Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2017/0195/З |
Дугаар | 221/МА2017/511 |
Огноо | 2017-07-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2017/511
2017 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2017/0511 | Улаанбаатар хот |
С.Ж-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Ц.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 355 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Ж-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ж-ын “Бүтэц орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын тэтгэмжийг үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт " ... Нэхэмжлэгч С.Ж төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөр төрийн захиргааны албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхлэх хуулийн шаардлагыг хангахгүй болсон тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж тооцохгүй юм.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр тушаалын аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн төрийн захиргааны албан хаагчдыг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсний дотор С-ын Ж багтжээ. Хэдийгээр бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан захиргааны албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн 2016 оны Б/89 дүгээр тушаалд нэхэмжлэгч багтаж буй боловч түүнээс өмнө 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн С.Ж-ын ажлын байрыг хариуцагч хадгалах үүрэг хүлээхгүй учир нэхэмжлэглчийн бүтэц, орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн гэж тооцохгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
Нэхэмжлэгч миний бие 1 жилийн хугацаагаар суралцах тухай хүсэлт гаргаснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1644 дугаар тушаалаар түр чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд миний ажлын байранд Уламсайханы Урансайханыг “түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсон байсан нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр тушаалын хавсралтаар нотлогдоно.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: “ ... орон тоо хасагдсан учир У.У-ыг өөр ажлын байр санал болгож ажиллуулж” байгаа гэсэн нь Төрийн албан тухай хуульд заасан баталгааг нэхэмжлэгч миний ажлын байранд ажиллаж байсан “түр орлон гүйцэтгэгч”-д эдүүлсэн байна.
Хариуцагч нь С.Ж миний суралцах хүсэлтийг хүлээн авч түр хугацаагаар чөлөөлсний дараа миний ажлын байранд өөр хүнийг түр хугацаагаар орлуулан гүйцэтгэж байх хугацаанд буюу 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бүтцийн өөрчлөлт хийж орон тоог хасахад миний ажлын байрыг хадгалж байгаагаа Б/89 дүгээр тушаалаар нотолсон.
Энэхүү нотлох баримтыг анхан шатны шүүх буруу үнэлж, дүгнэж, нэхэмжлэгч намайг дахин хохироож байна гэж үзэж байна. Тухайн ажлын байранд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу шалгалт өгч төрийн жинхэнэ албан хаагч болсон миний эрхийг орон тоо хасагдаж ажлын байр үгүй болсон нь шууд хөндөж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Сайхан сум дахь улсын бүртгэгчийн ажлын байрны төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албан тухай хуульд заасан баталгааг эдлэх эрхтэй. Гэтэл миний ажлын байранд түр орлон гүйцэтгэж байсан У.У төрийн албан хаагчийн баталгааг эдэлж байгаа гэж үзэхээр байна. Миний бие олон сараар ажилгүй хохирч байна.
Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 355 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Ж-ыг суралцах тухай өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1644 дүгээр тушаалаар төрийн албанаас түр чөлөөлсөн байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь хэсэгт “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон”, 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заасан нь түр чөлөөлөгдсөн тохиолдолд ажлын байр хадгалагдан үлдэх зохицуулалт биш бөгөөд нэхэмжлэгч эрхэлж байсан төрийн албан тушаалаас чөлөөлөгдөж харин төрийн албаны нөөцөд бүртгэлтэй үлдэх зохицуулалт байна.
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь зохицуулалт нь гурван сараас дээш хугацаагаар суралцахаар чөлөө авч байгаа хүнийг тухайн эрхэлж буй албан тушаалаас нь түр чөлөөлөх тухай ойлголт биш харин төрийн албанаас түр чөлөөлж буй агуулгатай юм.
Нөгөө талаар төрийн албанаас түр чөлөөлөх тухай тушаал гарснаас хойш тус байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн шийдвэрт нэхэмжлэгчийн нэр байгаа нь түүнийг бүтэц, орон тоо өөрчлөгдсөн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэн тэтгэмж олгох хууль зүйн үндэслэл биш бөгөөд хариуцагч өмнө эрхэлж байсан ажлын байранд авах үүрэг хүлээхээргүй байна. Учир нь нэхэмжлэгч С.Ж-ын төрийн албаны харилцааг дуусгавар болгох шийдвэр нь энэхүү бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрээс цаг хугацааны хувьд өмнө нь гарч шийдвэрлэгдэж байсан байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 355 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ