Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, Илгээлтийн 48 дугаар байрны 40 тоотод оршин суух Б овгийн Я-ын Д /ФД:55092901/-ийн нэхэмжлэлтэй

               Хариуцагч: ОАОСХТ-д холбогдох

              “ОАОСХТ-ны 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 дугаар байрны 4 дүгээр орцны 40 тоот орон сууцыг Б.Д-т өмчлүүлсэн шийдвэрийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй 119/2018/0015/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, Б.Х, гуравдагч этгээд Ё.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Я.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Я.Д нь Ч овогтой Б-тай 1977 оны 11 дүгээр сарын 07-нд гэр бүл болж байсан. Бид гэр бүл болоод 1980 оны 12 дугаар сард Эрдэнэт хотод нүүж ирэн Ардын армийн 219 дүгээр ангид нөхөр Ч.Б нь салаан захирагчаар ажиллаж эхэлсэн. Бид ажиллаж амьдрах хугацаанд 1989 онд Эрдэнэт хотод байсан Ардын армийн анги нэгтгэж, Зэвсэгт хүчний 186 дугаар анги болон өөрчлөгдсөн. Манай нөхөр Ч.Б нь 1989 онд химийн албаны даргаар томилогдсон. Миний бие Я.Д нь 1980-2013 он хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тухайн байр нь 1996 оны 3 дугаар сард ашиглалтанд орж 3, 4 орцны 24 айлын байрыг Зэвсэгт хүчний мэдэлд шилжүүлэн албан тушаалтны байр болгож, тухайн үед энэ орон сууцанд ангийн захирагч болон байр эзэмшүүлэх комиссын шийдвэрээр оруулах тухайн эзэмшлийн өөр албан тушаалтан өөр ангид шилжиж явахад дараагийн албан хаагч дээрх комиссын шийдвэрээр тухайн байранд орох эрхтэй болдог байсан. 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 40 тоот хурлын шийдвэрээр тус байрны 40 тоот байранд тухайн үеийн Илгээлтийн 1 дүгээр байрны 40 тоот буюу одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот орон сууцыг эзэмшиж эхэлсэн билээ. Эзэмших эрхийн гэрчилгээ нь нөхөр Ч.Б-ын нэр дээр байдаг хэдий ч миний бие мөн адил тухайн байгууллагад ажиллаж байсан тул хамтад нь эзэмшүүлсэн болно. Эзэмших эрхийн гэрчилгээг одоо болтол хүчинтэй хэвээр байгаа билээ.

1998 оноос хойш миний бие Я.Д нь нөхөр Ч.Б, хүү Б.У, Б.У нар амьдарч байгаад нөхөр маань Ч.Б 2003 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан, хүү Б.У нь гэр бүлийн хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа. Одоогийн байдлаар 20 жилийн хугацаанд би болон том хүү Б.У /гэр бүлийн хамт/ хамт амьдарч байна. Амьдарч байх хугацаандаа тухайн үеийн удирдлагуудад хандахад Засгийн газрын орон сууц хувьчлах шийдвэр гарахаар таньд хувьчилна гэж хариу хэлдэг байсан.

Гэтэл 2018 он гарснаас хойш шүүхээс зарлан дуудах хуудсаар намайг дуудан миний 20 жил амьдарсан байрыг Ё.Д гэж хүн өөрийн өмчлөлдөө авч, биднийг байрнаас нүүхийг шаардсан нэхэмжлэл иргэний хэргийн шүүхэд гаргасан байна. Ё.Д нь 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр энэ байрыг худалдаж авсан гэх боловч нэг ч удаа манайд ирж байгаагүй, тухайн үедээ бидний амьдарч байгаа орон сууц Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн өмч буюу төрийн өмч байсан. Ё.Д нь яаж худалдаж авсан нь тодорхойгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ 19 жилийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрчилгээ авсан байна. 20 жил амьдарсан бидний эрх ашгийг зөрчиж байна.

Ё.Д нь 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан Б.Д-оос худалдан авсан гэхэд миний бие хууль бус гэж үзэж Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн билээ. Б.У, Я.Д нарын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэрэгтэй 2018.04.16-ны өдөр танилцахад Б.Д-т 1997.07.29-ний өдрийн ОАОСХТ-ны хурлын 03 дугаар тогтоолоор, 0007009 улсын бүртгэлийн гэрчилгээ олгосныг мэдлээ.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн хороо уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна гэж заажээ. Одоо болтол Засгийн газрын бидний амьдарч буй байранд хувьчлах шийдвэр гараагүй. Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас үүнийг гэрчилнэ. Гэтэл ОАОСХТ дур мэдэн Засгийн газрын шийдвэргүйгээр илтэд хууль бус тогтоол гарган Б.Д-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Иймд ОАОСХТ-ны 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоолын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 дугаар байрны 4 дүгээр орцны 40 тоот байрны Б.Д-т өмчлөх эрх олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

           Хариуцагч ОАОСХТ-ны дарга Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баян-Өндөр сумын Говил баг, илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот орон сууцыг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ажилчдын орон сууцны зориулалтаар ашиглаж байсан. Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мэдэлд байх тус байр нь Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолд зааснаар хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтад орсон байна. Аймгийн Орон сууц хувьчлах товчооноос Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мэдэлд байсан байранд оршин сууц байсан нэр бүхий иргэнд Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хувьчлагдах ёсгүй байрыг хувьчилсан тул хувьчлалыг хүчингүй болгож байр чөлөөлүүлэхээр тухайн үед Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас Сум дундын шүүхэд нэхэмжлэл, тодорхойлолт гаргаж асуудлыг шийдвэрлүүлж байжээ. Гэтэл Баян-Өндөр сумын Говил баг 48 дугаар байрны 40 тоотод байр нь хувьчлалд үл хамаарах байрны жагсаалтад орсон байтал иргэн Б.Дт 1997 онд 0007009 дугаар бүхий орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон талаар тухайн үед энэ ажлыг хариуцан ажиллаж байгаагүй учир тайлбарлах боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ё-ийн Д шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот байрыг иргэн Ё.Д, миний талийгаач нөхөр Г.Ч бид 1998 оны 10 дугаар сарын 01-нд Б.Д-оос худалдах, худалдан авах гэрээ байгуулж 600,000 төгрөгөөр худалдан авсан. Ингэж хуалдан авахдаа хувьчлагдсан Б.Д болон түүний гэр бүлийн гишүүдэд өмчлөх эрхийн гэрчилгээ нь олгогдсон бичиг баримтыг үндэслэн авсан бөгөөд гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн газар мэдүүлэг гарган өмчлөх эрхээ шилжүүлэн авсан. Тэр үед миний нөхөр Г.Ч зах дээлд арилжаа наймаа хийж их ажилтай байсан ба гэрчилгээ өөрт авч явдаг байсан ба энэ байранд Ч.Б-хыг түр байлгаж байгааг бид мэддэг байсан. Ингээд 2005 онд нөхөр нас барж би олон өнчин хүүхдээ хоолтой байлгах, сургууль соёл төгсгөх гэж их ядарсан ба энэ байр нэгэнт биднийх юм чинь гээд Б-хыг хөөж туугаагүй явсан. Ингээд хүүхдүүд хоолны захад хүрээд амьсгаа авахтайгаа болж энэ байрны гэрчилгээгээ улсын бүртгэлээс шинээр авсан. Бидний энэ үйл ажиллагаанд хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй. Харин Б.У, Я.Д нарын нэхэмжлэлтэй бидэнд өмчлөх эрх олгосон улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулах, өөрсдийгөө өмчлөгчөөр бүртгүүлэх хэрэгт ирсэн баримтаас үзвэл Ч.Б олгосон Орон сууц эзэмших эрхийн бичиг албан ёсны батлагдсан маягт дээр үйлдэгдээгүй, тэр үеийн Засаг дарга Т.Ганболдын гарын үсэг биш, Хотын захирагчийн тамга тэмдэггүй, 1996 онд Б.Д-т олгосон эрхийн бичиг 330 дугаартай байхад 1998 онд Ч.Б-д 329 дугаартайг олгосон гээд эргэлзээтэй зүйл цөөнгүй байна. Ч.Б-д уг орон сууцыг хувьчилсан тухай баримтыг бид олж үзээгүй байна. Сураг тавихад Илгээлтийн 48 айлын сууц гэх тэр орон сууц хувьчлагдаад бараг дууссан цэргийн ангийн захирагч, дарга нар томилогдож ирэхэд эзэмшүүлдэг цөөхөн байр байдаг сурагтай юм байна. Энэ 48 айлын орон сууц Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т заасан Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа... орон сууц уу, төрийн мэдлийн орон сууц уу гэдгийг тодруулах шаардлагатай байх. Үүний тулд энэ орон сууцыг Улсын комисс ашиглалтад хүлээн авсан акт, 1996-1998 оны Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн тооллогод бүртгэгдсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Ё.Д болон миний хүүхдүүд уг орон сууцны хууль ёсны өмчлөгч тул Үндсэн хуульд зааснаар хууль ёсны өмчлөгчийн эрхийг гагцхүү хуулиар л хөндөж болно гэв.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0797/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд 1998 оны 10 дугаар сард орон сууцыг худалдаж аваад Д болон нөхөртэй нь уулзаж байсан гэж байна. Энэ үед мэдэгдэж байсан зүйл байхгүй. Харин гэнэт 2017 онд гэрчилгээгээ аваад байранд ирснээр өөрийн өмчлөлтэй холбоотой асуудал ярьж эхэлсэн. Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж байгаад Орон сууц хувьчлах товчоотой холбогдсон. Я.Д-гийн хувьд Ч.Б-тай 1977 онд гэрлэлтээ батлуулж амьдарсан. 2003 онд Ч.Б нас барсан. 329 тоот эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж, өмчлөх эрх үүсч амьдарч байгаа. Гэр бүлээрээ Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллаж байсан ч тухайн байрыг Б-д нэр цохож олгож байсан. Я.Д-гийн хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй. 1998 оноос хойш амьдарч байгаа. Ч.Б-ын албан ёсны эхнэр учраас энэ нэхэмжлэлийг гаргах эрхтэй. Орон сууц хувьчлах товчоо юуг анхаараагүй шийдвэр гаргасан бэ? гэхээр 1996 оны 04 дүгээр сарын 27-нд Д-т холбогдсон эрхийн бичиг бол ашиглуулах эрхийн гэрчилгээ байсан. Энэ бичгийн үндэслээд хувьчлал явагдсан. Эзэмших эрхийг үндэслэж хувьчлал явуулах ёстой байсан. Ашиглах, эзэмших, өмчлөх гэдэг бол өөр өөр ойлголт, зохицуулалт байгаа. Засгийн газрын 1999 оны 148-р тогтоолоор хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт батлагдсан. Түүний хавсралтын 29-д Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 12 орон сууцыг хувьчлалд үл хамаарах орон сууц гэж үзсэн. Цэргийн хуарангийн орон сууц гэж явсан. Ашиглах эрхтэй холбоотой шийдвэрийг 186 дугаар ангиас олгож байсан. 1996 онд ашиглалтад орж албан тушаалын байр болгож, ангийн эрх мэдэлд өгч байсан. Орон сууц хувьчлах товчоо үүнийг зөвшөөрдөг.

Мөн 186 дугаар ангийн холбогдох баримтууд гарч ирээгүй, байхгүй болсон ч эрх олгож байсан субъектүүд байдаг. Энэ байр Засгийн газрын шийдвэрээр хувьчлалд орох байр байхад ямар нэгэн шийдвэр гараагүй байхад орон сууц хувьчлалын товчоо хуулийн этгээдийн саналыг харгалзалгүйгээр 186-р ангийн албаны байр гэдгийг мэдсээр байж Д-т олгож шийдсэн. Тухайн үеийн баримт байхгүй ч гэсэн 40 тоот байр нь хувьчлалд үл хамаарах байр юм аа гэдэг нь баримтаар тогтоогдож байна. Сүүлийн буюу 4 дүгээр орц 186 дугаар ангийн мэдлийн орон сууц мөн гэдгийг гэрчүүд хэлж байгаа. Энд Цэргийн хуарангийн орон сууц байгаа. Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.т “Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна” гэж заасан байна. Энэ үед орон сууц хувьчлах товчоо ашиглах эрхийн гэрчилгээг үндэслээд хувьчлах шийдвэр гаргасан нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Хувьчлах эрх мэдэлгүй байж хувьчлах эрх мэдэлтэй мэт шийдвэрээ гаргасан байна. Тиймээс чиг үүрэгтээ заагаагүй захиргааны акт гаргаж байсан байна. Энэ нь эргээд хэний ямар эрх ашгийг хөндсөн бэ? гэхээр гуравдагч этгээдийн эрх ашигт нөлөөлсөн. 186-р ангийн орон сууц хувьчлалын асуудлыг мэдээгүй байж байхдаа орон сууц хувьчлах товчоо хуулийн этгээдийн санал гаргаад орон сууцыг Б-д олгосон шийдвэр гаргаж байсан гэдэг. Үүнийг орон сууц хувьчлах товчоо хүлээж аваад дахин эзэмших эрх олгосон. Энэ байдлаараа өмнөх олголт хүчингүй гэдгээ зөвшөөрч байсан байна. Яах аргагүй эзэмших эрхийн гэрчилгээг Б-д анх удаа олгосон. Д-т олгосон гэрчилгээг олгосон гэж нотлох зүйл байхгүй. Анх удаа 1998 онд гаргасан байна. Хэдийгээр гуравдагч этгээд энэ байрны асуудлаа хөөцөлдөөгүй орхигдуулсан гэж байгаа боловч энэ байдал нь өөр тайлбар мэдүүлгээр нотлогдож байгаа зүйлгүй байна. Орон сууц эзэмших эрхийг Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.т "орон сууц хувьчлах" гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг хэлнэ гэж заасан байна. 6 дугаар зүйлийн 6.2, 6.3.т заасан заалтыг зөрчсөн байна. Тиймээс 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоолын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 дугаар байрны 4 дүгээр орцны 40 тоот орон сууцыг Б.Д-т өмчлөх эрх олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар №-2165/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.О өмгөөлөгчтэй санал нэг байгаа. Тухайн 48 айлын орон сууц 1996 онд ашиглалтад орсон. 4 орцтой. Нэг орцондоо 12 айлтай. Үүний эхний 2 орц Орхон аймгийн мэдэлд байдаг. 3 дугаар орц Барилгын цэргийн 110 дугаар ангийн мэдэлд, 4 дүгээр орцны 12 айлын орон сууц Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мэдэлд хамааралтай байдаг. Засгийн газрын 148 дугаар тогтоолд хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтад 186 дугаар ангийн 12 айлын орон сууц гэж заасан байдаг. Тэгэхээр энэ жагсаалтад нэхэмжлэгчийн амьдарч байгаа орон сууц хамаарч байна гэж үзэж байна. Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна гэж заасныг зөрчиж байна. Улсын дээд шүүхийн 25 тоот тогтоолд Орон сууц хувьчлах тухай хуулийг тайлбарласан байдаг. Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас хувьчлах тухай хүчин төгөлдөр баримт гараагүй байдаг. Хуулийн этгээд орон сууц хувьчлах талаар санал өгөөгүй байна. Хэрэв байр хувьчлагдах юм бол Я.Д хамгийн эхэнд хувьчлах эрх бүхий этгээд мөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Н /шүүхэд төлөөлөх эрхийн №0510 дугаартай/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орон сууц хувьчлах товчоо нь баримтлах ёстой хуулийн зүйл заалтыг удирдлага болгосон. Маргаж байгаа хувьчлалын асуудалд өмчлөл, эзэмшлийн асуудал байна. 186 дугаар ангийн Ар талын дарга Д гэдэг хүнд хотын захирагч уг байрыг эзэмшүүлсэн. Хэргийн талаар лавлахад Зэвсэгт хүчний 186-р ангийн эд хөрөнгийн бүртгэл, санхүүгийн тайлан зэрэгт энэ талаарх бүртгэл байгаагүй. Батлан хамгаалах яамнаас тодруулахаар манай мэдлийн орон сууц гэсэн зүйл гарч ирээгүй. 1996 онд Д-т 330 тоот ашиглах эрхийг олгосон. Тэгтэл 2 жилийн дараа түүний өмнөх дугаараар буюу 329 гэсэн дугаараар Б-д эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь эргэлзээтэй байдал үүсгэж байна. Мөн өмчлөх эрх Орон сууц хувьчлах товчооны баримтаар Д-т ирсэн. Тухайн үед орон сууцны ямар нэгэн төлбөр тооцоо байгаагүй. Орон сууц хувьчлах товчоо хурлаараа хэлэлцэж шийдвэрлэсэн тул 1997 оны 05 дугаар сарын 01-нд 5 хүний хамт гэрчилгээ авсан. Орон сууц хувьчлах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.д “Хувьчлагдсан сууцны өрөөнүүдийг нэгээс дээш гэр бүл өмчилж байгаа бол тухайн сууцны дундын эзэмшлийн эд хөрөнгө /гал зуух, ариун цэврийн өрөө, агуулах, сууцны тагт, өрөө хоорондын талбай, сууцны тагт зэрэг/-ийг дундаа хамтран өмчилнө. Уг эд хөрөнгийг хоорондоо харилцан тохиролцсоны дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна” гэж зааснаар захиран зарцуулах эрхтэй байгаа учраас худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Улсын бүртгэлийн газарт энэ талаараа мэдүүлэг гаргаж гэрчилгээ авсан. 20 жил болоход яагаад хайхрамжгүй орхисон юм бэ? гэхээр би энэ хүнийг мэдэхийн хувьд тэр үед амьдралын бололцоо гайгүй байсан. Харин сүүлд нөхөр нь нас бараад Ё.Д-ийн хувьд хүнд байдалд орсон. Байрандаа Б-ыг байгаа гэж бодоод явж байсан. Би хэрэг болохоор авна гэж тохироод явсан. Нэхэмжлэгч талаас хувьчлалын асуудлыг илт хууль бус гэж байна. Илт хууль бус гэдэг нь 1996 оны Орон сууц хувьчлах тухай хуулийн хууль бус ажиллагааг хэлнэ. Өнөөдөр 1996, 1997 оны асуудлыг 2015 оны Захиргааны ерөнхий хуулийг үндэслэн ярих боломжгүй. Хуулийг урагшаа хязгааргүй нөхөн хэрэглэж ярих боломжгүй. Хууль бус үйлдэл, Хууль зөрчсөн талаар яригдаж байна. Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дах хэсэгт заасан хэсгийг ярьж байна. Төрийн өмчит орон сууцыг хувьчлах асуудлыг зохицуулсан байгаа. Засгийн газрын 148 дугаар тогтоол дээр нэг орц 1986 онд ашиглалтад орсон 12 орон сууц гэж заасан. Аль орц вэ? гэдгийг заагаагүй. 1986 онд ашиглалтад орсон гэж бичсэн байна. 1986 он гэхээр өөр орон сууцны талаар яригдаж байна. Нөгөө талаар хуулийг хэрэглэхдээ нарийвчилсан заалттай хуулийг хэрэглэнэ.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ орон сууц нь Эрдэнэт хотын нийтийн орон сууц болох нь нотлогдсон. Байгууллага болон Батлан хамгаалах яаманд бүртгэлгүй байна. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дах хэсэгт хуулийн этгээдийн эзэмшлийн орон сууц" гэж тухайн хуулийн этгээдийн тайлан, балансад бүртгэлтэй, түүний ашиглалт, засвар, үйлчилгээний бүх зардал болон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ, төлбөр тооцоог уг хуулийн этгээд нь бүрэн хариуцан гүйцэтгэдэг орон сууцыг гэж заасан орон сууц биш. Дээд шүүхийн тогтоолоос 186-р ангийн орон сууц мөн гэж үзэх боломж байхгүй. Нийтийн орон сууц гэж явна. Гэтэл цэргийн хуаран гэж заасан байна.

Цэргийн хуаран гэдэг бол ангийн казармд байгаа газрыг хэлж байна. Энэ орон сууц бол тусгай харуул хамгаалалтад байгаа орон сууц биш. Улсын төсвөөр цэргийн ангийн ажилчдад гэж орон нутгаас мөнгө, хөрөнгө гаргаад ашиглалтад аваад цэргийн ангид ажиллаж байсан хүмүүс ажиллаж байх хугацаандаа түр амьдарч байсан болохоос цэргийн ангийн мэдлийн орон сууц биш. Засгийн газрын 148 дугаар тогтоолд 1986 гэж бичсэн байдаг. Тухайн орон сууц 1996 онд ашиглалтад орсон. Маш тодорхой зүйл байна. Засгийн газрын 2001 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 191 дугаар тогтоол байна. Хувьчлах орон сууцны хувьд баримт байхгүй. Эдгээр 48 айлын орон сууцны айлаас 39 нь хувьчлагдсан байдаг юм байна. Орон сууц эзэмших, ашиглах эрхийн талаар яригдаж байна. 1996 онд өмчлөх эрхийг ашиглах гэж ярьж явдаг байж байгаад 1996 оны хуулинд үг үсгийг нийцүүлээд сольж байсан тул анхнаасаа ашиглах гэдэг үгээр явдаг байсан. “Эрдэнэт Ус Дулаан түгээх сүлжээ” ТӨХК-аас ирүүлсэн баримтаас мөн харагдана. Шаардлагатай гэж үзвэл 1995, 1996 оны баримтуудыг татаж үзвэл ашиглах гэдэг үгээр бичсэн байгаа. Тиймээс хувьчлалыг хууль бус гэж үзэх боломж байхгүй. Хувьчлалын асуудал ойлгомжтой байна. Ийм байдлууд тогтоогдож байхад Д гэдэг хүн хууль бус аргаар, хууль зөрчөөд хувьчилж авсан зүйл байхгүй. Энэ хуралдаан дээр зөвхөн Д гэж хүний орон сууц хувьчлаад авсан асуудал явж байна. Эрх залгамжлаад явсан хүн нь орж байгаа. Албан тушаалын орон сууцанд амьдарч байгаа гэж байна.

Үүнийг 186 дугаар ангийн эзэмшлийн байр гэж үзэх боломжгүй. Энэ орон сууцанд жирийн иргэд амьдарч байна. 186 дугаар ангиас тухайн ангид ажиллаж байсан ажилчдыг байлгаад албан тушаалын байр хэвээрээ байсан бол цэргийн алба хаагч нар шилжилт хөдөлгөөн их хийдэг учраас одоог болтол дараа дараагийн хүмүүс нь амьдраад явах байсан. 186 дугаар ангийн мэдлийн орон сууц мөн гэж үзэж байгаа бол энэ нэхэмжлэлийн шаардлагыг Зэвсэгт хүчний 186 дугаар анги нэхэмжилж шаардах ёстой. Д-т хууль зөрчиж хувьчлалаар олгоод Ё.Д хууль бусаар худалдаж авсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 Шүүх хэргийн оролцогч болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Я.Д нь ОАОСХТ-д холбогдуулан “ОАОСХТ-ны 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 дугаар байрны 4 дүгээр орцны 40 тоот орон сууцыг Б.Д-т өмчлүүлсэн шийдвэрийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэннэхэмжлэл тус шүүхэд гаргасан.

          Шүүх дараах нотлох баримтуудад үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т /шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх/ зааснаар ОАОСХТ-оос дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сар хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

          1. Эрдэнэт хотын захирагчийн 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууц ашиглах №330 тоот эрхийн бичгээр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Ар талын орлогч ажилтай Б.Д-т Баян-Өндөр сумын Говил баг Илгээлтийн 1 дүгээр байр 4 дүгээр орц 40 тоот 3 өрөө орон сууцыг /хавтаст хэргийн 72 дугаарт/ ашиглуулсан байна.

           2. Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №03 тоот тогтоолын хавсралтын 9-т Б.Д-т маргаан бүхий орон сууцыг өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

           3. Б.Д нь Ё.Д-тэй 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан /ХХ-ийн 60 дугаар хуудсын ар тал/ маргаан бүхий орон сууцыг 600,000.0 төгрөгөөр худалдсан байна.

Ё.Д /Ч.Б, Ч.Н, Г.Ч нар хамтран өмчлөгч/ дээрх маргаан бүхий орон сууцны 0007009 тоот эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ гээгдүүлсэн талаар холбогдох газруудад мэдэгдэж /ХХ-ийн 63 дугаар хуудасны ар, 66, 67 дугаар тал/, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2101000017 дугаарт бүртгүүлж, 000597783 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг /ХХ-ийн 68 дугаарт/ нөхөн авч байжээ.

           Харин дээрх маргаан бүхий орон сууцыг 1996-1999 онд болон одоог хүртэл Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн байгууллагын мэдлийн албан тушаалын байрны зориулалтаар ашиглаж байгаа талаар:

-Хотын захирагчаас 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зэвсэгт хүчний 186 дугаар ангид Химийн албаны дарга Ч.Б-д олгосон Орон сууц эзэмших эрхийн бичиг 329 /ХХ-ийн 4 дүгээрт/ тоот албан бичиг,

-Зэвсэгт хүчний жанжин штабын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 7/697 /ХХ-ийн 5 дугаарт/ тоот албан бичиг,

-Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 2018 оны 04 дүгээр сарын 24, мөн оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 202 /ХХ-ийн 13, 53 дугаарт/ тоот албан бичиг,

-Батлан хамгаалах яам Бүх цэргийн хэрэг бүртгэх албаны 1999 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 24 /ХХ-ийн 35 дугаарт/ тоот албан бичиг,

-Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Орон сууцны комиссын даргын 1999 оны 10 дугаар сарын /ХХ-ийн 36 дугаар тал/ батламж ,

-Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн 2000 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хувьчлал хүчингүй болгох тухай /ХХ-ийн 37 дугаарт/ албан бичиг,

-Гэрч Д.Гомбоо, Т.Цэнгээ нарын: дээрх маргаан бүхий орон сууц нь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн алба хаагч нарт албан тушаалын хувиар ашиглуулж байсан гэх /ХХ-ийн 90-94 дүгээр тал/ мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан.

Эдгээр нотлох баримтуудын хүрээнд маргаан бүхий орон сууцыг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мэдэлд албан хаагч нарт албан тушаалын хувиар ашиглуулж байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “... хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтыг Засгийн газар батална гэж заасан бөгөөд Засгийн газрын 1998 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт батлах тухай №148 тоот тогтоолын 29 дүгээрт Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг/ 48 айлын орон сууцны 1 орц 12 айлын орон сууцыг хувьчлалд үл хамаарах орон сууц болох талаар тогтоосон” байна.

Маргаан бүхий орон сууцыг хувьчлах талаар Засгийн газрын тогтоол гарсан эсэхийг ОАОСХТ анхаараагүй ба ямар шийдвэрт үндэслэн Б.Д-т хувьчилсан нь тодорхойгүй байна.

Нөгөөтээгүүр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Гомбоо, Орон сууц хуваарилах комиссын дарга, хурандаа Д.Баатар нар нь маргаан бүхий орон сууцыг Зэвсэгт хүчний 186 дугаар ангид Химийн албаны даргаар ажиллаж байсан Ч.Б-д олгохоор шийдвэрлэж, Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчоонд 1998 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 84 тоот /ХХ-ийн 4 дүгээрт/ албан бичгийг явуулжээ.

Энэ дагуу Хотын захирагчаас 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №329 Орон сууц эзэмших эрхийн бичиг /ХХ-ийн 4 дүгээрт/-ийг Ч.Б-д олгож, энэ цаг хугацаанаас хойш тус орон сууцанд Ч.Б болон түүний эхнэр Я.Д, хүү Б.У нар амьдарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар /ХХ-ийн 13, 14 дүгээр тал/ нотлогдож байна.

Зэвсэгт хүчний 186 дугаар ангид Химийн албаны даргаар ажиллаж байсан Ч.Б нь 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан /ХХ-ийн 15 дугаар талд авагдсан Нас барсны бүртгэлийн лавлагаа/ бөгөөд нэхэмжлэгч Я.Д нь түүний эхнэр /ХХ-ийн 16 дугаар талд авагдсан Гэрлэлтийн бүртгэл/ болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 /Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна/-т зааснаар Я.Д нь нэхэмжлэл гаргах эрхтэй, тухайн маргаан бүхий орон сууцанд 1998 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс /2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл/ тасралтгүй өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж шүүх дүгнээд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн болно.

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Орон сууц хуваарилах комиссын дарга нь Орхон аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах яамны Ар талын газрын хэлэлцээрээр 48 айлын /маргаж байгаа байр/ орон сууцны 24 айлын орон сууц нь Хотын өмч, 24 айлын орон сууц нь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн өмч байхаар тохирсон талаар Орхон аймгийн шүүхэд 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр албан бичиг /ХХ-ийн 38 дугаарт/ хүргүүлсэн бөгөөд уг байдлаас дүгнэхэд ОАОСХТ-ноос Б.Д-т маргаан бүхий орон сууцыг өмчлүүлэхдээ Эрдэнэт хотын, эсхүл Зэвсэгт хүчний мэдлийн орон сууцны алинаас өмчлүүлсэн болох нь тогтоогдсонгүй.

Шүүх дээрх байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд Орхон аймгийн Засаг дарга, Орон сууц хувьчлах товчоо, Архивын тасаг, Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Батлан хамгаалахын төв архивт тус тус хандсан боловч дээрх байдлыг нотлох баримт байхгүй талаар /ХХ-ийн 53, 69, 84, 104, 105, 140 дугаар тал/ албан бичгүүд тус тус ирүүлсэн.

Дээрх зөрүүтэй нотлох баримтуудыг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул ОАОСХТ-ноос Б.Д-т дээрх маргаан бүхий орон сууцыг хувьчлахдаа ямар, ямар баримтад үндэслэсэн Эрдэнэт хотын өмч болох орон сууцны, эсхүл Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мэдлийн орон сууцны алинаас өмчлүүлсэн талаараа нотолж, дахин шинэ захиргааны акт гаргах нь зүйтэй.

Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзээд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул “ОАОСХТ-оос дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий ОАОСХТ-ны 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 дугаар байрны 4 дүгээр орцны 40 тоот орон сууцыг Б.Д-т өмчлүүлсэн шийдвэр”-ийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хариуцагч ОАОСХТ нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 тоот тогтоолын хавралтын 9-д заасан “Говил багийн Илгээлтийн 48 дугаар байрны 40 тоот орон сууцыг Б.Д-т өмчлүүлсэн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэх болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн зардлын тухайд:

Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно..” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАОСХТ-оос 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11, 160.4 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 5, 6 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ОАОСХТ-оос дахин шинэ акт гартал 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хариуцагч ОАОСХТ нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 тоот тогтоолын хавралтын 9-д заасан Говил багийн Илгээлт 48 байрны 4 дүгээр орц 40 тоот орон сууцыг Б.Д-т өмчлүүлснийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэхийг дурдсугай.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээж, ОАОСХТ-оос 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.САРАНГЭРЭЛ