуцагч Налайх дүүргийн Засаг даргыг Н.У-т бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхацуулан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж газар олгосон гэж буруутгах, нэхэмжлэгчид түрүүлж газар эзэмших эрх үүссэн байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар иргэн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар 0,1 га-гаас илүү газар эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ёстой боловч Налайх дүүргийн Засаг дарга маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээдэд тухайн газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх нь нэхэмжлэлийг хангах, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд нэгэнт нэхэмжлэгч Б.Э-т маргаан бүхий газрыг эзэмших эрх үүсээгүй, уг газрыг эзэмшихээр холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй учраас хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулахгүйгээр гуравдагч этгээд Н.У-т газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй.
Гуравдагч этгээдээс өөрийн эзэмшлийн газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу гаргасан мэдүүлгийг улсын бүртгэлийн байгууллага мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004371 дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 /Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэлгээ дарна/-т заасантай нийцсэн тул бүртгэлийг хууль бус гэж үзэн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 203/127 тоот тушаалын 3.9.12 дахь заалтыг тус тус зөрчиж байгаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй” гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь хэдийгээр Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмшүүлэхийг хориглох боловч энэхүү хамгаалалтын бүсийн хил хязгаарыг тогтоосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 50 дугаар тогтоол нь цаг хугацааны хувьд Н.У-т тус газрыг эзэмшүүлснээс хойш буюу 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гарсан байх тул маргаан бүхий актыг дээрх хууль тогтоомжийг зөрчиж гарсан гэж үзэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын “...нэхэмжлэгчийн зүгээс Н.У тухайн газарт амьдарч байсан эсэхийг нотолсон баримтыг хариуцагч Налайх дүүргийн Засаг даргаас гаргуулах хүсэлтийг шийдвэрлэж шүүгчийн захирамж гарсан. Гэтэл уг захирамж биелээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлийн тухайд, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу Монгол Улсын иргэн хаана амьдарч байгаагаас үл хамааран Монгол Улсын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт газар эзэмшихээр хүсэлт гаргах эрхтэй, хүсэлт нь гагцхүү Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байх учиртай. Иймд гуравдагч этгээд Н.У маргаан бүхий газарт амьдарч байсан талаарх баримт байгаа эсэхээс үл хамааран уг хэргийг хянан шийдвэрлэх боломжтой төдийгүй шүүх хуралдаанд гэрчээр Г.Г оролцож, маргаан бүхий үйл баримтын талаар мэдүүлэг өгсөн тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0902 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН