Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/04287

 

 

 

 

 

 

2024 11 05

181/ШШ2024/04287

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н холбогдох,

17,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

1.Шүүх хуралдаанд хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

А" ХХК нь Ртай 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ЭМЯ-БУА/-001/1 дугаартай, Нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан, нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Барилга угсралтын ажлын санхүүжүүлэгч нь Бороо гоулд ХХК, Сентера гоулд Монголиа ХХК байсан. Тус барилгын ажлыг 2011 оны 6 дугаар сараас эхлэн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дууссан ба барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр акт үйлдэж, 2013 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс барилгыг байнгын ашиглалтад оруулсан юм. Тус амаржих газар барилгыг ашиглах явцад барилгын дотоод заслын ажлын чанартай холбоотой доголдол дутагдал удаа дараа гарч байсныг барилгын гүйцэтгэгчээр засуулж байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хариуцагчийн барьж гүйцэтгэсэн барилгад буюу тус амаржих газрын өргөтгөлийн барилгын 5 давхарын эмэгтэйчүүдийн стационарын мэс заслын хэсгийн 3 тоот хагалгааны өрөөний 60 см уналттай гипсэн хавтан бүхий дүүжин тааз нь бэхэлгээний төмрийн хамт бүхэлдээ нурж унасан бөгөөд ийнхүү тааз нурсны улмаас тус өрөөнд байсан коагуляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 5 LED гэрэл зэрэг эвдэрсэн.

Тус амаржих газар чанарын шаардлага хангаагүй барилга бариулж, ашиглалтанд оруулсан нь гэмт хэргийн шинжтэй байх тул Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст Цаст констракшн ХХК-д холбогдуулан гомдол гаргасан бөгөөд уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 5/33 дугаартай Мэдэгдэх хуудсаар манай байгууллагад их хэмжээний хохирол учраагүй, Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэсэн үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 654 дугаар тогтоолоор Н.Баярцэцэгт холбогдох 201625022619 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлоо арилгуулахаар иргэний хэргийн шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Дээрх хэргийн мөрдөн байцаалтын явцад шинжээч томилогдож эвдэрч, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийн ямар эд анги эвдэрч гэмтсэн, хэвийн ажиллах боломжтой эсэхэд дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтэд коагуляцын аппаратны өндөр давтамжийн боардын транзистор, микроэлементүүд шатсан, унтуулгын аппаратын даралт хэмжигч манометрийг гэмтээж гагнаасан хэсгээр цоорсон, агаарын шахуургын систем гацсан, мэс заслын 5 LED гэрэл шатсан байна гэсэн байдаг. Түүнчлэн тус амаржих газрын гэмтэл тогтоосон актаар дээр нэрлэсэн эд хөрөнгүүдэд гэмтэл байгааг тогтоож, авах арга хэмжээг тодорхойлохдоо эмнэлгийн тоног төхөөрөмжийн Монгол Улсын зөвлөх инженжер Ж. Ганбатыг оролцуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч А ХХК, Цаст констракшн ХХК-ийн барьж гүйцэтгэсэн барилгын тааз нурсны улмаас тус амаржих газрын эвдэрч гэмтсэн коагуляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 5 LED гэрэл зэргийг ашиглах ямар ч боломжгүй болж хохироод байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 228, 229 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ашиглах боломжгүй болсон коагуляцийн аппаратны үнэ 1,709,400 төгрөг, унтуулгын аппаратын үнэ 44,010,000 төгрөг, мэс заслын 12 рефлектортой гэрлийн үнэ 23,500,000 төгрөг нийт 69,219,400 төгрөгийг А ХХК, Цаст констракшн ХХК-иас тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх манай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад дээр нэрлэсэн коагуляцийн аппарат, унтуулгын аппарат, мэс заслын рефлектортой гэрэл зэргүүдийг Интер Сайнс ХХК засварлаж, ашиглах боломжтой болгосон бөгөөд уг засварын ажлыг Интер Сайнс ХХК гүйцэтгэж, засварын сэлбэг болон ажлын хөлс нийт 17,800,000 төгрөг болсон.

Тус байгууллага нь төсвийн хөрөнгө хүрэлцээгүйн улмаас Интер Сайнс ХХК-д засварын зардлыг төлж чадаагүй байгаа бөгөөд тус компани нь өнөөдрийг хүртэл манай байгууллагаас ажлын хөлс 17,800,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 51,419,400 төгрөгөөр багасгаж, тоног төхөөрөмжийг засварласантай холбогдож гарсан эд анги болон ажлын хөлс 17,800,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хариуцагчийн барьж гүйцэтгэсэн барилга, тус амаржих газрын өргөтгөлийн барилгын 5 давхарын эмэгтэйчүүдийн стационарын мэс заслын хэсгийн 3 тоот хагалгааны өрөөний 60 см уналттай гипсэн хавтан бүхий дүүжин тааз нь бэхэлгээний төмрийн хамт бүхэлдээ нурж унасан бөгөөд ийнхүү тааз нурсны улмаас тус өрөөнд байсан коагуляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 12 рефлектортой гэрэл шатаж ашиглах боломжгүй болсон бөгөөд тэдгээрийг засварласантай холбогдож гарсан сэлбэг, засварын ажлын хөлс нийт 17,800,000 төгрөгийг А ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 228, 229 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ашиглах боломжгүй болсон коагуляцын аппаратын үнэ 1 709 400 төгрөг, унтуулгын аппаратын үнэ 44 010 000 төгрөг, мэс заслын 12 рефлектортой гэрлийн үнэ 23 500 000 төгрөг нийт 69 219 400 төгрөгийг Цаст импэкс, Цаст констракшн ХХК-иас тус тус гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад коагуляцийн аппарат, унтуулгын аппарат, мэс заслын рефлектортой гэрэл зэргүүдийг Интер Сайнс ХХК засварлаж, ашиглах боломжтой болгосон бөгөөд уг засварын ажлыг Интер Сайнс ХХК гүйцэтгэж, засварын сэлбэг болон ажлын хөлс нийт 17,800,000 төгрөг болгож багасгасан.

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зарлагын баримт, орлогын падан, Эмнэлгийн тохог төхөөрөмж бүртгэлд авах тухай газрын даргын тушаал, бүртгэх хөрөнгийн жагсаалт, хөрөнгө бүртгэн авах тухай даргын тушаал, бүртгэлд авсан хөрөнгийн жагсаалт, орлогын баримт, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Клиникийн нэгдүгээр амаржих газарт олгох тоног төхөөрөмжийн жагсаалт, Эрүүл мэндийн сайдын тушаал, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт,

4.Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн тайлбар, Улсын комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгавар, ЭМЯ-БУА 001 тоот гэрээний ерөнхий нөхцөл, ЭМЯ-БУА 001 тоот гэрээний тусгай нөхцөл, Улсын комиссын акт, улсын комиссын хурлын тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын тогтоол, Цаст констракшн ХХК-ийн прокурорт гаргасан гомдол зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х нь хариуцагч А ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 228, 229 дугаар зүйлүүдэд зааснаар ашиглах боломжгүй болсон коагуляцийн аппаратны үнэ 1,709,400 төгрөг, унтуулгын аппаратын үнэ 44,010,000 төгрөг, мэс заслын 12 рефлектортой гэрлийн үнэ 23,500,000 төгрөг нийт 69,219,400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тааз нурсны улмаас тус өрөөнд байсан коагуляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 12 рефлектортой гэрэл шатаж ашиглах боломжгүй болсон бөгөөд тэдгээрийг засварласантай холбогдон гарсан зардал болох сэлбэг, засварын ажлын хөлс нийт 17,800,000 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, манайх хариуцах үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.

3.Нэхэмжлэгч Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Нэхэмжлэгч бичгийн хүсэлтэндээ: Х нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Х нь Хариуцагч А ХХК-д холбогдуулан 17,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А