Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 02

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Цолмонгэрэл Хохирогч С.Ганболд Хохирогчийн өмгөөлөгч А.Отгонбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Г.Амартүвшин Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Г.Ган-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000000053 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Сүхбаатар техник үйлчилгээний газарт вагон үзэгч ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ган зам 7 дугаар баг ТЗ-ын 1-р 60 айлын 43 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Ганчулууны Ган-Эрдэнэ /РД:ЖИ87051917/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 12 жилийн 3-р дунд сургуулийн спорт зааланд 2018 оны 01 дүгээр сарын 27- ны өдөр С.Ганболдыг зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 12 жилийн 3 дугаар сургуулийн Спортын зааланд хохирогч С.Ганболдыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг Хохирогч С.Ганболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 27-нд манай сургууль дээр эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохиогдоход би тэр тэмцээнд шүүгчээр ажиллаж байсан юм. Г.Ган-Эрдэнэ гар бөмбөг тоглож байхдаа бага зэрэг бухимдалтай байсан. Тэмцээнийг шүүж байх явцад над руу бухимдаад дайрч ирээд намайг шүүгчийн төмөр сандал дэрээс заамдаж унагаад зүүн гараагаа баруун чих рүү цохиж цамцны малгайг минь өмсгөөд доош нь тонгойлгоод толгой руу минь хүчтэй өшиглөсөн. Миний чихнээс маш их цус гарч би хагас ухаантай болсон. Тэгээд намайг сургуулийн эмчийн өрөө рүү авч орж дараа нь эмнэлэг рүү авч явсан. Энэ хугацаанд эмчлүүлсэн зардал, бусад зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг Хохирогч С.Ганболдын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн гар бөмбөгийн тэмцээн болсон юм тэгээд би тухайн тэмцээнийг шүүх шүүгчээр ажиллаж байсан ба шүүгчийн тавцан /Торны дэргэдэх шалнаас дээш 2,3-аас 2,4 метрийн өндөрт байрлах сандал/ дээр суугаад тэмцээнийг шүүж байсан. Тэгэхэд тэр тоглолтонд тоглож байсан Г.Ган-Эрдэнэ гэх залуу тэмцээнийг буруу шүүлээ нөгөө багт илүү оноо өглөө гэх мэтээр хэлээд л орилоод байсан юм тэгээд тоглож байсан багууд байраа солиод тоглох үед Г.Ган- Эрдэнэ бухимдаад л над руу уурлаад байсан бусад тоглогч нар нь зүгээр л тоглож байсан тэгж байгаад тэмцээний 2 дугаар шүүгчээр ажиллаж байсан манай сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Билгүүн рүү бөмбөгөө шидээд уурлаад ойртоход нь би араас нь хөөш гээд орилсон чинь миний сууж байсан тавцан руу авирч гарч ирээд над руу зандраад л чи тэмцээнийг шүүж чадахгүй байна буруу шүүлээ гэх мэтээр хэлээд л гэнэтхэн миний баруун чих рүү зүүн гараараа савж алгадсан тэгэхэд нь миний ухаан санаа хэсэг манараад би яагаад байгаа юм бэ гээд түлхсэн чинь миний өмсөж байсан юүдэнтэй цамцны малгайг толгойд өмсгөж нүүр битүүлж доош нь дараад шалан дээр намайг унагаасан, унахдаа би зүүн бугуйгаараа газар тулаад унасан. Тавцан дээрээс унахдаа би бэртээгүй дөнгөж унаад шалан дээр байж байхад миний араас толгойны баруун хойд хэсэг рүү өшиглөсөн тэгэхэд би ухаан алдаад унасан тэгээд ухаан ороход миний хамар, баруун чинхээс цус гарчихсан шалан дээр зөндөө цус гоожсон байсан миний өмсөн байсан хувцас хүртэл нэлээн цус болсон байсан тэгээд босох гэсэн чинь босч чадахгүй амьсгал давхцаад толгой эргээд дайвалзаад байсан юм. Тэгээд намайг багш Энхсайхан, нийгмийн ажилтан Бямбаа нар намайг хоёр талаас сугадаад эмчийн өрөөнд оруулж сургуулийн эмч М.Ганчимэг миний цусыг тогтоох гэж оролдоод цус тогтоогүй тэгээд эмнэлэгт дуудлага өгсөн чинь гадуур дуудлагатай явж байна удах байх шүү гэхээр нь эмч М.Ганчимэг, нийгмийн ажилтан Бямбаа нар намайг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/ Гэрч Н.Мөнхтуяагийн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүүхдийн сургуулийн эцэг эхийн тэмцээнд оролцож байх үед манай ангийн эцэг эхчүүд 10-а бүлгийн эцэг эхчүүдтэй тоглосон. Тоглолтын үед миний хажууд 2 удаа бөмбөг зураасан дээр унасан чинь шүүгч нөгөө дотор унасан гээд нөгөө багт оноо өгсөн. Энэ талаар шүүгч хэлэхээр юу ч сонсоогүй юм шиг тоглолтыг үргэлжлүүлээд байсан. Тэр үед манай багийн эцэг эхчүүд наадах чинь буруу шүү дээ гээд орилолдоод л байсан. Миний хувь гар бөмбөгийн нарийн дүрмийг мэдэхгүй учир гайхаад л өнгөрсөн. Энэ мэт байдлаас шүүгч илт нөгөө талын багт шүүгээд байсан. Тэгтэл Г.Ган-Эрдэнэ шүүгч дээр очоод шүүгчийн сууж байсан сандлын өөдөө гараад шүүгчтэй маргалдаж байгаад гараараа нүүр лүү нь хүрсэн. Яг цохьсон түлхсэнийг би сайн мэдэхгүй байна. Шүүгч тэр үед Г.Ган-Эрдэний өөдөөс бас барилцаж авах үед Г.Ган- Эрдэнэ шүүгчийг татаад хоёулаа заамдалцаад цуг газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/ Гэрч Т.Ганцэцэгийн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай анги эхний үед хожигдсон болохоор дараагийн үед тэнцээд контор гаргах боломжтой байсан. Тэгсэн чинь шүүгч нь нөгөө багийн илт гадаа гарсан бөмбөгийг дотор оруулаад нөгөө багийн бөмбөг гарчихаад байхад гараагүй гээд нөгөө ангийн талд шүүгээд байсан. Энэ талаар багш ч гэсэн энэ талаар шүүгчид хандаж зөндөө хэлсэн. Шүүгч бид нарын хэлснийг үл тоосон байдалтай хандсан. Энэ байдал 3 дахь удаагаа давтагдахаар нь Г.ГанЭрдэнэ шүүгчийн өөдөөс очоод сууж байсан сандал руу өгсөөд ... Чи хүний үгийг сонсохгүй буруу шүүгээд байна шүү дээ гээд шүүгчийг зүүн гараараа алгадах шиг болсон. Гэхдээ их зөөлөн алгадсан байх гэж харагдсан. Тэгтэл шүүгч өөдөөс нь бас гар нь хөдлөөд зодолдох шиг болсон. Тэгээд хамт шүүгчийн сууж байсан сандал дээрээс унасан. Би өөрөө тийм зүйл харж чаддаггүй болохоор чихээ дараад... Яаанаа гээд буруу хараад зогссон. Эргээд хартал газар уначихсан шүүгч атиралдаад хэвтэж байсан. Тэгэхэд шүүгчийн хэвтэж байсан газарт цус шалан дээр дуссан байдалтай байсан. Яг хаанаас нь цус гарсныг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/ Гэрч А.Нарангаравуугийн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 цаг 30 минутаас Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургууль дээр тэмцээн болсон. Бид нарыг анх тоглож эхлэхэд шүүгчтэй маргалдаж болохгүй гэж зохион байгуулж байгаа хүмүүсээс хэлж анхааруулж байсан. 5-а анги болон 10 дугаар ангийн нийлсэн баг тоглож байхад 5-а ангийн багийн тамирчин нь тоглолтын үед зүй бус тоглож байгаад онооны шүүгч түүнд 3 удаа сануулга өгсөн. Тухайн үед нөгөө багт тоглож байсан танихгүй залуу уурласандаа шүүгчийн сууж байсан сандал дээр очоод шууд алгадаж авсан тэгээд өндөр шүүгчийн сандал дээр сууж байхад нь заамдаж аваад газар унагаасан юм тэгээд нэг удаа өшиглөсөн дахиад цохих гээд байхаар нь манай ангийн багт тоглож байсан Амараа гэх эмэгтэй салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/ Насанд хүрээгүй гэрч Б.Билгүүний 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 5 дугаар ангийн эцэг эхчүүдийн багт тоглож байсан Г.ГанЭрдэнэ гэх ах С.Ганболд багшийг буруу шүүлээ гээд уурлаад хэрүүл маргаан хийх маягтай буруу шүүгээд байна гээд л орилж хашгичаад байсан юм тэгэхэд нь би тайлбарлагч хийж байсан болохоор шүүгчтэй маргалдахгүй шүү гэж 2 ч удаа хэлсэн тэгэхэд үг авахгүй л С.Ганболд багш руу дайраад байсан тэгэхээр нь би оноон дээр хамт сууж байсан Сэлэнгээ багшийг үлдээчхээд тэмцээний хоёрдугаар шүүгчээр ажиллахаар С.Ганболд багшийн эсрэг талын торны багананы хажууд очоод зогссон тухайн үед тоглолт түр зогсчихсон Г.Ган-Эрдэнэ гэх ах С.Ганболд багшийн дэргэд нь оччихсон маргалдаад зогсож байсан юм тэгснээ над руу хараад л шууд бөмбөгөө над руу шидэж миний гэдэс рүү бөмбөг нь оносон тэгээд над руу алхахад нь араас нь С.Ганболд багш нэг юм хэлэх шиг болсон тэгсэн чинь л буцаж С.Ганболд багшийн сууж байсан өндөр сандал руу авирч гараад С.Ганболд багшийг баруун гараараа алгадаад авсан тэгэхэд нь С.Ганболд багш ямар үйлдэл хийснийг хараагүй /Г.Ган-Эрдэнэ миний талд халхлаад зогсчихсон байсан юм/ Г.Ган-Эрдэнэ гэх ах арагшаа гэдийх шиг болсон тэгээд буцаж ойртонгуутаа л Г.Ган-Эрдэнэ гэх ах С.Ганболд багшийн өмссөн байсан юүдэнтэй цамцных нь юүдэнгээс доош нь дараад татаж шалан дээр унагаасан тэгэхэд нь 10 дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүд гүйж очиж Г.Ган-Эрдэнэ гэх ахыг С.Ганболд багшаас түлхэж холдуулсан тэр үед 5 дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүд хөдлөхгүй зогсоцгоогоод байсан юм. Тэгээд би очих гэсэн чинь оноон дээр сууж байсан Сэлэнгээ багш намайг яах гээд байгаа юм наашаа бай гээд очуулаагүй. Тэгээд сургуулийн эмч орж ирээд С.Ганболд багшийг аваад заалнаас гараад явсан тэр үед С.Ганболд багшийн баруун чихнээс нь цус бүр олгойдоод гараад байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/ Гэрч Н.Амаржаргалын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр 3 дугаар сургуулийн эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болсон юм тухайн үед 5 дугаар анги, 10 дугаар ангийн эцэг эхчүүдийн дунд тоглолт болж байсан юм тэгэхэд 5 дугаар ангийн эцэг эхчүүдийн багт тоглож байсан Г.ГанЭрдэнэ гэх залуу тэмцээнийг шүүж байсан шүүгч С.Ганболд гэх залууг болон хамт шүүж байсан 10 дугаар ангийн Б.Билгүүн гэдэг хүүхдийг тэмцээнийг буруу шүүлээ та нар гэх мэтээр орилоод л тололтон дундуур хэл ам болоод байсан тэгж байгаад шүүгч Б.Билгүүн рүү бөмбөг шидэж оносон тэр үед тэнд тоглож байсан болон үзэж байсан хүмүүс Г.Ган-Эрдэнийг аятайхан тоглоочээ гээд хэлж байсан тэгээд тоглолт дахиад үргэлжилж 2 бөмбөг давуулалтын дараа байхаа намайг торны дэргэд шүүгч С.Ганболдын хажууд зогсож байсан чинь Г.Ган- Эрдэнэ шүүгчийн сууж байсан өндөр сандал руу авирч гараад С.Ганболдыг чи одоо аятайхан шүү л дээ гээд баруун гараараа С.Ганболдын зүүн шанаа руу цохиод авсан юм тэгэхэд нь С.Ганболд та одоо яагаад байгаа юм бэ зүгээр байгаач гээд зөрүүлээд нэг удаа цохиод авсан тэгсэн чинь Г.Ган-Эрдэнэ С.Ганболдыг цамцных нь юүдэнгээс доош нь угз татаад шалан дээр унагаасан тэгээд л шууд толгой руу нь буюу баруун чих орчим руу нь өшиглөсөн тэгэхээр нь би торон доогуур шургаж очоод Г.Ган-Эрдэнийг болиочээ чи гээд цааш нь түлхээд холдуулсан тэр үед Г.Ган- Эрдэнэ их ууртай байсан ба дахиад С.Ганболдыг зодох гээд мөн над руу дайраад байсан тэгээд эргээд харахад С.Ганболд унаад дээшээ өндийх гээд толгойгоо гараараа барихад нь баруун гарынх нь хуруун завсраар баруун чихнээс нь цус урссан, цус нь бага биш нэлээн их олгойдож гараад байсан би тухайн үед нь эмч дууд гээд сандарч байхад тэнд байсан эцэг эхчүүд хүрч ирээд Г.Ган-Эрдэнэд хандаж чи яаж байгаа юм аятайхан тоглоход яадаг юм бэ гэж хэлж байсан тэгэхэд Г.Ган-Эрдэнэ тэмцээнийг аятайхан шүүж чадсангүй гэх мэтээр хэлээд эцэг эхчүүдтэй хэрэлдээд байсан юм. Тэгээд эмч ирээд С.Ганболдыг нэг багш /хэн байсныг санахгүй байна/-ийн хамт хоёр талаас нь сугадаад өрөө рүүгээ аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/ Гэрч Б.Батбаасангийн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр 3 дугаар сургуулийн эцэг эхчүүдийн дунд тэмцээн болж байсан, тухайн үед тус сургуулийн 5 дугаар анги, 10 ангийн сурагчдын эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болж байсан юм. би 10 дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүдийн багт тоглож байсан юм тэгэхэд манай эсрэг багийн тоглогч Г.Ган-Эрдэнэ гэх залуу шүүгчийг буруу шүүгээд байна гээд л орилж хашгичаад байсан тэр нь 2 удаа бөмбөг манай зураасны талд гадна унахад эсрэг багийн Г.Ган-Эрдэнэ зураасны дотор талд унасан бөмбөгийг оноонд авсангүй гээд л уурлаад байсан юм, тэгээд 3 дахь бөмбөг мөн манай талд зураасны гадна талд унаж манай талаас бөмбөг гаргах гээд байж байхад Г.Ган-Эрдэнэ мөн л шүүгчтэй маргалдаад буруу шүүлээ гээд орилоод байсан тэр үед нь манай 10 дугаар ангийн хүү Б.Билгүүн оноон дээр сууж байгаад тэмцээний 2 дугаар шүүгчээр ажиллах гээд босч ирээд С.Ганболд шүүгчийн эсрэг талын баганын тэнд очоод шүүгчтэй маргалдахгүй шүү ахаа гэсэн чинь Г.Ган-Эрдэнэ барьж явсан бөмбөгөө Б.Билгүүн рүү хүчтэй савж шидсэн тэгээд Б.Билгүүн рүү дөхөөд ойртоход нь би Б.Билгүүн рүү очсон чинь С.Ганболд шүүгч Г.Ган-Эрдэнийг чи наад хүүхэд яах гээд байгаа юм бэ анхаарлыг нь өөр дээрээ татсан чинь Г.Ган-Эрдэнэ буцаж С.Ганболд шүүгчийн сууж байсан өндөр шаттай сандал руу 1, 2 гишгүүр авирч гараад л С.Ганболдыг алгадаад авсан тэгэхэд нь С.Ганболд Г.Ган-Эрдэнийг цааш нь түлхсэн чинь доошоо буухдаа С.Ганболдын өмссөн байсан юүдэнтэй цамцны юүдэнгээс нь татаад доош нь шалан дээр унагаасан өөрөө хажууд нь 2 хөл дээрээ буусан тэгээд л С.Ганболдын толгой руу өшгилчихсөн юм тэгэхэд дэргэд нь байсан манай багт тоглож байсан А.Нарангаравуу С.Ганболдын толгойг өндийлгөх гээд толгойноос нь өргөсөн чинь баруун чихнээс нь цус ихээр олгойдож гарсан тэгээд С.Ганболд өөрөө босч чадахгүй чихээ дараад доошоо хараад унасан чигээрээ хэвтээд байсан юм тэр үед Г.ГанЭрдэнэ дахиж С.Ганболд руу дайраад байхад нь манай багт тоглож байсан Н.Амаржаргал эгч Г.Ган-Эрдэнийг хориод цааш нь түлхэж басйн юм тэгээд сургуулийн эмчийг дуудаж ирүүлээд эмч үзэж байгаад С.Ганболдыг өрөө рүүгээ аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/ Гэрч Б.Сэлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Тэр манай сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болж байсан юм. Тухайн үед 5 дугаар анги, 10 дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүдийн дунд тэмцээн болж байсан, би тэмцээний оноон дээр сууж байсан миний хажууд надтай хамт 10 дугаар ангийн Б.Билгүүн гэх сурагч сууж байсан тэгэхэд 5 дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүдийн багт тоглож байсан залуу /Г.Ган-Эрдэнэ/ тэмцээнийг шүүж байсан С.Ганболд багшийг тэмцээнийг буруу шүүлээ гэх мэтээр хэлээд л орилж хашигчаад байсан тэгэхэд нь би болон миний хажууд сууж байсан Б.Билгүүн бид хоёр шүүгчтэй маргалдахгүй шүү гэж микрофоноор хэд хэдэн удаа хэлсэн тэр үгийг Г.Ган-Эрдэнэ гэх залуу огт хүлээж авахгүй байсан юм. Тэгээд Б.Билгүүн хөндлөнгийн /2 дугаар/ шүүгчээр ажиллах гээд босоод С.Ганболд багшийн эсрэг талын торны баганын дэргэд очоод зогсож байхад нь Г.Ган-Эрдэнэ барьж байсан бөмбөгөө Б.Билгүүн рүү савж шидсэн... тэгээд эргэж С.Ганболд багшийн сууж байсан шүүгчийн өндөр суудал руу шатаар нь 1-2 шат авирч гараад С.Ганболд багшийн толгой руу алгадаад авсан тэгхэд нь С.Ганболд багш буцаагаад гараараа түлхсэн чинь С.Ганболд багшийн өмсөж байсан юүдэнтэй цамцных нь юүдэнгээс доош нь угз татаад шалан дээр унагаасан тэгээд дахиад С.Ганболд багшийн толгой руу нэг удаа өшгилсөн, өшиглөхөд их эвгүй битүү “пид” хийж шиг чимээ сонсогдсон юм тэгээд дахиад зодох гээд дайраад байсан тэгэхэд нь тэнд тоглож байсан эцэг эхчүүд очоод Г.Ган-Эрдэнэ гэх залууг хорьж холдуулсан, С.Ганболд босч чадахгүй чихээ дараад хэвтээд байсан тэгэхэд баруун чихнээс нь цус ихээр гарч, гарын салаан завсраар нь урсаад байсан тэгээд хүмүүс эмч, цагдаа дууд гэцгээгээд сургуулийн эмч М.Ганчимэг эмч ирж үзэж байгаад С.Ганболд багшийг хоёр талаас нь түшээд өрөө рүүгээ аваад явсан тэгэхэд С.Ганболд багш өөрөө хөлөөрөө явж чадахгүй гуйваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/ Гэрч М.Ганчимэгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр манай сургуулийн эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болж байсан юм би тухайн үед өрөөндөө ажпаа хийгээд байж байхад цагийг нь сайн санахгүй байна 13 цагийн орчим байхаа тэмцээнд оролцож байсан эцэг эхчүүдээс эмч байна уу гээд өрөөнд ирсэн юу болов гээд асуусан чинь зааланд хүн зодуулчихлаа гэхээр нь сандраад спорт заал руу гүйгээд очиход манай сургуулийн биеийн тамирын багш С.Ганболд баруун чихээ дарсан байдалтай шалан дээр хэвтэж байсан, чихнээс нь их хэмжээний цус гарсан заалны шал их цус болсон байсан, тэмцээнд оролцож байсан эцэг эхчүүд тойроод зогсчихсон сандралдаад байж байсан би очоод хүмүүсийг холдоод зай тавиад өг гэж холдуулад С.Ганболд багшийг ямар ч байсан өрөөндөө оруулж цусыг нь цэвэрлэх хэрэгтэй гэж бодод 2 эрэгтэй хүн гуйгаад С.Ганболд багшийн 2 талаас нь сугадуулж өргүүлээд өрөө рүүгээ аваад орсон тэгээд нийгмийн ажилтнаа цагдаад дуудлага өг гэж хэлээд би өөрөө эмнэлэгт дуудлага өгөхөд дуудлагын машин жаахан удаж очих байх шүү гэхээр нь С.Ганболд багшийн чихнээс гарч байгаа цусыг нь жаахан цэвэрлэсэн тэгээд ч чихнээс нь нөжирсөн цус тогохгүй гараад л байсан тэгээд нийгмийн ажилтан Бямбажаргалын машинаар эмнэлэг рүү авч очиж түргэн тусламжийн тасагт хүлээлгэж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/ Гэрч Г.Сэлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр 3 дугаар сургуулийн эцэг эхчүүдийн дунд тэмцээн болж байсан манай нөхөр Г.Ган-Эрдэнэ гар бөмбөгийн тэмцээнд орсон би шагайгаар өрж тоглодог “Алаг мэлхий”-ний тэмцээнд нь оролцсон юм Г.Ган-Эрдэнэ бид хоёрын оролцох тэмцээн давхцаж зэрэг эхэлсэн, Г.Ган-Эрдэнэ спорт заланд орж би нэг ангид орж тэмцээндээ оролцсон тэгээд би тэмцээнээ дуусаад гараад ирсэн чинь манай охины ангийн хүүхдийн ээж /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ нь надад танай нөхөр Г.Ган-Эрдэнэ гар бөмбөгийн тэмцээнийг шүүж байсан шүүгчийг татаад унагаачихлаа гэж хэлсэн тэгээд би спорт залруу орох гээд явж байсан чинь манай нөхөр өөдөөс гарч ирсэн юм тэгээд л багш нар нь эмч, цагдаа дуудаж ирүүлээд Г.ГанЭрдэнийг цагдаагийн газарт авч ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/ Гэрч Т.Ганцэцэгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр 3 дугаар сургуулийн эцэг эхчүүдийн өдөрлөг болж мөн гар бөмбөгийн тэмцээн болсон юм. Манай хүүхэд 5-а ангид сурдаг манай эцэг эхчүүд 10 дугаар ангийн эцэг эхчүүдтэй тоглосон юм. Тэгэхэд тэмцээнийг шүүж байсан шүүгч торны хажуугийн өндөр суудал дээр суусан байсан ба манай багийн оноог нэмэхгүй арай л буруу шүүгээд байх шиг байсан манай багийн тоглогчдоос шүүгчид хандан буруу шүүгээд байна шүү дээ гэж хэлсэн боловч бидний үгийг сонсоогүй юм уу мэдэхгүй нэг л тоохгүй байсан тэгэхэд манай багт тоглож байсан Г.Ган-Эрдэнэ гэх залуу шүүгчийн сууж байсан өндөр суудал руу авирч гараад нүүрэнд нь тулаад чи буруу шүүгээд байна гээд л чанга дуугаар хэлж байсан тэгээд шүүгчийг шанаа руу нь цохиод авах шиг болсон тэгэхэд шүүгч ч гэсэн зөрүүлээд цохих шиг харагдсан тэгэхэд нь Г.Ган-Эрдэнэ нөгөө шүүгчийг угз татаад шалан дээр унагаасан тэгэхэд нь би зодоон харж чаддаггүй болохоор яанаа хүн унагаачихлаа шүү дээ гээд чихээ дараад буруу хараад зогсчихсон юм тэгээд эргээд харахад шүүгч газар хэвтэж байсан. Г.Ган-Эрдэнэ хажууд нь зогсож байсан. Тэгээд л тэнд байсан эцэг эхчүүд тойроод л хүрээлсэн юм тэгээд удалгүй сургуулийн эмч ирээд шүүгчийг хоёр талаас нь сугадаад өрөө рүүгээ аваад явсан юм. Тэгээд л эмнэлэг цагдаа дуудсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/ Гэрч Р.Отгоннямын 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр 3 дугаар сургуулийн эцэг эхчүүдийн дунд тэмцээн болж байсан тухайн үед тус сургуулийн 5 дугаар анги, 10 ангийн сурагчдын эцэг эхчүүдийн хооронд гар бөмбөгийн тэмцээн болж байсан би үзээд сууж байсан юм. Тэгэхэд тэмцээнийг шүүж байгаа шүүгч 10 ангийн сурагчдын талд илт оноо өгөөд байх шиг байсан тэгэхэд 5 дугаар ангийн эцэг эхчүүдээс шүүгчид хандаад чи буруу шүүгээд байна гэж хэлж л байсан тэрийг нь шүүгч тоохгүй байсан юм тэгсэн чинь 5 дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүдийн багт тоглож байсан. Г.Ган-Эрдэнэ шүүгчийн сууж байсан өндөр сандал руу нь авирч гараад шүүгчтэй маргалдсан тэгээд Г.ГанЭрдэнэ шүүгч залууг суудал дээрээс нь татаад унагаачихсан юм тэгэхээр нь би юу болов гээд яваад очсон тэгсэн чинь шүүгчийн баруун чихнээс цус гарч байсан тухайн үед хүмүүс шаваад оччихсон байсан тэгээд сургуулийн эмчийг дуудаж ирүүлээд эмч шүүгч залууг өрөө рүүгээ аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №2096 дугаартай: “1.С.Ганболдын биед гавлын ясны шугаман хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хураа , баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун хөхлөг сэртэн, баруун чихний арын цус хуралт, зөөлөн эдийн няцралт, гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/ Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1189 дугаартай дүгнэлтэнд: 1.2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /ххийн 235-236 дугаар тал/ УБ Сонгдо эмнэлгийн эмч Л.Тунгалагийн дүгнэлт /хх-ийн 240 дүгээр тал/ Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 241 дүгээр тал/ Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 35-42 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/ Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 51-53 дугаар тал/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/ Шүүгдэгчийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 55 дугаар тал/ Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтууд “...Томографикийн зураг, СД-1 ширхэг Хохирогчийн Эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, зардлын баримтууд Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, Сэлэнгэ эстимэйнт ххк/ний гаргасан Хүний эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайлан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тодорхойлолт, Г.Ган-Эрдэнийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Г.Ган-Эрдэнийн ажил байдлын тодорхойлолт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга...” Г.Ган-Эрдэнийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ххийн 46-47 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь хохирогч С.Ганболдтой 12 жилийн сургуулийн зааланд зохиогдож буй эцэг эхчүүдийн тэмцээний үеэр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний эрх чөлөөнд халдаж гавлын ясны шугаман хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хураа, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун хөхлөг сэртэн, баруун чихний арын цус хуралт, зөөлөн эдийн няцралт үүсч эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч С.Ганболдын биед гавлын ясны шугаман хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хураа , баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун хөхлөг сэртэн, баруун чихний арын цус хуралт, зөөлөн эдийн няцралт, гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Ганболдод шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн зүгээс эмчилгээний зардалд 4.960.000 төгрөг төлж барагдуулсан болохыг дурьдав. Хохирогч цаашид энэхүү гэмтлийн улмаас эмчлүүлэх эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болно. Хохирогчийн зүгээс гаргаж ирүүлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ий үнэлгээний тайланг нотлох баримтын хэмжээнд үнэлж тайлангаар тогтоогдсон 24.483.869 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно. Учир нь: Хохирогчийн биед учирсан гэмтэл түүний улмаас эмчлүүлэх эмчилгээ сувилгааны зардал, эмчилгээ сувилгааны улмаас гарсан хохирол, цалин хөлс, сэтгэл санааны хохирол зэргийг тооцоолж нийт бодит хохирлыг мөнгөн дүнгээр 24.483.869 төгрөг байна гэж тогтоожээ. Гэвч дээрх компани нь даатгалын үнэлгээ хийх эрхийн 233/16 тоот зөвшөөрөлтэй гэх боловч энэ эрхийг олгосон эрхийн актыг хавтаст хэрэгт нотлох баримт болгон ирүүлээгүй, үнэлгээг хийсэн үнэлгээчин А.Саранчимэгийн 140600044 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь хөрөнгийн үнэлгээ хийхээр олгогдсон ба хүний эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг тооцон гаргах эрхгүй этгээд болох нь хавтаст хэргийн 121 дэх талд авагдсан гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Иймд дээрх үнэлгээний тайлангаар тогтоогдсон, хохирогчийн нэхэмжилж буй 24.483.869 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан, цаашид гарах хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон хорих ял шийтгэлийг оногдуулахгүйгээр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн цалин хөлс орлого олдог байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 жилийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Ган-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Sony CD-R 700 мв гэсэн бичиглэл бүхий 3, УБ Сонгодо Ганболд 24/эр гэсэн бичиглэл бүхий 1, Гэмтэл давтан Ганболд 24/эр гэсэн бичиглэл бүхий 1, нийт 4 сиди, компьютер томографийн 3 ширхэг зургийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Ганболдод олгохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Ганчулууны Ган-Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ хохирогчид 4.960.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, 24.483.869 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хохирогч цаашид энэхүү гэмтлийн улмаас эмчлүүлэх эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ганчулууны Ган-Эрдэнийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.ГанЭрдэнэд оногдуулсан торгууийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 жилийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Ган-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.

7.Ялтан Г.Ган-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Sony CD-R 700 мв гэсэн бичиглэл бүхий 3, УБ Сонгодо Ганболд 24/эр гэсэн бичиглэл бүхий 1, Гэмтэл давтан Ганболд 24/эр гэсэн бичиглэл бүхий 1, нийт 4 сиди, компьютер томографийн 3 ширхэг зургийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Ганболдод олгосугай.

9.Ялтан Г.Ган-Эрдэнэд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ