Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 0512

 

 

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0512

Улаанбаатар хот

“ТД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Ж.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 422 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “ТД” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Сангийн яамны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 6-1/2046 актыг хүчингүй болгуулах гэжээ.

Анханы шатны шүүх шийдвэртээ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 28 дугаар зүйлийн 28.6, 29 дүгээр зүйлийн 29.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ТД” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/2046 дугаар албан бичиг /захиргааны акт/-ийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0422 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... Сангийн яам 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 6-1/2046 албан бичгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, түүнд мэдэгдээгүй нь уг тендерт шалгарсан “ТД” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, нэхэмжлэгч “ТД” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардалыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн  даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах” ШЕЗ/201700006 дугаар бүхий тендер шалгаруулалтад оролцсон “МД” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/591 тоот, “АД” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/17/290 тоот, “БД” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03/507 тоотоор тус яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасан бөгөөд тус гомдлуудыг тухайн тендерийн баримт бичиг, оролцогч компаниудын ирүүлсэн тендер зэрэг холбогдох баримт, материалд ундэслэн мөн хуулийн 55.2-т заасны дагуу хянан үзсэн.

Тендер шалгаруулалтад оролцсон “МД” ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн  баримт бичгийн ТШӨХ (4.2.в)-д заасан шаардлагыг хангаагүй гэж, “АД” ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн ТШӨХ (16.1), (12.1), (4.2.в), (4.2.е)-д заасан шаардлагыг хангаагүй гэж, “БД” ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн ТШӨХ (4.2.е)-д заасан шаардлагыг хангаагүй гэж тус тус татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байсан.

Харин захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “ТД” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт захиалагчийн тендерийн баримт бичигт шаардсан үйл ажиллагааны хуваарийг ирүүлээгүй бөгөөд үнийн саналд холбогдох бүх татвар, хураамж, зардлыг тооцож ирүүлсэн нь тодорхойгүй байсан болно.

Түүнчлэн захиалагчийн тендерийн баримт бичгийн ТШӨХ (34.1)-д даатгалын үйлчилгээний төлбөр нь урьдчилгаа төлбөрийн агуулгатай тул заасан хугацаанд 100 хувь төлнө гэсэн нь хуулийн 44 дүгээр зүйл урьдчилгаа төлбөр, түүний баталгааны талаарх заалттай нийцэхгүй байна. Дээрх зөрүүтэй заалтын улмаас тендерт оролцогч нарын ирүүлсэн үнийн саналын маягтад зарим нь урьдчилгаа төлбөр шаардлагатай гэж бөглөсөн байсан.

Тендерийн баримт бичиг нь хуульд нийцэхгүй заалттай, шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй дээрх тендер шалгаруулалтыг хүчингүй болгосныг тус яамны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 6-1/2046 тоот албан бичгээр мэдэгдсэн болно.

Иймд дээрх тайлбар, үндэслэлүүдийг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12/ШШ2017/0422 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4-д заасныг тусгах шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийн ямар үндэслэл, заалтыг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой тусгаагүй, нэхэмжлэлд ирүүлсэн тайлбараа давтан бичсэн байна.

1. Тендерийн баримт бичигт шаардсан үйл ажиллагааны хуваарь ирүүлээгүй гэх тухайд: Үйл ажиллагааны хуваарь гэдэг нь тендерийн баримт бичгийг боловсруулахад хэрэглэх зориулалттай байх бөгөөд тендерийн бичиг баримтыг боловсруулж дууссаны дараа тендерийн баримт бичгээс хасах баримт байжээ. Тийм учир энэ баримт бичиг нь тендерийн санал, шалгаруулалтад нөлөөлөхөөргүй байсан байна. Тендерийн санал, шалгаруулалтад нөлөөлөхгүй баримтыг ирүүлээгүй гэдгийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерийн саналыг хүчингүйд тооцох үндэслэл болгож байгаа нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцэхгүй байна.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ”, захиалагчийн тендерийн баримт бичгийн “Тендерт ороцогчдод өгөх зааварчилгаа”-ны 13 дугаар зүйлийн 13.3-д “Тендерт оролцогч нь ... энэ гэрээ болон бусад үндэслэлээр үйлчилгээ үзүүлэгч этээдийн тавих ётсой бүх татвар, хураамж, бусад төлбөрийг Тендерийн нийт үнэд багтаасан байна” гэж тус тус заасны дагуу тендерт оролцогч байгууллагаас ирүүлж байгаа үнэд татвар, хураамж орсон байх нь тодорхой байхад энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг хүчингүй гэж үзсэн нь буруу байна.

3. Захиалагч амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний онцлогийг харгалзан ТШӨХ-д Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасны дагуу үйлчилгээний төлбөр буюу даатгалын хураамжаа төлж эхэлснээр даатгалын эрсдлээс хамгаалах эрхээ эдлэх боломжтой байдаг гэж заажээ. Тендерийн баримт бичигт даатгалын үйлчилгээний хураамж нь урьдчилгаа төлбөрийн агуулгатай гэсэн нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлтэй зөрчилдсөн гэж хариуцагч үзсэн нь тодорхойгүй.

Эдгээр болон бусад байдлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгуулах хариуцагчийн гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ