Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 470

 

“БХТН” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй, МУЗГ-т

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:         Х.Батсүрэн

Шүүгчид:                      Д.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

                                     Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:            Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал

Нэхэмжлэлийн шаардлага: “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь “Эрүүл мэнд, Спортын яамны харьяа Техник спортын төв” гэсэн заалтыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0366 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0477 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.Дашзэвэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наран-Идэр, түүний өмгөөлөгч Ж.Ариунаа нар,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0366 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 1, 2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасныг тус тус баримтлан “БХТН” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь заалт /Эрүүл мэнд, спортын яамны харьяа Техник спортын төв/-ыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0477 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 22 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ”БХТН” НҮТББ-ын “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь “Эрүүл мэнд, спортын яамны харьяа Техник спортын төв” гэсэн заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа, гуравдагч этгээд “Техник спортын төв” Төрийн өмчит ААТҮГ-ын өмгөөлөгч Ж.Ариунаа нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “БХТН” НҮТББ-ын төлөөлөгч Д.Дашзэвэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтуудыг хуулийн шаардлагад нийцүүлэн бүрэн үнэлж чадаагүй тул магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

4. МУЗГ- нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 38.1-т “МУЗГ- бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэж заасан ёсоор захиргааны байгууллага буюу Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” болно. Засгийн газар нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч, захиргааны байгууллага болохынхоо хувьд үйл ажиллагаандаа болон шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийг баримтлах үүрэгтэй байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж хуульчилсны дагуу Засгийн газар уг зарчмыг мөрдлөг болгох ёстой байна. Түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “3асгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн” гэж мөн тус зарчмыг тусгаж өгчээ.

5. Гэвч Монгол Улсын Засгийн газрын зүгээс 2015 оны 55 дугаар тогтоолоор “Техник спортын төв”-ийг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, тус төвийг Эрүүл мэнд, спортын яаманд харьяалуулсныг хууль бус, дээрх зарчимд үл нийцсэн шийдвэр боллоо гэж үзэж байгаа юм. Учир нь нэхэмжлэгч байгууллага нь нийгэмд үйлчилдэг ТББ-ын статустай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний бүтцэд /харьяалалд нь/ “Техник спортын төв” буюу хуучнаар “Буудлага спортын төв” клубын байр болон хөрөнгөнд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг техникийн спортын төрлүүдийг нэгтгэж байгуулсан бүтцийнх нь байгууллага юм.

6. Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн бүтцийн байгууллага болох “Техник спортын төв”-ийн нэртэй яг адилхан нэр бүхий, ижил хаягт байрлалтай, урьд өмнө нь огт байгаагүй, статус нь тодорхойгүй байгууллагыг бий болгон оруулж, улмаар ТББ-ын хөрөнгийг хууль бусаар авах үйл ажиллагаа болсон нь доорх байдлаар нотлогдох боломжтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засгийн газрын тогтоолын 3 дахь хэсгийн 6-д заасан “Эрүүл мэнд спортын яамны харьяа Техник спортын төв” гэх байгууллагын талаарх мэдээлэл, энэ байгууллага хэдийд, ямар эрх бүхий субъектийн шийдвэрээр, ямар эрхийн актын үндсэн дээр байгуулагдсан талаар ямар ч мэдээлэл холбогдох яам, Улсын төв архив, Нийслэлийн архиваас шүүхийн журмаар нотлох баримтын хэмжээнд гаргуулахаар шаардахад ямар ч нотлох баримт олддоггүй, ийм байгууллага байгуулсан, үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг Эрүүл мэнд, спортын яам болон хариуцагч Засгийн газар хэзээ ч нотолж чаддаггүй болно. Мөн Засгийн газрын хуралдаанд бэлтгэж байсан үе шат, хуралдааны явц, хуралдаанаас гарсан шийдвэрийг албажуулах үед энэхүү “Эрүүл мэнд спортын яамны харьяа Техник спортын төв” гэх байгууллагын талаар харьяалсан яам нь мэдээгүй энэ асуудлыг хуралдаанд бэлтгэж оруулаагүй, санал өгөөгүй байдаг юм.

7. Түүнчлэн хэрэгт авагдсан Засгийн газрын тогтоолын төслийн хавсралтад “Техник спортын клубууд” гэдэг нэр зоогоод “Статус тодорхойгүй, төсөвт байгууллагын статусгүй, ...төлбөр авах замаар үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой" гэж дурдагдсан байсан. Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийсэн байдаг.

8. Дээр дурдагдсан үйлдлүүдээрээ Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6, 29.2.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дугаар зүйлүүдийг үл баримтлан хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зарчмыг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, хууль дээдлэх ёс буюу хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хуулийг дагаж мөрдөлгүй шийдвэр гаргасан нь хууль ёсны зорилгын үүднээс нэхэмжлэгчийн эрхэд шаардлагатайгаас илүү хэмжээгээр халдсан үйлдэл болжээ.

9. Үүнээс дүгнэвэл, Засгийн газрын тогтоолын заалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргээс үзэхэд Засгийн газрын үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын хуралдааны журам зэрэг хууль, эрхийн актуудыг ноцтой зөрчиж, хэзээ ч байгуулагдаагүй, байгаагүй бүхэл бүтэн аж ахуйн нэгжийг “өөрчлөн зохион байгуулах” нэрсийн дор бий болгож хууль ноцтой зөрчсөн болох нь бүрэн нотлогдоно.

10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь “нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог байна. Дээрх хуулийн зорилттой холбож үзвэл нэхэмжлэгч болох “БХТН” НҮТББ нь нэхэмжлэлдээ өөрийн хөндөгдсөн эрх ашиг болох өмчлөх эрхийн талаар маш тодорхой дурдсан бөгөөд уг эрх нь Засгийн газрын тогтоолоор хөндөгдөж болзошгүй нөхцөл байдалд байгаа болно.

11. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг” гэж заасан байна. Тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна”, 18.3.1-т “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж заажээ.

12. Үүнээс үзвэл манай “БХТН” НҮТББ нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлж уг нэхэмжлэлийг гаргаж байна. Манай байгууллага нь батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичигт хүүхэд, залуучуудад эх оронч хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог хангах, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд, иргэдийг улс орноо батлан хамгаалах үйл хэрэгт сургах, тэдэнд цэрэг-эх оронч болон сэтгэл зүй, бие бялдрын хүмүүжил олгоход хамтран ажиллахаар Батлан хамгаалах яамтай хамтран ажилладаг ба батлан хамгаалах үйлсэд гар нийлэн оролцож байсан нийт ахмадуудын нэрийн өмнөөс нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагынхаа хувьд тус нэхэмжлэлийг гаргаж байна.

13. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16.3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж иргэний эрхийг тунхаглан баталгаажуулсан байдаг.

14. Гэтэл “Техник спортын төв”-ийг хууль бусаар төр булаан авсан үйлдэл гаргасныг давж заалдах шатны шүүхээс үл харгалзан, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/01173 дугаар тогтоолыг зөвхөн үнэлж холбогдох, бусад захиргааны хэргийн 4 шийдвэрийг үнэлээгүй нь нотлох баримтуудыг хуулийн шаардлагад нийцүүлэн бүрэн үнэлж чадаагүйг нотлон харуулж байна.

15. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс цаг хугацааны хувьд сүүлд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг барьж шийдвэрлэсэн буюу зөвхөн үнэлж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хууль хэрэглээний хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан байдаг. Энэ нь цаг хугацааны хувьд хувьд сүүлд батлагдсан хуулийг барьж хэрэглэнэ гэх агуулга бүхий заалт байгаа юм.

16. Гэтэл хуулийг буруу хэрэглэж, цаг хугацааны хувьд сүүлд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг зөвхөн удирдлага болгон, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг үл баримтлан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/01173 дугаар тогтоолыг зөвхөн үнэлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

17. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс иргэний хэргийн болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийг бүгдийг нь үнэлж үзсэний үндсэн дээр үндэслэл бүхий, эргэлзээгүй шүүхийн шийдвэр гарна гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн дагуу нотлох баримтуудыг үнэлж чадалгүй шийдвэрлэжээ. Үүгээр зогсохгүй “Техник спортын төв”-д холбогдох хэргүүд нь 2012 оноос эхлэлтэй бөгөөд өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч бидний эрх ашгийг ноцтой хөндсөөр байгаа юм.

18. Иймд, бидний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хөндөгдөж буй эрх ашгийг сэргээн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

19. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дугаар заалтыг хүчингүй болгуулах тухай “Батлан хамгаалах туслах нийгэмлэг” НҮТТБ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв. 

20. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болжээ.

21. Эрүүл мэнд спортын яамны харъяа “Техник спортын төв”-ийг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоол нь хариуцагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9, 22 дугаар зүйлүүдэд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй болно. 

22. Нэхэмжлэгч нь “...Төрийн өмчийн хорооны 2013 оны 435 дугаар тогтоол хүчингүй болсноор Засгийн газрын 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дугаар заалт хүчингүй болгох ёстой... энэ тогтоол гарснаар бидний өмчлөх эрх зөрчигдөж байна..., урьд өмнө байгаагүй байгууллагыг бий болгож, ТББ-ын хөрөнгийг хууль бусаар авах оролдлого,...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргасан байна.

23. БХТНийн харъяа “Техник спортын төв”-ийн хөрөнгийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хөрөнгөнд бүртгэхээр шийдвэрлэсэн Төрийн өмчийн хорооны 2013 оны “Төрийн өмчид эд хөрөнгө хүлээн авч бүртгэх тухай” 435 дугаар тогтоолыг хүчингүй болгосон Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 107 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа хэдий ч уг 435 дугаар тогтоол нь Засгийн газраас маргаан бүхий 2015 оны 55 дугаар тогтоолыг гаргах үндэслэл биш юм.   

24. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-д зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх тул тус агентлагийн шийдвэр, үйл ажиллагаа нь Засгийн газрын хяналтад хэрэгжих учиртай, эрх зүйн хүчин чадал, эрэмбэ дарааллын хувьд Засгийн газрын тогтоол нь Төрийн өмчийн хорооны /тухайн үеийн нэрээр/ тогтоолоос дээд хүчин чадал бүхий эрхийн акт болно.

25. Үүнээс гадна өмнө нь Төрийн өмчийн хорооны 2013 оны 435 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байх үед энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол гарсан байсан, энэ 55 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 506 дугаар тогтоол гаргаж, аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болох “Техник спорт төв”-ийн эд хөрөнгийг бүртгэж хүлээн авахаар шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр байгааг болон эдгээр тогтоолуудын тухайд нэхэмжлэгчийн зүгээс “...нэгэнт хууль зөрчиж гарсан учир өөрсдөө хүчингүй болгох ёстой тул маргахгүй...” гэж тайлбарласан зэрэг нь тухайн үеийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Үүнээс үзвэл маргаан бүхий Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын талаар нэхэмжлэгч мэдэж байсан, харин шүүхэд хандаж, тухайн үед маргаж байгаагүй байна.

26. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Засгийн газар нь төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах бүрэн эрхтэй байх тул нэхэмжлэгчийн “Эрүүл мэнд спортын яамны харъяа “Техник спортын төв” гэдэг байгууллага гэж байхгүй, өмнө нь байгуулагдаж байгаагүй байгууллага...”-ыг бий болгосон гэх тайлбар үндэслэлгүй.

27. Түүнчлэн өмчлөх эрхийн маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд “Техник спортын төв”-ийн хөрөнгийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хөрөнгөнд бүртгэхээр шийдвэрлэсэн “Төрийн өмчид эд хөрөнгө хүлээн авч бүртгэх тухай” Төрийн өмчийн хорооны 2012 оны 323, 2013 оны 435 дугаар тогтоолуудтай холбоотой хэрэг маргааныг өмнө нь хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн холбогдох шийдвэрүүдээр маргаж буй өмч хөрөнгийн өмчлөгчийг тогтоогоогүй болно.

28. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг анх 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 572 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ”Буудлага спорт төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн, уг маргаан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгджээ.

29. Засгийн газрын тогтоол нь уг эд хөрөнгөтэй хамааралтай байгааг үндэслэн захиргааны хэргийн шүүх дээрх байдлаар өмчийн маргааныг хянан шийдвэрлэсний дараа давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хэргийн шүүхээс гарсан шийдвэрийг магадлалын нэг үндэслэл болгон дүгнэснийг буруутгах боломжгүй.

30. Нөгөө талаар Засгийн газраас маргаан бүхий 2015 оны 55 дугаар тогтоолыг гаргах тухайн цаг үед маргаж буй эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байгаагүй байна.

31. Иймээс цаг хугацааны дарааллын хувьд өмчийн маргааныг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоол Засгийн газрын тогтоолоос хойш гарсан байгаа нь маргаан бүхий 55 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлийн нэг биш гэж үзнэ.

32. Дээр дурдсан бүгдийг нэгтгэвэл, “...шүүх Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг харгалзаж үзээгүй..., Засгийн газрын тогтоолоор бидний өмчлөх эрх хөндөгдөж байгааг анхаараагүй...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

33. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын дагуу маргаан бүхий захиргааны акт хууль ёсны эсэх болон нэхэмжлэгчийн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрхийн тухайд зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0477 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.БАТСҮРЭН

   ШҮҮГЧ                                                      Л.АТАРЦЭЦЭГ