Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 779

 

                                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00530/и

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух ... овогт З-гийн Э/РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... баг, ... тоотод оршин суух ... овогт Б-гийн Э /РД:.../,

 

 Хариуцагч: ... хот, ... дүүргийн ... хороо, ... хороолол ... байрны .. тоотод оршин суух ... овогт Г-ийн Г /РД:.../ нарт холбогдох,

 

“Эмээлийн гөлөмний үнэ 1,500,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч Б.Э, Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 03 сарын 04-ний өдөр 17.00 цагийн үед Дарханаас Улаанбаатар чиглэлийн ... улсын дугаартай автобусанд 1 ширхэг нь 300,000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг эмээлийн гөлөм дайж явуулсан. Уг дайврыг автобусанд аваачиж өгөхөд ачигч Б.Э гэх залуу автобусанд хүний ачаа, дайвар, зорчигчдын ачааг ачиж байсан. Надад багаажны хаалгыг онгойлгож өгөөд би дайврыг багаажинд хийсэн. Б.Э багаажны хаалгыг хааж, жолоочийн утасны дугаар болон автобусны дугаарыг надад хэлж өгсөн. Уг дайвар хүлээн авах хүний утасны дугаарыг бичиж явуулсан. Гэтэл дайвар очоогүй, замдаа гээгдсэн байсан. Би нэг удаа ачаа явуулж байгаа биш өмнө нь олон удаа явуулж байсан бөгөөд Эд өгөөд тосож авах хүн нь хүлээгээд авдаг байсан. Би жолоочоос асуухад тийм дайвар ирээгүй, байхгүй, замд тээш онгойгоод дайвар хаягдсан байна гэж хэлсэн. Иймээс гөлөмний үнэ болох нийт 1,500,000 төгрөгийг хариуцагч Б.Э, Г.Г нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Үнийн хувьд шинжээчийн үнэлгээ гарсан, нэг бүр нь 350,000 төгрөг буюу 1,750,000 төгрөгийн үнэтэй гэсэн дүгнэлт гарсан. Мөн гэрч Н гэдэг хүнээс нэг ширхгийг нь 300,000 төгрөгөөр 5 ширхэг гөлмийг 1,500,000 төгрөгөөр авсан гэсэн гэрчийн мэдүүлэг байна. Гөлөм хийсэн хийгээгүй гэдэг дээр маргаан байхгүй байна. Б.Э-ын хувьд ачааг хүлээж авсан, ачаа гээгдчихсэн гэдгээ хүлээсэн. Тийм учраас Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу ачааг хүлээлгэж өгсөн байдаг. Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна. Б.Э 750,000 төгрөгийг төлнө, Г.Г 750,000 төгрөгийг хариуцах ёстой гэж ярьж байгаа, бид хоёуланг нь хариуцагчаар татсан. Тээвэрлэгчийн хариуцлага гэдгийг жолооч хүн хүлээх ёстой. Явж байхад, ачаа тээшний хаалга онгойх үндэслэл байх ёсгүй, жолооч хариуцах ёстой. Тийм учраас харилцан адил хариуцлага хүлээж 750,000 төгрөгийг Г.Г гаргах ёстой. Учир нь Б.Э руу бүх бурууг чихэж хариуцуулах ёсгүй, Б.Э 750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас Г.Г 750,000 төгрөгийг төлөх ёстой, хэрэв Б.Э төлөхгүй, би хариуцахгүй гэсэн бол Г.Г 1,500,000 төгрөгийг бүрэн хариуцах ёстой байсан” гэв.

 

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...З.Э хавтгай зүйл өгч явуулсан нь үнэн. Тухайн үед жолоочдоо дайвар хийсэн гэж хэлж амжаагүй автобус хөдөлсөн. Жолооч замдаа над руу утсаар залгаж ямар дайвар хийсэн бэ гэхэд нь 3 дайвар хийсэн, нэг нь нэг хавтгай зүйл байгаа гэж хэлсэн, тэгэхэд 2 дайвар нь унаж гээгдсэн байна гэж Г.Г жолооч надад хэлсэн. Нэхэмжлэгч надаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин одоо 1,500,000 төгрөгийн тал хувь болох 750,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь ачаа алга болох асуудал гарч байсан бөгөөд жолоочтойгоо хуваагаад хохирлыг барагдуулдаг байсан юм. Иймд тал хувь 750,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.

 

Хариуцагч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би “Т.а” ХХК-ийн жолоочоор ажилладаг. УБ-ДА, ДА-УБ чиглэлийн автобус жолооддог. Тухайн өдрийн хуваарьт явж байсан. Тус өдөр 17.00 цагаас хөдлөөд Дархан хаалга өнгөрөөд явж байтал багаж онгойгоод ачаа гээгдсэн байсан. Миний өөрийн хариуцаж авсан дайврууд байсан, Б.Э руу залгаж ачаа нэмж хийсэн талаар асуух гэтэл утас нь холбогдохгүй байсан. Би цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж Улаанбаатар орсон. Тэгээд Б.Э-оос асуухад 3 ачаа хийсэн гэсэн, тэгээд ачаагаа хаягдсан гэдгийг мэдсэн. Бас өөр хүний дайвар хаягдсан байсан, би тэр хүмүүстэй уулзаж гомдолгүй болгосон. Харин З.Э-ийн ачааны хувьд надад хүлээлгэж өгөөгүй тул би хариуцахгүй. Б.Этой нийлж дураараа миний автобусны багаж онгойлгон хийсэн байгаа учир надад хамааралгүй. З.Э тухайн үед 700,000 төгрөгийг та 2 хуваагаад өгчих гэж байсан. Тухайн үед ковид-19 өвчнөөс болж би ажилгүй байсан учир орлогогүйн улмаас зөвшөөрөөгүй. Иймд надаас нэхэмжилж байгаа 750,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, надад төлөх боломж байхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Э нь эмээлийн гөлөмний үнэ 1,500,000 төгрөгийг хариуцагч Г.Г, Б.Э нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Э тал хувь болох 750,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч Г.Г нь 750,000 төгрөгийг төлөх боломжгүй, мөн дайвар болох гөлмийг З.Ээс хүлээн аваагүй, зөвшөөрөлгүй автобусны ачаа тээвэрлэх хэсэг /багааж/-т хийсэн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хариуцагч Г.Г нь “Т.а” ХХК-ийн Дарханаас Улаанбаатар, Улаанбаатараас Дархан чиглэлийн зорчигч тээврийн ... улсын дугаартай автобусны жолоочоор ажилладаг, 2020 оны 03 сарын 04-ний өдөр 17.00 цагт Дарханаас Улаанбаатарын чиглэлд явахдаа нэхэмжлэгч З.Э-ийн 5 ширхэг эмээлийн гөлмийг Улаанбаатарт хүргэх зорилгоор тээвэрлэсэн, нэхэмжлэгч З.Э нь эд зүйлийг тухайн үед Г.Гийн жолоодож явсан зорчигч тээврийн автобусны зорчигчийг суулгах, ачааг ачих үүргийг гүйцэтгэж байсан хариуцагч Б.Э-д хүлээлгэн өгсөн, тээвэрлэх явцад автобусны тээшний хаалга онгойж, тухайн эд зүйл гээгдсэн болох нь тогтоогдож байна.

 

 Энэхүү үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний үүрэг үүссэн байгаа бөгөөд тус гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

 

Хариуцагч Г.Г болон Б.Э нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар Г.Г нь “Т.а” ХХК-д автобусны жолоочоор ажилладаг бөгөөд зорчигч болон тусгай гэрээт ачааг тээвэрлэх үүргийг компанийн өмнө хүлээсэн, харин компанитай байгуулсан гэрээнээс гадуур иргэдээс хувиараа жижиг оврын ачааг тодорхой хөлстэйгөөр тээвэрлэдэг, мөн хариуцагч Б.Э нь Г.Гийн автобусыг цэвэрлэж, зорчигчийг хүлээн авч суулгах, ачааг ачих, мөн иргэдээс ирсэн тээвэрлэх ачааг /дайвар/ ачих, хөлсийг авч Г.Гэд өгөх үүргийг Г.Гийн өмнө хүлээж, Г.Г нь Б.Эд нэг удаагийн автобусны гаралтаас 3,000-5,000 төгрөгийн хөлс төлдөг зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Г.Г нь ачааг өөрөө хүлээн аваагүй, хариуцагч Б.Э хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа боловч дээр дурдсан үйл баримтаар Б.Э нь хариуцагч Г.Гтэй тохиролцсоны дагуу зорчигч болон ачаа хүлээн авах эрх бүхий этгээд байх тул нэхэмжлэгч З.Э-ийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйийн 211.1-д зааснаар ачааг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөнд тооцно.

 

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д зааснаар тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэний хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцахаар байна.

 

Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч нараас ачааны үнэ болох нийт 1,500,000 төгрөгийг тэнцүү хуваан нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч Б.Э өөрт ногдох 750,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин хариуцагч Г.Г нь 750,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч түүний татгалзаж буй тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагч Г.Г-ээс алдагдсан ачааны үнийн тал хувь болох 750,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Ачааны үнийн дүнгийн хувьд нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн үнэлгээний тайлангаар 5 ширхэг эмээлийн гөлөм 1,750,000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа боловч нэхэмжлэгч З.Э нь хэрэгт авагдсан гэрч Б.Н-ийн мэдүүлснээр нэг ширхэг гөлмийг 300,000 төгрөгөөр тооцож нийт 1,500,000 төгрөгийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд энэхүү үнийн дүнгийн талаар хариуцагч нар маргаагүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Г-ээс 750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч            З.Эд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Э өөрт ногдох нэхэмжлэлийн шаардлага болох 750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-ээс 19,475 төгрөг, хариуцагч Б.Э-оос 19,475 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж, нэхэмжлэгч З.Эд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ОЮУНЦЭЦЭГ