Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 422

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т д” ХХК,  

Хариуцагч:  Монгол Улсын Сангийн яам, 

Гуравдагч этгээд:  Шүүхийн Ерөнхий зөвлөл, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 6-1/2046 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , Б.Ц , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т , Ж.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Т д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Т д” ХХК-ийн зүгээс Сангийн Яамны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 6-1/2046 тоот актын шийдвэр нь тендерт оролцогч, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Сангийн яамны 2017 оны 6-1/2046 тоот актад “Тендер шалгаруулалтанд оролцсон “М д ” ХХК нь ТШӨХ (4.2.в)-д..., “А д” ХХК нь ТШӨХ (16.1), (12.1), (4.2.в), (4.2.е)-д ..., “Б д ” ХХК нь ТШӨХ (4.2.е)-д... заасан шаардлагыг хангаагүй гэж тус тус татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Харин захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Т д” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт захиалагчийн тендерийн баримт бичигт шаардсан үйл ажиллагааны хуваарийг ирүүлээгүй бөгөөд үнийн саналд холбогдох бүх татвар, хураамж, зардлыг тооцож ирүүлсэн нь тодорхойгүй байна” гэх тухайд:

1.1. ШЕЗ/201700006 дугаартай “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний тендерийн баримт бичиг”-ийн /59-р хуудас/ бүлэг VIII. Үйл ажиллагааны хуваарьт “...Үйл ажиллагааны хуваарийг дараах зорилгоор бэлтгэдэг. Үүнд: (а) гэрээний дагуу гүйцэтгэх үйлчилгээний тоо хэмжээний талаар хангалттай мэдээллийг өгч үр ашигтай, нягт нямбай тендер бэлтгэх бололцоог тендерт оролцогчдод олгох; (b) гэрээ байгуулсны дараа үйлчилгээний гүйцэтгэлийг үе шат бүрээр тооцоход ашиглаж үйл ажиллагааны хуваарьт заасан үнийг үндэслэн үнэлэх. 

Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагааны хуваарьт хоорондоо ялгаатай хийгдэх үйлчилгээний, эсхүл өөр өөр газар гүйцэтгэх ижил төстэй үйлчилгээний ялгааг гаргаж өгөх, эсхүл зардлыг ялгаатай авч үзэх нөхцөлд хийгдэх үйлчилгээ зэргийг харгалзан үйл ажиллагааны хуваарийг зохих нэр төрлөөр нь задалсан байх шаардлагатай ... агуулга нь аль болохоор энгийн бөгөөд товч байх ёстой... (а) тендерт оролцогчийн ирүүлсэн нэгж үнэ бодитой эсэхийг шалгах боломжийг захиалагчид олгох ... тендерт оролцогч ... үнийг бөглөж ирүүлэх үйлчилгээний нэр төрөл, ажиллах хүч, материал, байгууламжийн нэр төрлийн жагсаалт. 

Мөн ... гүйцэтгэсэн ажилд төлбөр хийх нөхцөлийн талаарх мэдээлэл.... (b) тендерт оролцогч бүрийн өрсөлдөөнт үнэ болгож нэгж үнээр үнэлж ирүүлэх ажил өдрийн нэр төрөл тус бүрийн ойролцоо тоо хэмжээ. ... Тендерт оролцогчийн санал болгох нэгж үнэ нь гүйцэтгэгчийн ашиг, захиргааны, хяналтын болон бусад зардлыг багтаасан байна... Үйл ажиллагааны хуваарь бэлтгэх энэхүү санамж нь захиалагчид мэдээлэл өгч туслах зорилготой бөгөөд түүнийг тендерийн баримт бичгийг боловсруулж дуусахад хасна” гэж заасан байна. 

Тодруулбал, энэхүү үйл ажиллагааны хуваарь бэлтгэх санамж бичиг нь “захиалагчид мэдээлэл өгч туслах зорилго бүхий жишиг баримтын загварын нэг хэсэг бөгөөд түүнийг Тендерийн баримт бичиг (“ТББ” гэх)-ийг боловсруулж дуусахад хасна” гэж заасан ба үүнийг тендерт оролцогч нь захиалагчаас ТББ-ийг боловсруулахдаа ашиглаад хасахаар заасан “Загвар хуудас” гэж ойлгох бөгөөд уг үйл ажиллагаа нь өөрөө захиалагчаас даатгагчид ирүүлсэн даатгалын гэрээний нөхцөл, үнэлгээ, хураамж, нөхөн төлбөр хэсгээр бүрэн зохицуулагдаж байгаа харилцаа болохын хувьд даатгагч нь тендер шалгаруулалтад хүргүүлсэн баримтдаа захиалагчийн уг даатгалын гэрээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч баталгаажуулсан билээ.  

Өөрөөр хэлбэл, даатгалын үйл ажиллагаа нь өөрөө бусад төрлийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэх, гүйцэтгэхээс онцлогтой өвөрмөц харилцаа болох буюу даатгагч нь даатгалын үйлчилгээгээ даатгалын гэрээнд заасан хугацааны турш даатгуулагчид үзүүлдэг болохын хувьд уг тендерийн хувьд өөрийн ажиллах хүч буюу голлох мэргэжилтнүүд болох даатгал хариуцсан захирлууд, тэдгээрийн мэргэжлийн ур чадвар, мөн бусад хүний нөөцийн чадавхын талаар болон даатгагчийн салбар нэгж, төлөөлөгчийн газар тэдгээрийн байршил, хаяг, утас мөн нөхөн төлбөрийн хэлтсийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг тус тус тендерийн баримт бичигт тусгасан захиалагчид хүргүүлсэн байдаг. 

1.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд татвар, даатгал тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл тендерийн захиалагч нь төрийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа тендерт оролцогчдоос ирүүлэх “үнийн санал”-д холбогдох бүх татвар, хураамж, зардлыг тооцож ирүүлэх шаардлагыг тавьж энэ талаар тендерийн баримт бичигт тодорхой зааж өгөх, харин тендерт оролцогч нь уг шаардлагын хүрээнд захиалагчид үнийн саналаа хүргүүлэх ёстой бөгөөд ийнхүү хүргүүлсэн үнийн саналыг холбогдох бүх татвар, хураамж, зардлууд нь тооцогдсон эцсийн үнэ гэж ойлгохоор байна.

Өөрөөр хэлбэл, захиалагчийн тендерийн баримт бичгийн “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 13.2-т “Тендерт оролцогчийн үнийг нь тусгаж ирүүлээгүй үйлчилгээний аливаа нэр төрлийг хийж гүйцэтгэсний зардлыг захиалагч санхүүжүүлэхгүй бөгөөд үүнийг үйл ажиллагааны хуваарьт тусгагдсан бусад нэр төрлийн үйлчилгээний үнэлгээ, үнэд шингэсэн гэж үзнэ” гэж, 13.3-т “Тендерт оролцогч нь тендер хүлээн авах эцсийн хугацаанаас 28 хоногийн өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу энэ гэрээ болон бусад үндэслэлээр үйлчилгээ үзүүлэгч этгээдийн төлөх ёстой бүх татвар, хураамж, бусад төлбөрийг тендерийн нийт үнэд багтаасан байна” гэж, мөн V. Бүлэг “гэрээний ерөнхий нөхцөл”-ийн 1.8-д “Татвар, хураамж” хэсгийн заалтад “...үйлчилгээ үзүүлэгч, туслан гүйцэтгэгчид болон тэдний ажилтан холбогдох хууль, тогтоомжийн дагуу ногдох аливаа татвар, хураамжийг төлөх үүрэгтэй бөгөөд энэ дүнг гэрээний үнэд багтсан гэж үзнэ” гэж тус тус заасан. 

Тодруулбал, даатгагчаас захиалагчид хүргүүлсэн үнийн санал болох ТББ-ийн бүлэг IV. Тендерийн маягтад, даатгалын гэрээний ерөнхий нөхцөлийн Хавсралт-А “Даатгалын нийт хураамж” хэсэгт заасан буюу гэрээний 5.6-д “Жилийн хураамж” нь холбогдох бүх татвар, хураамж бусад зардлууд нь тооцогдсон гэрээний эцсийн үнэ бөгөөд тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагын дагуу ийнхүү ойлгогдохоор байна.  

Хоёр. Сангийн Яамны 2017 оны 6-1/2046 тоот актад “Түүнчлэн захиалагчийн тендерийн баримт бичгийн ТШӨХ (34.1)-д даатгалын үйлчилгээний төлбөр нь урьдчилгаа төлбөрийн агуулгатай тул заасан хугацаанд 100 хувь төлнө гэсэн нь хуулийн 44 дүгээр зүйл урьдчилгаа төлбөр, түүний баталгааны талаарх заалттай нийцэхгүй байна. Иймд тендерийн баримт бичиг нь хуульд нийцэхгүй заалттай, шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй дээрх тендер шалгаруулалтыг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдье” гэх тухайд:

2.1 Хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Захиалагч ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болно” гэж, 44.2-д “Захиалагч нь урьдчилгаа төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээтэй гүйцэтгэгчийн ирүүлсэн энэ хуулийн 20.2-т заасан баталгааг үндэслэн урьдчилгаа төлбөр төлнө” гэж 44.4-д “Тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй” гэж тус тус заасан байна.

2.2. Харин тендерийн баримт бичгийн бүлэг III.ТШӨХ-ийн (34.1)-д “Даатгалын үйлчилгээний төлбөр буюу даатгалын хураамж нь урьдчилгаа төлбөрийн агуулгатай байдаг тул гэрээнд заасан хугацаанд 100 хувь төлнө” гэж заасан шаардлага, өгөгдөлийн дагуу даатгагч нь үнийн саналын маягтыг бөглөсөн бөгөөд төлбөрийг ТББ-ийн БҮЛЭГ VI Гэрээний тусгай нөхцөлийн 6.4-д “Төлбөрийн хуваарийг гэрээ байгуулах үед тусгайлан заана” гэж зааснаар төлөх нөхцөлтэй тул даатгагч төлбөрийн хуваарийг ТББ-т оруулаагүй болно. 

Даатгалын үйлчилгээ нь өөрөө бусад төрлийн бэлэн бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, тэдгээрийг захиалгаар үйлдвэрлэх, нийлүүлэх зэрэг ажил үйлчилгээнээс ялгагдах өвөрмөц онцлогтой буюу даатгалын үйлчилгээний эрх зүйн харилцааны зохицуулалтанд “Даатгагчаас даатгалын гэрээнд заавал урьдчилгаа төлбөр төлөхийг шаарддаггүй” боловч нөгөөтээгүүр, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-д заасны дагуу хэрвээ даатгуулагч даатгалын гэрээний хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч нь гэрээнд заасан үүргээ хүлээдэггүй буюу даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгогддоггүй зохицуулалттай. 

Тодруулбал, даатгалын гэрээ хүчин төгөлдөр болоход захиалагч, даатгуулагч нь гэрээнд заасны дагуу “даатгалын хураамж”-аа бүрэн, эсхүл хэсэгчлэн төлсөн байх шаардлагатай бөгөөд хэрвээ даатгуулагч нь ийнхүү даатгалын хураамжаа төлөөгүй нөхцөлд дээрх Иргэний хуулийн зохицуулалтын хүрээнд даатгуулагч нь даатгалын хамгаалалтын үйлчилгээг авч чадахгүй болох эрсдэл бүхий нөхцөл байдал үүсэх буюу даатгалын тохиолдол бий болсон үед тендерт шалгарсан Даатгагчид даатгалын нөхөн төлбөрийг олгох үүрэг үүсдэггүй болох, улмаар даатгагч нь эрсдэлээ давхар даатгагчид шилжүүлэх боломжгүй болох, улмаар даатгалын хураамжийг гэрээний хугацааны төгсгөлд авах зэрэг эрсдэлүүд үүсэх үр дагавартай юм.

Өөрөөр хэлбэл, энэ утгаараа захиалагчийн Тендерийн баримт бичгийн (34.1)-д заасан нь даатгалын үйл ажиллагааны онцлогоос хамаарсан, холбогдох эрх зүйн зохицуулалтын хүрээнд бөгөөд хуулийн 44 дүгээр зүйлд бүрэн нийцсэн шийдэл гэж үзэх буюу Сангийн яамны зүгээс нийцэхгүй заалттай гэх нь үндэслэлгүй юм.

Эцэст нь дээр дурдсан үндэслэл бүхий нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан ШЕЗ/201700006 дугаартай “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үйл ажиллагаа, түүний дагуу захиалагчийн боловсруулсан ТШӨХ нь өөрөө холбогдох хууль, тогтоомж, түүний шаардлагад бүрэн нийцсэн, тэдгээрийг зөрчөөгүй болох нь харагдаж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр уг тендерт оролцогч даатгагчаас зохих баримт бичгүүдийг ТШӨХ-д заасан шаардлагын дагуу бүрэн нийцүүлэн хүргүүлснээр тендерт ялж, гэрээ байгуулах эрх авсан болох нь тус тус тогтоогдож байна.  

Өөрөөр хэлбэл, Сангийн яамны 2017 оны 6-1/2046 дугаартай “...тендерийн баримт бичиг нь хуульд нийцэхгүй заалттай, шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй шалгаруулалтыг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдье...” гэх нь үндэслэлгүй, хууль бус даатгуулагч, захиалагч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гэж үзэхээр байна. 

Тус компанийн зүгээс Сангийн яамны 2017 оны 6-/2046 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “...гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан эрхийн дагуу нэхэмжлэлээ гаргаж байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол Улсын Сангийн яамны “2017.04.19-ний өдрийн 6-1/2046 тоот “... тендерийн баримт бичиг нь хуульд нийцэхгүй заалттай, шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй дээрх тендер шалгаруулалтыг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдье...” гэх захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. 

Мөн түүнчлэн “Т д” ХХК-ийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Сангийн яамнаас гаргасан захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгуулахтай холбоотойгоор дараах хүсэлтүүдийг шийдвэрлэж өгнө үү. Үүнд: 

1. ШЕЗ/201700006 дугаартай тендер шалгаруулалтын захиалагч тал болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тул уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах. 

2. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нээлттэй зарласан тендерийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хууль бусаар цуцалсан явдал нь захиалагч болон тендерт шалгарсан компанид илтэд хохиролтой тул уг нэхэмжлэлтэй хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд захиалагчаас цаашид дахин тендер зарлаж явуулахгүй байх дээр арга хэмжээ авч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу Сангийн яамны зүгээс гаргасан шийдвэрийг түдгэлзүүлэх” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах” ШЕЗ/201700006 дугаар бүхий тендер шалгаруулалтад оролцсон “М д ” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/591 тоот, “А д” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/17/290 тоот, “Б д ” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03/507 тоотоор тус яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасан бөгөөд тус гомдлуудыг тухайн тендерийн баримт бичиг, оролцогч компаниудын ирүүлсэн тендер зэрэг холбогдох баримт, материалд үндэслэн мөн хуулийн 55.2-т заасны дагуу хянан үзсэн. 

Тендер шалгаруулалтад оролцсон “М д ” ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн ТШӨХ (4.2.в)-д заасан шаардлагыг хангаагүй гэж, “А д” ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн ТШӨХ (16.1), (12.1), (4.2.в), (4.2.е)-д заасан шаардлагыг хангаагүй гэж, “Б д ”ХХК- ийн ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн ТШӨХ (4.2.е)-д заасан шаардлагыг хангаагүй гэж тус тус татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байсан. 

Харин захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Т д” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт захиалагчийн тендерийн баримт бичигт шаардсан үйл ажиллагааны хуваарийг ирүүлээгүй бөгөөд үнийн саналд холбогдох бүх татвар, хураамж, зардлыг тооцож ирүүлсэн нь тодорхойгүй байсан болно. 

Түүнчлэн захиалагчийн тендерийн баримт бичгийн ТШӨХ (34.1)-д даатгалын үйлчилгээний төлбөр нь урьдчилгаа төлбөрийн агуулгатай тул заасан хугацаанд 100 хувь төлнө гэсэн нь хуулийн 44 дүгээр зүйл урьдчилгаа төлбөр, түүний баталгааны талаарх заалттай нийцэхгүй байна. Дээрх зөрүүтэй заалтын улмаас тендерт оролцогч нарын ирүүлсэн үнийн саналын маягтад зарим нь урьдчилгаа төлбөр шаардлагатай гэж бөглөсөн байсан.

Тендерийн баримт бичиг нь хуульд нийцэхгүй заалттай, шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй дээрх тендер шалгаруулалтыг хүчингүй болгосныг тус яамны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 6-1/2046 тоот албан бичгээр мэдэгдсэн болно” гэжээ. 

Гурав. Гуравдагч этгээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т , Ж.О нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“Т д” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.

1. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” ШЕЗ/201600006 дугаартай тендер шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулсан билээ. 

Тендерийн баримт бичгийг 10 компани худалдаж авснаас 8 компани тендер ирүүлсэн. Тендер ирүүлсэн компаниудын баримт бичгийг тендерийн үнэлгээний хороо үнэлэхэд шаардлагад нийцсэн тендер нь “Т д” ХХК байсан бөгөөд үнийн санал нь төсөвт өртөгт багтаж байсан тул сонгон шалгаруулсан. Харин тендерт шалгараагүй “М д ” ХХК, “Б д ” ХХК, “А д” ХХК гомдол гаргасны дагуу Сангийн яам хянан үзэж, гомдлын шаардлагыг хангаагүй бөгөөд татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оны тендерийн баримт бичгийг боловсруулахдаа 2016 оны баримт бичгийг удирдлага болгосон. Учир нь 2016 оны уг тендерийг Сангийн яам 2 удаа хянан үзэхдээ хууль тогтоомж зөрчсөн гэж үзээгүй бөгөөд хоёуланд нь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн тул ТШӨХ-ийн 34.1 дэх заалтыг хэвээр үлдээсэн юм. Түүнчлэн захиалагч, тендерийн үнэлгээний хорооны зүгээс үйл ажиллагааны хуваарь ирүүлээгүй, үнийн саналд холбогдох бүх татвар, хураамж, зардлыг тооцож ирүүлсэн нь тодорхойгүй, эсхүл тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын маягтыг хэрхэн бөглөж ирүүлснээс нь шалтгаалж 2016, 2017 оны нэг ч тендер оролцогчдод гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдэл өгсөн тохиолдол үгүй билээ.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлд захиалагч гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болох тухай, түүнийг хэрхэн төлөх, эсхүл ямар тохиолдолд төлөхгүй байх тухай тодорхой заажээ. 

Энэ нь гэрээ байгуулагдсаны дараа гэрээнд заасан төлбөрөө хэрхэн төлөх тухай асуудлыг шийдвэрлэх болохоос биш тендерийн баримт бичгийг хүчингүй болгох эсхүл гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой асуудлыг зохицуулсан заалт гэж үзэхээргүй байна. Үүнийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа жишиг тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны “Д” буюу гэрээ байгуулах эрх олгох хэсгээс харж болно.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэсэн байхад Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч төлөөлж, хуулиас давсан эрхийг хэрэгжүүлж, албан бичгээр шийдвэр гаргасныг буруу гэж үзэж байна. 

4. Мөн Сангийн яам нь үйл ажиллагаандаа бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хэрэгжүүлж ажиллах атал энэ талаарх мэдэгдлийг огт хүргэлгүй шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн тендерийг цуцалсантай холбоотойгоор дараагийн тендер шалгаруулалт явагдаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах хүртэлх хугацаанд даатгалын тохиолдол бий болоход гарч болох хохирлыг хэн хариуцах вэ гэдэг нь ч тодорхойгүй үлдлээ.

Сангийн яам 2017 онд шалгаруулсан тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдолд “... захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хариу өгсөн атлаа гомдлын хүрээнээс хальж шалгаруулсан тендерийн материалыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгожээ. Иймд Сангийн яамны гаргасан шийдвэр нь хуульд үндэслээгүй байх тул захиалагчийн зүгээс цаг хугацаа, зардал хэмнэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх зарчмын үүднээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т д” ХХК нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/2046 дугаар албан бичиг /захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно”, 56 дугаар зүйлийн 56.1-д “...гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу дээрх шийдвэрийг зөвхөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу гомдлыг хянасан албан бичиг гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл эцсийн бөгөөд заавал биелэгдэх захиргааны актын шинжийг агуулсан байх тул захиргааны хэрэг үүсгэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. 

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зарласан ШЕЗ/201700006 дугаартай “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт нийт 8 даатгалын компаниуд оролцож Үнэлгээний хорооноос “Т д” ХХК-ийг шалгаруулж, захиалагчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/331 тоот албан бичгээр тус компанид гүйцэтгэлийн баталгаа гаргуулж, гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Энэ үед Сангийн яаманд тус тендерт оролцсон “М д ” ХХК, “А д” ХХК болон “Б д ” ХХК-иас гомдол гаргасны дагуу тендерийн баримт бичиг, оролцогч компаниудийн тендерийн холбогдох материалуудыг хянан үзэж, дээрх компаниудыг тендерийн баримт бичгийн холбогдох шаардлагуудыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн тендерт шалгаран гэрээ байгуулах хууль ёсны эрх ашиг хөндөгдөж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий албан бичигт дурьдагдсан нэхэмжлэгчтэй холбогдох хэсгийг хянан шийдвэрлэхэд Сангийн яаманд гомдол гаргасан даатгалын компаниудын эрх ашиг хөндөгдөхгүй тул гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж үзлээ. 

Харин Сангийн яамнаас “Т д” ХХК буюу нэхэмжлэгчийн хүргүүлсэн тендерийн материалыг захиалагчийн тендерийн баримт бичигт шаардсан үйл ажиллагааны хуваарийг ирүүлээгүй, үнийн саналд холбогдох бүх татвар, хураамж, зардлыг тооцож ирүүлсэн нь тодорхойгүй, мөн захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагатай нийцээгүй заалттай, шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон байна. 

Гэвч дээрх үндэслэлээр тендерийн үнэлгээг дахин хийх шаардлагагүй, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдов. 

1. “Т д” ХХК-ийн хүргүүлсэн тендерийн материалд захиалагчийн тендерийн баримт бичигт шаардсан үйл ажиллагааны хуваарийг ирүүлээгүй гэсний тухайд:

Захиалагч буюу Шүүхийн Ерөнхий зөвлөл уг тендерийн баримт бичгийг боловсруулахдаа Сангийн сайдын 2007 онд баталсан “Зөвлөхөөс бусад үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийн дагуу боловсруулсан гэх тайлбарыг өгсөн ба үйл ажиллагааны хуваарь боловсруулах санамж бичгийг хавсаргасан байна.

Хариуцагч байгууллагаас “Т д” ХХК-ийг үйл ажиллагааны хуваарийг хавсаргаж ирүүлээгүй гэх боловч бусад тендерт оролцогчдоос ирүүлсэн үйл ажиллагааны хуваарь гэдэг нь нэгдсэн ойлголттой биш, янз бүрийн агуулга, хэлбэр, бичиглэлтэй /“А д” ХХК, “Н д” ХХК, “М д ” ХХК-иуд даатгалын үнэлгээ, хураамжийн дүн, “П д” ХХК үйл ажиллагааны нэр төрөл, хугацааг тодорхойлсон/, захиалагчаас үйл ажиллагааны хуваарь гэдэгт юу ирүүлэх талаар тодорхой ойлголт өгөөгүй, жишиг баримт бичиг нь даатгалын үйлчилгээний хувьд ойлгомжгүй байсан гэх нэхэмжлэгч, захиалагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.  

Түүнчлэн захиалагч шүүхэд “үйл ажиллагааны хуваарь гэдгийг үзүүлэх бүх үйлчилгээний нэр төрлийг үнэлж тендерийн хамт ирүүлсэн баримт бичиг буюу “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах баримт бичиг болох даатгалын зүйл, даатгалын эрсдэлийн жагсаалт, амь нас, хөдөлмөрийн чадвараа түр болон удаан, бүрмөсөн алдах үеийн даатгалын үнэлгээ, хураамж, шүүгчийн тоо, даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа зэрэг зүйлүүд тусгагдсан гэрээ, үйлчилгээний тодорхойлолт, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.е-д заасан “Тендерийн баримт бичигт тусгагдсан гэрээ, үйлчилгээний тодорхойлолт болон нөхцөл шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч буй тухай албан бичгийг ойлгоно” гэх тодорхойлолтыг ирүүлсэн ба “Т д” ХХК-ийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-д заагдсан материалуудыг ирүүлсэн нь тендерт оролцогчийн болон даатгалын үйл ажиллагааны талаарх мэдээлэл авахад хангалттай байсан тухай дурьдаж, үйл ажиллагааны хуваарийг заавал ирүүлэх шаардлагагүй гэж үзсэн байхад Сангийн яам нэхэмжлэгчийг үйл ажиллагааны хуваарь гэсэн гарчиг бүхий хуудсыг хавсаргаагүй гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

2. Нэхэмжлэгчийн тендерийн бичиг баримтад хавсаргасан үнийн саналд холбогдох бүх татвар, хураамж, зардлыг тооцож ирүүлсэн нь тодорхойгүй гэсний тухайд:

Маргаан бүхий албан бичигт Сангийн яам нэхэмжлэгчийн тендерт үнийн саналд холбогдох бүх татвар, хураамж, зардлыг тооцож ирүүлсэн нь тодорхойгүй гэсэн боловч захиалагчийн тендерийн баримт бичгийн “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 13 дугаар зүйлийн 13.2-т “Тендерт оролцогчийн үнийг тусгаж ирүүлээгүй үйлчилгээний аливаа нэр төрлийг хийж гүйцэтгэсний зардлыг захиалагч санхүүжүүлэхгүй бөгөөд үүнийг үйл ажиллагааны хуваарьт тусгагдсан бусад нэр төрлийн үйлчилгээний үнэлгээ, үнэд шингэсэн”, 13.3-д “Тендерт оролцогч нь ... энэ гэрээ болон бусад үндэслэлээр үйлчилгээ үзүүлэгч этгээдийн тавих ёстой бүх татвар, хураамж, бусад төлбөрийг Тендерийн нийт үнэд багтаасан байна” гэж заасны дагуу “Т д” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт хавсаргагдсан үнийн маягт, даатгалын гэрээний холбогдох хэсэгт даатгалын үйл ажиллагаа явуулахад гарах бүх зардлыг тооцож, эцсийн үнийн дүнг бичиж хүргүүлсэн байна, үүнийг ч захиалагч мөн хүлээн зөвшөөрдөг.

Иймд нэхэмжлэгчийн тендерийн материалд үнийн саналыг 448.000.000,0 төгрөг гэж тэмдэглэн ирүүлснийг Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хурал дээр бусад оролцогчдын үнийн саналтай харьцуулан үзсэнээр “Т д” ХХК нь үйлчилгээ үзүүлэгчийн бүх татвар, хураамж, бусад төлбөрийг багтаасан нийт үнийн дүнг хүргүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

3. Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагатай нийцээгүй заалттай, шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй үндэслэлээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгосны тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлд Урьдчилгаа төлбөр, түүний баталгааны талаар:

44.1. Захиалагч ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болно.

44.2. Захиалагч урьдчилгаа төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээтэй гүйцэтгэгчийн ирүүлсэн энэ хуулийн 20.2-т заасан баталгааг үндэслэн урьдчилгаа төлбөр төлнө.

44.3. Урьдчилгаа төлбөрийн баталгааны дүнд гүйцэтгэлийн баталгааны дүнг оруулан тооцож болно.

44.4. Тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй гэжээ. 

Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 34.1-д “Даатгалын үйлчилгээний төлбөр буюу даатгалын хураамж нь урьдчилгаа төлбөрийн агуулгатай байдаг тул гэрээнд заасан хугацаанд 100 хувь төлнө” гэсэн нь тус хуулийн 44 дүгээр зүйлд заасан урьдчилгаа төлбөр, түүний баталгааны талаарх заалттай нийцэхгүй, тендерт оролцогч нарын ирүүлсэн үнийн саналын маягтад зарим нь урьдчилгаа төлбөр шаардлагатай гэж бөглөсөн тул шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй гэх үндэслэлээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн төдийгүй захиалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ. 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг; 4.1.5-д “даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг ойлгохоор зааснаас үзэхэд даатгалын үйлчилгээний төлбөр нь хураамжийг эхэлж төлсөн тохиолдолд үйлчилгээг авах нөхцөл бүрдэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-д “Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй” гэж Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж гэрээний талуудын эрх үүргийг тодорхой зааж өгснөөр даатгалын үйлчилгээ урьдчилгаа төлбөр төлөгдсөн тохиолдолд шаардах эрх үүсдэг онцлогтой. 

Түүнчлэн захиалагчийн тендерийн баримт бичгийн 9 дүгээр бүлгийн Баталгааны маягтад: Гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг шалгарсан тендерт оролцогч энэ бүлэгт заасан маягтаар ирүүлнэ. Урьдчилгаа төлбөрийн баталгааг ирүүлэх шаардлагагүй бол урьдчилгаа төлбөрийн баталгааны маягтыг тендерийн баримт бичигт хавсаргахгүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлд урьдчилгаа төлбөрийн баталгааны хэсгийг зохицуулсан нь хууль үйлчлэх дарааллын хувьд буюу 29 дүгээр зүйлд заасан даатгалын гэрээ хийх эрх олгосны дараа буюу тендерт шалгарсан оролцогчтой захиалагч гэрээ хийх явцад үүсэх харилцаа байна. 

Гэвч хариуцагчийн “уг тендерийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааасан шаардлагад нийцээгүй, урьдчилгаа төлбөрийн агуулгатай бол 448,000,000 төгрөгийн дүнд заавал баталгаа гаргуулах ёстой, төрөөс зарцуулж байгаа мөнгөний эргэлтэд хяналт тавих үүрэгтэй”  гэх тайлбарыг шүүхээс огт үгүйсгээгүй, гагцхүү нэхэмжлэгчийн тендерийг баримт бичгийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэх үндэслэлгүй болно. 

Өөрөөр хэлбэл, захиалагч Шүүхийн Ерөнхий зөвлөл, тендерт шалгарсан оролцогч “Т д” ХХК-иудын хооронд “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ” байгуулагдах явцад гэрээний талууд урьдчилгаа төлбөрийн баталгаа болон түүнийг урьдчилан хэрхэн төлөх талаар хуульд заасны дагуу гэрээнд тусгах боломжтой байсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд баримтлах “өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчим зөвхөн Үнэлгээний хорооний тендер шалгаруулалтад ч бус тухайн шалгаруулалттай холбоотой гомдлыг хянах чиг үүрэг бүхий Сангийн яаманд ч хамааралтай.

Сангийн яам 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 6-1/2046 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, түүнд мэдэгдээгүй нь уг тендерт шалгарсан “Т д” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байна. 

Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...-г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, энэ талаарх мэдэгдлийг шууд хүргүүлэхээр тусгайлан заасныг хариуцагч биелүүлээгүй ба “Т д” ХХК-ийг уг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй төдийгүй, маргаан бүхий албан бичгийг хүргүүлээгүй нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/387 тоот албан бичгээр тогтоогдож байна. 

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс уг тендерийн бичиг баримтыг 2014, 2015, 2016 онд энэ оныхтой адил хэлбэр, агуулга, нөхцөл, болзолтойгоор боловсруулан, тендер шалгаруулалтыг явуулж байсан, оролцогчдын гомдлыг Сангийн яам тухай бүр хянан магадалж байсан төдийгүй, тендерийн баримт бичгийг хуульд заасан шаардлагад нийцээгүй талаар дүгнэлт өгч байгаагүй нь хэрэгт авагдсан Сангийн яамны удаа дараагийн албан бичгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Харин Сангийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2919 тоот Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлсэн албан бичигт цаашид худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа алдаа зөрчил гаргахгүй байхыг анхааруулсны зэрэгцээ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Одоо мөрдөж байгаа баримт бичиг нь 2007 онд батлагдсан, Сангийн сайд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар жишиг баримт бичиг болон гэрээний маягтыг батлах үүрэгтэй, үүнээс хойш олон хууль тогтоомж өөрчлөгдөж, худалдан авах ажиллагаа өргөжиж байхад шинэчилж батлаагүй, Зөвлөхөөс бусад тендерийн баримт бичиг нь ойлгомжгүй, логик уялдаа холбоогүй үг, өгүүлбэр олонтой” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. 

Сангийн яамнаас дээр дурдсан нөхцөл байдлыг сайтар шалгалгүйгээр тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид мэдэгдсэнээс шалтгаалан тендер шалгаруулалт удааширч, захиалагчийн “шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын өмнөх гэрээ энэ оны 8 дугаар сард дуусгавар болно, уг гэрээний хугацаа тасралтгүй үргэлжлэх ёстой, гэрээ тасалдах хооронд шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ алдагдах нөхцөл байдал үүсэх магадлалтай” гэх тайлбарыг өгч байгаа зэрэг бодит байдлыг шийдвэр гаргахдаа харгалзан үзлээ.

Иймд нэхэмжлэгч “Т д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/2046 дугаар албан бичиг /захиргааны акт/-ийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 28 дугаар зүйлийн 28.6, 29 дүгээр зүйлийн 29.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Т д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/2046 дугаар албан бичиг /захиргааны акт/-ийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОЮУМАА