Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/107

 

 

 

 

 

 

2023              01             25                                       2023/ДШМ/107

 

 

З.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Батбаатар,

яллагдагч З.Бын өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/13 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаатарын бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцэлд үндэслэн З.Бад холбогдох 2203005840517 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Зын Б, 1985 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

 

Яллагдагч З.Б нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам, Элсэн цаг төвийн урд замд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг 30 минутын үед Nissan Caravan загварын ...УНГ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 1.1. “ажлын тоормосны идэвхжил нь МNS4598 стандартад заасан үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй байх”, 5.3 дахь хэсэгт засан “...гэрэл нь бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч А.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: З.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэргийн газар байж үйл явдлыг харсан Цэнд-Аюушийг олж, гэрчээр байцаах нь зүйтэй байна. Мөн Шинжээчийн дүгнэлтийг гаргуулах шаардлагатай. 2022 оны 9 дүгээр сарын 21-ний 21:44:45 минутад 99304443 дугаарын утаснаас машинд дайруулсан, толгойноос цус гараад” гэсэн утга бүхий дуудлагыг жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өгсөн байх бөгөөд тус дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Мандах очиж хэргийн газрын үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байна. Улмаар, мөрдөгч Э.Мандах нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 220300584 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байх төдийгүй 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1123 дугаартай мөрдөгчийн магадалгааг гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн магадалгаа нь шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил нотлох баримтаар үнэлэгдэж тооцогдохоор байна. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас үзэхэд энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Мандах нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилохгүйгээр, өөрөө мөрдөн шалгах ажиллагаанд оролцон цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэх замаар мөрдөгчийн 1123 дугаартай магадалгааг гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй байна. Зүй нь бол зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдох юм.

Мөн мөрдөгчийн магадалгаа болон 999501 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дараах зөрүүтэй зүйл байна. Тухайлбал, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 999501 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...MNS4598:2011 “автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон ...шалгаж үзэхэд улсын дугаарын гэрэл асахгүй, баруун гар талын урд дохионы гэрэл асахгүй, салхины шил баруун талдаа хагарсан, урд нүүр баруун талдаа бага зэрэг хонхойсон байна. Нэгдүгээр тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4,48 кН, баруун талдаа 4,55кН, зөрүү 2%, хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,49 кН, баруун талдаа 0,53 кН, зөрүү нь 8%, тоормос зогсоогүй, зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээр 680 cd, хол дээр 43000 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээр 9200сd, хол дээр 12600 сd байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркуль багажаар хэмжилт хийж үзэхэд 4,5-6,5мм буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгслийн 2 дугаар тэнхлэгийн тоормос зогсоогүй, их гэрлийн тусгалын хүч ойр дээрээ стандарт шаардлага хангахгүй байгаа эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлөх магадлалтай. 2 дугаар тэнхлэгийн тоормос зогсоогүй гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. Их гэрлийн тусгалын хүч ойр дээрээ стандарт шаардлага хангахгүй байгаа нь ослын үед үүссэн гэмтэл байх магадлалтай гэжээ. Харин мөрдөгчийн 1123 дугаартай магадалгаанд “...жолооч З.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 1.1, 3.1, 5.3, 12.3тус тус заасныг зөрчсөн байна гэжээ. Дээрх дүгнэлт, магадалгааг харьцуулан үзвэл, мөрдөгчийн магадалгаанд тусгаснаар шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 5.3 заасныг, их гэрлийн тусгалын хүч ойр дээрээ стандарт шаардлага хангахгүй байгаа эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлөх магадлалтай ч энэ гэмтэл нь ослын үед үүссэн гэмтэл байх магадлалтай” гэж дүгнэсэн нь хоорондоо зөрчилтэй, зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн тээврийн хэрэгслийн дугуйны хээний гүн нь шаардлага хангаж байгаа бол яагаад замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн болох, мөн их гэрлийн тусгалын хүч ойр дээрээ стандарт шаардлага хангахгүй байгаа нь тухайн ослоос өмнө үүсээгүй, харин тухайн ослын үед үүссэн юм бол осол гарахад хэрхэн ямар байдлаар нөлөөлсөн гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна. Иймээс дээрх зөрчилтэй дүгнэлт, магадалгааг үнэлэх боломжгүй байх тул дүгнэлтүүдийг дахин гаргуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Батбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал”-ын тэмдэглэлд З.Б нь осол болох үед ганцаараа явсан болох нь тэмдэглэгдсэн байх ба түүний гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт тухайн осол гарах үед зорчигчтой явсан талаар болон осол хэргийн талаар гэрчлэх хүн байгаа гэж огт мэдүүлдэггүй. Харин шүүх хуралдааны явцад мэдүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулах гэсэн субьектив мэдүүлэг гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж хэргийн бодит үнэнийг тогтоох боломжтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандах нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзэн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн 1123 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”-г гаргасан. 1123 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”-гаар жолооч З.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.4,12.3-т заасныг тус тус зөрчсөн байна. Явган зорчигч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасныг зөрчсөн байна гэсэн магадлагааг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 1123 дугаартай маргадлагаа нь хэрэгт авагдсан баримтаас зөрүүгүй, үндэслэл бүхий магадлагаа байх тул шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д "шинжээч" гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд мөрдөгч нь уг тодорхойлолтод хамаарахгүй этгээд тул “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж мөрдөгч магадлагаа гаргасан” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 999501 дугаартай шинжээчийн дүгнэлт нь жолооч З.Бын жолоодож явсан “Nissan Caravan" загварын ...УНГ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй болох нь тогтоогдсон. Тухайн зам тээврийн осол нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний орой 21:30 минутын үед гарсан бөгөөд З.Бын жолоодож явсан “Nissan Caravan” загварын ...УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлагыг хангахгүй буюу бүдэг асдаг байсан нь явган зорчигч А.Бийг жолооч З.Б харах зай, хэмжээнд нөлөөлөх бөгөөд мөн тухайн тээврийн хэрэгслийн 2 дугаар тэнхлэгийн тоормос зогсоогүй, стандартын шаардлага хангахгүй байгаа нь тоормосны мөр уртсах байдлаар нөлөөлж явган зорчигч А.Бийг мөргөсөн нь учрах хохирлыг ихэсгэсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр З.Бын жолоодож явсан “Nissan Caravan” ...УНГ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийн ойрын гэрлийн тусгалын чадал болон тоормосны систем стандартын шаардлага хангаж байсан бол явган зорчигч А.Бийг мөргөхгүй зогсох боломжтой байсан. Тухайн зам тээврийн осол гарахад явган зорчигч А.Бийн буруутай үйлдэл байгаа боловч энэ нь жолооч З.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Харин эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болно. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13 дэх хэсэгт “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг.” мөн дүрмийн 3.4 дэх хэсэгт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэж тус тус заасан бөгөөд жолооч З.Б нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй, Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг баримтлаагүй хөдөлгөөнд оролцсон зэрэг нөхцлүүд нь дээрх зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан болсон гэж дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны  дагуу хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч З.Бын өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг буцаасан үндэслэлдээ “шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй гаргах шаардлагатай” гэсэн байдаг. Үүнтэй санал нэг байна. Учир нь, хэрэг болсон өдөр  зүүнээсээ баруун чиглэл рүү З.Б нь тээврийн хэрэгслийг барьж явж байх явцдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас тухайн осол гарчээ гэж прокурор яллах дүгнэлтдээ дурдсан. Хууль зүйн хувьд бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гэж үзэж байна. Хохирогч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “би өөрөө согтуу байсан. Явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарах явцдаа машинд мөргүүлсэн” гэдэг. Хэргийн газрын үзлэгээр А, Б, В гэсэн гурван цэгийг тогтоосон. В цэгээс Б цэгийн хооронд 5.5 метрийн зайтай байдаг. Энэ 5.5 метрийн зайн дээр хоёр машин зогссон байсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж бэхжүүлсэн зүйл байдаггүй. Тухайн хоёр машины голоор хохирогч гарч ирсэн болохоо өөрөө мэдүүсэн. Мөн З.Б мэдүүлдэг. Хохирогч явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан гэдгийг прокурор буруугаар ойлгоод жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас энэхүү осол үйлдэгдсэн гэж үздэг. Энэ үйл баримт шинжээчийн дүгнэлтээр няцаагддаг. Шинжээч томилсоноор хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан уу, яллагдагчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан уу гэдэг нь тодорхой болно. Хэрэг болсон өдөр З.Б нь Өмнөговь аймгийн Цагаан хад руу явахаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явж байхдаа тээврийн хэрэгсэл дотор 3-4 хүнтэй хамт явж байсан гэж мөрдөн байцаагч Мандахад хэлсэн байдаг. Мандах энэ нөхцөл байдал хэрэгт ач холбогдолгүй гэдэг байдлаар хандсан. Ганцаараа явж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Тэгэхээр хохирогч хоёр машины голоос гэнэт гарч ирсэн гэдгийг нотлох гэрчүүд байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэгээр гэрчүүд байгаагүй гэж хэлсэн нь хэргийн газрын үзлэг хуульд заасан журмын дагуу явагдаагүй болохыг харуулж байна. Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...Цэнд-Аюушийг гэрчээр асуух. ...шинжээчийн дүгнэлт, магадалгааг дахин гаргуулах. ...” гэсэн дүгнэлтүүдийг хийж З.Бад холбогдох эрүүгийн хэргийг тээврийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлдэг үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой.

 

Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно. 

 

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг.

 

Мөн гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.   

 

          Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

         

          Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтүүдийг хууль зүйн үндэслэлтэй тул мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Учир нь, дээрх ажиллагааг хийснээр гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх шаардлагатай ба түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл болсон байх ёстой.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Ч.Батбаатарын бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/13 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Батбаатарын бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч З.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР