Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 191

 

Г.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаар магадлалтай, Г.Гд холбогдох 1831000000053 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин, Р.Атарцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Г.Г нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Гг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Г хохирогчид 4.960.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн гаргасан 24.483.869 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Г.Гийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Гд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г нь хохирогч С.Ганболдод 1.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин, Р.Атарцэцэг нар гаргасан гомдолдоо: “Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоол нь хуулийн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн, мөн хохирогч шүүх хуралдаанд “хохирол төлөгдсөн учраас хуульд зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан зэргийг харгалзан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгосон.

Давж заалдах шатны шүүх нь магадлалынхаа үндэслэх хэсэгт “...Г.Г нь цаашид гарах хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан ёсоор илэрхийлээгүй” гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байсныг шүүх анхаарч, хохирогч хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд нээлттэй үлдээсэн. Шүүх хуралдааны дараа хохирогч эмчилгээний зардал 5.000.000 төгрөг нэхэмжилсэн ба Г.Г төлж барагдуулна гэдгээ хэлсэн болно. Гэвч Г.Гийн хувьд 4 хүүхэдтэй, эхнэр нь төрөөд удаагүй, эрхэлсэн ажилгүй, өөрийнх нь цалин буугаагүй зэрэг шалтгаанаас болж хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг шууд төлөхөд хүндрэл гарсан ба давж заалдах шатны шүүх хурлаас өмнө 1.000.000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх бодит хор уршиг арилаагүй мэтээр дүгнэж Г.Гд 2 жилийн хорих ялыг оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийг нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасны “...хүндрүүлж...” гэсэн заалтыг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс түдгэлзүүлсэн тул хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс хорих ялыг оногдуулсан ч гэсэн шүүгдэгч Г.Г болон түүний ар гэрийн зүгээс хохирогчид дахин 5.000.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн ба хохирогчийн зүгээс Г.Гд гомдол санал байхгүй, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж үзэхийг хүссэн хүсэлтийг хяналтын шатны шүүхэд гаргасан байна.

Иймд шүүгдэгч Г.Гийн ар гэрийн байдал, 4 бага насны хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, мөн хохирогчид анхан шатны шүүхийн шатанд 4.960.000 төгрөг, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 1.000.000 төгрөг, мөн хурлын дараа 5.000.000 төгрөг, нийт 10.690.000 төгрөг төлсөн нөхцөл байдал, хохирогчийн зүгээс санал гомдолгүй гэснийг харгалзан үзэж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаартай магадлалын тогтоох хэсгийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсон заалтуудыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин хэлсэн саналдаа: “Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоол нь хуулийн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийг нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасны “...хүндрүүлж...” гэсэн заалтыг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс түдгэлзүүлсэн тул хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс хорих ял оногдуулсан ч гэсэн шүүгдэгч Г.Г болон түүний ар гэрийн зүгээс хохирогчид дахин 5.000.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн ба хохирогчийн зүгээс Г.Гд гомдол санал байхгүй, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж үзэхийг хүссэн хүсэлтийг хяналтын шатны шүүхэд гаргасан байна. Иймд шүүгдэгч Г.Гийн ар гэрийн байдал, 4 бага насны хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, мөн хохирогчид анхан шатны шүүхийн шатанд 4.960.000 төгрөг, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 1.000.000 төгрөг, мөн хуралдааны дараа 5.000.000 төгрөг, нийт 10.690.000 төгрөг төлсөн, хохирогчийн зүгээс санал гомдолгүй гэснийг харгалзан үзэж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаартай магадлалын тогтоох хэсгийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан заалтуудыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч С.Ганболд гаргасан хүсэлтдээ“Г.Гийн ар гэрийн зүгээс давж заалдах шатны шүүх хурлын өмнө 1.000.000 төгрөг, хурлаас хойш буюу 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг өгсөн. Одоо миний зүгээс Г.Гд ямар нэгэн гомдол санал байхгүй учраас давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10.000 нэгжээр торгосон ялыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

 Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Г нь хохирогч С.Гыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар нотлогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Гд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин, Р.Атарцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Гд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар дунд сургуулийн спорт зааланд хохирогч С.Гыг зодож эрүүл мэндэд нь гавлын ясны шугаман хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хураа, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун хөхлөг сэртэн, баруун чихний арын цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хохирогчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд хохирогч С.Гд учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, шүүгдэгч Г.Г нь хохирогчид цаашид гарах хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан ёсоор илэрхийлээгүй байхад анхан шатны шүүх торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцээгүй, мөн оногдуулсан торгох ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэсэн дүгнэлт хийж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг хүндрүүлж, 2 жил хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Гэвч давж заалдах шатны шүүх хуралдааны дараа шүүгдэгч Г.Г нь хохирогчид нэмж 5.000.000 төгрөг өгсөн ба хохирогч С.Ганболд нь хяналтын шатны шүүхэд хандаж шүүгдэгч Г.Гд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээх тухай хүсэлт гаргажээ.

Түүнээс гадна Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны “... хүндрүүлж ...", “... эсхүл хүндрүүлж...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “...шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад өөрчлөлт оруулсан тул ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол, хохирогчийн хүсэлтийг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх нь тогтоол гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхээс Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан шаардлагад нийцүүлж тогтоосон “Шүүхийн шийдвэр бичих аргачлал, журам”-ыг чанд баримталж, тогтоолыг хэлбэр, бүтэц, утга найруулга, зөв бичих дүрмийн алдаагүй боловсруулж, тогтоох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан дарааллын дагуу бичиж байхыг зориуд анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2. 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 болон 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Гийн цагдан хоригдсон 58 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 870.000 төгрөгийг торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 9.130.000 /есөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

3. Шүүгдэгч Г.Гийг нэн даруй суллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН