Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 

Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Увс, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний  өдрийн 330 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багт оршин суух, Есагасы овогт Хуанбайн Амирхан, Харахас овогт Смагулийн Сетерхан, Есагасы овогт Хабдолдагийн Шоферхан, Жантекей есагасы овогт Шарипбайн Айболат, Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суух, Найман овогт Иманбалагийн Дөрветхан, Төлек овогт Жүнисийн Зура, Ботахара овогт Пажингийн Сатжол, Баяннуур сумын 2 дугаар багт оршин суух, Жантекей овогт Бузаубайн Жанат, Жадик овогт Хавшаны Арыстан, Баяннуур сумын 3 дугаар багт оршин суух, Жадик овогт Ажкейн Ашир, Найман овогт Долдабайн Тойлат, Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух Найман овогт Өнербекийн Нурболд, Базархул овогт Аманкелдийн Жанибек нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,  шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Мадениет, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд,  хариуцагч П.Сатжолын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Пажин, хариуцагч нарын өмгөөлөгч Х.Зулхаш нар /Цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг нөхөн  гаргуулах тухай.

            Нэхэмжлэлийн агуулга:“Баяннуур сумын Засаг даргын Тамгын газар нь 2013 онд шүлхий, бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үйлчилгээний хөлсөнд олгосон урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй байна гэж 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн сум дундын хоёрдугаар шүүхээс 191 дүгээр шийдвэр гарсан. Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй гэсэн 50.273.824 төгрөгийг дараах 13 нэр бүхий малын эмч гарын үсэг зурж бэлнээр авсан билээ. Үүнд: Х.Амирхан 1219672 төгрөг, С.Сетерхан 855421 төгрөг, Ө.Нурбол 1376163 төгрөг, Х.Шоферхан 734582 төгрөг, И.Дөрбетхан 2372705 төгрөг, Ж.Зура 1423969 төгрөг, А.Ашир 1205065 төгрөг, Х.Арыстан 1121028 төгрөг, Д.Тойлат 1209026 төгрөг, Ш.Айболат 1185504 төгрөг, Б.Жанат 448901 төгрөг, П.Сатжол 870410 төгрөг, А.Жанибек 437608 төгрөг. Эдгээр 13 хүн  бүгд 14.460.054 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг  өөр өөрсдөө төлөх ёстой. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар Баяннуур сумын Засаг даргын Тамгын газар нь ажил олгогч биш учраас тус сумын Засаг даргын Тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч И.Дөрветханы тайлбарын агуулга: “... Бид нар тус нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёсгүй. Нэгэнт Баяннуур сумын Засаг даргын  тамгын газрын санхүүгээс цэс гаргаж, дарга нь баталж, тайлангаа Тамгын газрын санхүүгээс нь гаргасан  тул тус тамгын газрын газар  төлөх ёстой. Шүлхий  өвчний  хөлс 120 сая төгрөгөөс 1.200.000 төгрөгийн хүн амын орлогын албан татвар гэж авсан. Хэрвээ манай хоршооны дансанд шилжүүлж, бид тайлан гаргасан бол бид төлөх байсан байх. гэвч хоршооны дансанд шилжүүлээгүй. З.Мадениет дарга нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй гэж байгаа бол хууль бусаар авсан 12 сая төгрөгийг эмч нарт  буцааж  өгөх хэрэгтэй.” гэжээ.

Хариуцагч Ж.Зура, Д.Тойлат нарын тайлбарын агуулга: “тус нэхэмжлэлийн  шаардлага үндэслэлгүй тул нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй. Шүлхий өвчний вакцин  тарьсан малын эмч нарын ажлын хөлснөөс 12 сая төгрөгийг тус сумын Засаг даргын тамгын газар хүн амын орлогын албан татвар гэж авсан. Тус мөнгийг мал эмнэлэгийн хоршоо тус бүрийн дансанд шилжүүлбэл бид нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх д бэлэн байна.” гэжээ.

Хариуцагч П.Сатжолын тайлбарын агуулга: “Бид хүн амын  орлогын албан татвар төлдөг бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар гүйцэтгэсэн ажлын хөлс нэг удаагийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх  ёсгүй гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч А.Ашир, Х.Арыстан тайлбарын агуулга: “Биднээс нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс тус бүрээс нь 829.000 төгрөгийг хасаж, үлдсэн хэсэгт нь нийгмийн даатгалын шимтгэл тооцох ёстой. Учир нь тус ажлыг гүйцэтгэхэд үйл ажиллагааны зардал гарсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д тухайн сардаа багтаан төлөх ёстой гэсэн байгаа. Мөн биднээс алданги төлүүлэхээр нэхэмжлэх нь үндэслэлгүй. Засаг даргын  тамгын газар тухайн үед нь зохих  журмын дагуу ажилласан  бол ийм байдалд хүрэхгүй байсан тул тэдний өөрсдийн буруутай үйл ажиллагаатай холбоотой  үүсэн алдангийг бид төлөхгүй. Мөн тус  хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул бидэнд ногдуулсан төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч С.Сетерханы тайлбарын агуулга: “Тухайн үед урьдчилан сэргийлэх  тарилгын хөлсөнд 2417169 төгрөг авсан  бөгөөд үлдсэн 247169 төгрөгийг дутуу олгосныг гаргуулж өгнө үү. Миний бие  тус мөнгийг хариуцах үндэслэлгүй.” гэжээ.

Хариуцагч Б.Жанатын тайлбарын агуулга: “Эмч бид нар хүн амын орлогын албан татварыг нэрийн данснаасаа төлсөн. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй тул зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ө.Нурболын тайлбарын агуулга: “... тухайн үед малын шүлхий өвчний тарилгад малын эмч хүрэлцэхгүй байсан тул би аавтай хамт тус ажлыг хийж зохих хэмжээний мөнгө авсан. Бусад асуудлыг аймаг сумын Засаг даргын  захирамжаар халдварт  өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулж, холбогдох хуулийн дагуу  аав хариу  өгнө. Миний  хувьд ямар нэгэн холбогдолгүй. Хамт ажилласан 13 малын эмч нарын шүүх хуралд өгсөн саналтай нэг  байна. Анх ажил олгохоор төлөвлөсөн хөлсний 50 хувийг бусад эмч нартай адил авсан.” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан хариуцагч Х.Амирхан, С.Сетерхан, Ө.Нурбол, Х.Шоферхан, И.Дөрбетхан, Ж.Зура, А.Ашир, Х.Арыстан, Д.Тойлат, Ш.Айболат, Б.Жанат, П.Сатжол, А.Жанибек нарт холбогдуулан гэм хорын хохирол буюу нийгмийн даатгалын шимтгэл, алданги 14.460.054 төгрөг гаргуулах тухай Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.”  гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баяннуур сумын 13 малын эмч Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын  Мал эмнэлэг, үржлийн  тасаг хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хоёр гэрээг 2013 оны 07 болон 09 дүгээр саруудад байгуулсан бөгөөд тус ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг зөвшөөрч гарын үсэг зурж, гэрээгээ баталгаажуулжээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 17 дугаар зүйлийн 17.1, 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг нэр бүхий 13 иргэн заавал төлөх ёстой. Хариуцагч талаас гаргаж өгсөн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн  хөлсөөр ажиллах гэрээ энэ хэрэгт хамааралтай байсныг анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй зайгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2--заасныг ноцтой зөрчсөн. Учир нь уг гэрээний 3-т Ажиллах хугацааны тарилгын үйлчилгээний хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй ба өөрсдөө сайн дурын үндсэн дээр төлж, нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийлгэхээр ажил олгогч байгууллагад тохиролцох" тухай дурджээ. Гэрээний энэ заалтыг тодруулсан н.Өнербекийн мэдүүлгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Анхан шатны шүүх хуралд миний өмгөөлөгч Я.Сьездэд үг хэлүүлэх, дүгнэлт гаргуулах ямар ч бололцоо олгоогүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангана уу.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрхзүйн маргаантай харилцааг буруу тодорхойлсноос хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй ба анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдаа гаргасан шийдвэрт зохих өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй байна. 

            Баян-өлгий аймгийн Баяннуур сумын Мал эмнэлэг, үржлийн төв нь бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, вакцинжуулалтад ажиллах нэр бүхий 13 малын эмч нарыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллуулахаар 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр,  мөн 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр адил агуулга бүхий 2 гэрээ байгуулсан нь /хх 86-87/ хэрэгт авагджээ.

            Нэр бүхий 13 малын эмч хөлсөөр ажиллах гэрээний дагуу малын  тарилга, вакцинжуулалтын ажил хийж гүйцэтгэсний үйлчилгээний хөлсөнд 50.273.824 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр тус бүрдээ хуваан авсан болох нь  вакцинжуулалтын тарилгын үйлчилгээний хөлсний нэгдсэн дүн /хх 11-12/, шүлхий өвчний 1 болон 2 дугаар вакцинжуулалтад хамрагдсан малын тоо, үйлчилгээний хөлсний тооцоо /хх 138-139/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад  иргэний эрхийн өөр харилцаа болох гэм хор учруулсан гэж анхан шатны шүүхээс дүгнэн хууль буруу хэрэглэсэн байна.

            Үйлчилгээний хөлсийг нэр бүхий 13 малын эмч авч байх үед 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  нэмэлтээр өөрчлөлт орсон Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-т зааснаар “...олгож байгаа  үйлчилгээний хөлснөөсөө ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл суутган авч  нийгмийн даатгалын байгууллагатай тооцоог сар бүр хийх” зохицуулалттай байжээ.

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тухайн үеийн биш, сүүлд үйлчилж эхэлсэн хуулийн зүйл заалт хэрэглэн маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаартай шийдвэрийн 1 дүгээр заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүссэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

            Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа  төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан” гэснийг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

                                    ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

Д.ЖАМБАЛСҮРЭН