Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 449

 

Э.Н-ийн нэхэмжлэлтэй,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                М.Батсуурь,                       

Шүүгчид:                               Л.Атарцэцэг,

                                                Г.Банзрагч,

                                                Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн 9011228001, регистрийн 5215781 дугаартай М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С.Э-ээс М.Б-д компанийн энгийн хувьцааны 51 хувь, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр С.Э-ээс М.Б-д компанийн энгийн хувьцааны 49 хувь, 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр М.Б-аас “Э Э т м” ХХК-д компанийн энгийн хувьцааны 100 хувь, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр  “Э Э т м” ХХК-аас З.С компанийн хувьцааны 100 хувийн эрхийг шилжүүлсэн, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр З.С-ээс “Б С м” ХХК-д “М” ХХК-ийн энгийн хувьцааны 100 хувийн эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,”М” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э.Н-г бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах,

Ашигт малтмалын ашиглалтын МV-015646 дугаартай тусгай зөвшөөрлийг “Б Э М” ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0425 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0479 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0425 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.1.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.43, 11 дүгээр зүйлийн 11.5.3, 17 дугаар зүйлийн 17.3, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан, “М” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04, 2013 оны 05 дугаар сарын 02, 2017 оны 07 дугаар сарын 19, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлүүдийг илт хууль бусад тооцуулах, “Моручи” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э овогтой Н бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,  Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 49.5, 49.6.1- д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын МҮ-015646 дугаартай тусгай зөвшөөрлийг “Б С М” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0479 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0425 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.1.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, 17 дугаар зүйлийн 17.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Н-ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “М" ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04, 2013 оны 05 дугаар сарын 02, 2017 оны 07 дугаар сарын 19, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлүүдийг илт хууль бусад тооцуулах, “М” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э овогтой Н-г бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний хэлтсийн 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 3042, 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 4959, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 220 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь “М” ХХКомпаний хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04-ны өдрүүдийн бүртгэлүүд хууль бус аргад үндэслэсэн болохыг тодорхой шинжлэн харуулсан нотолгооны чухал ач холбогдолтой бичгийн баримтууд юм.

4. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс шинжээчийн 3042, 4959, 220 дугаартай актын дүгнэлтүүдтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3, 34.4 дэх хэсгүүдэд заасан нотлох баримтыг үнэлэх зарчмыг алдагдуулж шийдвэр, магадлалд шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх, тэдгээрийг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлүүдтэй холбогдуулан хэрхэн дүгнэсэн талаар шийдвэр, магадлалд тусгаж чадалгүй нэхэмжлэлийн шаардлагыг тус бүр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс шинжээчийн дүгнэлттэй холбоотой дээрхи байдлаар хуулийг буруу хэрэглэснээс гадна хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 837, Улсын ерөнхий прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 945, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 130 дугаартай тогтоолуудад дурьдсан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй үйл баримтуудыг түүвэрлэн авч шийдвэр, магадлалын үндэслэл болгосон байгаа нь мөн хуулийн 34.1, 34.2, 34.3, 34.4 дэх хэсгүүдэд заасан нотлох баримтыг үнэлэх зарчмыг алдагдуулж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 838 дугаартай захирамжаар иргэн М.Б, З.С болон “Э Э Т М” ХХКомпаниудыг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд бүртгэлийн байгууллагаас “Э Э Т М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн талаархи болон бусад байдлыг тодруулсан бичгийн баримтуудыг гаргуулахад тус баримтаар 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай “И” ХХКомпани нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Э Э Т М” ХХКомпаний 100 хувийн хувьцааг худалдан авч тус компаний хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн бүртгэл хийгдсэн байсан.

7. Гэтэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд “Э Т М” ХХКомпаний хувьцаа эзэмшигчээс “И” ХХКомпанийг хассан талаархи баримт хэрэгт авагдаагүй, тэдгээртэй холбоотой баримтуудад “Э Э Т М” болон “И” ХХКомпаниудын удирдлагууд гарын үсэг зураагүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй “Э Э Т М” ХХКомпанийг хувьцаа эзэмшигчийн хувьд хэн төлөөлөх нь эргэлзээтэй болсон ч шүүх иргэн З.С-ийг “Э Э Т М” ХХКомпанийг төлөөлөх эрхтэй гэж үзэж тус компанийг төлөөлөх үүргийг иргэн З.Сүмбэрээр дамжуулж хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

8. Хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХКомпаний 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан “Э Т М” ХХКомпанийг “М” ХХКомпаний эзэмшил дэх ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлд үндэслэн худалдаж авсан боловч “М” ХХКомпаний хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудлаас болоод “Э Э Т М” ХХКомпантай харилцан тохиролцсон гэрээ, хэлцэл хэрэгжих боломжгүй болсон, энэ хэрэгт “И” ХХКомпаний эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэдгээ “И” ХХК илэрхийлж байсан. Энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүгчийн туслахад мэдэгдсэн боловч тус компанийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй. Хэрэв “И” ХХКомпани хэрэгт гуравдагч этгээдээр оролцон тайлбар дүгнэлтээ гаргасан бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох чухал ач холбогдолтой үйл баримтууд, нотлох баримтуудыг хэрэгт гаргах ач холбогдолтойн дээр тус компани хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх, эрх ашгаа хамгаалах хууль зүйн боломжийг алдагдуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдлаа. Дээрхи хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах хэлбэрээр засагдах зөрчил бус шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн ноцтой зөрчил гэж үзнэ.

9. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий бүртгэлүүдэд Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "...бүртгэл нь үнэн зөв, бодитой заавал биелэгдэх шинжтэй байх...”, 3.1.5-д “...Нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх...” гэж заасан зарчмуудыг баримтлаагүй, Улсын Бүртгэлийн Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “...Улсын бүртгэгч нь дараахь эрх үүрэгтэй байна...”, 11.5.2-д “...Энэ хуулийн 5.3-аас 5,5 дахь хэсэгт заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах...", 11.5.3-т “...Энэ хуулийн 11.5.2 дахь хэсэгт заасан нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах...” гэж заасныг зөрчихөд хүргэсэн буюу улсын бүртгэгчид мөн хуулийн 11.5.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхийг хуулиар олгосон байхад улсын бүртгэгч нь маргаан бүхий бүртгэлийг хийхдээ компаний хувьцаа эзэмшигчээр М.Б-ыг томилсон шийдвэр хууль ёсны эсэхийг хянаж, бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзах үүрэгтэй байсан.

10. Нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь хэсэг буюу “М” ХХКомпаний хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр М.Б-аас “Э Э Т м” ХХКомпанид, 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр “Э Э Т м” ХХКомпаниас З.С-т, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр З.С-ээс “Б С М” ХХКомпанид компанид тус тус компаний энгийн хувьцааны 100 хувийн эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлүүд нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь хэсгүүдэд үндэслэхээс гадна мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан “...Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна...” гэх хуулийн зохицуулалтын дагуу илт хууль бусад тооцогдох эрх зүйн үр дагавар үүсгэнэ.

11. Харин “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дугаар шийдвэрийн “Моручи” ХХКомпанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 24 дугаартай шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн, нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар тухайн акт гарсныг мэдсэнээс хойш 30 хоногт багтаан гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж гомдлоо гарган урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагуудад тодорхойлсон хууль зүйн үндэслэлийн дагуу шүүхээс гарах шийдвэрийн хүрээнд үүсэх эрх зүйн үр дагаварт үндэслэж актыг Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон.

12. Нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь хэсгүүд хэрхэн хэрэглэгдэх, хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн өвлөх эрх болон бүртгэлийн байгууллагын хуулиар олгосон эрх, үйл ажиллагаанд хэрхэн халдсан, гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн эрхэд халдах үндэслэл байгаагүй, эрхэд халдсан үндэслэл тэдгээрийг нотлох бичгийн баримтууд нь хууль бус, хуурамч болох хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр хангалттай тогтоогдож дээрхи үйл баримтыг Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгүүдийг зөрчсөн болохыг тодорхой заан тайлбарлан, мэтгэлцсээр байхад шүүх дээрхи хуулийн заалтуудыг бүрэн гүйцэд хэрэглэлгүй, Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.1.7, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.43, 11.5.3, 17.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 18.1.1, 22.2 дахь хэсгүүдийг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль бус юм.

13. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсэгт дурьдсан хууль зүйн үндэслэлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсгийг хэрэглэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй дээрхи заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх хууль зүйн боломжгүй, ТОГТООХ хэсэгт тусгасан 11 дүгээр зүйлийн 11.5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1 гэх заалтууд огтоос байхгүй байгаа нь шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг илтэд алдагдуулсан ноцтой зөрчил юм.

14. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтад дүгнэлт хийхдээ хэт нэг талыг барьж дүгнэснээс дүгнэлтүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байдлыг үүсгэсэн. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, мөн маргаан бүхий бүртгэлүүдийг хийхэд үндэслэсэн баримтууд нь хуурамч болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, бичгийн баримтуудыг үгүйсгэж чадаагүй атлаа “...Дээрхи үйл баримт нь бүртгэл хийгдсэнээс хойш илэрсэн, прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон...” гэх мэт захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотолгооны хувьд ямар ч ач холбогдолгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

15. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч  хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

17. Нэхэмжлэгч Э.Н-ээс “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн улсын бүртгэлийн өөрчлөлттэй холбогдуулан огноо, дугаар бүхий улсын бүртгэлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хуурамч гарын үсэгтэй, хууль бус аргад үндэслэсэн бүртгэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, нэхэмжлэгчийн эрхэд халдах үндэслэл байгаагүй” гэж тодорхойлж маргажээ.

18. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт захиргааны актыг илт хууль бусад тооцох урьдчилсан нөхцлийг нэрлэн заасан бөгөөд эдгээрийн аль нэг шинжийг агуулсан бол тухайн актыг илт хууль бус захиргааны актад тооцох байна. Гэтэл энэ тохиолдолд “М” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлүүд нь хуулийн дээрх заалтын алинд ч хамааралгүй, хэн ч харсан ойлгогдох, илэрхий алдаатай захиргааны актууд биш байна. Тухайлбал, улсын бүртгэгчээс хувьцаа шилжүүлсэн этгээдийн гарын үсэг мөн эсэхийг бүртгэл хийх явцад таних боломжгүй, харин эрх бүхий нарийн мэдлэг эзэмшсэн шинжээчээс тогтоох юм. Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх зарчмын дагуу нэхэмжлэл үндэслэлгүй буюу илт хууль бус захиргааны акт биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

19. Нэхэмжлэгчээс “эрхэд халдах үндэслэл байгаагүй” гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан “ иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх тохиолдол нь хэрэв, захиргааны байгууллагад тухайн асуудлыг шийдвэрлэх эрх огт олгогдоогүй бөгөөд энэ нь илэрхий бол эрхэд халдах “хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх урьдчилсан нөхцөл хангагдана. Энэ маргааны тухайд, захиргааны байгууллагад компанийн хувьцаа шилжүүлсэн бүртгэлийг бүртгэх эрх Улсын бүртгэлийн тухай хуулиар олгогдсон тул захиргааны акт гаргах хуульд заасан үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

20. Нэхэмжлэгчийн “улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл болсон хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээний гарын үсэг хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” тухай гомдлын хувьд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах үед бүрдүүлэх баримт бичгийг нэрлэн заасан, эдгээрээс өөр баримтыг шаардаж болохгүй талаар захиргааны байгууллагад үүрэг хүлээлгэсэн байна. Тухайн тохиолдолд бүртгэлээс татгалзах хуулийн үндэслэл үүсээгүй, холбогдох баримт бүрэн байсан, харин эрх шилжүүлэх гэрээний гарын үсэг мөн эсэхийг улсын бүртгэгчээс тогтоох боломжгүй, улсын бүртгэл хийгдсэний дараа гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон тул хариуцагчийг шууд буруутгах боломжгүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

21. Дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 837 дугаар тогтоолоор “гарын үсгийг С.Э зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч ...2013 оны 02 дугаар сарын 04-ний эрх шилжүүлэх гэрээг хийлгэхэд С.Э өөрийн биеэр ирсэн, мөн С.Э нь М.Б-д компаниа шилжүүлж байгаа болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон” гэж дүгнэж, маргааныг иргэний журмаар шийдвэрлэх болохыг тогтоож, М.Б-д үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Эндээс дүгнэж үзэхэд, С.Э-ийг компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл өөрчлөгдсөн болохыг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхий улсын бүртгэлийг бодит байдалд нийцээгүй гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна. Бүртгэлийн улмаас үүссэн хохирлын маргаан байгаа бол /М.Б-д холбогдох/ энэ нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал байна.

22. Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь хэсэгт “нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасан, нэхэмжлэгчээс энэ үндэслэлээр татгалзах байсан гэж хариуцагчийг буруутгасан гомдол гаргаж байгаа боловч тухайн тохиолдолд нотлох баримтыг зөрчилтэй болохыг шууд илрүүлэх боломжгүй, хариуцагчийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн, нөгөө талаар холбогдох хууль зөрчөөгүй, бүрдүүлэх баримт бичиг бүрэн байсан тул захиргааны байгууллагыг хууль зөрчиж бүртгэл хийсэн гэж үзэхгүй.

23. Нэхэмжлэгчийн “гуравдагч этгээдээр “И” ХХК-ийг оролцуулах байсан” тухайд энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхгүй тул гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага бол “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулсан С.Э, М.Б нарын хооронд байгуулсан гэрээг бүртгэсэн бүртгэлтэй холбогдож байх бөгөөд дээрх байдлаар захиргааны байгууллага хууль зөрчөөгүй тул уг бүртгэлд үндэслэсэн дараагийн бүртгэл, түүнд холбогдох “И” ХХК-ийг энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах зайлшгүй шаардлага тогтоогдохгүй байна.

24. Иймээс улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй, улмаар “М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл үндэслэлгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд нийцсэн байна. Харин тусгай зөвшөөрлийг “Б с м” ХХК-д шилжүүлэх гэсэн боловч улсын бүртгэлийн гэрчилгээ нь “Б э м” ХХК гэж бичсэн, хэргийн оролцогчид энэ асуудлаар маргаагүй учраас агуулгын зөрчилгүй, бичиглэлийн алдаатай гэж үзэв.

25. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зохицуулаагүй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3 /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрлийг нэрлэн заасан/, 11 дүгээр зүйлийн 11.5.2 /шийдвэр гаргах ажиллагааны журмыг заасан/, 11.5.3 /бүртгэхээс татгалзах/, 17 дугаар зүйлийн 17.3 /мэдүүлэг гаргаж байгаа этгээдийн үүрэг/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 8 дугаар зүйлийн 8.1.1 /бүртгэх байгууллагын чиг үүрэг/, 18 дугаар зүйлийн 18.1.1 /бүрдэл дутуу бол татгалзах/, 22 дугаар зүйлийн 22.2 /баримт бичиг бүрдүүлэх, өргөдөл гаргах/ гэх заалтуудыг хэрэглэсэн нь буруу, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бус захиргааны актад холбогдох хуулийн заалтыг хэрэглэхэд хангалттай байжээ.

26. Иймээс магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0479 дүгээр магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, 17 дугаар зүйлийн 17.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 8 дугаар зүйлийн 8.1.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.2” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                               М.БАТСУУРЬ      

    ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ