Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2016/00021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, шөнийн болон илүү цагийн нэмэгдэл 11 246 080 /арван нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр хүлээн авч, 155/2015/00919/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуунэхэмжлэгч Г.Б, хариуцагч Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Ч, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2007 оны 7 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртэл 9 жил сахиулаар ажиллаж байх хугацаандаа илүү болон шөнийн цагаар ажилласан нэмэгдэл авч байгаагүй. Энэ мөнгөа авъя гэснээс болж С.Ч даргатай маргалдаж байсан. Би шөнө эргэлт их хийдэг, мөн заримдаа дуудагдаж илүү цагаар ажилладаг байсан. Иймд 2 жил 4 сарын илүү болон шөнийн цагаар нэмэгдлээ 1 шөнийн илүү цагийн мөнгийг 4 цагаар бодож, 1 цагийн мөнгө 3820 төгрөг, 4 цагийн мөнгө 15.280 төгрөг, бүтэн жилээр 4.981.280 төгрөг, 2 жил 4 сараар бодоход нийт 11.246.080 төгрөг болж байна. Би Хөдөлмөрийн хуулийн дагуу илүү болон шөнийн цагийн нэмэгдэл авах эрхтэй гэж бодож байна. Харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

Хариуцагч Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б 2012 оны 01 дүгээр сарын 05-нд миний өмнө даргаар ажиллаж байсан Э-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээн дээр цалингаас бусад нэмэгдэл дээр ур чадварын нэмэгдлийг авна гэсэн байгаа. Үүнээс гадна 2013 оноос хоол, унааны хөнгөлөлтийг олгодог болсон. Түүний дагуу үр дүнгийн урамшуулал улиралд нэг удаа өгч байгаа. Хөдөлмөрийн гэрээнд өдрийн 8 цагаар тогтмол цалинтай ажиллана гэж заасан. Г.Б-ын хувьд шөнө ажилладаг гэдгийг мэдэхгүй байна. Өөрөө бол шөнө олон удаа эргэлт хийдэг гэсэн зүйл ярьдаг ч шөнийн мэдээний дэвтэр дээр болон албаны даргын хувьд надад танилцуулсан зүйл байхгүй тул илүү цагаар ажилласан гэж үзэхгүй байна. Дуудагдаж ажилласан тохиолдол 2013, 2014 оны бүртгэлд ганц хоёр тохиолдол байна. Гэхдээ уг илүү цагаар ажилласны нэмэгдлийг олгож Г.Б гарын үсэг зурж авсан. Мөн 2013-2014 онуудын цагийн бүртгэл дээр Г.Б 8 цагаар ажилладаг нь тодорхой харагдаж байгаа юм. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Г.Б нь хариуцагч Х аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан урьд ажиллаж байсан Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн Техник хангамжийн тасгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, шөнийн болон илүү цагийн нэмэгдэл 11.246.080 /арван нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шөнийн болон илүү цагаар ажилласны нэмэгдэл 11.246.080 /арван нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга ная/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг ажилтантай 8 /найман/ цагаар ажиллаж байхаар байгуулж тогтмол цалин олгодог байсан. Илүү цагаар дуудагдаж ажилласан тохиолдолд цагийн бүртгэлд бүртгэж нэмэгдэл олгож байсан. Иймд 2 жил 4 сарын илүү болон шөнийн цагаар ажилласны нэмэгдэл 11.246.080 /арван нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга ная/ төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.Б нь Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн Техник хангамжийн тасгийн сахиулаар ажиллаж байсан болох нь 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тушаал, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Г.Б нь 2007 оны 7 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртэл уг байгууллагад 9 жил сахиулаар ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа илүү болон шөнийн цагаар ажилласан нэмэгдэл авч байгаагүй тул 1 шөнийн илүү цагийг 4 цагаар бодож, 1 цагийн мөнгө 3820 төгрөг, 4 цагийн мөнгө нь 15.280 төгрөг, бүтэн жилээр 4.981.280 төгрөг, 2 жил 4 сараар бодоход 11.246.080 төгрөг болж байна гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд түүнд хуульд заасан журмын дагуу эрх, үүргийг танилцуулсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, шөнийн болон илүү цагаар ажилласны нэмэгдэл 11.246.080 төгрөг гаргуулах шаардлагынхаа үндэслэлийг нотолж чадахгүй байна.

Иймд нэхэмжлэгч Г.Б-ын Х аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан шөнийн болон илүү цагаар ажилласны нэмэгдэл 11.246.080 /арван нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү болон шөнийн цагаар ажилласан хугацааны нэмэгдэл 11.246.080 /арван нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 197.887 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-ын шөнийн болон илүү цагаар ажилласны нэмэгдэл 11.246.080 /арван нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 11.246.080 /арван нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга ная/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 194.887 /нэг зуун ерэн дөрвөн мянга найман зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ