Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 468

 

Д.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн ЭМНДХ-ийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:           Х.Батсүрэн

Шүүгчид:                        Д.Мөнхтуяа

                                        Ч.Тунгалаг

                                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал

Нэхэмжлэлийн шаардлага: “...Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0466 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Б.Анар, түүний өмгөөлөгч Н.Наранбаяр нар, хариуцагч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дүгээр “Төрийн албанаас халах” тухай тушаалыг хүчингүй болгож, Д.Ч- тус хэлтсийн Магадлагч эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан Д.Ч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,750,320 төгрөгийг гаргуулж, үүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, үлдэгдэл олговрыг нэхэмжлэгчид олгохыг Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /Б.Анар/-т даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0466 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ2018/0016 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Ч- тус хэлтсийн Магадлагч эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж, 2 дахь заалтаас ...28 дугаар зүйлийн 28.2.2 гэснийг хасч, ...Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /Б.Анарт/-т гэснийг ....Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад гэж, 3 дахь заалтын ...Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гэснийг ...Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ2018/0016 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 221/МА2018/0466 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй. Харин Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга маргаан бүхий тушаалыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах бодит нөхцөл байдлыг хариуцагч тогтоох үүрэгтэй.

5. Тодруулбал, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар Д.Чимгээд нөхөн төлбөр тогтоосон улсын байцаагчийн актыг баталгаажуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 1,221,795 төгрөгийн нөхөн төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлүүлснээр улсын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11/634 дугаартай тогтоол хэрэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаал гарахаас өмнө 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,221,795 төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн, уг зөрчил арилсан байхад хариуцагч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг “Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах" сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6. Учир нь Орхон аймгийн Санхүүгийн хяналт шалгалт, аудитын албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаар албан шаардлагаар Д.Чимгээ нь төсвийн 1,221,795 төгрөгийг хууль бусаар хувийн аж ахуйн нэгжээр дамжуулан хувьдаа авч, зориулалтын бусаар зарцуулж, ашиглаж төрд учруулсан хохирлоо улсын байцаагчийн актад заасан хугацаанд биелүүлэхгүй байгаа ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болохыг нь тогтоож, “...Д.Чимгээд ёс зүйн хариуцлага тооцох”-ыг Тус хэлтэст албан ёсоор анх мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаар албан шаардлагаар Д.Ч-ийн улсын байцаагчийн актыг хугацаанд нь биелүүлээгүй зөрчил илэрсэн. Түүнчлэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/Ш32017/04858 тоот захирамжаараа “Д.Ч-ийн хууль бусаар төсвийн мөнгийг бэлнээр гаргуулан өөртөө авч, түүнийг хувийн зорилгодоо ашигласан, захиргааны зөрчил, актыг нэн даруй биелүүлэх үүргээ биелүүлээгүй байх ба албадан гүйцэтгүүлэх шийдвэрийг баталгаажуулах үндэстэй" гэж дүгнэн шийдвэрлэсэн байна.

7. Санхүүгийн хяналт шалгалт, аудитын албаны албан шаардлага болон Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Д.Ч-ийн “Орхон аймгийн Санхүүгийн хяналт шалгалт, аудитын албаны актаар тогтоосон төлбөрийг хугацаанд төлөөгүй, актыг биелүүлээгүй ёс зүйн зөрчил" нь бүрэн тогтоогдсон. Иймд нэгэнт шүүхийн шийдвэр болон Санхүүгийн хяналт шалгалт, аудитын албаны албан шаардлагаар тогтоогдсон зөрчилд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг тус хэлтсээс явуулах нь шүүхийн шийдвэрээс давсан ажиллагаа болох юм. Түүнчлэн тус хэлтэст ирүүлсэн Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” албан шаардлага, шүүгчийн захирамж, Д.Ч-ийн гараар бичсэн тайлбар, бусад холбогдох шаардлагатай баримт нотолгоог холбогдох байгууллагуудаас гаргуулан авч тус хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хороонд нарийвчлан шинжлэн судалж ёс зүйн зөрчил эсэхийг дүгнүүлэхээр шилжүүлсэн. хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хороо Д.Чимгээтэй холбогдох асуудлыг хэлэлцэж 4 удаагийн хурал, шалгах ажиллагаа зохион байгуулж холбогдох нотлох баримтуудад дүн шинжилгээ хийхээс гадна өөртэй нь холбогдож Ёс зүйн хороонд тайлбар өгөхийг мэдэгдсэн боловч Д.Чимгээ нь санаатайгаар ажил таслан Ёс зүйн хорооны ажиллагаанд оролцохоос татгалзсан тул Нийгмийн даатгалын ажилтны мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлийн ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.5-д заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хороо 4 дэх удаагаа хуралдаж 07 тоот дүгнэлт гарган түүнийг гишүүдийн 100 хувийн саналаар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцуулах тухай саналыг хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлд хүргүүлсэн болно.

8. Тус хэлтсийн даргын дэргэдэх Даргын зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар холбогдох баримт нотолгоонууд, шүүгчийн захирамж, Ёс зүйн хорооны дүгнэлт зэргийг судлан хэлэлцэн гишүүдийн 100 хувийн саналаар Д.Ч- төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргаж, улмаар хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Д.Чимгээ төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр ажлаас халсан

9. Мөн давж заалдах шатны шүүх Д.Ч- “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 1,221,795 төгрөгийн нөхөн төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн нь гаргасан ёс зүйн зөрчлөө арилгасан” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Зүй нь Д.Чимгээ Санхүүгийн хяналт шалгалт, аудитын албаны улсын байцаагчийн актаар тавьсан санхүүгийн зөрчлийг тухайн актад заасан хугацаанд арилгасан бол ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзэх боломжтой.

10. Гэтэл Д.Чимгээ нь өөрийн гаргасан санхүүгийн болон ёс зүйн зөрчлүүддээ дүгнэлт хийхгүй, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд учруулсан хохирлоо ухамсарлахгүйгээр барахгүй энэ тайлбарт дурдсан хохирол болох 1,221,795 төгрөгийг эрх бүхий төрийн хяналт шалгалтын байгууллагаас шаардсан улсын байцаагчийн актад заасан хугацаанд барагдуулах үүргээ биелуулээгуй төрийн албаны хууль дээдлэх, захирах. захирагдах ёсны зарчмыг зөрчин нь улсын байцаагч хүнд байж боломжгүй үйлдэл гаргасан нь Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаар албан шаардлага, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/Ш32017/04858 дугаар захирамжаар тус тус тогтоогдсон. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн зөрчил юм. Д.Чимгээ нь тус хэлтэст улсын байцаагчийн эрхтэй Магадлагч эмчийн орон тоонд ажиллаж байсан. Гэтэл улсын байцаагч хүн өөрөө улсын байцаагчийн актыг биелүүлэхгүй байгаа нь тухай албан тушаалтны хувьд ёс зүйн ноцтой зөрчил юм. Ийнхүү Д.Чимгээ шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны үр дүнд улсад учруулсан хохирлоо төлж, улсын байцаагчийн актыг биелүүлснийг “...Д.Чимгээ гаргасан зөрчлөө арилгасан” гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

11. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

13. Нэхэмжлэгч Д.Ч- хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа ноцтой зөрчил гарсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр магадлагч эмчийн албан тушаалаас чөлөөлсөн Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүний анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт байна.

14. Нэхэмжлэгч нь “...хэлтсийн дарга байх үед гаргасан үеийн зөрчил...” гэж, хариуцагч нь “...зөрчлөөр илэрсэн 1,221,795 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй...” гэж тус тус маргажээ.

15. Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр актаар төсвийн үйл ажиллагааны хэмнэгдсэн зардлыг “Эрхэм хилэнц эрдэнэ” ХХК-ийн дансанд шилжүүлж, бэлнээр авч, төсвийг зориулалтын бусаар зарцуулж Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Чимгээ, нябо С.Нарантуяа нараар 1,221,795 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны дотор төлүүлэхээр шийдвэрлэсэн, төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлж барагдуулсан талаарх нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан байна.

16. Мөн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/122 дугаар тушаалаар дээрх зөрчилд нь холбогдуулж, Д.Ч- ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, “...алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлээр 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар 2016 оны Б/122 дугаарыг хүчингүй болгосноор, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар түүнийг тус хэлтэст магадлагч эмчээр томилон ажиллуулжээ.

17. Эдгээр үйл баримтуудаас үзвэл, Д.Чимгээ нь Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан үед гаргасан зөрчилдөө арга хэмжээ авагдаж, албан тушаал буурч ажиллаж байгаа гэж үзэхээр байна.

18. Гэтэл хариуцагч нь “...төлбөрөө актад заасан хугацаанд барагдуулаагүй..., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албадан гүйцэтгэх ажиллагааны үр дүнд улсад учруулсан хохирлоо төлсөн..., ...ёс зүйн зөрчил гаргасан...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг магадлагч эмчийн буюу албан тушаал бууран ажиллаж байгаа ажлаас нь халсан нь буруу талаар шүүхүүд дэлгэрэнгүй зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлтэй байна.

19. Иймд, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж, үйл баримт дурдсан хариуцагчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг буруутгах боломжгүй.

20. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн боловч, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг зөвтгөсөн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцэж байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0466 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.БАТСҮРЭН

 ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ