Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 147

 

З.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 636 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 717 дугаар магадлалтай, З.Б-д холбогдох 2203005840517 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, З.Б

Шүүгдэгч З.Б  нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Элсэн цаг” төвийн өмнөх замд “Nissan Caravan” загварын ....УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 1.1-д “Ажлын тоормосны идэвхжил нь MNS4598 стандартад заасан үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй байх”, 5.3-т “... гэрэл нь ... бүдэг асдаг болсон” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч А.Бийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч З.Б ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, энэ хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч З.Б  нь хохирогч А.Бд 3,120,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч А.Б нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч З.Б аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч З.Б аас 6,790,050 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 636 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Тээврийн прокурорын газраас З.Б ад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу З.Б ад холбогдох 2203005840517 дугаар эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.  

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ... шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 999501 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, техникийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03/20 дугаар шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар бүрэн гүйцэд үнэлээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Хэрэгт авагдсан 999501 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “...2 дугаар тэнхлэгийн тоормос зогсоогүй, их гэрлийн тусгалын хүч ойр дээрээ стандарт шаардлага хангахгүй ... эвдрэл гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлөх магадлалтай...” гэж дүгнэсэн. Тухайн зам тээврийн осол нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21:30 цагийн орчимд гарсан бөгөөд тээврийн хэрэгслийн ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байсан нь жолооч, явган зорчигчийг харах зай болон самбаачлах хугацаанд нөлөөлсөн. Мөн тухайн тээврийн хэрэгслийн 2 дугаар тэнхлэгийн тоормос стандартын шаардлага хангахгүй байгаа нь тоормосны мөр уртсах байдлаар нөлөөлж явган зорчигч А.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан тохирох хэсгээр зүйлчлэхээр заасан бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэлд ялимгүй гэсэн ойлголт байхгүй, уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан бол шалтгаант холбоо тогтоогдсон гэж үздэг.

Явган зорчигч А.Бийг анх мөргөсөн “А” цэг тухайн тээврийн хэрэгслийн баруун урд хэсэгт авагдсан ба тоормосны мөр байхгүй, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд явган зорчигч А.Бийг мөргөөд зогссон, тухайн тээврийн хэрэгсэл цаашаа хөдлөөгүй байгаа нь З.Б ын жолоодож явсан “Nissan Caravan” маркийн ....УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 дугаар тэнхлэгийн тоормос хэвийн ажиллагаатай, стандартын шаардлага хангаж байсан бол явган зорчигч А.Бийг мөргөхгүй зогсох боломжтой байх ба явган зорчигч А.Бийн эрүүл мэндэд учирсан хүнд хохиролтой түүний үйлдэл шалтгаант холбоотой байна.

Зам тээврийн осол гарахад явган зорчигч А.Бийн буруутай үйлдэл байгаа боловч энэ нь жолооч З.Б ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, харин эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал юм.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирдаг байдлаар санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг. Гэтэл давж заалдах шатны шүүх жолооч захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийг нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь шүүгдэгчийн санамсар, болгоомжгүйгээс үйлдэгддэг. Гэтэл давж заалдах шатны шүүх “Жолоочийн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийг нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй” гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хамааралт байдал, хоорондын уялдаа, шалтгаант холбоог бүхэлд нь авч үзвэл шүүгдэгч З.Б  нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочид үүрэг болгосон заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Бийг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 999501 дүгээр шинжээчийн дүгнэлтээр жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хангаагүйн улмаас явган зорчигчийг мөргөж хүнд гэмтэл учруулсан, мөн хэргийн газарт тоормосны мөр байхгүй гэж эсэргүүцэлд тусгасан байна. Миний үйлчлүүлэгч тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зүйл огт байхгүй. Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тууш замын хоёрдугаар эгнээгээр зорчиж явахад нэгдүгээр эгнээнд зогсож байсан том оврын тээврийн хэрэгслүүдийн дундаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигч А.Б гэнэт гарч ирснээр осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Тээврийн хэрэгсэл жолоодон явах үед гэрч С.Ц хамт явсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорын яллах дүгнэлтэд хэргийн нөхцөл байдлыг ач холбогдолтой талаас нь зайлшгүй зааж, анхан шатны шүүхээс хэргийг үнэн зөв байдлаар тогтоогдсон гэж үзсэн тохиолдолд гэм буруутайд тооцдог. Гэтэл хэргийн газрын үзлэг бүрэн бус хийгдсэн, зайлшгүй шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, шинжээчийн дүгнэлтүүд зөрчилтэй. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтээр явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас зам тээврийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үздэг. Түүнчлэн хэд хэдэн шинжээчийн дүгнэлтэд тээврийн хэрэгсэл жолоодож явсан З.Б ыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэлийг дэвшүүлээгүй байдаг. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч З.Б ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох шаардлагатай бүхий л ажиллагаа хийгдсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2.Шүүгдэгч З.Б  нь “Nissan Caravan” загварын ....УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримтын талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Харин анхан шатны шүүх тухайн зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгчийн бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон үйлдлээс болсон гэж үзэн, шүүгдэгч З.Б ыг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.

Шүүгдэгч З.Б ын жолоодож явсан “Nissan Caravan” загварын ....УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 дугаар тэнхлэгийн тоормосны идэвхжил MNS4598 стандартад заасан үзүүлэлтийг хангахгүй, их гэрлийн тусгал ойр дээр бүдэг асдаг байсан нь хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр ашиглалтын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” гэж заасныг зөрчсөн байна.

Гэвч хохирогч А.Б-ийн “... 1-р эгнээнд зогсож байсан том оврын автомашины урдуур зам хөндлөн гарах гээд алхтал нэг автомашин ойрхон ирчихсэн, би газар унасан... 1-р эгнээнд суудлын болон ачааны автомашинууд цуваад зогсож байсан...” /хэргийн 1-р хавтасны 174/, гэрч С.Ц-ийн “... 1-р эгнээнд том оврын ачааны 2 шалаанз болон суудлын автомашинууд цуваад зогсож байсан. Шалаанз автомашинуудын голоос нэг хүн гүйгээд гараад ирсэн. Гэнэт гарч ирсэн, харах боломж байгаагүй...” /хэргийн 1-р хавтасны 177/, яллагдагч З.Б-ын “... зорчих хэсгийн 2-р эгнээнд 50 орчим км/цагийн хурдтай явж байтал 1-р эгнээнд зогсож байсан том оврын автомашины урд талаар явган зорчигч гэнэт гараад ирсэн. Би тоормос гишгээд зогсож амжилгүй мөргөсөн. Явган зорчигчийг хараагүй, гэнэт гараад ирсэн...” /хэргийн 1-р хавтасны 92/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд байрлуулсан автомашинуудын дундаас явган зорчигч гарч ирэхийг жолооч З.Б урьдчилан харсан, эсхүл харах боломжтой байсан гэж дүгнэх нь учир дутагдалтай болно.

Түүнчлэн хэргийн газрын үзлэгийн бүдүүвч зурагт тээврийн хэрэгсэл зогссон байрлалыг хохирогчийг мөргөсөн цэгээр тодорхойлсон байх тул хохирогчийг мөргөх агшинд тээврийн хэрэгсэл бүрэн зогсолт хийсэн байна.

3.Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нотлохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг явуулж, яллах ба өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээн, тэдний шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоох учиртай.

Хэрэв шүүхийн шийдэлд нөлөөлөхүйц эргэлзээ бий болсон тохиолдолд шүүх түүнийг нотлох баримтаар няцаан үгүйсгэсний эцэст гэм буруутай нь тогтоогдсон гэж үзнэ. Хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон эргэлзээ бүхий асуудлыг шүүхээс няцаан үгүйсгэх боломжгүй тохиолдолд тухайн асуудлыг гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай.

Давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, хооронд нь харьцуулан шинжлэн судлах, эх сурвалжийг магадлах, нотолгооны ач холбогдлыг тодорхойлох зэрэг нотлох баримтыг шалгаж, үнэлэхэд тавигдах хуулийн шаардлагын дагуу хэргийг магадлан хянасны үндсэн дээр шүүгдэгч З.Б ыг хэргийн нөхцөл байдлын улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 717 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧИД                                                    С.БАТДЭЛГЭР

    М.ПҮРЭВСҮРЭН

    Ч.ХОСБАЯР

    Б.ЦОГТ