Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2024/03415

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 18 181/ШШ2024/03415

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Ч.О /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, ... /РД:.../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,595,254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.Мтэй 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр "Зээлийн гэрээ байгуулж 1,600 (нэг мянга зургаан зуун мянга)-н ам.долларыг 3 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн хариуцагч Б.Мийн хүсэлтийн дагуу 2011 оны 12 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ч.О түүнтэй "Зээлийн гэрээ" байгуулж 3,700,000 (гурван сая долоон зуун мянга)-н төгрөгийг хугацаагүй, хүүгүй зээлсэн.

Гэвч хариуцагч Б.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээ байгуулснаас хойш нэг ч ам.доллар болон төгрөгийн төлөлтийг хийгээгүй. Хариуцагчтай удаа дараа утсаар ярьж зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөхийг шаардахад удахгүй өгнө, одоо нэг ажил бүтэхээр төлбөрийг чинь төлнө гэж хэлдэг боловч төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Уулзахаас татгалзаж янз бүрийн шалтаг тоочдог байсан.

"Зээлийн гэрээ-ний төлбөрийг гаргуулахаар хариуцагч Б.Мийн гэрээнд заасан хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч Б.М нь Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хоро, Архустай ЯЦЦ гудамж 60 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 20-ний өдрийн 181/ШЗ2017/... тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Үүний учир 2017 оны 11 сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.Мийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 102/ШШ2017/... тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасан. Цагдаагийн хэлтсийн 2018 оны 07 сарын 09-ний өдрийн албан бичгээр Б.Мийг ... тоотод оршин суудаг болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Гэтэл энэ хаяг дээр Б.Мийн дүү Б.Э оршин суудаг бөгөөд Б.М оршин суудаггүй байна. Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 06 сарын 02-ны өдрийн албан бичгээр Б.М нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороолол, 3 дугаар хороо 7а-33 тоотод оршин суудаггүй болохыг тодорхойлсон. Өмгөөлөгч Ч.О Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.Мийн оршин суугаа хаягийн мэдээлэл авахаар хүсэлт гаргасан. Түүний хүсэлтэд Иргэний бүртгэлийн мэдээллийг хүргүүлэх боломжгүй байна гэх хариуг 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 5/4216 тоот албан бичгээр өгсөн байна. 2021 оны 06 сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч болох Б.Мийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2021 оны 07 сарын 07-ны өдөр 102/ШШ2021/.... тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасан. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 сарын 25-ны өдрийн албан бичгээр Б.Мийг ... тоотод оршин сууж байгаа болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 11 сарын 20-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тасалдсан.

2011 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн Зээлийн гэрээ нь хугацаагүй байгуулагдсан учир Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасны дагуу дагуу зээлдүүлэгчийн шаардсанаар буцаан төлөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус заасан үндэслэлээр хариуцагч Бааваан Мөнхцэцэгээс:

1. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "Зээлийн гэрээ-ний үндсэн төлбөр болох 1,600 ам.долларыг, 36 сарын хүүгийн төлбөр 2,880 ам.доллар, алданги 800 ам.долларын хамт нийт 5280 ам.долларын буюу 15,045,254 төгрөгийг /Монголбанкны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ханш 2849.48 төгрөг/,

2. 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний төлбөр 3,700,000 төгрөг, алданги 1,850,000 төгрөг буюу нийт 5,550,000 (таван сая таван зуун тавин мянга)-н төгрөгийг,

3. Зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс үүдэн гарсан зардал болох эрэн сурвалжлуулах нэхэмжлэлд төлсөн 140,400 төгрөгийг буюу нийт 20,735,654 (хорин сая долоон зуун гучин таван мянга зургаан зуун тавин дөрөв)-н төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн тайлбартай холбогдуулан тайлбараа хэлье. Гэрийн хаяг тухайн үедээ оршин суудаггүй байсан, эсхүл тухайн хаяг тухайн үед байгаагүй учраас энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, хуурамч гэрээ гэж байна. Хоёр удаагийн Шүүх шинжилгээний үндэсний төвөөс шинжээч томилогдож, дүгнэлт гарчихсан байгаа. Хэргийн материалд байгаа. Хариуцагчийн өөрийнх нь гарын үсэг мөн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоочихсон. Дээр нь тухайн хаягийг хариуцагч өөрөө нэхэмжлэгчид хэлээд бичүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан Засаг даргын тодорхойлолт гээд байгаа нь тухайн хаяг дээр Б.М хэдэн онд хэзээ шилжиж ирсэн бэ гэдэг зүйл байгаа болохоос биш энэ хаяг тухайн үед байгаагүй юм гэдэг зүйл биш. Энэ хаягийг нэхэмжлэгч нь өөрөө л биччихсэн юм гэдэг нотлох баримт байхгүй.

Энэ зээлийн гэрээгээр мөнгө төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагчийн нөхөр өөрөө энэ хүний өрийг төлье гэж удаа дараа хэлж байсан. Тийм учраас тодорхой хэмжээний төлбөр төлсөн байгаа. Огт мөнгө аваагүй бол энэ хүн ямар ч асуудал үүсэхгүй. Энэ нөхцөл байдал нь өөрөө энэ зээлийн төлөө хүчин төгөлдөр, энэ зээлийн гэрээний дагуу төлбөр мөнгийг хүлээж аваад буцаагаад тодорхой хэмжээний төлбөр төлөгдөж байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ч.О нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хандаж Б.М миний нэр дээр нэхэмжлэл гаргасан байна. Тус нэхэмжлэлд 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болон 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээгээр Б.М надаас мөнгө нэхэмжилжээ.

Миний бие дээрх хоёр Зээлийн гэрээг хуурамч Зээлийн гэрээ байна гэж үзэж байна. Мөн Зээлийн гэрээнд байгаа миний бичсэн хаяг нь тэр үед буюу 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болон 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр огт байхгүй байсан хаяг байна. Тэр 2011 онд огт бүртгэлгүй байсан хаяг Зээлийн гэрээнүүдэд бичигдсэн байна. Б.М миний бие Ч.Оийг 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.М миний бие Ч.Оийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлд дурдагдсан 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн болон 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээнд бүртгэгдсэн хаяг хэзээ бүртгэл хийгдсэн, ямар захирамжтай байсан гэдгийг асууж лавлан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга болон хорооны Улсын бүртгэлийн байцаагчаас тодорхойлолт очиж авсан юм. Тус Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга болон хорооны Улсын бүртгэлийн байцаагчийн тодорхойлолтоос харвал Ч.Оийг 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлд бичигдсэн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн болон 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний хаяг 2011 онд огт байхгүй байсан хаяг гэдэг нь тодорхой байна. Б.М миний бие Ч.Оийг 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэвэл 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болон 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө нэхэмжилж байгаа. Б.М нь дээрх 2 зээлийн гэрээг хуурамч зээлийн гэрээ гэж үзэж байна. Мөн зээлийн гэрээн дээр бичигдсэн Б.Мийн гэрийн хаяг дээр Б.Мийн хаяг нь тэр үед 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болон 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр огт байхгүй хаяг байна. 2011 онд огт бүртгэлгүй байсан хаягийг зээлийн гэрээнүүдэд бичигдсэн байна. Б.М миний бие Ч.Оийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбар өгсөн байгаа. Энэ хариу тайлбарыг нь дэмжиж оролцож байгаа гэв.

 

3. Хэргийн оролцогчоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн улсын тэмдэгтийн хураамжид 261,630 төгрөг төлсөн, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримтууд, Ч.Оийн иргэний үнэмлэхний хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Зээлийн гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/... дугаар шийдвэрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаар шийдвэрийн хуулбар, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26ё1-3/7149 тоот албан бичиг, Баталгаа гаргасан баримт, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт, Ч.Оээс М.Одмаад олгосон итгэмжлэл, Ч.О өмгөөлөгчтэй байгуулсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, төлөөлөгч М.Одмаагаас татгалзсан хүсэлт, Б.Эт олгосон итгэмжлэл, Ч.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг гаргасан.

 

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Б.Мээс Я.Эрдэнэбилэгт олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бичгээр гаргасан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тайлбар, хүсэлт, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны Засаг даргад гаргасан хүсэлт, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн мөнгөн гүйлгээний баримт, 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн мөнгөн гүйлгээний баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж Г.Гыг оролцуулах тухай хүсэлт, итгэмжлэл, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа зэрэг баримтыг гаргасан.

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: ГБ ХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 14/хх/03-962 дугаар албан бичиг /хавсралт 2 хуудас картын хуулга/, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14/хх/03-2559 дугаар ГБны албан тоот, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3961 дугаар дүгнэлт, ГБ ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14/хх03-391 дугаар албан бичиг, хавсралтаар дансны хуулга, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2176 дугаар дүгнэлт,

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.Мт холбогдуулан Зээлийн гэрээ-ний үндсэн үүрэг, хүү, алданги нийт 20,595,254 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гарсан зардалд 140,400 төгрөг нийт 20,735,654 төгрөг гаргуулахаар шаардсан ба шаардлага тус бүрийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

5.1 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн, 5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай "Зээлийн гэрээ-ний үндсэн төлбөр болох 1,600 ам.доллар, 36 сарын хүүгийн төлбөр 2,880 ам.доллар, алданги 800 ам.долларын хамт нийт 5280 ам.долларын буюу 15,045,254 төгрөг

 

5.2 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан, хүүгүй, хугацаагүй Зээлийн гэрээ-ний төлбөр 3,700,000 төгрөг, алданги 1,850,000 төгрөг буюу нийт 5,550,000 төгрөг

 

5.3 Зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс үүдэн гарсан зардал болох эрэн сурвалжлуулах нэхэмжлэлд төлсөн 140,400 төгрөгийг тус тус шаардсан.

 

5.4 Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нийт 2,140,000 төгрөг төлсөнд маргаангүй. Нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс хасаж тооцоогүй учир нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс хасаж тооцуулна гэжээ.

 

6. Хариуцагч Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "Зээлийн гэрээ-г байгуулсанд" маргахгүй боловч уг гэрээг хүүгүй, хугацаагүй байгуулсан, тус зээлийн гэрээнд бичигдсэн хариуцагчийн хаяг болон 5 хувь гэсэн бичвэрийг хожим нөхөн бичсэн, гэрээнд 3-4 өөр өнгийн балаар бичвэрийг нөхөж бичсэн, уг гэрээний үүргээс 2,140,000 төгрөгийг буцаан төлсөн гэж маргадаг. Түүнчлэн 2011 оны 12 дугаар сарын 05-ны огноотой бичгээр гэрээ байгуулаагүй, нэг удаа гэрээ байгуулсан, 1,600 доллар болон 3,700,000 төгрөг нийт 5,700,000 төгрөг нэхэмжлэгчээс зээлж авсан гэжээ.

 

6.1 Түүнчлэн хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

 

7. Шүүх хэрэгт цугларсан хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримт, зохигчийн тайлбарыг харьцуулан дүгнэн үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1 Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Б.М нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээг байгуулсанд зохигч маргаангүй. /хх-ийн 6-р тал/

 

7.2 Харин эхний зээлийн гэрээний нөхцөлд талууд маргаантай. Нэхэмжлэгч тал 5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай нөхцөл тохирсон гэх, хариуцагч тал хүүгүй, хугацаагүй гэрээ байгуулсан гэж маргасан.

 

7.3 Нэхэмжлэгчийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн, 3,700,000 төгрөг зээлдүүлсэн гэх үйл баримтын 3,700,000 төгрөг зээлсэнд маргаангүй ч бичгээр гэрээ байгуулаагүй гэж хариуцагч тал маргадаг./хх-ийн 7-р тал/

 

7.4 Хариуцагч нь нэхэмжлэгчид 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 285,000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 285,000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 570,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 2,140,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан ГБ дахь Ч.Оийн кредит картын хуулга баримт, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

8.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус гэрээний талуудын үүргийг заасан.

 

8.2 Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлж 1,600 доллар буюу 4,559,168 (1600х2848.48) төгрөг, 3,700,000 төгрөг нийт 8,259,168 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний зүйлийг шилжүүлэн авсанд хариуцагч тал маргаагүй.

 

8.3 Харин зээлдэгч буюу хариуцагч нь хуульд зааснаар шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй байна. Нийт 2,140,000 төгрөгийг буцаан өгсөн.

 

8.4 Гэрээний талууд гэрээний хүү, хугацаа тохирсон нөхцөлд маргасан.

 

8.5 Хэрэгт авагдсан 2011 оны 11 дүгээр сарын 24, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ(бичгэн хэлбэртэй, эх хувь)-нүүдийг хэрэгт цугларсан бусад баримттай харьцуулан дүгнэн үзвэл:

 

8.5.1 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээний бичвэрийг нөхөж гараар бөглөсөн байх ба нэхэмжлэгч цэнхэр өнгийн, хариуцагч хар өнгийн балаар бичсэн гэж тайлбарласан.

 

8.5.2 Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3961 дугаар шинжээчийн дүгнэлтэд нөхөх хэсгүүдэд байх шинжилж буй 2011 11 24 ... тоот Ч.О гэсэн бичвэр нь хэт ягаан туяаны гэрэлд хөх ягаан өнгөөр, ... гэсэн бичвэрүүд нь хэт ягаан туяаны гэрэлд хөх өнгөөр, 2014 11 24 5% гэсэн бичвэрүүд нь хэт ягаан туяаны гэрэлд нил ягаан өнгөөр тодорч харагдаж байна, 3 дахь мөрөнд Одончимэг гэсэн бичвэр нь 4 дэх мөрний ЯЦЦ гэсэн үсгүүдийн өмнө үйлдэгдсэн байна. Харин бусад нөхөх хэсгүүдэд байх шинжилж буй бичвэрүүдийг нэг цаг хугацаанд үйлдэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна гэж,

 

Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2176 дугаар шинжээчийн дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн 2011.12.05 гэсэн огноотой Зээлийн гэрээ гэх баримтын доод хэсэгт Зээлдэгч: Мөнхцэцэг гэсний ард, 2011.11.24 гэсэн огноотой Зээлийн гэрээ гэх баримтын Зээлдэгч: гэсний ард тус тус байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Мийн гэх гарын үсгийн чөлөөлт, туршилтын загваруудтай тохирч байна гэж тус тус дүгнэсэн.

 

8.5.3 Дээрх шинжээчийн дүгнэлтээр хэрэгт авагдсан Зээлийн гэрээнүүдэд зурагдсан зээлдэгчийн гарын үсэг хариуцагч Б.Мийн гарын үсэгтэй тохирч байгаа болохыг дүгнэсэн байх тул зөвхөн нэг л гэрээ байгуулсан гэх хариуцагч талын тайлбар няцаагдаж байна.

 

8.5.4 Харин хариуцагч талын 2011.11.24-ний өдрийн зээлийн гэрээнд 3-4 өөр өнгийн балаар бичсэн, нөхөн бичсэн гэх тайлбар нь шинжээчийн дүгнэлт хэсгийн 3 дахь мөрөнд Одончимэг гэсэн бичвэр нь 4 дэх мөрний ЯЦЦ гэсэн үсгүүдийн өмнө үйлдэгдсэн байна гэх дүгнэлтээр нэг цаг хугацаанд бичигдээгүй байх боломжтой байна.

 

8.5.5 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээнд нөхөн бичсэн 2024.11.24, 5% гэсэн бичвэрийг гэрээ байгуулсан тухайн цаг хугацаанд, гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрч, хугацаа, хүүгийн хэмжээг тохирч, бичсэн гэж үзэх үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасныг баримтлав.

 

8.5.6 Шүүх дээрх үндэслэлээр Зээлийн гэрээгээр талуудыг хүү, хугацаа тохироогүй гэж үзэв.

 

8.6 Зохигчийн хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 24, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус Зээлийн гэрээ байгуулагдаж нийт 8,259,168 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгч өөртөө шилжүүлэн авсан, түүнээс 2,140,000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэгдэл төлбөл зохих үндсэн үүрэг 6,119,168 төгрөг байна.

 

8.7 Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ, 283.2 дахь хэсэгт Зээлийн гэрээгээр хүү тогтоогоогүй бол зээлдэгч хугацаанаас нь өмнө зээлийг буцаан өгч болно гэж тус тус заасан.

 

8.7.1 Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар Чулуунбаатарын Одончимэгийн хүсэлтээр Баавайн Мөнхцэцэгийг эрэн сурвалжилсан шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаар шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичиг, хариуцагчаас бичгээр гаргасан Баталгаа гэх баримт зэргээр нотлогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв./хх-ийн 8-14-р тал/

 

8.8 Зээлийн гэрээнүүдэд зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гүйцэтгээгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох талаар тохирсон байх ба хариуцагчийн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын дотор үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн тооцоолсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв. Хариуцагч тал тооцооллын хувьд марган мэтгэлцээгүй.

 

8.9 Нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримтын эх хувь/хх-ийн 4-р тал/ гаргасан байх тул түүнийг үнэлж 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийн баримтад үндэслэн 70,200 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

8.10 2011 оны 11 дүгээр сарын 24 өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг, алдангид нийт 6,837,600 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг алдангид нийт 5,550,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн зардал 70,200 /баримттай дүнгээр/ төгрөг нийт 12,457,800 төгрөгийг хариуцагчийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзэв. Үүнээс гэрээний үүрэгт шилжүүлсэн 2,140,000 төгрөгийг хасаж тооцон 10,317,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 261,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 180,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Мээс нийт 10,317,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,417,854 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 261,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 180,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА