Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 94

 

Л.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00089/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Л.Амарсанаа даргалж, шүүгч М.МөнхД-, О.Нарангэрэл  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 22-ны өдрийн 725 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Г-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-,

                   Х.Б-,

                   Д.М- нарт  холбогдох

"29.250.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Г-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-, хариуцагч, хариуцагч Д.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-, хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Л.Г- нь иргэн Д.М-, Х.Б- нараас Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 3-138 тоот хаягт байршилтай 39 м.кв талбай, орон сууцны зориулалттай /гэрчилгээний дугаар 000115733 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2003004209 дугаартай/ үл хөдлөх хөрөнгийг 69.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ-г байгуулсан. Гэрээний урьдчилгаа төлбөрт 19.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр төлсөн /гэрээний 02 дугаар зүйлийн 02 дахь хэсэгт бичигдсэн/

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хаан банкны төгрөгийн 5006813210 тоот данс /худалдагч Д.М-гийн эзэмшлийн/ руу 5.250.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны төгрөгийн 5006813210 тоот данс /худалдагч Д.М-гийн эзэмшлийн/ руу 5.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд нийт 29.250.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт худалдагчид шилжүүлсэн ба үлдэгдэл төлбөрийг Д.Б- төлж дуусгавар болгож уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг түүний нэр дээр гаргуулан өгсөн.

Гэтэл Д.Б- нь Л.Г-гийн үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаанд шилжүүлсэн 29.250.000 төгрөгийг эргүүлэн өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Д.Б-ий Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3-138 тоот байрны урьдчилгаанд төлсөн 29.250.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нөгөөтэйгүүр Л.Г- нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулснаас хойш Д.М-, Х.Б- нар нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Б-тэй худалдах худалдан авах гэрээ байгуулж дээрх эд хөрөнгийг 20.000.000 төгрөгөөр худалдсан мэтээр гэрээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл Д.Б-, Д.М-, Х.Б- нар нь Л.Г-гийн байрны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөн төлбөрийг хамтран авсан.

Иймээс Д.Б-, Д.М-, Х.Б- нараас 29.250.000 төгрөгийг гаргуулж Л.Г-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б- нь шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О- нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Миний аав С.Д- нь 2010 оноос одоог хүртэл Өмнөговь аймаг, Цогтцэций сумаас Тавантолгойн нүүрсний уурхайд том тэрэг барьж сард 2.500.000 орчим төгрөгийн орлоготой байдаг. 2015 оноос Л.Г- гэгч эмэгтэйтэй танилцан хамтран амьдарч эхэлсэн. Л.Г-гийн хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гэр гуанз ажиллуулдаг байсан бөгөөд тодорхой, тогтсон, бодитой орлогогүй, албан татвар төлдөггүй. Аав маань хамтран амьдрагч Л.Г-гийн дансанд олсон орлогоо хийж хадгалуулдаг байсан мөнгөөрөө 2017 онд Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 3-138 тоотод байрлах Д.М-, Х.Б- нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй 39 м.кв байрны урьдчилгаа 19.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгсөн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5.250.000 болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5.000.000 төгрөгийг миний бие коксжих нүүрсний уртын тээвэрт явж олсон мөнгөө Л.Г-гийн 5006813210 тоот дансанд шилжүүлж Д.Баасангийн дансанд хийлгүүлсэн. Би өөрөө 2015 оноос хойш Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний уурхайд шланз машин барьж сар болгон байрны мөнгө 5.000.000 төгрөгөө төлдөг байсан. Энэ талаар байрны эзэн Д.М- нотлох байх. Байрны хувьд лизингээ 2018 оны 08 дугаар сарын 27-нд дуусгаж байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Л.Г- гэдэг хүний хувьд үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ямар ч тогтсон, бодитой орлогогүй хүн сар болгон 5.000.000 төгрөг байрны мөнгөнд төлөх боломжгүй тул нэхэмжилж буй 29.250.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг анхнаас нь хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдөр хүртэл тодорхойлж чадсангүй. Д.Б- Д.М- нар нэг гэр бүлийн хүмүүс, хэргийн үйл баримтаас харахад Д.Б-ээс мөнгө нэхэмжлэх үндэслэл байхгүй байна. Энэ нь гэрч Нандинцэцэгийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Энэ 29 сая төгрөгийг олох эх үндэс нь Д.Б-, С.Д- нар нь Өмнөговь аймагт уртын урт рэсэнд явдаг, бэлэн мөнгө авдаггүй, падаан авдаг энэ падаанаа мөнгө болгох боломж байдаггүй учраас Д.Б-ий аав Д- нь тухайн үед Л.Г-тэй хамтран амьдарч байсан учраас итгэмжлэл олгож, падаанаа Л.Г-д өгч Г- падааныг мөнгө болгож шилжүүлдэг байсан. Өнөөдөр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж чадахгүй байна. Хэнээс нь хэдэн төгрөг шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Тийм учраас нэхэмжлэгч талаас нэхээд байгаа 29.250.000 төгрөг нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б- нь шүүхэд гаргасан тайлбартаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид өөрсдийн орон сууцаа зарах зар өгсний дагуу С.Д- болон Л.Г- нар нь 2017 оны 09 дүгээр сард ирж байр үзэнгээ хүүхдэдээ авах гэж байгаа гээд манай байрыг үзэн авахаар болж гэрээ хийлгэсэн. Тухайн гэрээнд урьдчилгаа болох 19 сая төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг сар бүр 5.250.000 төгрөг төлөх, мөнгөө бүрэн төлж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр рүү нь шилжүүлэхээр тохиролцсон. Ингээд сар болгон гэрээний дагуу мөнгөө өгч дууссаны дараа 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг хийж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.Б-ий нэр рүү Д.М-, Х.Б- нарын нэрээс шилжүүлсэн. Бидний хувьд ямар нэгэн хүнээс илүү мөнгө авч ашиг олсон зүйл байхгүй, тухайн хүмүүсийг ч өмнө нь таньдаг байгаагүй. Л.Г- нь тухайн байрыг үзэхэд л бидэнтэй таарсан, өөрөөр бид нартай ямар нэгэн харилцаа холбоо тогтоож мөнгө төлсөн зүйл байхгүй болно.

2. Бид анхнаасаа гэрээ байгуулахдаа шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд үнийг Д.Б- нь төлж дуусгаснаар өмчлөх эрх Д.Б-д шилжсэн.

3. Л.Г- бидэнтэй зөвхөн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн газарт огт нэрээрээ бүртгүүлээгүй байсан. Иймд бидэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 725 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г-гийн гаргасан хариуцагч Д.Б-, Б.М-, Х.Б- нараас 29.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 725 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Л.Г- нь Д.М-, Х.Б- нараас Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хорооллын 3-138 тоот хаягт байршилтай 39 м.кв талбай, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 69.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээ”-г байгуулж, Л.Г-гээс тухайн өдрөө 19.000.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5.250.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус дансаар шилжүүлж, нийт 29.250.000 төгрөгийг төлсөн үйл баримт Д.М-, Х.Б- нар нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Л.Б-тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж дээрх эд хөрөнгийг 20.000.000 төгрөгөөр худалдсан гэх гэрээг хийж өмчлөх эрхийг Л.Б-д шилжүүлсэн үйл баримтууд тогтоогддог. Хууль зүйн утгаар нь авч үзвэл Д.М-, Х.Б- нар нь Л.Б-д дээрх эд хөрөнгийг 20.000.000 төгрөгийг худалдаж байгаа бол Л.Г-гээс 29.250.000 төгрөгийг авах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс Иргэний хуульд заасны дагуу буцаан төлөх үүрэгтэй.

Нөгөөтэйгүүр Д.М-, Х.Б- нарын хариу тайлбарт дурдсанчлан эд хөрөнгийг 69.000.000 төгрөгт тооцож худалдаж байгаа бөгөөд татвар, хураамж зэрэг төлбөрөөс шалтгаалан эд хөрөнгийг шилжүүлэх гэрээг 20.000.000 төгрөгөөр хийсэн гэж байгаа тохиолдолд Л.Б-, Л.Г- нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хуваан төлсөн буюу мөнгөн хөрөнгө холилдож нийлсэн гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд эд хөрөнгийн ихэнх хэсгийг өмчилж байгаа этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч болж нөгөө этгээд өөрт учирсан хохирлыг төлөх үүрэгтэй. Иймээс Л.Б- нь 29.250.000 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээс төлсөн 29.250.000 төгрөгийг хариуцагч Л.Б-, С.Д- нарын мөнгө байсан мэтээр дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй хэт хийсвэр дүгнэлт юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хууль зүйн дүгнэлтийг нотлох баримтад үндэслэж гаргах шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх нь бичгийн баримтаар нотлогдоогүй гэрчийн мэдүүлэгт үндэслэж нэхэмжлэгчээс төлсөн мөнгөн төлбөрийг бусдын эд хөрөнгө гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн гэр бүлийн гишүүдээс гэрчийн мэдүүлэг авахдаа хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байгаа тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Б- давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Гомдолтой танилцаад дараах гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид 39 сая төгрөгөөр өгсний дагуу орон сууцаа иргэн С.Д-, Л.Г- нарт 2017.09.29-ний өдөр хувь гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан.

Анх гэрээ хийхдээ С.Д-, Л.Г- нар  нь хүүхэд дээ энэ байрыг авч өгөх гэж байгаа хүү Б- нь Өмнөговь аймаг урагшаа нүүрс гаргах гээд оочирлож байгаа тул ирэх боломжгүй байсан, нөхөр С.Д- бичиг баримтгүй байсан тул Л.Г-тэй хийсэн. Гэрээнд урьдчилан 19 сая төгрөгийг бэлнээр үлдсэн мөнгийг сар бүр 5.250.000 төгрөгөөр цувуулж төлөхөөр тохирсон боловч урьдчилгаа мөнгөө бэлнээр төлөөгүй 2020.10 сард 3 удаа цувуулж өгсөн. Үндсэн мөнгийг графикийн дагуу Д.Б- нь төлнө гэж ярьж тохиролцсоны дагуу төлж 2018.08.27-ны өдөр байрны мөнгөө төлж дуусгасан тул орон сууц худалдах, худалдан авах жинхэнэ гэрээг хийж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.Б-ий нэр лүү шилжүүлсэн.

2. гэрээ байгуулахдаа шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлж дууссаны дараа тухай эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцож гэрээ байгуулсан.

3. Л.Г- нь бидэнтэй зөвхөн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хувь гэрээг байгуулсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн газар огт бүртгүүлээгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б- болон Х.Б-, Д.М- нарт холбогдуулж 29.250.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж үндэслэлдээ дараах зүйлийг дурджээ.

Д.Б-ийг орон сууц худалдаж авахад нь урьдчилгаа мөнгөнд 29.250.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тэрээр уг орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж авсан боловч миний мөнгийг өгөөгүй гэж ээ.

Мөн Д.М-, Х.Б- нар нь Л.Г-гийн өмнө нь байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 29.250.000 төгрөгийг авсан тул уг мөнгийг гаргуулах гэж үндэслэлээ тодорхойлжээ.

Мөн дээрх хариуцагч нар мөнгийг хамтран тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой гэж шаардлагаа тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгийг  өөр өөр үндэслэлээр нэхэмжилсэн байгаа нь дээрх этгээдүүд шүүхэд хамтран үүрэг гүйцэтгэж хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж дүгнэхээр байна 

Д.Б-ээс нэхэмжилсэн мөнгөний тухайд нэхэмжлэгч нь түүнд худалдаж авч өгсөн байрны үнийн урьдчилгаанд шилжүүлсэн мөнгийг өөрийн мөнгө иймд буцаан авах ёстой, тэрээр  миний мөнгөөр хөрөнгөжиж орон сууцтай болсон гэжээ.

Хэргийн зохигчид буюу Д.Б-, Л.Г- нар 29.250.000 төгрөгийг Л.Г-гийн данснаас  худалдаж авах байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн  гэдгийг маргадаггүй.

Харин маргааны зүйл нь уг мөнгийг хэн зарцуулах эрхтэй байсан буюу өөрөөр хэлбэл мөнгө хэнийх талаар маргажээ.

Хэрэгт уг мөнгө Л.Г-гийн мөнгө болох талаар уг мөнгөн дүнг ямар эх сурвалжаас хэзээ, хэрхэн бүрдүүлсэн тухай баримт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйд хариуцагчийг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч хэдийгээр татгалзлаа нотлох үүрэгтэй ч зохигчдын хэн аль нь маргааны зүйлийн талаар хангалттай нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй тохиолдолд нэхэмжлэгч юу шаардаж байгаа түүнийгээ нотлох нотолгооны үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзлээ.

Харин хариуцагч Д.М-, Х.Баттөмөр нарын тухайд дээрх этгээдүүд  эхлээд Л.Г-тэй  хожим нь Д.Б-тэй нэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд эхний гэрээгээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хэрхэн төлөх тухай тохиролцоогоо баталгаажуулсан гэх талуудын тайлбарыг үнэн зөв гэж үнэлэх боломжтой байна. 

Хариуцагч нарын Д.Б-тэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул худалдах, худалдан авах гэрээний үнийг буцаан өгөх хууль зүйн үндэслэл үүсэхгүй.

Хэргийн нөхцөл байдлаас хариуцагч нарыг нэг үл хөдлөх эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Учир нь Л.Г-, С.Д- нар байр үзэж судалж гэрээ хийхээр хариуцагч Д.М-, Х.Баттөмөр нартай тохиролцож гэрээ байгуулах үедээ орон сууцыг  хүү Д.Б-д авч өгөх гэж байгаа талаар ярилцаж, хожим нь Д.Б-ий нэр дээр гэрээг шилжүүлэн хийх үед урьдчилгаа төлбөрийн талаар маргаан үүсэж байгаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-д заасан үндэслэл хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна. Хуулийн дээрх заалт нь үүрэг гүйцэтгүүлэхээр бус, бусдаар тодорхой үйлдэл хийлгэх буюу хийхгүй байхаар мөнгө шилжүүлсэн этгээд анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг мэдэж байсан тохиолдлыг зохицуулжээ.

Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс буцаан шаардаж болохгүй дээрх тохиолдол нь бодитоор мөнгө шилжсэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тохиолдолд хамаатай байна.

Зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл нь мөнгө шилжсэн эсэх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх тухай юм.

Иймд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 725 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалыг

“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г-гийн гаргасан хариуцагч Д.Б-, Б.М-, Х.Б- нараас 29.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэснийг, “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г-гийн гаргасан хариуцагч Д.Б-, Б.М-, Х.Б- нараас 29.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                        

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.АМАРСАНАА

                                                         ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

                                                                                                            О.НАРАНГЭРЭЛ