Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/01586

 

2020                06              10 

             183/ШШ2020/01586

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ................ тоотод оршин байрлах, АЧБ УТҮГ /РД:000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .................. байрлах “ӨББЧБ” ХХК /рд:00000/-д холбогдох,

 

 Гэрээний үүрэгт  5 111 014 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч АЧБ УТҮГ шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…2018 оны 3 дугаар сард Өгөөмөр баян булаг ХХК нь ӨББЧБ ХХК-д эрхээ шилжүүлсний дагуу 2018 оны 3 дугаар сард ӨББЧБ ХХК нь газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргаж, улмаар 2018 оны  дугаар сарын 18-ны өдрийн А/88 дугаартай “Эрх шилжүүлэх тухай”, мөн өдрийн А/89 дугаартай “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 3.6 га газрыг үйлдвэрийн зориулалтаар баталгаажуулсан захирамжуудыг гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 18/40 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ, 18/40 дугаартай АЧБийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Тус компани нь газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, 4.2.4-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” зэрэг үүргээ биелүүлээгүй байна. Иймд “ӨББЧБ” ХХК-иас 2018 оны төлбөр 2 231 014 төгрөг, 2019 оны төлбөр 2 880 000 төгрөг, нийт 5 111 014 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдлийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч “ӨББЧБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмэлт нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгнө” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АЧБ УТҮГ нь хариуцагч “ӨББЧБ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 5 111 014 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч “ӨББЧБ” ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд 3.6 га газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргаж, улмаар чөлөөт бүсийн захирагчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр А/89 тоот захирамжаар тус компанид газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулсан байна.

 

Үүний дараа, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд 18/40 тоот “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр АЧБ УТҮГ нь 3.6 га газрыг ӨББЧБ ХХК-д 8 жилийн хугацаагаар, жилийн 2 880 000 төгрөгийн төлбөртэйгөөр ашиглуулах, ӨББЧБ ХХК нь газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд төлөх үүргийг тус тус  хүлээжээ.  

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасаар газрын төлбөрийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан боловч энэхүү татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Түүнчлэн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лийн гаргасан өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтийг хангаж, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг энэ өдрийг хүртэл хойшлуулж, тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан атал өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мэтгэлцэх эрхээ эдлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хариуцагч ӨББЧБ ХХК-иас 2018 оны газрын төлбөр 2 231 014 төгрөг, 2019 оны газрын төлбөр 2 880 000 төгрөг, нийт 5 111 014 төгрөгийг гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 96 727 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                    

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч ӨББЧБ ХХК-иас 5 111 014  төгрөг гаргуулж, АЧБ УТҮГ-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 96 727 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ