Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1196

 

 “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03040 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, гарсан зардалд 38 750 832 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

шинээр цонх солиулахад гарах зардалд 43 496 500 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч “ХХ” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг “ХХ” ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлж ажилласан. Захиалагч талаас гэрээний 2.1-д зааснаар захиалагч тал төлбөрийг графикийн дагуу төлнө гэсэн үндсэн үүргээ зөрчсөн, нийлүүлсэн барааны зөрүү 22 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Хоёр талын нягтлан бодох бүртгэлээр тооцоо нийлсэн актаар тогтоогдсон. Гэрээний 6.1-д алданги төлнө гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу 201 хоног хугацаа хэтэрсэн алданги 13 567 500 төгрөг, ханшийн зөрүү нийт 38 750 832 төгрөгийг “ХХ” ХХК-иас нэхэмжилж байсан.

Ханшийн зөрүүг нотолсон баримтгүй гэж үзээд байгаа тул хасаж болно. Захиалагчийн эрх үүрэгтэй холбоотой 4 заалт байгаа, энэ дээр тодорхой заагаад өгсөн байгаа. Барилгын нормативт заасан ажиллагааг захиалагч тал бүрэн хариуцах ёстой. Цонхны сийгэлт болон шавардлагаа, цонхны дулаан алдалт зэрэг доголдолтой асуудлыг захиалагч тал бүрэн хариуцах ёстой. Цонхыг бүрэн суурилуулж өгсөн.

Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг хариуцагч талаас гаргаж өгсөн. Энэ нь манайх цонхны 2 жилийн баталгаа өгсөн барилгын ажил дуустал баталгаа өгч, засвар үйлчилгээг хийж байсан. Гэтэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч үзээд үзлэг хийж засвар үйлчилгээнд доголдол байгаа гэсний дагуу бүх айлуудаар яваад засвар үйлчилгээ хийж, гарын үсэг зуруулан эх хувиар нь хавтаст хэрэгт авагдсан, үүний дагуу засвар үйлчилгээ хийгдсэн гэдэг нь нотлогдоно.

Хариуцагч талаас хамгийн сүүлд дахин дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хаана байдаг, ямар байгууллагаар хийлгэсэн нь тодорхойгүй. Шинжилгээний тухай хууль тогтоомжийг зөрчсөн. Хэт нэг талыг барьж, шүүхээс шийдвэрлэх асуудлыг дүгнэлтэд шууд тусгаж, хууль бус дүгнэлт гаргасан. Барилга орон сууцыг улсын комисс хүлээн авсан. Улсын комисс хүлээн авсан гэдэг нь чанарын ямар нэгэн доголдолгүй учраас хүлээн авсан байгаа. “ХХ” ХХК энэ барилгыг бусдад худалдан борлуулсан. Гэрчилгээг бусдад шилжүүлснээр “ХХ” ХХК-д хамааралгүй болно гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “ХХ” ХХК шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Цонхны баталгаа 2 жилийн хугацаа өгсөн байдаг. Мөн “ХХХ” ХХК-ийн инженер ХХХХХ 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаанд чанарын баталгааг гаргасан. “ХХХ” ХХК-ийн ажлын үр дүнг тооцох гэхээр доголдол илэрсэн.

Маргаан үүсэхээс өмнө доголдол илэрсэн нь хоёр компани хоорондоо харилцаж байсан албан тоот баримтуудаар нотлогдоно. 22 500 000 төгрөг бол үр дүн, гэрээ дүгнэсэн акт биш юм. Улсын комисс хүлээж авсан гэдэг нь тухайн үед доголдлыг мэдэх боломжгүй юм. Улсын комисс хүлээж авахад доголдол хамаарахгүй юм. Үндсэн төлбөр 22 500 000 төгрөгийг ажлын үр дүн дээр доголдол илэрсэн учраас төлөх боломжгүй. Үүнээс үүдсэн алданги нь үндэслэлгүй болж байгаа юм. Ханшийн зөрүүг яаж тооцсон, тогтсон практик байхгүй учраас үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбартаа: Олон улсын түвшинд хаалга, цонх үйлдвэрлэж захиалагчид хүлээлгэсэн боловч ихэнх цонхнууд чанарын шаардлага хангахгүй оршин суугчдаас байнга гомдол ирдэг байсан. Цонх нь суурилуулалтын алдаатай гэх гомдол ирж байсан. 1-ээс 10 давхар 83 цонхноос нийтдээ 43 496 500 төгрөгийн хохирол компанид учраад байна. Ийм учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Оршин суугчдаас ирсэн гомдлыг хавсаргаж өгсөн.

Ажил гүйцэтгэх гэрээ нь “ХХ” ХХК, “ХХХ” ХХК-ийн хооронд хийгдсэн. Захиалагч хариуцагч хэн байхаас үл хамаараад цонхонд өгсөн чанарын баталгааны хугацаа дуусаж байгаа учраас хариуцлага хүлээх үүднээс сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Шинжээчийн дүгнэлтэд цонхыг солих, засаж янзлах боломжгүй гэдгийг тогтоосон. Шүүхийн журмаар барилгын мэргэшсэн төсөвчдийн холбоог сонгоод явуулсны үндсэн дээр дүгнэлт гаргасан. 2016 оны 03 дугаар сард “ХХ” ХХК-ийн байранд ирээд үзлэгээ хийгээд дүгнэлтээ гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Доголдлыг нотлох үүрэгтэй. Дүгнэлт гаргасан шинжээч шинжээчийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Нөгөө талд мэдэгдээгүй шүүхийн өмнөөс асуудлыг шийдсэн дүгнэлт гаргасан. Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаад бусдын өмчлөлд шилжүүлээд ашгаа олсон.

Өмчлөлд шилжсэнээр нэхэмжлэл гаргах эрхгүй болж байна. Айлуудыг нүүлгэж оруулаад гэрчилгээ гаргаад өмчилж байгаа эдгээр хүмүүс нэхэмжлэл гаргаж байж хариуцагч “ХХ” ХХК гарсан доголдлыг арилгаж, гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй байсан. Доголдлыг нотлох баримт байхгүй байна. Үнийн хувьд захиалагч тал өөрсдөө сонгож захиалгаа өгсөн.

Цонх бүгд стандартын дагуу хийгдсэн. Цонхны ирмэгийн шавар амалгаа, сийгэлтийг захиалагч өөрөө янзлах үүрэг хүлээсэн. Доголдолтой холбоотой сөрөг нэхэмжлэл гаргах эрх хариуцагчид байхгүй. "ХХХ" ХХК вакуум цонхийг худалдан борпуулсан. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.6-д энэ талаар заасан байдаг. Доголдлыг арилгаад өөрийн зүгээс гаргасан зардлыг нэхэмжлэх эрхтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХХ” ХХК-иас 22 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ХХХ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 933 332 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2 дахь хэсэгт зааснаар "ХХХ" ХХК-иас 43 496 500 төгрөг гаргуулахыг хүссэн "ХХ" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 800 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 375 500 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч "ХХ" ХХК-иас 270 449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ХХХ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “ХХ” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.1, 40.2, Иргэний хуулийн 343 дугаар зүйл, 343.2 дахь хэсэгт тодорхой заажээ. Мөн маргаан бүхий 013/34 тоот гэрээний 3.1-д гүйцэтгэгч тал нь ажлын үр дүнг гэрээний хавсралт №2-д заасны дагуу ажил хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч ажил хүлээлцэх акт үйлдээгүй буюу ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн гаргасан албан тоотуудаар нотлогдож байна гэж шүүхээс үзсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын 22 500 000 төгрөгийг ханган шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзнэ.

Түүнчлэн шүүхээс "сөрөг" нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч тал энэ тухай гомдлын гаргаж болно" гэж зөв дүгнэлт хийсэн хирнээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хууль зөрчсөн шийдвэр болжээ. Тодруулбал, гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч талыг шаардлага хангахгүй, доголдолтой ажил гүйцэтгэсэн, гүйцэтгэлийн явцад үүссэн эвдрэл, гологдлыг арилгаагүй талаар "ХХ" ХХК тайлбарладаг бөгөөд өөрийн тайлбар, татгалзал нь хэргийн материал дахь бичиг баримтуудаар нотлогдоно гэж үзнэ.

“ХХХ” ХХК нь зөрчлийг арилгаагүйн улмаас тус байранд оршин суудаг 38 айлын эрх ашиг тав тухтай амьдрах Үндсэн хуулиар олгосон эрх нь зөрчигдөж байгааг харгалзан үзэлгүй ашиглах боломжгүй доголдлыг арилгасны дараа мөнгийг өгөх шийдвэр бус ил доголдолтой үр дүнг хүлээн авч мөнгийг олгохоор шийдвэр гаргаж байгаа нь хууль болон амьдралд нийцээгүй байна гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий гэрээний тооцоо нийлсэн акт хэрэгт авагдаагүй буюу талууд тооцоо нийлээгүй болохыг дурдсан байх боловч гэрээний үлдэгдэл төлбөр 22 500 000 төгрөг төлөгдөөгүй болох үйл баримтын талаар талууд маргаагүй гэжээ. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагчаас гэрээний төлбөрийг төлж байсан болон төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан нотлох баримт байхгүй. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэлийн шаардлагаа нотлохыг шаардан мэтгэлцсэн боловч шүүхээс дээрх баримтын талаар маргаагүй гэж шийдвэр гаргасан гэж үзнэ.

“ХХ” ХХК нь удаа дараа доголдлоо арилгаж, ажлаа хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч талаас шаардсан байх нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүхээс дээрх нөхцөл байдлыг үндэслэлгүйгээр Иргэний хуулийн 352 дугаар зүйл, 352.2.2-т заасныг үндэслэн шийдвэр гаргасан. Шүүх хуралдаанд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-д заасны хүрээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Барилгын төсөвчдийн нэгдсэн холбооны шинжээчээр ажилласан төсөвчинг гэрчээр асуух хүсэлт гаргасан боловч дээрх хүсэлтийг хэлэлцээгүй буюу шүүхийн шийдвэрт энэ талаар хэрхэн шийдвэрлэснийг огт дурдаагүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

            Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч “ХХ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 22 500 000 төгрөг, алданги 13 567 500 төгрөг, нийт 36 433 332 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч чанарын шаардлага хангахгүй цонхыг солих зардалд 43 496 500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж, сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

            Зохигчдын хооронд 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагчийн захиалгын дагуу өөрийн материалаар вакум хуванцар цонх, хаалга, хаалтыг олон улсын чанарын сертификаттай бэлдцээр, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, суулган захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч,  хэлэлцэн тохиролцсон хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч тал ажлын хөлсний дутууг шаардахад хариуцагч нь  гэрээгээр гүйцэтгэсэн ажил буюу суулгасан цонхны чанар стандартын шаардлага хангахгүй тул хөлсийг бүрэн төлөх үндэслэлгүй, улмаар доголдлыг арилгах зардлыг гаргуулна гэж маргажээ. 

Хэрэгт авагдсан 2013.013/34 тоот ажил гүйцэтгэх гэрээ, /2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн/ цонхны хүргэлт, суулгалт хүлээлцэх ажлын ордер, “ХХ” ХХК-ийн зөвлөлийн хурлын 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн болон 11 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл, тус компаниас “ХХХ” ХХК-д хүргүүлсэн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 249 дүгээр албан бичиг, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлт болон зохигчдын тайлбарын агуулгаас үзвэл ажил гүйцэтгэгч нь цонхны ажлыг гэрээгээр тохирсон тоо хэмжээгээр хийж гүйцэтгэсэн, барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авсан, орон сууц оршин суугчдын эзэмшилд байгаа нь тогтоогдсон байна.

Иймд ажлын үр дүнг захиалагч хүлээн авснаар барилгыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй, мөн ажил гүйцэтгэх гэрээний 4.5-д “ажлын гүйцэтгэлийг өдөр өдөрт нь шалгаж хүлээн авах” үүргийг захиалагч хүлээсэн тул ажил гүйцэтгэгч “ХХХ” ХХК-ийг гэрээгээр тохирсон ажлыг дутуу гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэж буруутгах боломжгүй байна.

Хариуцагч “ХХ” ХХК-иас нэхэмжлэлд бичгээр тайлбар гаргахдаа ажил гүйцэтгэгчийг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн гэж маргаагүй, харин суурилуулсан цонх нь сийгсэн, ашиглалтын хэвийн нөхцлийг хангахгүй тул шаардлага хангахгүй цонхыг солиулах шаардлагатай гэжээ. 

Дээрхээс захиалагчийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2, 351.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авсан  гэж үзэх тул мөн зүйлийн 351.1.1, гэрээний 4.6-д зааснаар хүлээн авсан ажлын үр дүн, тоо хэмжээнд тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй. Гэвч ажил гүйцэтгэгч гэрээнд заасан тоо хэмжээгээр 163 ширхэг цонхыг хариуцагчийн зүгээс суурилуулсан боловч 83 цонх стандартад нийцэхгүй, засвар үйлчилгээ хийсэн ч хэвийн ашиглах боломжгүй, солих шаардлагатай талаарх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан болно.

Иймд ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүнг доголдолтой байсан, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх  Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан үүргээ нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх ба  ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардлыг мөн зүйлийн 350.1.7-д зааснаар хариуцах үүрэгтэй бөгөөд захиалагч нь 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар холбогдох зардлыг шаардах эрхтэй. 

Хариуцагч “ХХ” ХХК нь нэхэмжлэгчийн шаардсан ажлын хөлсний хэмжээний талаар маргаагүй ба Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар ажлын хөлс 22 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй боловч хариуцагч ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйд ажил доголдолтой гүйцэтгэгдсэн байдал нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг шаардах үндэслэлгүй тул шүүх ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулж, харин алданги шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Хариуцагч буюу захиалагч “ХХ” ХХК нь барилгын цонхны ажил хугацаандаа хийгдэхгүй байгаа болон чанарын шаардлага хангахгүй, иргэдээс гомдол гарсан талаарх ажил гүйцэтгэгчид удаа дараа мэдэгдсэн тухай компанийн хурлын тэмдэглэл, ХХХ” ХХК-д явуулсан албан бичиг, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээс  үзвэл захиалагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар ажлын доголдлыг арилгуулахаар шаардлага тавьсан боловч үр дүн гараагүй, 83 цохныг солих шаардлагатай болох нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн болон 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд заагдсан болно.                                                                                                                                                   /хх-162-163, 213-215/

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгах зардлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгчээс шаардсаныг буруутгах үндэслэлгүй юм.

Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд тохиролцохдоо ажил гүйцэтгэгч нь цонхыг суурилуулах, захиалагч нь амалгаа, шавардлага, цонхны тавцан зэрэг ажлыг ус чийг, цанталт дулааны алдагдлаас бүрэн хамгаалагдсан байхаар хийж гүйцэтгэх үүргийг хүлээжээ. Гэрээнд ажлын хэмжээ, нэгж үнийг харилцан тохирч тогтоохдоо Shide 72 материал бүхий 163 ширхэг 425,81 м.кв цонхыг нэг бүрийн үнийг нь 135 000 төгрөгөөр тохирсон ба эндээс нэг цонхны хэмжээ нь 2.612 м.кв /425.81:163/ байх тул 2.612х83=216.8 м.кв х 135 000 төг 29 267 460 төгрөгийн зардал шаардагдахаар байна.

Иймд 83 цонхыг солих зардал 29 267 460 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасанд болон гэрээний 3.2-т заасанд нийцнэ гэж үзэв.

Шүүх талуудын гэрээний тохиролцоо, ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой маргааны үйл баримт, зохигчдын тайлбар, бичгийн баримтыг харьцуулан дүгнэлгүй,  маргаантай харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 29 267 460 төгрөгөөр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03040 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343.1” гэсний дараа 232 дугаар зүлийн 232.6 гэж нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 349 дүгээр зүйлийн 349.1” гэснийг “350 дугаар зүйлийн 350.1.7” гэж, “сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь” гэснийг “сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29 267 460 төгрөгийг хангаж, үлдэх 14 229 040 төгрөгийг” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “ХХХ” ХХК-д” гэсний дараа “”ХХХ” ХХК-иас 304 287 төгрөгийг гаргуулж “ХХ” ХХК-д тус тус” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ