Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 553

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

           нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,  

           улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч М.О,

шүүгдэгч Ц.О тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Цэвээндэмбэрэлийн О, Боржигон овогт Мишковын О нарт холбогдох 2017 2601 1230 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эцэг, эх, ах, 3 дүүгийн хамт ...

Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх дүүргийн хамт ....

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.О, М.О нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 6 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа яьуулдаг Н.Оюунтунгалагийн эзэмшлийн автомашин угаалгын газарт хууль бусаар нэвтрэн орж ус шүршдэг мотор хулгайлан авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судлахад:   

Шүүгдэгч Ц.О, М.О нар бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 6 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н.Оюунтунгалагийн эзэмшлийн автомашин угаалгын газарт хууль бусаар нэвтрэн ус шүршдэг мотор хулгайлан авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

   - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-4/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-5-7/,

- хохирогч Г.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 09:00 цаг өнгөрч байхад манай угаалгын газрын хаалгыг онгойлгосон байсан. Ортол 1 ширхэг машин угаахад ашигладаг ус шүршдэг мотор алдагдсан байсан...хулгайд алдсан мотороо 360.000 төгрөгөөр худалдаж авсан...гэх мэдүүлэг /хх-37-38/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-75/, 

- шүүгдэгч М.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2017 оны 06 дугаар сарын 24-нд О бид 2 авто угаалгын газраас мотор хулгайлсан...гэх /хх-63-64/

 

- шүүгдэгч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Дата” төвийн баруун урд талд байх авто угаалгын газраас ус шүршигч моторыг хулгайлан аваад Цэргийн хотхонд байх авто угаалгын газарт 60.000 төгрөгөөр зарсан...Би өөрийн төрсөн ах Ц.Алтанбаганы 34-31  УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан...гэх мэдүүлэг /хх-58-59/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.          

 

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт :

            Шүүгдэгч М.О, Ц.О нарын үйлдсэн тухайн хулгайн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулсан/ хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн байх ба тухайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар хүндэвтэр гэмт хэрэг хамаарч байсан, мөн хуульд заасан үндэслэл, журам хангагдсан тохиолдолд тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой, харин 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын үйлдсэн тухайн хулгайн гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэгт хамаарч, ялыг биечлэн эдлүүлэх болсон буюу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлээгүй байх тул шүүгдэгч М.О, Ц.О нарын үйлдсэн тухайн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй гэж  үзнэ.    

            Мөн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь “гэмт үйлдэл, эс үйлдэхүй”-д шууд хамааралтай, харин ялын дэглэмд шууд хамааралгүй тул 2002 оны Эрүүгийн хуульд заасан хорих ялын дэглэм 2015 оны Эрүүгийн хуулиар өөрчлөгдсөн байх нь  шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, тэдний эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл биш болно.   

 

Иймд шүүгдэгч М.О, Ц.О нарын үйлдсэн тухайн хулгайн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй, харин 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч М.О, Ц.О нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хулгайлагдсан эд зүйлийг хохирогч талд хүлээлгэн өгсөн /х-70/, хохирогч  нэхэмжлэх зүйлгүй /х-103/ болохоо илэрхийлсэн, шүүгдэгч нар хохирогчид бэлнээр 500,000 төгрөгийг олох байсан орлогод нь тооцон хохирогчид өгсөн болохоо мэдүүслэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.  

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.   

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.   

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл нь тэдний өмчлөлийнх биш байх тул хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл бүрдээгүй байна.  

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                 

 

ТОГТООХ нь :         

 

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, Ц.О нарт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилсүгэй.      

            2. Шүүгдэгч М.О, Ц.О нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

            3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.О, Ц.О нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч М.О, Ц.О нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоосугай.

            7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.О, Ц.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР