Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/01036

 

“Монвакуум цонх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03040 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1196 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Монвакуум цонх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Бумбод” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, гарсан зардалд 38 750 832 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагчийн шинээр цонх солиулахад гарах зардалд 43 496 500 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч “Монвакуум цонх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013.6.18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг “Бумбод” ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлж ажилласан. Захиалагч талаас гэрээний 2.1-д зааснаар  төлбөрийг графикийн дагуу төлнө гэсэн үндсэн үүргээ зөрчсөн, нийлүүлсэн барааны зөрүү 22 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Хоёр талын нягтлан бодох бүртгэлээр тооцоо нийлсэн актаар тогтоогдсон.Гэрээний 6.1-д алданги төлнө гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу 201 хоног хугацаа хэтэрсэн алданги 13 567 500 төгрөг, ханшийн зөрүү нийт 38 750 832 төгрөгийг “Бумбод” ХХК-иас нэхэмжилж байсан. Ханшийн зөрүүг нотолсон баримтгүй гэж үзээд байгаа тул хасаж болно.Захиалагчийн эрх үүрэгтэй холбоотой 4 заалт байгаа, энэ дээр тодорхой заагаад өгсөн байгаа. Барилгын нормативт заасан ажиллагааг захиалагч тал бүрэн хариуцах ёстой. Цонхны сийгэлт болон шавардлагаа, цонхны дулаан алдалт зэрэг доголдолтой асуудлыг захиалагч тал бүрэн хариуцах ёстой. Цонхыг бүрэн суурилуулж өгсөн. Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг хариуцагч талаас гаргаж өгсөн. Энэ нь манайх цонхны 2 жилийн баталгаа өгсөн барилгын ажил дуустал баталгаа өгч, засвар үйлчилгээг хийж байсан.Гэтэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч үзээд үзлэг хийж засвар үйлчилгээнд доголдол байгаа гэсний дагуу бүх айлуудаар яваад засвар үйлчилгээ хийж, гарын үсэг зуруулан эх хувиар нь хавтаст хэрэгт авагдсан, үүний дагуу засвар үйлчилгээ хийгдсэн гэдэг нь нотлогдоно. Хариуцагч талаас хамгийн сүүлд дахин дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хаана байдаг, ямар байгууллагаар хийлгэсэн нь тодорхойгүй. Шинжилгээний тухай хууль тогтоомжийг зөрчсөн. Хэт нэг талыг барьж, шүүхээс шийдвэрлэх асуудлыг дүгнэлтэд шууд тусгаж, хууль бус дүгнэлт гаргасан. Барилга орон сууцыг улсын комисс хүлээн авсан. Улсын комисс хүлээн авсан гэдэг нь чанарын ямар нэгэн доголдолгүй учраас хүлээн авсан байгаа. “Бумбод” ХХК энэ барилгыг бусдад худалдан борлуулсан. Гэрчилгээг бусдад шилжүүлснээр “Бумбод” ХХК-д хамааралгүй болно гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2013.6.18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Цонхны баталгаа 2 жилийн хугацаа өгсөн байдаг. Мөн “Монвакуум цонх” ХХК-ийн инженер н.Ариунжаргал 2014.01.01-ний өдрөөс 2016.01.01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаанд чанарын баталгааг гаргасан. “Монвакуум цонх” ХХК-ийн ажлын үр дүнг тооцох гэхээр доголдол илэрсэн. Маргаан үүсэхээс өмнө доголдол илэрсэн нь хоёр компани хоорондоо харилцаж байсан албан тоот баримтуудаар нотлогдоно. 22 500 000 төгрөг бол үр дүн, гэрээ дүгнэсэн акт биш юм. Улсын комисс хүлээж авсан гэдэг нь тухайн үед доголдлыг мэдэх боломжгүй юм. Улсын комисс хүлээж авахад доголдол хамаарахгүй юм. Үндсэн төлбөр 22 500 000 төгрөгийг ажлын үр дүн дээр доголдол илэрсэн учраас төлөх боломжгүй. Үүнээс үүдсэн алданги нь үндэслэлгүй болж байгаа юм. Ханшийн зөрүүг яаж тооцсон, тогтсон практик байхгүй учраас үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Олон улсын түвшинд хаалга, цонх үйлдвэрлэж захиалагчид хүлээлгэсэн боловч ихэнх цонхнууд чанарын шаардлага хангахгүй оршин суугчдаас байнга гомдол ирдэг байсан. Цонх нь суурилуулалтын алдаатай гэх гомдол ирж байсан. 1-ээс 10 давхар 83 цонхноос нийтдээ 43 496 500 төгрөгийн хохирол компанид учраад байна. Ийм учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Оршин суугчдаас ирсэн гомдлыг хавсаргаж өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээ нь “Бумбод” ХХК, “Монвакуум цонх” ХХК-ийн хооронд хийгдсэн. Захиалагч хариуцагч хэн байхаас үл хамаараад цонхонд өгсөн чанарын баталгааны хугацаа дуусаж байгаа учраас хариуцлага хүлээх үүднээс сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Шинжээчийн дүгнэлтэд цонхыг солих, засаж янзлах боломжгүй гэдгийг тогтоосон. Шүүхийн журмаар барилгын мэргэшсэн төсөвчдийн холбоог сонгоод явуулсны үндсэн дээр дүгнэлт гаргасан. 2016 оны 3 дугаар сард “Бумбод” ХХК-ийн байранд ирээд үзлэгээ хийгээд дүгнэлтээ гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Доголдлыг нотлох үүрэгтэй. Дүгнэлт гаргасан шинжээч шинжээчийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Нөгөө талд мэдэгдээгүй шүүхийн өмнөөс асуудлыг шийдсэн дүгнэлт гаргасан. Орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулаад бусдын өмчлөлд шилжүүлээд ашгаа олсон. Өмчлөлд шилжсэнээр нэхэмжлэл гаргах эрхгүй болж байна. Айлуудыг нүүлгэж оруулаад гэрчилгээ гаргаад өмчилж байгаа эдгээр хүмүүс нэхэмжлэл гаргаж байж хариуцагч “Бумбод” ХХК гарсан доголдлыг арилгаж, гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй байсан. Доголдлыг нотлох баримт байхгүй байна. Үнийн хувьд захиалагч тал өөрсдөө сонгож захиалгаа өгсөн. Цонх бүгд стандартын дагуу хийгдсэн. Цонхны ирмэгийн шавар амалгаа, сийгэлтийг захиалагч өөрөө янзлах үүрэг хүлээсэн. Доголдолтой холбоотой сөрөг нэхэмжлэл гаргах эрх хариуцагчид байхгүй. “Монвакуум цонх” ХХК вакуум цонхийг худалдан борлуулсан. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.6-д энэ талаар заасан байдаг. Доголдлыг арилгаад өөрийн зүгээс гаргасан зардлыг нэхэмжлэх эрхтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03040 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Бумбод” ХХК-иас 22 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монвакуум цонх” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 933 332 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2 дахь хэсэгт зааснаар “Монвакуум цонх” ХХК-иас 43 496 500 төгрөг гаргуулахыг хүссэн “Бумбод” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 800 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 375 500 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Бумбод” ХХК-иас 270 449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монвакуум” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1196 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03040 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343.1” гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 349 дүгээр зүйлийн 349.1” гэснийг “350 дугаар зүйлийн 350.1.7” гэж, “сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь” гэснийг “сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29 267 460 төгрөгийг хангаж, үлдэх 14 229 040 төгрөгийг” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Монвакуум” ХХК-д” гэсний дараа “”Монвакуум” ХХК-иас 304 287 төгрөгийг гаргуулж “Бумбод” ХХК-д тус тус” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1196 дугаартай магадлалын тогтоох хэсгийн “...сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29 267 460 төгрөгийг хангаж...” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар хянан хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хянахдаа ...ажил гүйцэтгэгч нь цонхны ажлыг гэрээгээр тохирсон тоо хэмжээгээр хийж гүйцэтгэсэн, барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авсан, орон сууц оршин суугчдын эзэмшилд байгаа нь тогтоогдсон байна. Иймд ажлын үр дүнг захиалагч хүлээж авснаар барилгыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй, мөн ажил гүйцэтгэх гэрээний 4.5-д “ажлын гүйцэтгэлийг өдөр өдөрт нь шалгаж хүлээн авах” үүргийг захиалагч хүлээсэн тул ажил гүйцэтгэгч “Монвакуум” ХХК-ийг гэрээгээр тохирсон ажлыг дутуу гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэж буруутгах боломжгүй байна” гэж зөв дүгнэсэн хирнээ ажил гүйцэтгэгчийн үр дүнг доголдолтой байсан, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн, мөн хариуцагч ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйд ажил доголтой гүйцэтгэгдсэн байдал нөлөөлсөн гэж ямар ч нотолгоо баримтгүй зүйл дээр дүгнэлт хийж ойлгомжгүй, буруу тайлбарласан байна.“Монвакуум” ХХК нь захиалагчийн захиалгын дагуу өөрийн материалаар вакуум хуванцар цонх, хаалга, хаалтыг үйлдвэрлэж суулган захиалагчид хүлээлгэн өгөх, “Бумбод” ХХК нь ажлыг хүлээн авч гэрээнд заасан журмын дагуу ажлын хөлсийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох зорилгоор “Бумбод” ХХК-тай 2013.6.18-ны өдөр 013/34 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан юм. Үүний дагуу “Монвакуум цонх” ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ бүрэн гүйцэт зохих ёсоор биелүүлсэн юм. Хариуцагч ажлын хөлсөө төлөхгүй удаашруулж байсан тул шүүхэд хандах талаар мэдэгдсэнээс хойш хөлс мөнгөө төлөхгүйн тулд элдэв арга хэрэглэн хуурамч тэмдэглэл, албан бичиг үйлдэж шүүхэд гаргаж өгсөн байдаг ба эдгээр бичгүүдийг “Монвакуум” ХХК-д өгч байгаагүйн дээр өгч байсныг нотлох баримт байхгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нөхөж үйлдсэн бичгүүдийг нь үнэлж захиалагч ажлын доголдлыг арилгуулахаар шаардлага тавьсан боловч үр дүн гараагүй гэж үзсэн нь буруу юм. Мөн 83 цонхыг солих шаардлагатай гэх дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй хууль бус дүгнэлт гэж үзэж байгаа, дүгнэлтэнд шүүхээр маргаж байгаа асуудлыг шууд тусгасан, хэт нэг талыг барьсан зэрэг зөрчлүүд илт харагддаг юм.Мөн хариуцагч шүүхэд хандах талаар удаа дараа анхааруулах үед мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар 2014.01.09-ний өдөр дүгнэлт гаргуулж хувийг “Монвакуум” ХХК-д ирүүлсэн байдаг ба манай компанийн зүгээс 2014.01.10-ны өдөр дээрх дүгнэлтийн дагуу “Бумбод” ХХК-ийн захиалгаар баригдсан үйлчилгээтэй орон сууцны барилгын 3 давхарын конторын өрөөнүүд болон дүгнэлтэнд дурдагдсан болон бусад айлуудын цонхонд үзлэг, үйлчилгээ хийж айл, хүн тус бүрээр болон “Бумбод” ХХК-ийн инженерээр нь гарын үсэг зуруулж баримтжуулсан бөгөөд уг баримтын эх хувийг иргэний хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа болно. Үүнтэй холбоотойгоор Ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлд “Амалгаа, шавардлага, цонхны тавцан зэрэг ус чийг, цанталт, дулааны алдагдлаас бүрэн хамгаалагдсан байхаар барилгын нормативт заасны дагуу гүйцэтгэх үүрэгтэй” гэсэн заалт байдаг бөгөөд хариуцагчийн гаргаж байгаа шаардлагыг биелүүлэх үүргийг “Бумбод” ХХК нь өөрөө хүлээсэн байдаг. Тиймээс хариуцагч талаас гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нь “Монвакуум” ХХК-д хамааралгүй юм.Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлага гаргах хугацааг тодорхой зааж өгсөн байдаг. Хэрэв доголдол байсан гэж үзвэл шаардлага гаргах хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т “...захиалагч доголдлыг арилгаж түүнтэй холбоотой зардлаа нөхөн төлүүлэх” гэж заасан ба “Бумбод” ХХК -д ямар нэгэн доголдол арилгаж засвар хийсэн баримт байхгүй ба шүүхэд энэ талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”. Хэрэв “Бумбод” ХХК нь ажил хүлээж авах үедээ доголдол байсан гэдгийг мэдсээр байж хүлээн авч улсын комисст хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар “ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэсэн заалт үйлчлэх ёстой.Иймд давж заалдах шатны шүүхийн 1196 дугаартай магадлалын тогтоох хэсгийн “...сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29 267 460 төгрөгийг хангаж...” гэж шийдвэрлэснийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 102/ШШ2016/03040 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:         

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт бүрэн эрхийнхээ хүрээнд өөрчлөлт оруулсан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны зүйлийн талаар мэтгэлцэх хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлаагүй байна.

Нэхэмжлэгч “Монвакуум цонх” ХХК нь хариуцагч “Бумбод” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн үүргийн гүйцэтгэл, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлагад алданги гаргуулахыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүйгээс гадна ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч өөрийн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба ажил гүйцэтгэгч “Монвакуум цонх” ХХК нь захиалагч “Бумбод” ХХК-ийн захиалгын дагуу өөрийн материалаар вакуум хуванцар цонх, хаалга, хаалтыг олон улсын чанарын сертификаттай бэлдцээр, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, суулган захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт буюу ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил, түүний чанар, захиалагчийн зүгээс ажлын дутагдлыг арилгах талаар гаргасан зардал зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар бүрэн эрхийн дагуу дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ шүүх ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7., 351 дүгээр зүйлийн 351.1.1., 351.1.2., 351.2., 352 дугаар зүйлийн 352.2.2., үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл болох алдангийн талаарх хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй, харин ажлын үр дүн доголдолтой байсан бол доголдлыг арилгахад шаардагдах зардлыг ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1196 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН