Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

               Нэхэмжлэгч: Д.Ч-гийн нэхэмжлэлтэй

             Хариуцагч: ОАЭМНДХ-т холбогдох “ЭМНДХ-ийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0003/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч Д.Ч би 2000 онд АУИС-ийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Мөнхийн гэгээ өрхийн эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаад 2002 оны 12 дугаар сараас ОАНДХ-т МАГАДЛАГЧ эмчээр ажиллаж эхэлсэн.

2009-2011 онуудад тус хэлтсийнхээ шимтгэлийн байцаагчаар, 2001-2013 онуудад хэлтсийнхээ Эрүүл мэндийн даатгалын албаны дарга, 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ОАНДХ-ийн даргаар, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хэлтсийнхээ магадлагч эмчээр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж ирсэн.

Гэтэл ОАЭМНДХ-ийн дарга Б.А Д.Ч намайг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаартай тушаалаараа 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан.

Б.А-ын шийдвэрийг эс зөвшөөрч Орхон аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргаснаар Маргаан хянан шийдвэрлэх комисс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаараа Д.Ч миний гомдлыг хянан хэлэлцээд ОАЭМНДХ-ийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаартай Д.Ч намайг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тухай тушаалыг гаргахдаа Б.А Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байх тул Б/51 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Улмаар Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурлаараа “Маргаан хянан шийдвэрлэх комиссын дүгнэлт”-ийг хянан хэлэлцээд 59 дугаартай тогтоол гаргаж Маргаан хянан шийдвэрлэх комиссын дүгнэлтийг зөвшөөрч, Д.Ч намайг 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор магадлагч эмчийн ажилд томилон хариу ирүүлэхийг Б.А-т даалгасан боловч өнөөдрийг хүртэл намайг ажилд маань томилоогүй хохироосоор байна.

...Иймд Д.Ч намайг ОАЭМНДХ-ийн магадлагч эмчийн ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр тус тус шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Ч нь НДХэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 тушаалаар төрийн албанаас халагдаж, төрийн албанд 1 жилийн хугацаанд ажилд орох эрхгүйгээр халагдсан. Ажлаас халсан шалтгаан нь 2016 онд НДХ-ийн даргаар ажиллаж байх үед гаргасан алдаа гэх 1.221.800 төгрөгийн акт тавигдсан учраас ажлаас халагдсан. Төрийн албаны тухай хуулинд заасны дагуу зөрчлийг гарснаас хойш 6 сар илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой. Гэтэл өнөөдөр улсын байцаагч албан тушаалтай хүнд хэлтсийн дарга байх үеийн гаргасан алдааг ярьж арга хэмжээ авч байгаа. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр НДЕГ-аас хийсэн шалгалтын танилцуулга байгаа. Энэ үед акт тавиагүй. Шалгалт хийгээд 1.221.800 төгрөгийг хувьдаа хэрэглээгүй албан ажилдаа зарцуулсан байсан учраас акт тавиагүй. Ингээд НДЕГ-ын дарга ажлаас халсан тушаалаа хүчингүй болгоод буцаагаад Улсын байцаагчийн ажилд томилсон. Ажлаас халсан тушаалд хуульд заасан журмын дагуу Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Энэ гомдлыг хүлээж аваад гомдлыг хангасан. Д.Ч-г ажилд нь эгүүлж авах хугацаат үүрэг өгсөн байдаг. Тиймээс Д.Ч-г 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгож, магадлагч эмчийн ажилд эгүүлэн тогтоохыг даалгах, 2017 оны 11 дүгээр сараас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагаа дэмжиж байна. Цалингийн дүнгийн хувьд 2017 оны 11 дүгээр сард ажлын 22 хоног байснаас 10 хоног ажилласан. Бусад 7 хоног листтэй байсан. Ингээд 11 дүгээр сард ажилласан 12 өдрийн цалин 440.699 төгрөг, 12 дугаар сард ажлын 20 хоног 968.539 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард ажлын 22 өдөр 958.539 төгрөг, 02 дугаар сард ажлын 20 хоног 968.539 төгрөг, 03 дугаар сард ажлын 22 хоног 958539 төгрөг, 04 дүгээр сард ажлын 22 хоног 958539 төгрөг, 05 дугаар сард ажлын 22 хоног 960.539 төгрөг, 06 дугаар сард 934.549 төгрөг. Нийт 7.504.072 төгрөг гэж тооцож гаргасан. Мөн ажиллаж байх үед 2017 оны 12 дугаар сард төрийн албан хаагчдад 300 000 төгрөг өгсөн. Үүнээс шимтгэлээ хасаад 243 000 төгрөг гар дээр авах байсан. Мөн магадлагч эмч нь улиралд нэг удаа магадлах комиссын хуралд ордог учраас нэмэлт цалин авдаг. Энэ нь 1.057.800 төгрөг болж байгаа.гэв.

Хариуцагч ОАЭМНДХ-ийн дарга Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус хэлтэст холбогдуулан гаргасан Д.Ч-гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

ОАНДХ-ийн магадлагч эмч Д.Ч-тэй холбоотой Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А-ын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаартай тушаал гарсан ба дээрхи тушаалтай холбоотой 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол гарсан.

...Тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А-ын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаартай тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Д.Ч-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сар, гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрвөл шийтгэл оногдуулж болохгүй талаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг зөрчиж ажлаас халлаа гэсэн байна. Төрийн албаны салбар зөвлөлөөс ажилд эгүүлэн томилох тухай дүгнэлт гаргасан боловч ажилд авахгүй байна гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тайлбартаа НДЕГ-ын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шалгалтын танилцуулгаар зөрчил илрүүлээд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар хэлтсийн даргын ажлаас чөлөөлөгдөж байсан. Хуулиар сахилгын зөрчил давхардуулан оногдуулахгүй гэсээр байтал давхардуулан арга хэмжээ авлаа гэсэн тайлбар бичсэн байсан. Маргаан бүхий захиргааны акт буюу тушаал 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б/51 дугаартай тушаалыг НДХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А гаргасан. Энд хуулийн зүйл заалтыг үндэслээд Д.Ч нь хэлтсийн даргын албан тушаалаа ашиглан бэлнээр мөнгө гаргаж авсан буюу 1.121.800 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан бөгөөд Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны албан шаардлага биелүүлээгүй гэж заасан байгаа. Тушаалд 2 үндэслэл заасан байгаа. Төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон. Энэ үйлдэлд нь арга хэмжээ авагдаагүй. Сахилгын шийтгэлийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар оногдуулсан. Энэ тушаал гарсны дараа НДЕГ-ын Б/130 дугаар тушаалаар Д.Ч нь алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрсөн учраас өөр ажилд шилжүүлэн томилж, арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгосон. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн зүйл заалтыг үндэслэсэн. Ингээд арга хэмжээ авсан тушаал хүчингүй болсон тул Д.Ч-д арга хэмжээ авагдаагүй гэсэн үг. Хэлтсийн даргын албан тушаалаас халагдаж, магадлагч эмчээр томилон ажиллуулсан. Д.Ч алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буюу 1 жил 5 сар гаруй хугацааны дараа яагаад ажлаас халсан бэ? гэхээр Д.Ч алдаа дутагдал гаргаснаа зөвшөөрсөн ч 1.121.800 төгрөгийг төлөөгүй. Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын байцаагч нөхөн төлбөрийг төлүүл гэсэн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр акт гаргасан. Тэгтэл Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд уг төлбөрийг төлөхгүй. Энэ мөнгийг Улаанбаатар хотоос дарга нар ирэхэд хүлээн авалтад зарцуулсан учраас би төлөхгүй гэсэн. 1.221.800 төгрөг илүү шилжүүлж өөртөө бэлнээр авсан нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн. Энэ талаар гомдол гаргах эрхтэй гэсэн хариу өгсөн. Үүнд Д.Ч гомдол гаргаагүй. Мөнгөө ч төлөөгүй. Ингээд шүүхээр улсын байцаагчийн актыг баталгаажуулж 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүгчийн захирамж гарсан. Уг актыг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан. Тиймээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон бөгөөд улсын байцаагчийн актыг биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халсан. Халсан гол үндэслэл бол 1.221.800 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан бөгөөд үүнийг төлөх үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халсан. Энэ тушаал нь төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халсан байгаа. Д.Ч төсвийн хөрөнгийг хувьдаа зарцуулснаа хүлээн зөвшөөрдөггүй. Дарга нарыг дайлсан гэж байх ёстой зүйл мэт ярьдаг. 1.221.800 төгрөгийг хуурамч баримт бүрдүүлж бэлнээр гаргаж аваад хувьдаа зарцуулсан. Энэ бол гэмт хэрэг. Тухайн үед алдаагаа хүлээгээд магадлагч эмчийн албан тушаалд томилогдож тушаалаа өөрчлүүлсэн. Энэ зөрчилд арга хэмжээ авагдаагүй байсан. Ёс суртахууны болон ёс зүйн алдаа гаргаж байгаагаа харуулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЭМНДХ-ийн ёс зүйн хорооны дүгнэлт гарсан байдаг. Ажлаас халсан тушаалд энэ дүгнэлтийг мөн үндэслэсэн байгаа. Уг хуралд Д.Ч оролцохгүй гэсэн байдаг. Ёс зүйн хорооноос үүнийг ёс зүйн зөрчил гэж үзсэн. Д.Ч-гийн энэ мөнгийг төлүүлэхийн тулд 4 дэх удаа хуралдаж байна гэж ёс зүйн хорооны ажилтнууд хэлсэн байдаг. Ёс зүйн алдаа гэдэг дээр маргаан гаргах зүйл байхгүй. Эндээс харахаар ёс зүйн хувьд төрийн албанд ажиллах хүн мөн үү? гэдэг дээр ярих ёстой байх. НДХ-ийн дарга эмнэлгийн хуудсанд хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнгийн тухай баримт байгаа. НДХ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу эмнэлгийн хуудас олгох журмын дагуу шалгалт хийсэн. Д.Ч нь Сандагсүрэн эмчээр нөхөн үзлэг хийлгэж эмнэлгийн хуудас хуурамчаар авсан байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Энэ нь төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг харуулж байгаа. Тиймээс нэхэмжлэлийг хангах үндэслэл байхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Ч нь ОАЭМНДХ-т холбогдуулан “ОАЭМНДХ-ийн магадлагч эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэл, “ОАЭМНДХ-ийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан.

Шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэг. ОАЭМНДХ-ийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Ч-г НДЕГ-ын даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/561 дугаартай тушаалаар ОАНДХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан байна.

НДЕГ-ын дэд даргын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр баталсан удирдамжийн дагуу ОАНДХ-ийн 2014, 2015 оны үйл ажиллагаанд шалгалт хийж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шалгалтын танилцуулгыг гаргасаны дагуу НДЕГ-ын дарга 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/122 дугаар тушаал гаргаж ОАНДХ-ийн дарга Д.Ч-г төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан ба 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар дээрхи Б/122 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ч-г ажлын байраар хангахыг ОАНДХ-т үүрэг болгожээ. Ингээд ОАНДХ-ийн дарга 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Д.Ч ОАНДХ-т Магадлагч эмчийн үүрэгт ажилд томилогджээ.

ОАЭМНДХ-ийн дарга 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар тус хэлтсийн магадлагч эмч Д.Ч-г ... хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа хэлтсийн гэрээт ажилтны цалингийн зардлыг аж ахуйн нэгжийн данснаас бэлнээр гаргаж 1.221.800 төгрөгийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, Санхүүгийн хяналт, аудитын албанаас тавьсан албан шаардлага, актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.

Нэхэмжлэгч Д.Ч нь ОАНДХ-ийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасныг зөрчиж, хэмнэгдсэн зардлыг бэлнээр гаргаж, бэлэн мөнгөний тайланд бүртгээгүй болох нь НДЕГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтаар тогтоогдсон. Гаргасан зөрчилд нь холбогдуулан НДЕГ-ын дарга 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/122 дугаар тушаалаар ОАНДХ-ийн дарга Д.Ч-г төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан ба 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар НДЕГ-ын дарга өмнөх Б/122 дугаар тушаалыг хүчингүй болгосон ба ОАНДХ-ийн дарга нэхэмжлэгч Д.Ч-г магадлагч эмчээр 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр томилж байгаа нь Д.Ч-г гаргасан зөрчилдөө холбогдох арга хэмжээ авахуулж, хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд ... Д.Ч нь зөрчлөөр илэрсэн 1.221.795 төгрөгийн нөхөн төлбөрийг төлөөгүй байсан болох нь Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дугаар актаар тогтоогдсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр Б/51 дугаартай тушаалыг гаргасан гэх тайлбараас дүгнэхэд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэх хуулийн шаардлагыг зөрчиж, Д.Ч-г Магадлагч эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль бус юм.

Өөрөөр хэлбэл Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 39 дугаартай акт гаргаж, ОАНДХ-ийн дарга Б.А тухайн актыг зөвшөөрч гарын үсэг зурсан ба Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хугацаа хэтэрсэн байхад 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б/51 дугаартай тушаал гаргасан байна.

Дээрхи байдлаас дүгнэхэд Д.Ч-г 1.221.795 төгрөгийн нөхөн төлбөрийг төлөөгүй үйлдэл /зөрчил/-ийг Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 39 дугаар акт гарсан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг сахилгын зөрчлийг мэдсэн болон илрүүлсэн хугацаа гэж үзэх боломжтой.

Мөн Д.Ч-г нь магадлагч эмчээр 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр томилсон ба магадлагч эмчийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа сахилгын зөрчил гаргаагүй, ОАНДХ-ийн даргын албан үүргийг гүйцэтгэж байхдаа гаргасан зөрчилтэй нь холбогдон гарсан 1.221.795 төгрөгийн нөхөн төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байхад магадлагч эмчийн албан тушаалаас чөлөөлж, сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн тухайд: ОАЭМНДХ-ийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаар Төрийн албанаас халах тухай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг зөрчиж гарсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 11.6 /Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна/, Хөдөлмөрийн хуулийн 36.1.2 /ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох.../-т зааснаар Д.Ч-г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох тус хэлтсийн Магадлагч эмчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Гурав. Ажилгүй байсан хугацааны цалин болон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд суухад сар бүр олгодог 157.00 төгрөг, төрийн албан хаагчид олгосон 300.000 төгрөг нийт 1.057.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Д.Ч нь ОАЭМНДХ-ийн магадлагч эмчийн албан тушаалд сарын 970000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь тус хэлтсээс ирүүлсэн цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11.6 /Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна/, 28 дугаар зүйлийн 28.2.2 /төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс/, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1/ Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...-ыг олгоно/-д зааснаар Д.Ч-гийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.750.320 /2017 оны 11 дүгээр сард ажлын 9 хоног-396.820 төгрөг, 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 5 сар нийт 6 сар-970000х6=5.820.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сард ажлын 11 хоног-533500 төгрөг/ төгрөгийг гаргуулж, үүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, үлдэгдэл олговрыг нэхэмжлэгчид олгохыг ОАЭМНДХ-т даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оролцсон хөлс сар бүр хувиарын дагуу 127000 төгрөг, мөн 2017 оны 12 сард төрийн албан хаагчид олгосон 300.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...”-ыг олгоно гэж хуульчлан заасан байна.

Иймээс нэхэмжлэгчийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол /цалин хөлс болон бусад төлбөр/-ийн хэмжээг өөрчлөн шийдвэрлэлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ч-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ОАНДХ-ийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, Д.Ч-г тус хэлтсийн Магадлагч эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

             2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан Д.Ч-г 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.750.320 /зургаан сая долоон зуун тавин мянга гурван зуун хорин/ төгрөгийг гаргуулж, үүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, үлдэгдэл олговрыг нэхэмжлэгчид олгохыг ОАЭМНДХ /Б.А/-т даалгасугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ч-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАЭМНДХ-ээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА