Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 91

 

Ч.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00532/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  07 дугаар сарын 24-ний өдрийн  854 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Б-т холбогдох

"Зээлийн гэрээний үүрэгт нийт 7.500.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Б-т 2019 оны 04 сарын 18-ны өдөр банкнаас зээл авах гэсэн чинь үлдэгдэл зээлээ төлөөд дараагийн зээл авч болно гэж байна 5.000.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлээч гэсний дагуу бид гэрээ хийж, 5.000.000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирч, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр түүний данс руу шилжүүлсэн. Мөн барьцааны гэрээг байгуулж, түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Р.Б- нь зээлээ хөөцөлдөж байна гэж явсаар гэрээнд заасан нэг сарын хугацааг дуусгасан. Тэгээд зээлийн гэрээг сунгаж, хүүг сарын 10 хувь болгосон. Зээлийн гэрээг 7 удаа сунгасан. Сүүлдээ надаас авсан мөнгөө Х.М- гэх хүнд өгсөн гэж хэлдэг. Би тэр хүнийг танихгүй, цаашаа хүнд өгсөн асуудал надад хамааралгүй, би Р.Б-т өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч миний мөнгийг төлөхгүй хохироож байна. Надад нийт 2,350,000 төгрөгийг буцаан төлсөн. Иймээс одоо үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцааны гэрээгээ үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлье гэхэд хөл муутай, ажил ихтэй гэх зэргээр шалтаглаад очоогүй. Иймээс гэрээгээ бүртгүүлж чадаагүй. Бид нэгэнт тохирсон учраас барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд 5,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлэхээр тохирч, төлж чадахгүй бол 1 сарын хугацаанд төлье гэж гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 2019 оны 04 сарын 18-ны өдөр 5 сая төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байдаг. 1 сарын хугацаанд зээл төлж чадаагүй тул гэрээг сунгая гэсэн хүсэлт тавьж, гэрээ сунгалт хийгээд, өөрөө гарын үсгээ зураад баталгаажуулж өгсөн нь зээлийн гэрээг сунгасан гэж үзэж байгаа, сунгалтыг нотариатаар батлуулах шаардлага байхгүй, тул зээлийн гэрээний дагуу хүү нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 281.3-т зааснаар бичгээр гэрээ байгуулах шаардлага хангагдсан байгаа, мөн хуулийн 232 дугаар зүйлд алданги төлнө гэж заасны дагуу алданги нэхэмжилж байгаа. Алданги нь нэлээдгүй их гарч байсан тул зээлдэгчийн нөхцөл байдалд нь тохируулан багасгасан, алданги 500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хүүг багасган тооцож, 2,000,000 төгрөгийн шаардлага гаргасан. Иймд 7,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Барьцааны гэрээний хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хүчин төгөлдөр бус гэж байгаа боловч зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй, үндсэн мөнгө, хүү алдангийг төлөх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Р.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие Ч.Д-ыг таньдаггүй, энэ хүн дээр зээл авах гэж очоогүй. Нэгдсэн эмнэлгийн шүдний эмч Н.С- нь өөрийн найз Х.М- гэдэг эмэгтэйг дагуулж ирээд бид хоёрт мөнгө хэрэг болоод зээл өгдөг хүнтэй яриад тохирчихсон, барьцаа хөрөнгө байвал зээл өгнө гэсэн, 7 хоногийн хугацаатай байрны ордероо хэрэглүүлээч гэж гуйхаар нь итгээд ордероо барьцаалуулахыг зөвшөөрсөн. 2019 оны 04 сарын 18-ны өдөр Н.С-э, Х.М- хоёр намайг ажил дээрээс ирж аваад хамт явж Парк таунаас мөнгө зээлдэг Ч.Д-ыг авч бид Олон улсын худалдааны төвд байрлах нотариат дээр хамт очиж гэрээ хийж батлуулсан. Ч.Д- миний эзэмшлийн 5055155910 тоот дансанд 5,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн. Уг 5 сая төгрөгийг 5 минутын дараа миний бие Х.М-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5086041826 тоот данс руу бэлэн бусаар шилжүүлсэн болно. Миний бие уг 5,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг өөртөө аваагүй бөгөөд Н.С-, Х.М- нарт тусалъя гэж энэ үйлдлийг хийсэн. Ч.Д-ас авсан гэх 5 сая төгрөгийг хүүгийн хамт Х.М- төлөхөөр тохирсон.

..Миний бие арга буюу Ч.Д-ын 5109004495 тоот данс руу 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Х.М- нь Ч.Д-ын данс руу 2019 оны 04 сарын 26-ны өдөр 450,000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 05 сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 06 сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 08 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг бэлэн бусаар, 2019 оны 07 сард бэлнээр 150,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг буцаан өгсөн тул үлдэх 2,500,000 төгрөгийг Х.М-ээс авч, өгнө гэж бодож байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Р.Б- нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үл зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч нь бодит байдлаас өөрөөр мэдүүлээд байгаа юм. 2019 оны 04 сарын 18-ны өдөр банкнаас зээл авах гэхэд үлдэгдлээ төлөөд зээл авч болно гэж 5 сая төгрөг зээлээч гэсэн тайлбар хэлдэг. Гэтэл Р.Б- энэ хүнийг танихгүй, Нэгдсэн эмнэлгийн шүдний эмч Н.С-, Х.М- нар энэ хүнтэй уулзаж, Р.Б-т байраа барьцаалуулаач гэхэд нь Р.Б- нь Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмчээр ажиллаж байсан, Н.С-, Х.М- нартай хамт явж, гэрээ байгуулсан байдаг.

Р.Б-ийн данс руу 5.000.000 төгрөг шилжиж орсон, тэгээд 5 минутын дараа Х.М-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Гэхдээ Р.Б- өөрөө зээлийн гэрээнд гарын үсэг зурж, мөнгө түүний дансанд шилжин орсон үндэслэлээр зээлийн төлбөрөөс өөрөө шилжүүлсэн 1,000,000 төгрөг, Х.М-ээс шилжүүлсэн 1,350,000 төгрөг, бэлнээр өгсөн 150,000 төгрөгийг тус тус хасаад үлдэх төлбөрийг зөвшөөрч байгаа. Зээлийн хүүгийн хувьд хоногийн 1 хувь гэхээр 1 сарын 1,500,000 төгрөг болж байгаа бөгөөд энэ хүүгийн хэмжээ маш өндөр, бодит байдал нийцэхгүй юм. Гэхдээ хариуцагчийн зүгээс нэг сарын хүү хоногийн 1 хувиар тооцсоныг маргаагүй. Манай зүгээс алдангийн хэмжээ их байгаа талаар тайлбар гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, алданги 500,000 төгрөг нэхэмжилж байгаа тул түүнийг зөвшөөрнө. Түүнээс гэрээний сунгалтыг зөвшөөрөхгүй. Учир нь талууд тохиролцон хугацаа дуусах тухай бүртээ сунгалт хийгээгүй, нэхэмжлэгчийн шахалтаар хариуцагч Р.Б- 2019 оны 11 сарын 23-ны өдөр бүх сунгалтуудыг нэг доор бичээд энэ хоёр хамт нотариат дээр очиход нотариат тус бүр сунгалт хийгдээгүй, батлах боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг.

Иргэний хуульд зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ болох нь тогтоогдож байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 854 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Р.Б-ээс 4.650.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2.850.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны 40 тоот 39,8 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205.150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 89.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Д-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Талууд хооронд анх зээлийн гэрээ байгуулахдаа  5.000.000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлийн гэрээний гол нөхцөлөө харилцан тохиролцсон. Гэрээний хугацаа дуусахад зээлдэгч Р.Б- нь зээлдүүлэгч Ч.Д-д сарын зээлийн хүү болох 1.500.000 төгрөгийг төлөөд зээлийн гэрээг дахин нэг сараар сунгах саналаа хэлж талууд харилцан зөвшөөрөлцсөнөөр гэрээг дахин 1 сараар сунгасан байдаг. Энэ мэтээр талууд харилцан тохиролцож гэрээг 7 удаа сунгасан байдаг. Ингээд Р.Б- нь гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлдэгчид зээлдэгчид чирэгдэл учруулж байсан учраас нэхэмжлэгч Ч.Д- нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүн болох 7.500.000 төгрөгд эхний сарын хүүнд өгсөн 1.500.000 төгрөгийг тооцоогүй. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит үйл явдалд буруу дүгнэлт хийж эхний сарын хүүнд өгсөн 1.500.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцон шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна.

Нэхэмжлэгч нь гэрээний сүүлийн 7 удаагийн сунгалтын хугацааны хүүг гэрээ ёсоор тооцон бүтэн нэхэмжилж болох ч зээлдэгчийн эдийн засгийн нөхцөл доройтсон байдлыг харгалзан үзэж хүүгээ бууруулан 10 хувиар тооцон гаргуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байхад нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбарт буруу дүгнэлт хийж гэрээний сунгалтад зээлийн хүүгийн хэмжээг 10 хувь гэж бичээгүй байна гэж ташаа дүгнэлт хийн зээлийн хүүг хассан.

Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 6.4-т заасны дагуу зөвхөн хугацааны тал дээр саналаа солилцож хугацааг сунгаад явсан байдаг.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 196.1.5 заасны дагуу гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ. Гэтэл анхан шатны шүүх гэрээний 7 удаагийн хугацаа сунгасан байдлыг дүгнэхдээ нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, гэрээ сунгасан огноо тавигдаагүй  байгаа учраас гэрээг сунгасан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа болжээ.

Гэрээний үүрэг гүйцэтгэгч үүрэг биелүүлэх хугацааг сунгаснаа өөрөө зөвшөөрөөд зөвшөөрснөө илэрхийлж өөрийн гараар бичилт хийж өгсөн байхад зээлдэгч заавал гарын үсгээ зурах шаардлагагүй юм. Мөн гэрээний сунгалтан дээр сунгалт хийж буй он, сар, өдрөөр хугацааг тодорхой зааж бичсэн байхад заавал гэрээ сунгасан өдрийн огноог давхар бичсэн байхыг шаардсан нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Д- хариуцагч Р.Б-т холбогдуулж зээлийн үндсэн төлбөр 5.000.000 төгрөг, зээлийн хүү, алданги 2.500.000 төгрөг нийт 7.500.000 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээгээр тохиролцсон хүүнд 2.000.000 төгрөг, алданги 500.000 төгрөг гэж тодруулсан байна. Хариуцагч Р.Б- энэ зээлээс би нэг ч төгрөг аваагүй,эмч Н.С-, Х.М- нарт туслахын тулд энэ үйлдлийг хийсэн, намайг дарамтлаад байхаар нь арга буюу 1.000.000 төгрөгийг буцааж төлсөн, жинхэнэ зээлдэгч нь Х.М- бөгөөд  1.500.000 төгрөгийг буцааж төлсөн, одоо үлдэх 2.500.000 төгрөгийг жинхэнэ хариуцагч Х.М-ээс авч өгнө гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар  талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, өдрийн нэг хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны 40 тоот байрыг барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд зохигчдын хэн аль нь эдгээр гэрээнүүдийн  талаар маргаагүй байна.

Дээрх гэрээнүүдээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хэрэгт авагдсан Р.Б-ийн ХААН банк дахь эзэмшлийн 5055155910 дугаартай данснаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, Х.М-ийн эзэмшлийн 5086041826 дугаартай данснаас 2019 оны 05 дугаар сарын 03- ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 4 удаагийн шилжүүлгээр 1.350.000 төгрөг тус тус нэхэмжлэгч Ч.Д-ын ХААН банк дахь 5109004495 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь тус банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Ч.Д- дээрх 2.350.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг болно.

Иймд хариуцагч Р.Б-ийг зээлийн гэрээний үүрэгт 2.350.000 төгрөгийг буцаан төлсөн байна гэж үзнэ.

Зээлийн гэрээг 7 удаа сунгасан тухай бичвэр байх боловч хариуцагч Р.Б- энэхүү зээлийн гэрээний сунгалтыг тухай бүрд нь харилцан тохиролцож, сунгаж байгаагүй, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бүгдийг нэг дор бичээд надаар гарын үсэг зуруулаад нотариатаар батлуулах гэтэл нотариат гэрээний сунгалтыг тухайн үед нь хийсэн тохиолдолд гэрчилнэ, нэг дор нөхөж бичсэн сунгалтыг гэрчлэхгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч Ч.Д- үгүйсгээгүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээний харилцаа 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дууссан байна гэж үзнэ.

Гэрээг сунгах тухай асуудал нь гэрээний аль нэг талын санаачилгаар үүсэх бөгөөд талууд гэрээний сунгалтын талаар харилцан тохиролцсон тохиролцоо нь гэрээний хугацаа дуусахаас өмнө хийгдсэн байх ёстой.

Гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болох тул гэрээг сунгах гэдэг нь боломжгүй зүйл.

Иймд хэрэгт ийм тохиролцоо, мөн гэрээг хугацаа дуусахаас өмнө тухай бүрт нь сунгаж байсан тухай баримт авагдаагүй тул сунгагдаж байсан гэж дүгнэхээргүй байна.

Гэрээний 3.7-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч алдангийн хэмжээг 500.000 төгрөгөөр тооцон шаардаж байгаа нь гэрээний дээрх заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд энэ хуулийн 156.3-т энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан тул талуудын хооронд хийгдсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээнд тооцогдох бөгөөд нэхэмжлэгч Ч.Д- хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэл болгон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй байна.

Анхан шатны шүүх зээл болон барьцааны гэрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг зөв шийдвэрлэжээ. 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, алдаа гаргасан гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 854 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Д-ын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай,

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                        ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

                                                                                                           Л.АМАРСАНАА