Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 469

 

“ЧЧБТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ДУА-ийн ШГС-ын ИТХ-д холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:        Х.Батсүрэн

Шүүгчид:                     Д.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

                                     Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:           Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал

Нэхэмжлэлийн шаардлага: “...ДУА-ийн ШГС-ын ИТХ-ын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12, 13 дугаар тогтоолуудын “ЧЧБТ” ХХК-ийн MV-006006 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0457 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, гуравдагч этгээд Б.Энхцэцэг нар,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2к, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.5-д зааснаар нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ДУА-ийн ШГС-ын ИТХ-ын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12, 13 дугаар тогтоолын нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0457 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ДУА-ийн ШГС-ын ИТХ-ын өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч ДУА-ийн ШГС-ын ИТХ-ын өмгөөлөгч Д.Оюунчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 221/МА2018/0457 тоот магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг хангаж чадаагүй гарсан гэж үзэж байгаа тул доорхи үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдын нутагт орших Буянтын голын хөндий, Бууртын хөндийд ажилласан мэргэжлийн шинжээчдийн багийн тайлан дүгнэлт нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/112 дугаар “Мэргэжлийн шинжээчээр ажиллах ажлын хэсгийн байгуулах тухай“ тушаалаар томилогдсон төрийн захиргааны байгууллагын дүгнэлт бөгөөд 2 шатны шүүхээс төрийн байгууллагын дүгнэлтийг үнэлж үзэхгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5. Захиргааны хэргийн шүүхээс нотлох баримтуудыг цуглуулах үүрэгтэй бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамнаас мэргэжлийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотой баримт болон 2016 онд томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт нь төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт мөн эсэхийг тодруулаагүй шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгч ”ЧЧБТ” ХХК нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хууль болон Засгийн газрын 2015 оны “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журмын тухай 120 дугаар тогтоолын 2.2, 2.3, 2.4-д заасан Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох ажлыг зохион байгуулах комисст хандаж, Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12, 13 дугаар тогтоолуудын заалтуудыг зөвшөөрөхгүй талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй байна

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 20.1.2-д заасан хариуцагчийн эрхийг эдлүүлэх боломжоор хангаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй нотлох баримтыг анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт болгож оруулсан байна. Үүнд “Эрдэс холдинг” ХХК, “ЧЧБТ” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ болон нөхөн олговор 15,000,000 төгрөгийн талаар давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгчийн нөхөн олговор өгөх боломжийн талаар тодруулан асуух үед мэдсэн бөгөөд анхан шатны шүүх дээр энэ талаар хэлэлцээгүй талаар шүүх хуралдаанд оролцсон хариуцагч байгууллагын болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нар сайн мэдэж байгаа болно. Мөн анхан шатны шүүх хуралдааны үед энэ талаар огт яригдаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой харагдаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хуулийн заалт зөрчигдсөн гэж үзэж байна.

8. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс хууль зөрчсөн шийдвэрүүд гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэрүүдийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. “ДУА-ийн ШГС-ын ИТХ-ын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12, 13 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай “ЧЧБТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл муутай болжээ. 

10. Нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-ийн МV-006006 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий нийт 105.37 гектар талбайгаас Шарын гол сумын нутагт хамаарах 85.6 га талбайн 30.5 га нь маргаан бүхий дээрх 2017 оны 12, 13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхацсан, энэ талаар маргаангүй байна. 

11. Нэхэмжлэгч нь “...тогтоол гарсныг мэдэгдээгүй, ...нөхөн олговрын асуудлыг шийдвэрлээгүй...”, гэж харин хариуцагч нь “...“ЧЧБТ” ХХК-д мэдэгдэх шаардлагагүй, ...“Эрдэс холдинг” ХХК-иас тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан..., ...2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус хуралдаанд “ЧЧБТ” ХХК-ийн захирал гэх Оюунтуяа оролцож саналаа хэлж байсан...” гэж тус тус тайлбарлаж маргажээ.

12. Хэрэгт авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар “Худалдах, худалдан авах” гэрээ, Ашигт малтмалын ашиглалтын МV-006006 дугаар зөвшөөрөл бусад нотлох баримтуудаас үзвэл, “ЧЧБТ” ХХК нь 2017 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Дархан уул аймгийн Шарын гол сумдын нутагт орших “Буянтын амны адаг хэсэг” нэртэй алтны шороон ордын уурхайн МV-006006 дугаар тусгай зөвшөөрлийг “Эрдэс холдинг” ХХК-иас худалдан авч, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр түүнд тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байна.

13. Иймд, маргаан бүхий захиргааны акт гарах үед буюу 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “ЧЧБТ” ХХК нь уг тусгай зөвшөөрлийн эзэмшигч биш байжээ.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3.1.3, 106.1.3 дахь заалтуудаас үзвэл, маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцээгүй байх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй байх нь шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болох бөгөөд эдгээр 2 шаардлага зэрэг хангагдсанаар нэхэмжлэл үндэслэлтэй байх боломж бүрдэхээр байна. 

15. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болсноор Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, үүргийг эдлэх тул үүнээс өмнө гарсан захиргааны актуудыг өөрт хамааруулж, маргах эрхгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй, нэхэмжлэлийн шаардлагын дагуу тухайн актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй.

16. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “...хууль, журамд нийцээгүй, ...нөхцөл байдлыг урьдчилан тогтоогоогүй...” хэмээн дүгнэж, захиргааны байгууллагыг буруутгаж, нэхэмжлэлийг хангасан нь буруу, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

17. Хэрэгт маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтууд бүрэн цугларсан, хяналтын шатны шүүх эдгээр баримтуудад дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0457 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар ДУА-ийн ШГС-ын ИТХ-ын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12, 13 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай “ЧЧБТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.БАТСҮРЭН

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ