Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 482

 

Я.Д-ийн нэхэмжлэлтэй, ОА-ийн ОСХТ-д

 Холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Х.Батсүрэн

                                                   Б.Мөнхтуяа

                                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:           Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 дугаар байрны 4 дүгээр орцны 40 тоот орон сууцыг Б.Дондогт өмчлүүлсэн шийдвэрийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0520 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Я.Дуламсүрэн, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, гуравдагч этгээд Ё.Дэлгэр, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нар,

Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 5, 6 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооноос дахин шинэ акт гартал 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоо нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 тоот тогтоолын хавсралтын 9-д заасан Говил багийн Илгээлт 48 байрны 4 дүгээр орц 40 тоот орон сууцыг Б.Дондогт өмчлүүлснийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэхийг дурджээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0520 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны хурлын 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосугай” гэж, 3, 4 дэх заалтын дугаарыг 2, 3 гэж тус тус өөрчлөн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд Ё.Дэлгэр, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0520 дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэснийг зөв дүгнэсэн, энэ талаар хууль хэрэглээний тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Орон сууц хувьчлах тухай хуулийг үндсэн агуулгаас нь эрс зөрүүтэй буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэлийг хангаж хэргийн оролцогчдын эрхийг хохироосон буруу шийдвэр гаргасан.

5. Хэргийн үйл баримт болон хууль зүйн фактын тухайд: Маргааны зүйл болж байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байрлах 48 айлын орон сууц хэдийгээр албан баримт олдоогүй ч 1996 онд төсвийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон орон сууц гэж үзэхээр байна. Энэ орон сууцанд Говил багт байрлах цэргийн ангийн албан хаагчид, иргэд аль аль нь орж эзэмших эрхээр амьдарч, Эрдэнэт хотын захирагчаас ашиглах эрхийн бичиг буюу ордер авч улмаар Орхон аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн газартай ашиглах эрхийн гэрээ байгуулж эзэмшиж байсан нь 1997 оны 07 дугаар сарын 22-нд өгсөн ОСГААГ-ын тодорхойлолт, эрхийн бичиг тодорхой харагдана.

6. Б.Дондог Эрдэнэт хот дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ар талын орлогчоор ажиллаж байсан ба дээрх 48 айлын орон сууцны 40 тоотод хуульд заасан журмын дагуу Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 07 дугаар сарын 29-ний 03 тоот тогтоолоор бусад 359 иргэний хамт орон сууцны байшингийн сууцаа хувьчлан авсан байдаг. Хувьчлан авсан сууцаа Б.Дондог хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулсны үндсэн дээр 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г.Чулуунбаатар, Ё.Дэлгэр нарт худалдаж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээ нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд мэдүүлэг гарган бүртгүүлсэн байдаг. Энд Иргэний болон улсын бүртгэлийн хуульд заасан журам бүрэн хангагдсан ба баримтууд хэрэгт байгаа.

7. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл байдал, нотлох баримтад дараах дүгнэлт хийж, Орон сууц хувьчлах тухай хуулийг дараах байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтыг Засгийн газар батална", 3-т "Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн хороо уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна" гэж зааснаас үзвэл төрийн өмчийн орон сууцыг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргах ба ийнхүү хувьчлах орон сууцны жагсаалтад багтсан орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлэх боломж нээгдэнэ гэж хуулийг тайлбарлажээ. Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоо 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 03 тоот тогтоол гаргаж Орхон аймгийн Баян-өндөр сумын Говил багийн 48 айлын сууцны 4 дүгээр орцны 40 тоот сууцыг Б.Дондогт хувьчлахдаа Засгийн газраас төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг өмчлүүлэх талаар шийдвэр гараагүй байхад өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж төрийн мэдлийн орон сууцыг Б.Дондогт дур мэдэн хувьчлах шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан '‘захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэсэн шинжийг агуулж байна. Гэрч Цэнгээ, Гомбо нарын мэдүүлэг, Б.Дондог уг байранд амьдарч байгаад Улаанбаатар шилжсэн, Ч.Баттулгад уг орон сууцыг эзэмшүүлсэн Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 1998 оны 10 дугаар сарын 14-ний албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний тодорхойлолт, 40 тоот орон сууцыг мэдэлдээ эзэмшиж байгаа талаар 1999 оны 10 дугаар сард Орхон аймгийн Сум дундын шүүхэд гаргасан баримт, Орон сууцны комиссын даргын батламж зэргээр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мэдлийн орон сууц гэдэг нь тогтоогдсон гэсэн дүгнэлтийг тус тус хийж шийдвэрээ гаргажээ.

8. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь дараах байдлаар тогтоогдож буюу шүүхийн дүгнэлт няцаагдаж байна. Орон сууц хувьчлах тухай 1996 оны 10 дугаар сарын 25-ны хууль гарах, үйлчилж эхлэх үед манай улсын иргэдийн амьдарч байсан орон сууц /Хувийн хашаа байшингаас бусад/ төрийн мэдлийнх байжээ. Ийм учраас хуульд ийм орон сууцны барилгыг Төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж, айл өрх бүрийн амьдардгийг орон сууцны байшингийн сууц гэж, мөн сууц эзэмшигч, сууц өмчлөгч гэж хэн болохыг хуулийн 1 дүгээр зүйлээр тодорхой зааж өгсөн. Үүнээс хойш Монгол улсад 100,000 гаруй айл, өрх төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцаа хувьчлан авсан байна.

9. Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалт нь дор дурдсан 5 төрлийн зориулалттайгаас бусад Төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууц энэ хуулийн дагуу хувьчлалд хамаарна гэж маш тодорхой заажээ. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт хуулийн энэ зүйлийн 1 дэх хэсэгт шууд томьёолсон 5 төрлийн зориулалттай хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтыг Засгийн газар батална гэж тусгай субъектэд үүрэг хүлээлгэсэн болохоос хуулийн дагуу хувьчлах бүх орон сууцны жагсаалт батал гэж үүрэг хүлээлгээгүй байна.

10. Гэтэл давж заалдах шатны шүүх Засгийн газар хуулийн дээрх заалтаар үүрэг хүлээснээс бусад Төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц эзэмшигчийн эзэмшиж байсан 100,000 сууц Орон сууц хувьчлах хуулийн дагуу хувьчлагдсан байхад энэ бүх сууцыг хувьчлахад Засгийн газрын шийдвэр гарах ёстой мэтээр хуулийг тайлбарлажээ. Хууль ч ийм зүйл шаардаагүй, Монгол улсад ч орон сууц хувьчлахад ийм зүйл ерөөсөө болоогүй. Энэ энгийн үнэн асуудал дээр давж заалдах, хяналтын шатны шүүх эргэлзээд байвал Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлөөс тодруулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцаах хэрэгтэй. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Хуулийн этгээдийн эзэмшлийн орон сууц" гэж ямар сууцыг хэлэхийг маш тодорхой зааж өгсөн. Хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалт нь 3 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг хангаж байгаа, тэр дотроо Төрийн өмчит хуулийн этгээдийн орон сууцыг хувьчлах бол яах вэ гэдгийг заасан байна, Өөрөөр хэлбэл Орон сууц, хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7, 6 дугаар зүйлийн 2, 3 дахь заалт харилцан хамааралтай мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан энэ хуулийн дагуу шууд хувьчлагдах Төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцнаас бусад сууцны асуудлыг зохицуулж өгчээ. Иймд, Орон сууц хувьчлах тухай хуулийг тайлбарласан нь буруу болж няцаагдаж байна.

11. Энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад уг 48 айлын орон сууцны байшин, түүний 40 тоот сууц Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мэдэлд байдаг эсэх тухай боломжит бүх баримт, нөхцөл байдлыг шүүх тодруулсан боловч эдгээр субъектын мэдэл, эзэмшил, бүртгэлд байдаг тухай нэг ч баримт олдоогүй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн нийтийн зориулалттай, Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу хувьчлагдах, эсхүл мөн хуулийн 3 дугаар зүйлийн 7, 6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар үл хувьчлагдах буюу эсхүл Засгийн газрын шийдвэрээр хувьчлагдах орон сууцны аль нь болохыг тогтооход энэ нь чухал ач холбогдолтой, ингэснээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд хамааралтай байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ 48 айлын орон сууцны байшин; түүний дотор 40 тоот сууцны ашиглалтыг нь Эрдэнэт хот, Орхон аймаг хариуцдаг.

12. Нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж дүгнэж болох дараах баримт хэрэгт цугларсан. Үүнд: 1997 оны 7 дугаар сарын 22-ны Эрдэнэт хотын ОСНААН-ын тодорхойлолт, Эрдэнэт хотын ОСНААГ-ын тодорхойлолт, Б.Дондогт олгосон Эрдэнэт хотын захирагчийн 330 тоот эрхийн бичиг, Ч.Баттулгад олгосон мөн хотын захирагчийн 329 тоот эрхийн бичиг болно. Харин Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7, б дугаар зүйлийн 3-д заасан "Тухайн хуулийн этгээдийн тайлан балансад бүртгэлтэй, түүний засвар үйлчилгээний зардал, эзэмшигчтэй хийх гэрээ, төлбөр тооцоог уг хуулийн этгээд хариуцдаг", түүнчлэн Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчийн бүртгэл тооллогод хуулийн этгээдийн эзэмшилд бүртгэгдсэн нэг ч баримт байхгүй байхад 40 тоот сууцыг Засгийн газрын шийдвэрээр хувьчлагдах, төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшлийн сууц гэж шүүх дур мэдэн дүгнэж, Орон сууц хувьчлах товчооны Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу явуулсан хувьчлалыг үгүйсгэсэн нь үндэслэлгүй байна. Энэ хувьчлалаас 1 жилийн дараа гарсан Засгийн газрын 1998 оны 08 дугаар сарын 18-ны 148 тоот тогтоолын хавсралтын 29-д "Орхон, Баян-Өндөр сум Говил баг, 48 айлын сууцны 1 орц, 12 айлын сууц" хувьчлалд үл хамаарахаар заасан байх боловч үүнд 40 тоот сууц баталгаатай хамаарч байгаа гэх үндэслэл, нотолгоо байхгүй, 43 тоот сууцыг Цэнгээ хувьчлан авсан баримт /хэргийн 93-96 дахь талд авагдсан нь 4 дүгээр орц хувьчлалд хамаарахгүй гэдгийг няцаах үндэслэлтэй, дээрх 48 айлын сууцнаас 29 нь хувьчлагдаж 19 нь хувьчлагдаагүй байгаа нь Засгийн газрын 148 дугаар тогтоолын хавсралтын 29-д заасан заалт хангагдаж байгаа, Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1998 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 40 тоот сууцыг Ч.Баттулгад хувьчлахаар Орхон аймгийн орон сууц хувьчлах товчоонд хандаж байсныг шүүх анхаарч үзээгүй нь үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэжээ.

13. Зэвсэгт хүчний 186 дугаар анги өмчлөл, эзэмшилд хууль ёсоор байгаа өөрийн мэдлийн хөрөнгөө, түүний дотор үл хөдлөх эд хөрөнгөө яаж тодорхойлох вэ. 40 тоот орон сууц Б.Дондогт хувьчлагдах болон Ч.Баттулгад эрхийн бичиг олгосон гэх үед үйлчилж байсан 1994 оны Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, 143 дугаар зүйл, 1996 оны Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулийн 13, 14, 26, 70 дугаар зүйлд зааснаар уг орон сууц Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мэдлийнх юм бол тэнд заавал бүртгэгдэж данслагдсан, тайланд тусгагдсан, үзлэг тооллогод хамрагдсан байх, ингэснээрээ Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7, 6 дугаар зүйлийн 3-д заасан нөхцөлийг хангах ёстой байна. Гэтэл ийм зүйл хэргийг нотлох баримт цуглуулахад үгүйсгэгдсэн. Санхүүгийн тайланд эзэмшил, өмчлөлийн хөрөнгө тусгагдсан нь 1996 оноос хойших бүх оны санхүүгийн тайлангаар харагдаж байх учиртай ба архиваас устгагдах ойлголт байхгүй. Орон сууц эзэмшиж байсан Б.Дондог Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн В-т зааснаар "...Үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх..." эрхтэй байна. Тэрээр 40тоот орон сууцыг энэ эрхийн хүрээнд Орон сууц хувьчлах хуулийн дагуу өмчилж авчээ.

14. Дээрх байдлуудаас дүгнэлт хийж давж заалдах шатны шүүхийн 0520 тоот магадлалыг үнэн зөв, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзвэл: Төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцыг Орон сууц хувьчлах тухай Монгол улсын хуулийн дагуу хувьчлахад сууц бүрээр жагсаалт баталсан Засгийн газрын тогтоол гарсан байх ёстой гэж үзвэл бидэнд олдсон мэдээгээр 1996 оноос хойш хувьчлагдсан 100,000 сууцны хувьчлал хууль бус болж энэ асуудал Үндсэн Хуулийн Цэцэд хүрч байж шийдэгдэх магадлалтай. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7-д заасан хуулиар тавьсан маш тодорхой нөхцөлийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтад хэрэглэхдээ хуулийн энэ агуулгаар биш, нэг субъектын дангаар тайлбарласан өөрийн эрх ашиг сонирхлыг илэрхийлсэн бичиг, гэрчийн мэдүүлгээр хуулийн заалтыг үгүйсгэж байгааг шүүх магадлал, шийдвэртэй заавал тайлбарлах ёстой байна. Шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа, хэргийн оролцогчдын хүсэлтээр хийгдсэн ажиллагаагаар уг 48 айлын орон сууцны байшин, 40 тоот сууц Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний 186 дугаар ангид эзэмшил, өмчлөлийн хамааралтай тухай нэг ч баримт гарч ирээгүй байхад төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа гэж дүгнэснээ шүүх шийдвэртэй бас заавал дүгнэж өгөх шаардлагатай. 1996 оны Орон сууц хувьчлах тухай хууль, 1997 оны Орхон аймгийн орон сууц хувьчлах товчооны 03 тоот шийдвэрт Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоол буцаан үйлчилсний учрыг шүүх мөн шийдвэртэй заах шаардлагатай. Чухамдаа ийм боломж энэ хэрэгт байхгүй тул 0520 тоот магадлалын дүгнэлт үгүйсгэгдэнэ.

15. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны 0520 дугаар магадлалд өөрчлөлт оруулж Я.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарал бүхий нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэснээс гадна “Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолын Б.Дондогт холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” тухай иргэн Я.Д-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж, уг захиргааны актын биелэлтийг дахин шинэ акт гартал 3 сараар түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасантай нийцээгүй буруу байна.  

17. Анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ. 

18. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 дугаар байрны 4 дүгээр орцны 40 тоот орон сууцыг иргэн Б.Дондогт өмчлүүлсэн тус аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолын холбогдох хэсэг нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “...хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтыг Засгийн газар батална”, 3-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна” гэж заасныг зөрчсөн, хариуцагч нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар гаргасан шийдвэр байна.

19. Маргаан бүхий захиргааны акт болох Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 03 дугаар тогтоолоор орон сууцаа өмчлөн авахаар хүсэлт гаргасан 359 иргэнд эзэмшиж байгаа орон сууцыг нь хувьчлахаар шийдвэрлэсний дотор Б.Дондог хамрагджээ.

20. Хэрэгт тухайн орон сууцыг иргэн Б.Дондогт ашиглуулах тухай 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 330 дугаар эрхийн бичиг, Б.Дондог нь 1997 он хүртэл уг байранд амьдарч байгаад Улаанбаатарт шилжин ажилласан талаарх гэрчүүдийн мэдүүлэг, иргэн Ч.Баттулгад /нэхэмжлэгчийн гэр бүл/ эзэмшүүлэх тухай 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 329 дүгээр эрхийн бичиг болон маргааны үйл баримтад хамааралтай бусад нотлох баримтууд бүрэн авагдсан, энэ орон сууцанд Ч.Баттулгын гэр бүл 1998 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

21. Захиргааны хэргийн шүүх үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийн асуудлыг дүгнэх боломжгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд орон сууц хувьчлах шийдвэр гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэж хэрэгжсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн /зөрчигдөж болзошгүй/ эсэхийг шалгаж, дүгнэх учир, Б.Дондог нь 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-гээр уг байрыг 600,000 төгрөгөөр иргэн Ё.Дэлгэрт худалдсан, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ё.Дэлгэрт /4 иргэний өмч/ өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болон гуравдагч этгээд Ё.Дэлгэр нь тухайн орон сууцны өмчлөгч гэж маргаж буй асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй.  

22. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 дугаар байрны 4 дүгээр орцны 40 тоот орон сууц нь  Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мэдлийн албан тушаалын байрны зориулалтаар ашиглагдаж байсан нь “...уг орон сууцыг ажилчдын орон сууцны зориулалтаар ашиглаж байсан, ...хувьчлагдах ёсгүй байр...” гэх тайлбар, “Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт”-ыг баталсан Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолын 29 дэх “…Зэвсэгт хүчний 186 дугаар анги 48 айлын сууц, нэг орц...” гэсэн заалт, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаагаас үзвэл хариуцагчаас маргаж буй орон сууцыг Д.Дондогт хувьчлах шийдвэр гарах үед эрх бүхий этгээдээс тухайн орон сууцыг хувьчлах ямар нэг шийдвэр гараагүй байжээ.

23. Цаг хугацааны хувьд Засгийн газрын тогтоол 1998 онд, харин захиргааны байгууллагын хувьчлах шийдвэр үүнээс өмнө буюу 1997 онд гарсан байгаа боловч, энэ үед хариуцагчид байгууллагын мэдэлд ашиглагдаж байсан орон сууцыг хувьчлах эрх олгогдсон ямар нэг эрхийн акт гараагүй байгааг анхаараагүй, шийдвэр гаргахдаа энэ байдлыг тодруулаагүй хариуцагчийн үйл ажиллагааг буюу илт хууль бус захиргааны актыг зөвтгөх үндэслэл болохгүй, Орон сууц хувьчлах товчооны шийдвэр хуульд нийцэж хэрэгжих учиртай.

24. Нөгөө талаар Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн орон сууц хуваарилах комиссын шийдвэрээр орон сууцыг өөрийн байгууллагын албан хаагчдад хуваарилдаг байсан, Б.Дондогийг шилжин явсны дараа нэхэмжлэгчийн гэр бүлд маргаж буй орон сууцыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн талаарх тухайн байгууллагын тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгэж маргаагүй байна. 

25. Иймээс гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн “...шүүх Орон сууц хувьчлах тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарласан..., ...Засгийн газрын 1998 оны тогтоолыг буцаан хэрэглэсэн...” гэх гомдол үндэслэлгүй.

26. Үүнээс гадна маргаанд хамааралтай нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан, илт хууль бус захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь “...нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн, …нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл ...дахин шинэ акт гаргах хүртэл ...түдгэлзүүлэх” гэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийн агуулгад нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дэлгэрэнгүй дүгнэсэн, гарсан цаг хугацаанаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх үр дагавар бүхий илэрхий алдаатай захиргааны актын хувьд нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах замаар зөвтгөж алдааг залруулах боломжгүй юм.

27. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Б.Дондогийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж байсан, Улаанбаатар дахь хаяг тодорхой бус байснаас хүсэлт шийдвэрлэгдээгүйг болон түүнийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэхгүй, энэ нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүйг тэмдэглэх нь зөв байна.

28. Захиргааны хэргийн шүүх маргаж буй орон сууцыг эзэмшигч, өмчлөгчтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүйг дээр дурдсан бөгөөд цаашид эрх бүхий этгээдээс орон сууцыг хувьчлах, өмчлүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдвал зохино.

29. Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

30. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд маргаан бүхий 1997 оны 03 дугаар тогтоолын Б.Дондогт холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зөв дүгнэж бичсэн атлаа тогтоох хэсэгт “...Б.Дондогт холбогдох хэсэг...” гэснийг орхигдуулж, техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0520 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ