Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 854

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00532/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: ...аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух ... овогт Ч.Д /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...аймгийн ... сум, ... дүгээр баг, ...дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух ... овогт Р.Б  /РД:.../-т холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,500,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Б 2019 оны 04 сарын 18-ны өдөр банкнаас зээл авах гэсэн чинь үлдэгдэл зээлээ төлөөд дараагийн зээл авч болно гэж байна 5,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлээч гэсний дагуу бид гэрээ хийж, 5,000,000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирч, 2019 оны 04 сарын 18-ны өдөр түүний дансруу шилжүүлсэн. Мөн барьцааны гэрээг байгуулж, түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Р.Бнь зээлээ хөөцөлдөж байна гэж явсаар гэрээнд заасан нэг сарын хугацааг дуусгасан. Тэгээд зээлийн гэрээг сунгаж, хүүг сарын 10 хувь болгосон. Зээлийн гэрээг 7 удаа сунгасан. Сүүлдээ надаас авсан мөнгөө Х.М гэх хүнд өгсөн гэж хэлдэг. Би тэр хүнийг танихгүй, цаашаа хүнд өгсөн асуудал надад хамааралгүй, би Р.Б өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч миний мөнгийг төлөхгүй хохироож байна. Надад нийт 2,350,000 төгрөгийг буцаан төлсөн. Иймээс одоо үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцааны гэрээгээ үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлье гэхэд хөл муутай, ажил ихтэй гэх зэргээр шалтаглаад очоогүй. Иймээс гэрээгээ бүртгүүлж чадаагүй. Бид нэгэнт тохирсон учраас барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Талууд 5,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлэхээр тохирч, төлж чадахгүй бол 1 сарын хугацаанд төлье гэж гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 2019 оны 04 сарын 18-ны өдөр 5 сая төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байдаг. 1 сарын хугацаанд зээл төлж чадаагүй тул гэрээг сунгая гэсэн хүсэлт тавьж, гэрээ сунгалт хийгээд, өөрөө гарын үсгээ зураад баталгаажуулж өгсөн нь зээлийн гэрээг сунгасан гэж үзэж байгаа, сунгалтыг нотариатаар батлуулах шаардлага байхгүй, тул зээлийн гэрээний дагуу хүү нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 281.3-т зааснаар бичгээр гэрээ байгуулах шаардлага хангагдсан байгаа, мөн хуулийн 232 дугаар зүйлд алданги төлнө гэж заасны дагуу алданги нэхэмжилж байгаа. Алданги нь нэлээдгүй их гарч байсан тул зээлдэгчийн нөхцөл байдалд нь тохируулан багасгасан, алданги 500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хүүг багасган тооцож, 2,000,000 төгрөгийн шаардлага гаргасан. Иймд 7,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Барьцааны гэрээний хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хүчин төгөлдөр бус гэж байгаа боловч зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй, үндсэн мөнгө, хүү алдангийг төлөх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч Р.Бшүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ч.Д-ыг таньдаггүй, энэ хүн дээр зээл авах гэж очоогүй. Нэгдсэн эмнэлгийн шүдний эмч Н.С нь өөрийн найз Х.М гэдэг эмэгтэйг дагуулж ирээд бид хоёрт мөнгө хэрэг болоод зээл өгдөг хүнтэй яриад тохирчихсон, барьцаа хөрөнгө байвал зээл өгнө гэсэн, 7 хоногийн хугацаатай байрны ордероо хэрэглүүлээч гэж гуйхаар нь итгээд ордероо барьцаалуулахыг зөвшөөрсөн. 2019 оны 04 сарын 18-ны өдөр Н.С, Х.М хоёр намайг ажил дээрээс ирж аваад хамт явж Парк таунаас мөнгө зээлдэг Ч.Д авч бид Олон улсын худалдааны төвд байрлах нотариат дээр хамт очиж гэрээ хийж батлуулсан. Ч.Д миний эзэмшлийн 5055155910 тоот дансанд 5,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн. Уг 5 сая төгрөгийг 5 минутын дараа миний бие Х.Мэзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансруу бэлэн бусаар шилжүүлсэн болно. Миний бие уг 5,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг өөртөө аваагүй бөгөөд Н.Э, Х.Мнарт туслая гэж энэ үйлдлийг хийсэн. Ч.Д-ас авсан гэх 5 сая төгрөгийг хүүгийн хамт Х.Мөнхчимэг төлөхөөр тохирсон.

..Миний бие арга буюу Ч.Д-н ... тоот дансруу 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Х.М нь Ч.Д-ын дансруу 2019 оны 04 сарын 26-ны өдөр 450,000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 05 сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 06 сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 08 сарын         30-ны өдөр 300,000 төгрөг бэлэн бусаар, 2019 оны 07 сард бэлнээр 150,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг буцаан өгсөн тул үлдэх 2,500,000 төгрөгийг Х.М-ээс авч, өгнө гэж бодож байна...“ гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Р.Бнь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үл зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч нь бодит байдлаас өөрөөр мэдүүлээд байгаа юм. 2019 оны 04 сарын 18-ны өдөр банкнаас зээл авах гэхэд үлдэгдлээ төлөөд зээл авч болно гэж 5 сая төгрөг зээлээч гэсэн тайлбар хэлдэг. Гэтэл Р.Бэнэ хүнийг танихгүй, Нэгдсэн эмнэлгийн шүдний эмч Н.Э, Х.Мнар энэ хүнтэй уулзаж, Р.Ббайраа барьцаалуулаач гэхэд нь Р.Бнь Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмчээр ажиллаж байсан, Н.Э, Х.Мнартай хамт явж, гэрээ байгуулсан байдаг.

Р.Баасанхишигийн данс руу 5,000,000 төгрөг шилжиж орсон, тэгээд 5 минутын дараа Х.М  дансруу шилжүүлсэн байдаг. Гэхдээ Р.Б өөрөө зээлийн гэрээнд гарын үсэг зурж, мөнгө түүний дансанд шилжин орсон үндэслэлээр зээлийн төлбөрөөс өөрөө шилжүүлсэн 1,000,000 төгрөг, Х.М-ээсшилжүүлсэн 1,350,000 төгрөг, бэлнээр өгсөн 150,000 төгрөгийг тус тус хасаад үлдэх төлбөрийг зөвшөөрч байгаа. Зээлийн хүүгийн хувьд хоногийн 1 хувь гэхээр 1 сарын 1,500,000 төгрөг болж байгаа бөгөөд энэ хүүгийн хэмжээ маш өндөр, бодит байдал нийцэхгүй юм. Гэхдээ хариуцагчийн зүгээс нэг сарын хүү хоногийн 1 хувиар тооцсоныг маргаагүй. Манай зүгээс алдангийн хэмжээ их байгаа талаар тайлбар гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, алданги 500,000 төгрөг нэхэмжилж байгаа тул түүнийг зөвшөөрнө. Түүнээс гэрээний сунгалтыг зөвшөөрөхгүй. Учир нь талууд тохиролцон хугацаа дуусах тухай бүртээ сунгалт хийгээгүй, нэхэмжлэгчийн шахалтаар хариуцагч Р.Б 2019 оны 11 сарын 23-ны өдөр бүх сунгалтуудыг нэг доор бичээд энэ хоёр хамт нотариат дээр очиход нотариат тус бүр сунгалт хийгдээгүй, батлах боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг.

Иргэний хуульд зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ болох нь тогтоогдож байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Р.Б холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, зээлийн хүү, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдсан үнээс гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хүү, алдангийн хэмжээний талаар тодруулахад нэхэмжлэгч Ч.Д хүүнд 2,000,000 төгрөг, алдангийг багасгаж тооцож, 500,000 төгрөгөөр тус тус тооцож нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 04 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирч, зохигчид гарын үсэг зурсан бөгөөд мөн өдрийн барьцааны гэрээгээр ...аймгийн ... сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 7-40 тоот, 39,8 мкв талбай бүхий орон сууцыг барьцаалсан, 2019 оны 04 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ч.Д нь өөрийн Хаан банкин дахь ... дугаартай данснаас хариуцагч Р.Б ... тоот дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид дээрх үйл баримтын талаар болон зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.1-д “зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болно”, 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Ч.Д нь 5,000,000 төгрөгийг хариуцагч Р.Бшилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байх бөгөөд хариуцагч Р.Бнь 2,500,000 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан Р.Б эзэмшлийн ... тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар 1,000,000 төгрөг, Х.М-н ... тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар 1,350,000 төгрөг тус тус нэхэмжлэгч Ч.Д Хаан банкин дахь ... тоот дансанд шилжин орсон болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Ч.Д нь нийт үнийн дүн болох 2,350,000 төгрөгийг дээрх зээлийн гэрээний үүрэгт хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч байна.

Харин хариуцагчийн бэлнээр өгсөн гэх 150,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн аваагүй гэж маргаж байгаа бөгөөд хариуцагчийн 150,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул 150,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч Р.Бнь зээлийн гэрээний үүрэгт нийт 2,350,000 төгрөгийг буцаан төлсөн байна.

 

Нэхэмжлэгч Ч.Д нь “...зээлийн гэрээний хугацааг 7 удаа тус бүр 1 сараар сунгасан, сунгалтыг хариуцагч Р.Бөөрөө сар бүр бичээд гарын үсэг зураад явж байсан” гэж, хариуцагч Р.Бнь “...намайг ажил хийлгэхгүй ажил дээр ирж дарамтлаад байхаар нь 2019 оны 11 сарын 23-ны өдөр надтай хамт олон улсын худалдааны төвд байрлах нотариат дээр хамт очоод зээлийн гэрээний ард бичигдсэн сунгалтуудыг нэг дор бүгдийг нь бичээд нотариатаар батлуулах гэтэл нотариатч сунгалтыг тухайн сунгаж байгаа үед нь хийсэн тохиолдолд гэрчилнэ, ингэж нэг дор нөхөж бичсэн сунгалтуудыг гэрчлэх боломжгүй гээд буцаасан...” гэж тус тус тайлбарладаг болно.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 04 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний талуудын гарын үсэгний доор гар бичмэлээр гэрээг сунгасан тухай 7 удаагийн хугацаа бичигдсэн байгаа боловч нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, гэрээг сунгасан гэх огноо тавигдаагүй зэргээс үзэхэд энэ нь сар бүр гэрээг сунгах талуудын тохиролцоо гэж үзэх боломжгүй юм.

Нөгөө талаас нэхэмжлэгч Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...эхний 1 сар хүүг гэрээнд зааснаар өдрийн нэг хувь гэж байгаад 2 дахь сараас нь эхэлж сарын 10 хувь болгон багасгаж өөрчилсөн” гэсэн боловч энэ талаар гэрээндээ тусгаагүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 6.4-т “Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухай саналаа нөгөө талдаа мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гарын үсэг зурах бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно” гэж заажээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээг байгуулсанд тооцохоор заасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2019 оны 05 сарын 18-ны өдөр дууссан байна гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Р.Б зээлийн гэрээний нийт үүрэг нь үндсэн зээл 5,000,000 төгрөг, нэг сарын хугацааны өдрийн 1 хувийн хүү болох 1,500,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Д-д буцаан төлөх үүрэгтэй гэж үзээд буцаан төлсөн 2,350,000 төгрөгийг хасаж тооцоход 4,150,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч талаас зээлийн хүүгийн хэмжээг багасгах талаар хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг сарын хүү 1,500,000 төгрөгийн хувьд маргаангүй гэснийг дурдаж байна. 

 

Талууд зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр заасан боловч нэхэмжлэгч алдангийн хэмжээг 500,000 төгрөгөөр тогтоож шаардаж байгаа нь гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Р.Б-с нийт 4,650,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,850,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын тухайд дүгнэхэд хариуцагч тал тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж, нэхэмжлэгч тал хариуцагч Р.Б-ийн буруутай байдлаас болж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж чадаагүй боловч нэгэнт талууд тохиролцсон тул тус шаардлага үндэслэлтэй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд 156.3-т энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилжээ.

            Хэрэгт авагдсан 2019 оны 04 сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгэгдээгүй, дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчин төгөлдөр бус гэрээ байна.

Иймд энэхүү хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэл болгон шаардлага гаргах эрхгүй байх тул нэхэмжлэгч Ч.Д-ынбарьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х.М-ээсгэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасныг шүүх ханган шийдвэрлэж, шүүгчийн захирамж гарсан боловч захирамжид заасан ажиллагаа хийгдэх боломжгүй байдал тогтоогдсон, хүсэлт гаргагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э нь энэхүү гэрч асуулгах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Р.Б-ээс4,650,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2,850,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох ...аймгийн ... сумын 11 дүгээр баг, ... дугаар хороолол, .. дугаар байрны 40 тоот 39,8 мкв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Б-ээсулсын тэмдэгтийн хураамжид 89,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Дд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ОЮУНЦЭЦЭГ