Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 92

 

З.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00530/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  07 дугаар сарын 02-ны өдрийн 779 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Э-,

                   Г.Г- нарт холбогдох

"Эмээлийн гөлөмний үнэ 1.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Г.Г-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч Г.Г-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч З.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 17.00 цагийн үед Дарханаас Улаанбаатар чиглэлийн 40-20 УНЗ улсын дугаартай автобусанд 1 ширхэг нь 300.000
төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг эмээлийн гөлөм дайж явуулсан. Уг дайврыг автобусанд аваачиж өгөхөд ачигч Б.Э- гэх залуу автобусанд хүний ачаа, дайвар, зорчигчдын ачааг ачиж байсан. Надад багаажны хаалгыг онгойлгож өгөөд би дайврыг багаажинд хийсэн. Б.Э- багаажны хаалгыг хааж, жолоочийн утасны дугаар болон автобусны дугаарыг надад хэлж өгсөн. Уг дайвар хүлээн авах хүний утасны дугаарыг бичиж
явуулсан. Гэтэл дайвар очоогүй, замдаа гээгдсэн байсан. Би нэг удаа ачаа явуулж байгаа биш өмнө нь олон удаа явуулж байсан бөгөөд Б.Э-д өгөөд тосож авах хүн нь хүлээгээд авдаг байсан. Би жолоочоос асуухад тийм дайвар ирээгүй, байхгүй, замд тээш онгойгоод дайвар хаягдсан байна гэж хэлсэн. Иймээс гөлөмний үнэ болох нийт 1.500.000 төгрөгийг хариуцагч Б.Э-, Г.Г- нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Үнийн хувьд шинжээчийн үнэлгээ гарсан, нэг бүр нь 350.000 төгрөг буюу 1.750.000 төгрөгийн үнэтэй гэсэн дүгнэлт гарсан. Мөн гэрч Н- гэдэг хүнээс нэг ширхгийг нь 300.000 төгрөгөөр 5 ширхэг гөлмийг 1.500.000 төгрөгөөр авсан гэсэн гэрчийн мэдүүлэг байна. Гөлөм хийсэн хийгээгүй гэдэг дээр маргаан байхгүй байна. Б.Э-ын хувьд ачааг хүлээж авсан, ачаа гээгдчихсэн гэдгээ хүлээсэн. Тийм учраас Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу ачааг хүлээлгэж өгсөн байдаг. Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна. Б.Э- 750.000 төгрөгийг төлнө, Г.Г- 750.000 төгрөгийг хариуцах ёстой гэж ярьж байгаа, бид хоёуланг нь хариуцагчаар татсан. Тээвэрлэгчийн хариуцлага гэдгийг жолооч хүн хүлээх ёстой. Явж байхад, ачаа тээшний хаалга онгойх үндэслэл байх ёсгүй, жолооч хариуцах ёстой. Тийм учраас харилцан адил хариуцлага хүлээж 750.000 төгрөгийг Г.Г- гаргах ёстой. Учир нь Б.Э- руу бүх бурууг чихэж хариуцуулах ёсгүй, Б.Э- 750.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас Г.Г- 750.000 төгрөгийг төлөх ёстой, хэрэв Б.Э- төлөхгүй, би хариуцахгүй гэсэн бол Г.Г- 1.500.000 төгрөгийг бүрэн хариуцах ёстой байсан гэжээ.

Хариуцагч Б.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...З.Э- хавтгай зүйл өгч явуулсан нь үнэн. Тухайн үед жолоочдоо дайвар хийсэн гэж хэлж амжаагүй автобус хөдөлсөн. Жолооч замдаа над руу утсаар залгаж ямар дайвар хийсэн бэ гэхэд нь 3 дайвар хийсэн, нэг нь нэг хавтгай зүйл байгаа гэж хэлсэн, тэгэхэд 2 дайвар нь унаж гээгдсэн байна гэж Г.Г- жолооч надад хэлсэн. Нэхэмжлэгч надаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин одоо 1.500.000 төгрөгийн тал хувь болох 750.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь ачаа алга болох асуудал гарч байсан бөгөөд жолоочтойгоо хуваагаад хохирлыг барагдуулдаг байсан юм. Иймд тал хувь 750.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Г.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би Т- А- ХХК-ийн жолоочоор ажилладаг. УБ-ДА, ДА-УБ чиглэлийн автобус жолооддог. Тухайн өдрийн хуваарьт явж байсан. Тус өдөр 17.00 цагаас хөдлөөд Дархан хаалга өнгөрөөд явж байтал багаж онгойгоод ачаа гээгдсэн байсан. Миний өөрийн хариуцаж авсан дайврууд байсан, Б.Э- руу залгаж ачаа нэмж хийсэн талаар асуух гэтэл утас нь холбогдохгүй байсан. Би цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж Улаанбаатар орсон. Тэгээд Б.Э-оос асуухад 3 ачаа хийсэн гэсэн, тэгээд ачаагаа хаягдсан гэдгийг мэдсэн. Бас өөр хүний дайвар хаягдсан байсан, би тэр хүмүүстэй уулзаж гомдолгүй болгосон. Харин З.Э-ийн ачааны хувьд надад хүлээлгэж өгөөгүй тул би хариуцахгүй. Б.Э-той нийлж дураараа миний автобусны багаж онгойлгон хийсэн байгаа учир надад хамааралгүй. З.Э- тухайн үед 700.000 төгрөгийг та 2 хуваагаад өгчих гэж байсан. Тухайн үед ковид-19 өвчнөөс болж би ажилгүй байсан учир орлогогүйн улмаас зөвшөөрөөгүй. Иймд надаас нэхэмжилж байгаа 750.000 төгрөгийг зөвшөөрөхгүй, надад төлөх боломж байхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 779 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Г-ээс 750.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Э-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Э- өөрт ногдох нэхэмжлэлийн шаардлага болох 750.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-ээс 19.475 төгрөг, хариуцагч Б.Э-оос 19.475 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж, нэхэмжлэгч З.Э-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Г- давж заалдсан гомдолдоо:

            Хариуцагч Г.Г- би Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020,07,02-ны өдрийн 779 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт буюу “...хариуцагч Г.Г-ээс 750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Э-д олгосугай” гэснийг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний хувьд Т- А- ХХК-д автобусны жолоочоор ажилладаг бөгөөд УБ-ДА, ДА-УБ чиглэлийн автобус жолооддог юм. 2020 оны 03 дугаар сарны 03-ны өдрийн 17:00 цагт ДА-УБ чиглэлд зорчигч тээвэрлэсэн юм. Би компанийн жолооч учраас хувь хүнээр автобусаа цэвэрлүүлэх болон ачаа тээш авхуулах зэрэг үйлчилгээг хийлгэдэггүй юм. Ийм үйлчилгээг өөрийн автобусаар хувираа зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаг жолооч нар авдаг юм.

Тухайн өдөр би Б.Э-оор ачаа /дайвар/ авах ажил хийлгээгүй юм. Би хуваарийн дагуу автобусаа байрлуулаад зорчигчдыг суулгаад, ачаа барааг нь тээшиндээ хийж хаалгыг нь хаагаад бүх үйлдлээ нягтлаад хөдлөхөд бэлэн болгоод 16 цаг 55 минутад Автовокзалын билетийн касс руу очиж замын хуудсаа авч ирээд яг 17.00 цагт хөдөлсөн юм.

Нэхэмжлэгч З.Э- нь надад эмээлийн гөлөм өгч явуулах талаар огт хэлээгүй, надад гөлөм өгсөн зүйл байхгүй бөгөөд би ийм гөлөм өгч явуулсныг ч мэдээгүй. З.Э- нь Б.Э-д өгсөн гэдэг бөгөөд Б.Э- ч энэ талаар надад хэлээгүй юм. Харин тэр өдөр Б.Э- согтуу тэр хавиар явж байсныг санаж байна.

Зүй нь бол З.Э- манай автобусанд ачаа дайж явуулах бол жолооч надтай уулзаад ийм эд зүйл явуулъя гээд хаяг утас аа солилцоод, үнэ хөлсөө төлөөд явах ёстой байсан юм.

Б.Э- болохоор уг гөлөмнүүдийг нь зорчигчдын ачаа барааг хийдэг тээшинд хийгээгүй жолоочийн багаж хэрэгслээ хийдэг тусгай саванд багажнуудын дээр тавьсан юм шиг байна лээ.

Хэрвээ би энэ эд зүйлийг албан ёсоор хүлээж авч яваад гээсэн бол шууд төлбөрийг төлж барагдуулна. Гэтэл Б.Э- дураараа аашилж надад хэлэлгүй, зориулалтын бус газарт эд зүйлийг тавьж хаалгыг нь дутуу хаасны улмаас уг эд зүйлүүд гээгдсэн байх тул би З.Энх- Эрдэнэд төлбөр төлөх ёсгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар надаас 750.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Э-д олгуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З.Э- хариуцагч Г.Г-, Б.Э- нараас 5 ширхэг эмээлийн гөлөмний үнэ 1.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б.Э- 750.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Г.Г- нэхэмжлэгчтэй би ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Г.Г- татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч З.Э-эс би ямар нэгэн ачаа /дайвар/ хүлээж аваагүй, миний зөвшөөрөлгүй автобусны ачаа тээвэрлэх хэсэгт дайвараа хийсэн” гэж тайлбарлажээ.

Болсон үйл баримтаас үзвэл: Хариуцагч Г.Г- нь “Т- А-” ХХК-ий Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан чиглэлийн зорчигч тээврийн  автобусны жолоочоор ажилладаг бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 17 цагт Дархан-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэхдээ нэхэмжлэгч З.Э-ийн 5 ширхэг эмээлийн гөлөмийг /дайвар/ Улаанбаатар хотод хүргэх зорилгоор тээвэрлэсэн болох нь нэхэмжлэгчийн болон хариуцагч Б.Э-ын шүүхэд гаргасан тайлбар, тухайн өдрийн камерын бичлэгийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч З.Э- тухайн ачааг хариуцагч Г.Г-ийн жолоодож явсан зорчигч тээврийн автобусны зорчигчийг суулгах, ачааг ачих үүргийг гүйцэтгэж байсан хариуцагч Б.Э-д хүлээлгэн өгсөн, тээвэрлэх явцад автобусны тээшний хаалга онгойж, 2 ширхэг ачаа гээгдсэн талаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Эдгээр баримтуудаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Хариуцагчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар жолооч Г.Г- нь компаний өмнө хүлээсэн үүргээс гадна иргэдээс хувиараа жижиг оврын ачааг тодорхой хөлстэйгөөр хүлээн авч тээвэрлэдэг, хариуцагч Б.Э- нь Г.Г-ийн жолоодож буй автобусыг цэвэрлэж, зорчигчийг хүлээн авч суулгах, ачаа, тээшийг ачих мөн иргэдээс ирсэн дайвар ачааг хүлээн авч ачих, хөлсийг жолооч Г.Г-эд хүлээлгэн өгөх үүргийг Г.Г-ийн өмнө хүлээж, Г.Г- нь нэг удаагийн гаралтаас 3.000-5.000 төгрөгийн хөлс төлдөг нь тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч Г.Г- дайвар ачааг хүлээн аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Б.Э- дайвар ачааг хүлээн авснаа зөвшөөрдөг бөгөөд дайвар ачааг хүлээн авах эрх бүхий этгээд мөн байна.

Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчид, хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасныг үндэслэн тайлбарласныг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж зааснаар хариуцагч Г.Г- гээгдсэн ачааны төлбөрийг хэсэгчлэн хариуцах үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаар 5 ширхэг эмээлийн гөлмийг 1.750.000 төгрөгөөр үнэлсэн хэдий ч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1.500.000 төгрөгөөр тодорхойлсон, хариуцагчид үнийн дүнгийн талаар маргаагүй болно.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтууд,зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд хариуцагч Г.Г-ийн би нэхэмжлэгчийн дайвар ачааг би өөрөө хүлээж аваагүй, хариуцагч Б.Э-оор дайвар ачаа авах ажил хийлгээгүй, надад хэлэлгүй зориулалтын бус газар ачааг хийсэн нь миний буруу биш, төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 779 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Г.Г-ээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

                                  

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                           ШҮҮГЧИД                               М.МӨНХДАВАА

                                                                                                           Л.АМАРСАНАА