Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1787

 

“АБЧБ” УТҮГ-ын нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж       даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01586 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “АБЧБ” УТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ӨББЧБ” ХХК-д холбогдох

 Гэрээний үүрэгт 5 111 014 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадоржийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Содов, Ө.Саранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “АБЧБ УТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Содов, М.Намуун нар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 3 дугаар сард Өгөөмөр баян булаг ХХК нь “Өгөөмөр баян булаг чөлөөт” бүс ХХК-д эрхээ шилжүүлсний дагуу 2018 оны 3 дугаар сард “ӨББЧБ” ХХК нь газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргаж, улмаар 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/88 дугаартай “Эрх шилжүүлэх тухай”, мөн өдрийн А/89 дугаартай “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 3.6 га газрыг үйлдвэрийн зориулалтаар баталгаажуулсан захирамжуудыг гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 18/40 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ, 18/40 дугаартай АБЧБийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Тус компани нь газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1, 4.2.4-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй байна. Иймд “ӨББЧБ” ХХК-аас 2018 оны төлбөр 2.231.014 төгрөг, 2019 оны төлбөр 2.880.000 төгрөг, нийт 5.111.014 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдлийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч ӨББЧБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмэлт нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгнө” гэжээ.

 

Шүүх: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч “ӨББЧБ” ХХК-аас 5.111.014  төгрөг гаргуулж, “АБЧБ” УТҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 96.727 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 18/40 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэхүү гэрээнд, гэрээний салшгүй хэсэг болох дараах зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно” гэж заагаад 5 дах хэсэгт “Бүсэд хөрөнгө оруулах хэмжээ, үе шат зэргийг харуулсан тухайн хуулийн этгээдийн удирдлагын гарын үсэг, тамга тэмдэг бүхий хөрөнгө оруулалтын санал" гэсэн байдаг. Уг санал хэрэгт авагдаагүй байдаг. Энэхүү санал байхгүй тул 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 18/40 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээний 2.4-т “...Уг хөрөнгө оруулалтын ажил хэзээ эхэлж, хэзээ дуусахыг тохиролцоогүй байгаа нь талууд анхнаасаа энэ талаар тохиролцоогүй” гэдгийг харуулж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 18/40 тоот газар эзэмшүүлэх гэрээ нь хүчингүй гэрээ байсан. АБЧБ бол хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих, аялал жуулчлал, үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх зорилготой. Тийм ч учраас Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12-т зааснаар чөлөөлөхөөр хуульчилж чөлөөт бүсийн газарт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийг газрын төлбөрөөс чөлөөлж, үйл ажиллагааг нь дэмжих хуулийн зохицуулалт оруулж өгсөн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “АБЧБ” УТҮГ нь хариуцагч “ӨББЧБ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 5.111.014 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн 2018 оны 3 дугаар сарын     15-ны өдрийн А/89 тоот захирамжаар хариуцагч “ӨББЧБ” ХХК-д 3.6 га газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулсан, улмаар талуудын хооронд  2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 18/40 тоот АБЧБэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр нэхэмжлэгч нь 3.6 га газрыг хариуцагчид 8 жилийн хугацаагаар, жилийн 2.880.000 төгрөгийн төлбөртэйгөөр ашиглуулах, хариуцагч нь газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ.  /хх-ийн 7-12/

Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон  нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасаар газрын төлбөрийг шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэжээ.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж холбогдох баримтад гарын үсэг зурсан байх бөгөөд тэрээр 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа  тайлбар, татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мэтгэлцэх эрхээ эдлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт нийцжээ.

Иймд  хариуцагч “ӨББЧБ” ХХК-аас 2018 оны газрын төлбөр 2.231.014 төгрөг, 2019 оны газрын төлбөр 2.880.000 төгрөг, нийт 5.111.014 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АБЧБ” УТҮГ-т олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 18/40 тоот АБЧБэд газар эзэмшүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхэд тайлбар гаргаж мэтгэлцээгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхаас гадна гэрээний салшгүй хэсэг гэж гэрээний 5 дахь хэсэгт заасан “Бүсэд хөрөнгө оруулах хэмжээ, үе шат зэргийг харуулсан тухайн хуулийн этгээдийн удирдлагын гарын үсэг, тамга тэмдэг бүхий хөрөнгө оруулалтын санал" гэрээнд тусгагдаагүй нь уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй”, мөн хуулийн Энэ хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж тус тус заасан тул Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12-т заасныг хэрэглээгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн АБЧБэд газар эзэмшүүлэх 18/40 тоот гэрээний 2.5-д “...газрын төлбөрийн хөнгөлөлтийн нийт хэмжээ 20,160,000 төгрөг...”  гэж заасан байхаас гадна  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан”....2011 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлсэн, газрын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн ...гэх тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 800 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ДАВААДОРЖ

                                         ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                                                                 Н.БАТЗОРИГ