Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/01082

 

 

 

 

 

 

 

                          Н нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00848 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..., хариуцагч “Ц” ХХК-д холбогдох 17 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батдаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Бат-Энх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ц" ХХК нь ЭЭ 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ЭМЯ-БУА/-001/1 дугаартай, .. газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан, .. газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Барилга угсралтын ажлын санхүүжүүлэгч нь Б ХХК, С ХХК байсан. Тус барилгын ажлыг 2011 оны 6 дугаар сараас эхлэн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дууссан ба барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр акт үйлдэж, 2013 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс барилгыг байнгын ашиглалтад оруулсан. Тус амаржих газар барилгыг ашиглах явцад барилгын дотоод заслын ажлын чанартай холбоотой доголдол дутагдал удаа дараа гарч байсныг барилгын гүйцэтгэгчээр засуулж байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хариуцагчийн барьж гүйцэтгэсэн барилгад буюу тус амаржих газрын өргөтгөлийн барилгын 5 давхарын эмэгтэйчүүдийн стационарын мэс заслын хэсгийн 3 тоот хагалгааны өрөөний 60 см уналттай гипсэн хавтан бүхий дүүжин тааз нь бэхэлгээний төмрийн хамт бүхэлдээ нурж унасан бөгөөд ийнхүү тааз нурсны улмаас тус өрөөнд байсан коагуляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 5 LED гэрэл зэрэг эвдэрсэн.

Чанарын шаардлага хангаагүй барилга бариулж, ашиглалтанд оруулсан нь гэмт хэргийн шинжтэй байх тул ... хэлтэст Ц ХХК-д холбогдуулан гомдол гаргасан бөгөөд уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 5/33 дугаартай Мэдэгдэх хуудсаар манай байгууллагад их хэмжээний хохирол учраагүй, Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэсэн үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 654 дугаар тогтоолоор Б-д холбогдох ...дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлоо арилгуулахаар иргэний хэргийн шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Дээрх хэргийн мөрдөн байцаалтын явцад шинжээч томилогдож эвдэрч, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийн ямар эд анги эвдэрч гэмтсэн, хэвийн ажиллах боломжтой эсэхэд дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтэд коагуляцын аппаратны өндөр давтамжийн боардын транзистор, микроэлементүүд шатсан, унтуулгын аппаратын даралт хэмжигч манометрийг гэмтээж гагнаасан хэсгээр цоорсон, агаарын шахуургын систем гацсан, мэс заслын 5 LED гэрэл шатсан байна гэсэн байдаг. Түүнчлэн тус амаржих газрын гэмтэл тогтоосон актаар дээр нэрлэсэн эд хөрөнгүүдэд гэмтэл байгааг тогтоож, авах арга хэмжээг тодорхойлохдоо эмнэлгийн тоног төхөөрөмжийн Монгол Улсын зөвлөх инженжер Ж.Г оролцуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц ХХК, Ц ХХК-ийн барьж гүйцэтгэсэн барилгын тааз нурсны улмаас тус амаржих газрын эвдэрч гэмтсэн коагуляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 5 LED гэрэл зэргийг ашиглах ямар ч боломжгүй болж хохироод байна.

Дээр нэрлэсэн коагуляцийн аппарат, унтуулгын аппарат, мэс заслын рефлектортой гэрэл зэргүүдийг Интер Сайнс ХХК засварлаж, ашиглах боломжтой болгосон бөгөөд уг засварын ажлын хөлс нийт 17 800 000 төгрөг болсон. Тус байгууллага нь төсвийн хөрөнгө хүрэлцээгүйн улмаас Интер Сайнс ХХК-д засварын зардлыг төлж чадаагүй байгаа бөгөөд тус компани нь өнөөдрийг хүртэл манай байгууллагаас ажлын хөлс 17 800 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 51 419 400 төгрөгөөр багасгаж, тоног төхөөрөмжийг засварласантай холбогдож гарсан эд анги болон ажлын хөлс 17 800 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хариуцагчийн барьж гүйцэтгэсэн барилга, тус амаржих газрын өргөтгөлийн барилгын 5 давхарын эмэгтэйчүүдийн стационарын мэс заслын хэсгийн 3 тоот хагалгааны өрөөний 60 см уналттай гипсэн хавтан бүхий дүүжин тааз нь бэхэлгээний төмрийн хамт бүхэлдээ нурж унасан бөгөөд ийнхүү тааз нурсны улмаас тус өрөөнд байсан коагуляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 12 рефлектортой гэрэл шатаж ашиглах боломжгүй болсон бөгөөд тэдгээрийг засварласантай холбогдож гарсан сэлбэг, засварын ажлын хөлс нийт 17 800 000 төгрөгийг Ц ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 228, 229 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ашиглах боломжгүй болсон коагуляцын аппаратын үнэ 1 709 400 төгрөг, унтуулгын аппаратын үнэ 44 010 000 төгрөг, мэс заслын 12 рефлектортой гэрлийн үнэ 23 500 000 төгрөг нийт 69 219 400 төгрөгийг Ц” ХХК, Ц ХХК-аас тус тус гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан байсан.

Ц ХХК нь ЭЭ 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ЭМЯ-БУА/-001/1 дугаартай .. газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан, өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн, санхүүжүүлэгч нь Б ХХК, С ХХК байсан, барилгыг 2011 оны 6 дугаар сараас эхлэн 2012 оны 11 дүгээр сарын 30-нд барьж дуусган, барилгыг ашиглалтанд оруулах улсын комисс 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр акт үйлдэж, 2013 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс байнгын ашиглалтанд оруулсан. Мөн тус амаржих газар барилгыг ашиглах явцад барилгын дотоод заслын ажлын чанартай холбоотой доголдол дутагдал гарч байсныг барилгын гүйцэтгэгчээр засуулж байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр амаржих газрын өргөтгөлийн барилгын 5 дугаар давхарын мэс заслын хэсгийн 3 тоот хагалгааны өрөөний 60 см уналттай гипсэн хавтан бүхий тааз нь бэхэлгээний төмрийн хамт бүхэлдээ нурж унасан бөгөөд тааз нурсны улмаас тус өрөөнд байсан коугаляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 5 лед гэрэл эвдэрсэн тул Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Ц ХХК-д холбогдуулан гомдол гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2017 оны 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 5/33 дугаартай Мэдэгдэх хуудсаар манай байгууллагад их хэмжээний хохирол учраагүй, Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэсэн үндэслэлээр 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 654 дүгээр тогтоолоор Б-д холбогдох ...дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байна гэж заасан байх бөгөөд 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тодорхой заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээрээ 2 компаниас тус бүр 69 219 400 төгрөг шаардсан гэж ойлгогдож байгаа ба хамгийн гол нь юуг үндэслэж, ямар нотолгоо баримтаар ийм мөнгө шаардаж байгаагаа тодорхойлох ёстой бөгөөд энэ тохиолдолд хариуцагч тайлбар, нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх боломж үүсэх учиртай. Манай компани нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан хохиролд ямар үндэслэлээр буруутай болох, яагаад ийм хэмжээний мөнгийг төлөх хохирол барагдуулах үндэслэлээ заагаагүй байх тул үүнтэй холбоотойгоор хариу тайлбар гаргах, мэтгэлцэх боломжгүй байна.

Манай компани нь ЭЭ 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ЭМЯ-БУА/- 001/1 дугаартай .. газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан, өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд БХХК, С ХХК хөрөнгө оруулж санхүүжүүлсэн ба энэ дагуу тухайн хөрөнгө оруулагч нарын төлөөлөл болох Япон улсын мэргэжилтэн, мөн ... мөн хяналтаа тус тус хэрэгжүүлж, барилгын ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 30-нд дуусган, 2013 оны 02 дугаар сарын 28-ны барилгыг ашиглалтанд оруулах Улсын комисс акт үйлдэж, 2013 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс байнгын ашиглалтад оруулсан байхад 3 жил хагас гаруй хугацаа болсны дараа тухайн барилгын өргөтгөлийн мэс заслын өрөөнд тааз нурсан гэсэн байгаа бөгөөд энэ асуудлаар манай компанид хандаж байгаагүй, улмаар дүүжин тааз нь барилгын зураг болон төсөвт тусгагдаагүй тул нэгэнт зураг байхгүй, төсөв төлөвлөгдөөгүй уг ажлыг манай компани хийж гүйцэтгээгүй, иймээс хийж гүйцэтгээгүй ажлыг мөн улсын комисст хүлээлцээгүй.

Тааз нурсан асуудал нь манай компанид хамааралгүй ба энэ талаар мэдэгдээгүй, хамааралгүй болох нь барилгын зураг, мөн барилгын ажлын төсөв, барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн акт зэргээр маш тодорхой нотлогдоно. Харин манай компанийн захиалгаар уг барилгад гүйцэтгэгчээр ажилласан Ц ХХК-д холбогдуулан цагдаагийн байгууллагаар гомдол гарган шалгуулсан байх ба энэ явцад барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш хугацаанд тухайн дүүжин тааз хийлгэсэн, хэн хэзээ, ямар гэрээний үндсэн дээр хэрхэн хийсэн нь тодорхойгүй уг дүүжин таазны асуудлыг манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй, холбогдуулж буй үндэслэлээ тодорхойлох ёстой боловч тодорхойлж чадаагүй. Барилгын ажлыг гүйцэтгэгч компани хийгээгүй, гэрээ баримтгүй байхад түүний туслан гүйцэтгэгч хийсэн мэт болгож буруутгасан нь үндэслэлгүй, нотлогдохгүй байна. Мөн тухайн дүүжин тааз нь өргөтгөлийн барилгад хамааралтай тул манай гүйцэтгэгч компани засварлаж өгсөн бөгөөд энэ явцад зэргэлдээ яг ижил хийгдсэн өрөөний таазыг мөн буулгаж дахин засвар хийсэн ба энэхүү зэргэлдээ өрөөний тааз нурахааргүй, ямар нэг доголдолгүй байсан байдаг бөгөөд энэ нь дүүжин тааз хийгдсэний дараа нурсан тааз бүхий өрөөнд гадны өөр этгээдээр мэс заслын гэрэл суулгуулан тогтоолгосон, энэ ажлыг хийхдээ тухайн дүүжин таазны бат бэх чанарыг алдагдуулсан болох нь нотлогдож байгаа ба энэ бүхий л нөхцөл байдлуудыг цагдаагийн байгууллага тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэн зөв тогтоогоогүйгээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ явцад цагдаагийн байгууллага мөн шинжээч томилж хохирлын хэмжээг тогтоолгосон байдаг ба үүнд гомдол гаргаагүй байх атлаа нэгэнт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дүнгээс маш өндөр дүнгээр, 2 компанид холбогдуулан 2 зэрэг мөнгө нэхэн шаардлага гаргаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн байгаа нь хуулийн үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 228 дугаар зүйлийн 228.1-т заасныг баримтлан Ц ХХК-аас 17 800 000 төгрөгийг гаргуулан ...т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ц ХХК-аас болон түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ц ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 246 950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Б-н давж заалдах гомдолд:  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-чы өдрийн 181/ШШ2019/00848 дугаар шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч байна.

Шүүх хуулийг зөрчсөн, хэрэгт авагдсан маргааны үйл баримтуудын талаарх бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь эргэлзээгүйгээр үнэн зөв үнэлж дүгнээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хүсэл зоригийн илэрхийллээр “Ц” ХХК ЭЭ 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ЭМЯ-БУА/001/1 дугаартай гэрээг байгуулж, 1 дүгээр амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна, гэрээний дагуу гүйцэтгэсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/32/2013 дугаартай актыг үйлдэж, улсын комисс хүлээн авч захиалагч ашиглагч болох ...газарт 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс байнгын ашиглалтанд оруулахыг зөвшөөрчээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/98 дугаартай ‘Хөрөнгө бүртгэн авах тухай” тушаалаар ... шинэ барилга байгууламжийг хавсралтын дагуу бүртгэлдээ бүртгэн авахыг ... газарт даалгажээ.  ... шаардах эрхгүй этгээд гэж маргаж буй нь хэрэгт авагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ний А/98 дугаартай “Хөрөнгө бүртгэн авах тухай тушаал зэрэг бичгийн баримтаар үгүйсгэгдэж байх тул тухайн нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна           гэж дүгнэжээ. Шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь эргэлзээгүйгээр үнэн зөв үнэлж чадаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэг талаас захиалагч Э, нөгөө талаас гүйцэтгэгч “Ц” ХХК нар байгуулсан ба захиалагчийг төлөөлж захиалагчийн хяналтыг ... хэрэгжүүлж, барилгын ажлыг барилга барих тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох гүйцэтгэгч “Ц” ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулсан байдаг бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож, талууд маргаагүй, өөрөөр хэлбэл Барилгын тухай хууль болон Иргэний хуулийн зохицуулалтаар талуудын хоорондын энэхүү гэрээний оролцогч талууд нь нэр дурдагдсан этгээдүүд болно.

 

Гэрээний дагуу барилгын ажлыг хөрөнгө оруулагч ‘‘Б” ХХК санхүүжүүлсэн, энэ учраас мөн барилгын ажлын гүйцэтгэлд өөрийн төлөөлөгчөөрөө хяналт гүйцэтгүүлж оролцсон байдаг бөгөөд эдгээр захиалагчийн хяналт, Хөрөнгө оруулагч санхүүжүүлэгчийн хяналт, зураг төсөл зохногчийн хяналт, улсын комисс хүлээн авсан акт баримтуудаар тухайн маргаан үүсгэсэн нурж унасан гэх дүүжин тааз нь анхнаасаа зураг төсөлд тусгагдаагүй, иймээс батлагдсан зургийн дагуу барилга баригдсан, зураг төсөлд тийм тааз тусгагдаагүй тул хийгдээгүйг нотлох баримтуудыг шүүх үнэн зөв үнэлээгүй нь, мөн зураг төсөл зохиогч, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчийг гэрчээр оролцуулахаар Хариуцагчаас удаа дараа гаргасан хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж, шүүх хуралдаан явуулсан нь маргаан бүхий үйл баримтыг гэрчээр нотлуулах хариуцагчийн эрхийг хангаагүй, хариуцагчийг нурсан гэх дүүжин таазыг хийгээгүй гэдгээ нотлоогүй гэж үндэслэлгүй дүгнэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ чанаргүй барилга барьсны улмаас дүүжин тааз нурсан, хохирол учирсан гэж тодорхойлдог бөгөөд энэ талаар гэрээний гүйцэтгэгч тал болох “Ц” ХХК-д огт хандаж байгаагүй, ийм баримт хэрэгт байдаггүй.

 

Харин барилгын гүйцэтгэгч болох “Ц” ХХК-д холбогдуулж ... хэлтэст гомдол гарган шалгуулсан ба энэ явцад эрүүгийн хэрэгт цугларсан баримтуудаар Барилгын зураг төсөл зохиогчийн бичгийн тайлбар, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчийн тайлбар мэдүүлэг зэргээр тухайн өргөтгөлийн барилгын зураг төсөлд анхнаасаа ийм тааз хийхээр батлагдаагүй нь тогтоогдсон, мөн улсын комисст хүлээлгэн өгөхөд ч ийм тааз хийгдээгүй гэсэн байдаг бөгөөд үүнээс хойш хийгдсэн уг дүүжин таазны ажлыг хэн хийсэн, хийлгүүлсэн болох нь ойлгомжгүй тодорхойгүй, хэн хийснийг нотолсон баримтгүй байдаг. Тухайн тааз нурсан гэх мэс заслын өрөөг улсын комисс авахын өмнө барилгын гүйцэтгэгч компаниар маш хүнд жинтэй мэс заслын гэрэл тогтоох зориулалтаар зузаан швеллэр төмрийг үндсэн таазанд нь тогтоолгож байсан байдаг ба улсын комисс хүлээн авснаас хойно уг гэрлээ хэн нэгнээр тогтоолгосон, тэгэхээр энэ мэс заслын гэрлийг тогтоосны дараа тухайн нурж унасан гэх тэрхүү дүүжин тааз хийгдсэн байх боломжтой бөгөөд үүнээс өмнө хийсэн бол тэр дүүжин таазыг хэрхэн яаж цоолжхүнд жинтэй Мэс заслын гарлийг тогтоох вэ гэдэг боломжгүй зэргээр эргэлзээтэй нь нэхэмжлэгч байгууллагаа өөрөө үүнийг хийлгэсэн байх боломжтой энэ үйл баримтыг шүүх ямар ч баримт нотолгоогүйгээр барилгын гүйцэтгэгч хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэцлээнийг үнэн зөв үнэлж дүгнээгүй тул шийдвэр үндэслэлгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч нь “Ц” ХХК-ийг уг дүүжин тааз нурсанд буруутгаж, цагдаагаар шалгуулж байсан байх ба харин “Ц” ХХК-д энэ талаар буюу барилгын доголдол, дутагдлын талаар нэг ч удаа шаардлага, гомдол санал гаргаагүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчаар татсан нь, нэхэмлэгчийн нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан бүрдээлбэр хангаагүй бюу шаардлага үндэслэл тодорхойгүй, түүнийгээ нотлох баримтгүй байхад шүүх энэ талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүйгээр зөвхөн гэрээний гүйцэтгэгч тул хариуцагч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зуйлд заасан ажш гүйцтгэх гэрээ бөгөөд 347 дугаар зүйлийн 347.1, 347.2-т зааснаар “Ц” ХХК  “Ц” ХХК-ийн гүйцэтгэсэн ажльн үр дүнг нэхэмжлэгч Н өмнө хариуцахаар байна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”-ийг заасан атал 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөтгөлийн барилгын 5 давхрын эмэгтэйчүүдийн стационарын мэс заслын өрөөний гипсэн хавтан бүхий дүүжин тааз нурсны улмаас тоног төхөөрөмж гэмтсэн үйл баримт тогтоогдсон, гэмтсэн аппаратыг ... ХХК -аас худалдан авсан, эдгээр гэмтсэн тоног төхөөрөмжийг “Интер сайнс” ХХК онош тодруулан гэмтэлтэй эд ангиудыг солъж, засвар үйлчилгээг хийлгэн нийт 17 800 000 төгрөгийн төлбөр гарсан болох нь баримтаар тогтоогдож байгаа тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэжээ. Шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь эргэлзээгүйгээр үнэн зөвөөр үнэлж дүгнээгүй. Иргэний хуулийн 347 дугаар зүйлд зааснаар гэрээний тал болох “Ц” ХХК нь барилгын гүйцэтгэгч “Ц” ХХК-ийн өмнөөс Н өмнө хариуцлага хүлээхээр байна гэж дүгнэсэн бөгөөд ингэхдээ мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” гэж заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан энэ гэрээний захиалагч нь Э, захиалагчийг төлөөлж захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн этгээд нь ... байхад гэрээний нэг тал биш Өмчийн харилцааны газар А/98 гэсэн тушаал гарган, энэ дагуу “...” нь хөрөнгийг 2014 онд бүртгэн авсантай холбоотойгоор энэ тушаал болон хөрөнгө бүртгэсэн үйл баримтыг нь үндэслэн шүүх гэрээний нэг тал болох захиалагчийн эрхийг авсан этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, буруу дүгнэсэн. Улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... дүүжин тааз нурсны улмаас “Ц” ХХК-ийг цагдаагийн байгууллагаар шалгуулж, прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн тул” гэж тодорхойлсон байх боловч иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус “Ц” ХХК-ийг хариуцагчаар татсанаа татгалзаж, уг цагдаагийн байгууллагаар шалгуулсан асуудалд нь огт хамааралгүй, шалгагдаагүй, ямар нэг байдлаар хоорондоо харилцаагүй, хандаагүй “Ц” ХХК-ийг хариуцагч гэж тодорхойлсноор Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт” гэсэн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй, тодорхойгүй асуудлыг шүүх шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Шүүх хууль зөрчиж хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүхийн мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлийг тодорхой болгуулахаар ямар гэрээний харилцааны хүрээнд, юу шаардаж байгаа, гэрээний хариуцлага, эсхүл гэрээний үүргийн биелэлт, эсхүл гэрээний бус үүргийн асуудлаар шаардлага гаргасан эсэхийг тодруулахад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаараа “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний харилцааны дагуу гүйцэтгэгдсэн дүүжин тааз нурсан, үүнээс хамаарч хохирол учруулсан тухайд шаардсан гэж тайлбарлан, шүүх энэ дагуу Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 228 дугаар зүйлийн 228.1-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчиж, хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу буюу Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”-ийг шаардаагүй. Нэхэмжлэгч захиалагчийн өмчлөлд доголдолгүй үр дүн шилжүүлэхийг шаардаагүй буюу доголдолтой үр дүн гэж үзэх нурсан таазыг засуулахыг, эсхүл түүний үнийг хариуцагчаас шаардаагүй нь үүнийг тодорхой нотлох ба харин ийнхүү тааз нурснаас хамаарч энэ маргаан бүхий “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд огт хамааралгүй өөр бусад эд хөрөнгө болох нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжүүд эвдэрч гэмтсэний улмаас гэм хорын хохирол шаардсан байх бөгөөд ийм байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг зөрчиж, улмаар Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасныг баримтлан энэ хэргийг дангаараа шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн,  нэхэмжлэгч бол маргаан бүхий “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэг тал болох Захиалагч нь биш тул үүнээс хамаарч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг мөн зөрчиж хэргийг шийдвэрлэсэн, дээрх маргаан бүхий гэрээний хувьд ажил гүйцэтгэгч ажлыг хүлээлгэн өгч Улсын комисс ажлыг хүлэн авч байнгын ашиглалтад оруулснаар захиалагч, мөн ашиглагч байгууллага ажиллаж эхэлсэн цаг хугацаа нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс бөгөөд маргаан бүхий дүүжин тааз нурсан гэх өдөр нь 2016 оны 10 дугаар сарын 05-ний өдөр гэх тул нийт 3 жил 7 сарын хугацаа өнгөрсөн буюу Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйл “Барилгын гэрээнд тавих шаардлага”, 12 дугаар зүйлийн 12.4-д “барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил байна” гэсэн заалт, мөн Иргэний хуулийн 349 дүгээр зүйл “Ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа”, 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хулээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авнаас хойш 1 жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасан байхад эдгээр хуулийн зүйл заалтыг зөрчсөн мөн Иргэний хуулийн 352, 353 дугаар зүйлд заасан шаардлага гаргаагүй байхад шүүх хуулийг буруу хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэсэн болно. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн, хууль зөрчиж хэрэг шийдвэрлэсэн, хуулийг буруу хэрэглэж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тул Давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ..., хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан 17 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Э захиалагчаар, гүйцэтгэгчээр “Ц” ХХК 1 дүгээр амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гүйцэтгэгч тал нь ... газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хуанлийн 360 хоногт буюу 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гүйцэтгэж ашиглалтад оруулахаар тохиролцжээ. /1хх21-22/

Нэхэмжлэгч Н нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардсан, харин доголдолтой ажлыг дахин гүйцэтгүүлэх, арилгуулах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэг түүнтэй холбоотой үүссэн нэмэлт үүргийн хүрээнд шаардлага гаргаагүй.

Шүүх маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэгч гэм хор учирсантай холбоотой тусгай шаардлага гаргасан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгч маргааныг дангаар шийдвэрлэсэн нь хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарна.

Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан, ажил гүйцэтгэх гэрээний нэг тал буюу захиалагч нь Э бөгөөд нэхэмжлэгч ... нь гэрээний зүйлийг ашиглагч байгууллага байна.

Ажил үйлчилгээ үзүүлсэн этгээдийн гүйцэтгэсэн ажил үйлчилгээ нь доголдолтой, түүний улмаас бусдад хохирол учирсан бол нэхэмжлэгч нь гүйцэтгэгч этгээдтэй гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй. Харин Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй гэж заасан байх боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний захиалагч биш учраас ажил гүйцэтгэгчийн эсрэг доголдлыг арилгуулахтай холбоотой шаардлагыг шууд гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхой бус байна.

Түүнчлэн, маргааны үйл баримтыг тодруулах шаардлагатай. Хэргийн 1 хавтасны 109 дүгээр тал дахь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд  нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлыг хавтаст хэргийн 176-180 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд үндэслэж 2 027 810 төгрөг гэж тогтоосон байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 17 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа тоног төхөөрөмж эвдэрснийг засуулсан гэж тайлбарлаж түүнтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгчээ. Иймээс бодитоор учирсан хохирлын хэмжээ хэд болох талаар хариуцагч байгууллага маргаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Мөн дээрх тогтоолд “ ... “Ц” ХХК Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс боловсруулсан барилгын ажлын зурагт тусгагдаагүй 60 см уналттай дүүжин таазыг хийсэн, уг таазыг хийхдээ барилгын засвар тохижилтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй, хуулийн этгээд бус иргэн О гэх хүнээр гүйцэтгүүлсэн ..,” гэдэг нөхцөл байдлыг дурдаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор О гэх хүн “Ц” ХХК-ийн өмнөөс эсхүл хувиараа ажиллаж байсан гэдгийг эргэлзээгүй нотолсон баримтгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00848 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

                       

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                          Д.БАЙГАЛМАА

 

                                                                                      А.МӨНХЗУЛ