Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/01035

 

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын

Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар шийдвэр,        

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Амирхан, С.Сетерхан, Х.Шоферхан, Ш.Айболат, И.Дөрветхан, Ж.Зура, П.Сатжол, Б.Жанат, Х.Арыстан, А.Ашир, Д.Тойлат, Ө.Нурбол, А.Жанибек нарт холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Мадениетийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баяннуур сумын Засаг даргын Тамгын газар нь 2013 онд шүлхий, бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үйлчилгээний хөлсөнд олгосон урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй байна гэж 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Сум дундын хоёрдугаар шүүхээс 191 дүгээр шийдвэр гарсан.Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй гэсэн 50 273 824 төгрөгийг дараах 13 нэр бүхий малын эмч гарын үсэг зурж бэлнээр авсан билээ. Үүнд: Х.Амирхан 1 219 672 төгрөг, С.Сетерхан 855 421 төгрөг, Ө.Нурбол 1 376 163 төгрөг, Х.Шоферхан 734 582 төгрөг, И.Дөрбетхан 2 372 705 төгрөг, Ж.Зура 1 423 969 төгрөг, А.Ашир 1 205 065 төгрөг, Х.Арыстан 1 121 028 төгрөг, Д.Тойлат 1 209 026 төгрөг, Ш.Айболат 1 185 504 төгрөг, Б.Жанат 448 901 төгрөг, П.Сатжол 870 410 төгрөг, А.Жанибек 437 608 төгрөг. Эдгээр 13 хүн бүгд 14 460 054 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг өөр өөрсдөө төлөх ёстой.Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар Баяннуур сумын Засаг даргын Тамгын газар нь ажил олгогч биш учраас тус сумын Засаг даргын Тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Дөрветхан шүүхэд гаргасан тайлбартаа: ...Бид нар тус нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёсгүй. Нэгэнт Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс цэс гаргаж, дарга нь баталж, тайлангаа Тамгын газрын санхүүгээс нь гаргасан тул тус тамгын газар төлөх ёстой. Шүлхий өвчний хөлс 120 сая төгрөгөөс 1 200 000 төгрөгийн хүн амын орлогын албан татвар гэж авсан. Хэрвээ манай хоршооны дансанд шилжүүлж, бид тайлан гаргасан бол бид төлөх байсан, гэвч хоршооны дансанд шилжүүлээгүй. З.Мадениет дарга нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй гэж байгаа бол хууль бусаар авсан 12 сая төгрөгийг эмч нарт буцааж өгөх хэрэгтэй гэжээ.

Хариуцагч Ж.Зура, Д.Тойлат нар шүүхэд гаргасан тайлбартаа:Тус нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй. Шүлхий өвчний вакцин тарьсан малын эмч нарын ажлын хөлснөөс 12 сая төгрөгийг тус сумын Засаг даргын тамгын газар хүн амын орлогын албан татвар гэж авсан. Тус мөнгийг мал эмнэлэгийн хоршоо тус бүрийн дансанд шилжүүлбэл бид нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөд бэлэн байна гэжээ.

Хариуцагч П.Сатжол шүүхэд гаргасан тайлбартаа:Бид хүн амын орлогын албан татвар төлдөг бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар гүйцэтгэсэн ажлын хөлс нэг удаагийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч А.Ашир, Х.Арыстан нар шүүхэд гаргасан тайлбартаа:Биднээс нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс тус бүрээс нь 829 000 төгрөгийг хасаж, үлдсэн хэсэгт нь нийгмийн даатгалын шимтгэл тооцох ёстой. Учир нь тус ажлыг гүйцэтгэхэд үйл ажиллагааны зардал гарсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д тухайн сардаа багтаан төлөх ёстой гэсэн байгаа. Мөн биднээс алданги төлүүлэхээр нэхэмжлэх нь үндэслэлгүй. Засаг даргын тамгын газар тухайн үед нь зохих журмын дагуу ажилласан бол ийм байдалд хүрэхгүй байсан тул тэдний өөрсдийн буруутай үйл ажиллагаатай холбоотой үүсэн алдангийг бид төлөхгүй. Мөн тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул бидэнд ногдуулсан төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Сетерхан шүүхэд гаргасан тайлбартаа:Тухайн үед урьдчилан сэргийлэх тарилгын хөлсөнд 2 417 169 төгрөг авсан бөгөөд үлдсэн 247 169 төгрөгийг дутуу олгосныг гаргуулж өгнө үү. Миний бие тус мөнгийг хариуцах үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Б.Жанат шүүхэд гаргасан тайлбартаа:Эмч бид нар хүн амын орлогын албан татварыг нэрийн данснаасаа төлсөн. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй тул зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Нурбол шүүхэд гаргасан тайлбартаа:...Тухайн үед малын шүлхий өвчний тарилгад малын эмч хүрэлцэхгүй байсан тул би аавтай хамт тус ажлыг хийж зохих хэмжээний мөнгө авсан. Бусад асуудлыг аймаг сумын Засаг даргын захирамжаар халдварт өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулж, холбогдох хуулийн дагуу аав хариу өгнө. Миний хувьд ямар нэгэн холбогдолгүй. Хамт ажилласан 13 малын эмч нарын шүүх хуралд өгсөн саналтай нэг байна. Анх ажил олгохоор төлөвлөсөн хөлсний 50 хувийг бусад эмч нартай адил авсан гэжээ.

Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан хариуцагч Х.Амирхан, С.Сетерхан, Ө.Нурбол, Х.Шоферхан, И.Дөрбетхан, Ж.Зура, А.Ашир, Х.Арыстан, Д.Тойлат, Ш.Айболат, Б.Жанат, П.Сатжол, А.Жанибек нарт холбогдуулан гэм хорын хохирол буюу нийгмийн даатгалын шимтгэл, алданги 14 460 054 төгрөг гаргуулах тухай Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан” гэснийг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Баяннуур сумын 13 малын эмч Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын МЭҮТасаг хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийг удирдлага болгон “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын МЭҮТасаг болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд ажиллах малын эмч нарын хооронд байгуулсан ажил хөлсөөр гүйцэтгүүлэх гэрээ”, “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын МЭҮТасаг болон бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, вакцинжуулалтанд ажиллах малын эмч нарын хооронд байгуулсан ажил хөлсөөр гүйцэтгүүлэх гэрээ” тус тус байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан юм. Дээрхи гэрээнд 13 иргэн нь Баяннуур суманд 2013 онд гарсан шүлхий өвчний үед хөлсөөр ажилласан үед авах хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг зөвшөөрч гарын үсэг зурж, гэрээгээ баталгаажуулжээ.Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 1 дэх хэсгээс үзэхэд шүүхэд хариуцагчаар татагдсан 13 иргэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан ёсоор хөлсний гэрээгээр ажилласан учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөөгүй байхаар хуульчилсан учраас нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх ёстой юм.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д зааснаар 13 иргэн төрөөс тодорхой хэмжээний цалин хөлс авсан нь нэгэнт нотлогдсон тул түүнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргийг хуулиар хүлээж байна. ...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар 13 иргэн нь ажил олгогчтой хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан учраас төрөөс олгосон цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх ёстой юм....Баяннуур сумын Засаг даргын Тамгын газар нь улсын төсөвт байгууллага 2013, 2014 онд тус байгууллагаас нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн төлөвлөгөөнд шүлхий өвчин гарсантай холбогдуулан нэмэлт нийгмийн даатгалын шимтгэлийг тусгаагүй байгаа 2013 онд 13919,6 мянган төгрөг, 2014 онд ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 15193,8 төгрөг тус тус төлөхөөр төлөвлөсөн нь Баяннуур сумын 2013, 2014 оны төсвийн тодотгосон төлөвлөгөөгөөр тус тус нотлогдож байна.Бодит байдлаар шүлхий өвчин гарсан үед нэр бүхий 13 иргэнд хөлсөөр олгосон мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээс өөр арга замгүй болсныг харуулж байна Баяннуур сумын ЗДТГ-ын 2013, 2014 оны төсөвт 13 иргэнд 45 904 934 төгрөгийн цалин хөлс олгох асуудал нь төсөвт төлөвлөгдөөгүй, энэ нь Баяннуур суманд гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан бий болсон нэг удаагийн арга хэмжээнээс үүдэлтэй гэнэтийн арга хэмжээ байсан учраас Баяннуур сумын Засаг даргын тамгын газар нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх санхүүгийн ямар ч боломжгүй гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна.Иргэний хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн 2013.7.15-ны өдөр үйлдэгдсэн “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын МЭҮТасаг болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд ажиллах малын эмч нарын хооронд байгуулсан ажил хөлсөөр гүйцэтгүүлэх гэрээ” нь энэ хэрэгт хамааралтай байсныг анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.Учир нь уг гэрээний 3-т “Ажиллах хугацааны тарилгын үйлчилгээний хөлснөөс НДШ төлөхгүй ба өөрсдөө сайн дурын үндсэн дээр төлж, НД-ын дэвтэрт тэмдэглэл хийлгэхээр ажил олгогч байгууллагад тохиролцох” тухай дурджээ. Гэрээний энэ заалтыг тодруулж гэрчээр байцаагдсан Өнербекээс тодруулга авахад тэрээр “Ажиллах хугацааны тарилгын үйлчилгээний хөлснөөс НДШ төлөхгүй гэдгийг техникийн алдаа, нэр бүхий малын эмч нар НДШ төлөх ёстой” гэж мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.Анхан шатны шүүх хуралд миний сонгож авсан өмгөөлөгч Я.Сьезд оролцсон ба шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчид үг хэлүүлэх, дүгнэлт гаргуулах ямар ч бололцоо олгоогүй юм. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд миний сонгож авсан өмгөөлөгчид үг хэлүүлээгүй, дүгнэлт хийлгээгүй явдалд гомдолтой байна. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхэд тодорхой юм. Энэ нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж байгааг нотлож байна. Нэхэмжлэгч миний энэ талаар гаргасан давж заалдсан гомдолд давж заалдах шатны шүүх ямар нэгэн үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж байгааг харуулж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүдийг ямар нотлох баримтуудаар няцаагдсан тухай хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь шүүхийн магадлал, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцож, Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй, зөв хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн дутагдал гаргаагүй байна.

Баян-Өлгийн аймгийн Баяннуур сумын Мал эмнэлэг, үржлийн төв нь бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, вакцинжуулалтад ажиллах малын нэр бүхий 13 эмч нарыг хөлсөөр ажиллуулахаар 2013 оны 07 дугаар  арын 15-ны өдөр, 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Малын эмч нар дээрх гэрээний дагуу малын тарилга, вакцинжуулалтын ажил хийж гүйцэтгэсний үйлчилгээний хөлсөнд 50 273 824 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй байна.

Дээрх зарчмын одоогийн хэрэглэгдэж буй тодорхойлолт нь Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар батлагдсан ба 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар  “Энэ шалтгааны улмаас даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцна” гэх зохицуулалт өөрчлөн найруулагдсан байна. Ажил олгогчийн хариуцлагын тухай хуулийн уг зохицуулалт зохигчдын хооронд гэрээ байгуулагдах үед үйлчилж байгаагүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Харин нийгмийн даатгалын харилцааг нарийвчлан зохицуулсан хууль байхад гэм хор учруулсанаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН