Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/152

 

 

 

 

 

 

2023              02            01                                       2023/ДШМ/152

 

 

Х.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Аын өмгөөлөгч Р.Машлай,

шүүгдэгч Х.П, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, О.А,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.П, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Х.Пд холбогдох 2107000390064 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Х П, 1988 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэг, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

Шүүгдэгч Х.П нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд “...” ХХК-ийг төлөөлж Т.Гтой тухайн үеийн ханшаар 50 тонн самар нийлүүлэх хэлцлийг байгуулж, улмаар 1 кг самрыг 6.500-7.500 төгрөгийн хооронд нийлүүлэхээр тохиролцсоны дагуу “...” ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас өөрийн эзэмшлийн ... тоот дансаар дамжуулан 230.000.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн боловч Х.П нь дээрх мөнгөнөөс 75.377.550 төгрөгийн үнэ бүхий самрыг нийлүүлэлгүй бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Х.Пн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Пг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Пг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пд оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пгаас 68.490.500 төгрөгийг гаргуулж хохирогч “...” ХХК-д олгож, шүүгдэгч Х.П нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэргийн 2 дугаар хавтасны 56-59 дүгээр хуудас дахь 8 хэсэг цаас бүхий гар бичмэл, Onnuri community Church гэсэн бичиглэл бүхий гар ноорог дэвтрийг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.П гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхнаасаа самар бэлтгэх, нийлүүлэх ажил эцэстээ ийм байдалд хүрнэ гэж огт бодоогүй. Надад самар бэлтгэж өгөөд ашиг олох сонирхол байсан болохоос биш байгууллагыг хохироох бодол огт байгаагүй. Үнэхээр самар бэлтгэх явцад үнэ нь цаг, өдрөөр өсөж “...” ХХК-ийн шилжүүлсэн мөнгөнд бэлтгэсэн самраа нийлүүлснээс биш самрыг бусдад зарж ашиг олсон зүйл огт байхгүй. Энэ талаар мэдэх хүн нь Гал-Эрдэнэ юм. Анхнаасаа Гал-Эрдэнэ “чи мөнгөө л авчих, бусад нь асуудалгүй, чи самар авах ажилд оролцоод байх шаардлагагүй” гээд оролцуулаагүй. Зөвхөн мөнгө гаргах ажлыг надаар хийлгэж байсан. Учрыг би сүүлд цагдаад дуудагдаад ойлгосон. Би 4 удаа энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, юмыг мартаж, санадагийг Гал-Эрдэнэ сайн мэднэ. Үүнийг маань ашиглаж өөртөө нэлээдгүй хэмжээний мөнгийг авсан болохыг би сүүлд хэрэгт шалгагдаж, баримтууд цуглахаар мэдсэн. Энэ утгаараа Гал-Эрдэнэ өөрөө хамт шалгагдахгүй, авсан мөнгөө төлөхгүй гэж хохирогчтой үгсэн тохиролцож байсан нь мэдэгдсэн. Намайг мөнгө завшсан эсэхийг мэдэхийн дээдээр мэдэх хүн байж илт худал хэлж мэдүүлсээр ирсэн. Одоо ч Гал-Эрдэнэ “...” ХХК-ийн самрыг намар бэлдээд дууссан. Мах бэлтгээд Хөвсгөл аймагт байж байгааг нь нутгийн хүмүүс гэрчилнэ. Би энэ талаар шалгуулахаар цагдаагийн өргөдөл өгөөд шалгагдаж байна. Би үнэхээр анхнаасаа данснаас гаргасан мөнгөө Гал-Эрдэнэд өгөөд эргэн тооцоо хийдэггүй байсан нь үнэн. Сүүлд Гал-Эрдэнийн самрын мөнгө өг гээд явуулсан хүн нь самар бэлтгээгүй гэдгийг мэдээд бичгээр нь мөнгө өгдөг болсон. Миний хувьд мөнгийг хаан юунд зарцуулсан талаар санах гээд бодоод ер олохгүй байгаа учир энэ дутаасан мөнгийг төлөх нь зүйн хэрэг гэдгийг шүүхэд байнга л хэлж байсан. Надад гараад байгаа 68 сая төгрөгийн хохирол үнэн зөв хохирол биш юм. Самрын зах зээлийн үнийг зөв тогтоолгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Би хохирогчид хохирол учруулсан гэдгээ хүлээж байгаа. Гэхдээ шүүхийн тогтоосон хэмжээний хохирол “...” ХХК-д учирсан гэж бодохгүй байна. Миний хувьд ямар ч тооцоо судалгаа, тооцоололгүй самар бэлтгэх ажлыг эхлүүлж мөнгө дутаасандаа харамсаж байна. Би өөрийн гэсэн тавилгын үйлдвэрийг хамтран байгуулж тодорхой хэмжээгээр орлого олдог. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Мөн миний бие НҮБ-ын НАТО-ын Сьерра-Лион, Афганистан зэрэг улсуудад энхийг санхиулах ажиллагаанд шударгаар 4 удаа үүрэг гүйцэтгэж НҮБ, НАТО, Ерөнхийлөгч, Батлан хамгаалах яам зэргээс шагнагдаж байсан. Одоогоор миний бие хохирлын хэмжээг үнэн зөв бодитой гаргуулах, гарсан хохирлыг шударгаар төлж барагдуулах болно. Иймд миний хүсэлтийг харгалзан үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Пн өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Пн хувьд урьд арилжаа наймаа хийж үзээгүй, тооцоо судалгаагүй, эдийн засгийн мэдлэггүйн улмаас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн хэлцэл нь талуудын эрх, үүргийг тодорхой заагаагүй байхад самар бэлтгэн нийлүүлэхээр тохиролцож хохирогчоос шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүхээс шүүгдэгчийг “...” ХХК-ийн мөнгөөр 21 тн 285 кг-аас илүү самар бэлтгэсэн гэх дүгнэлт нь хэт хийсвэр, зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй гэрч Гал-Эрдэнийн мэдүүлэгт үндэслэн дүгнэсэн нь ойлгомжгүй юм. Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг. Гэтэл шүүгдэгчийн зүгээс хохирогчийн шилжүүлсэн мөнгийг ямар ч тооцоо судалгаагүй зарцуулж, самар бэлтгэн нийлүүлэх өртгийг бодитой тооцолгүй бэлтгэн нийлүүлснээс хэлцэлд заасан 50 тонн самрыг нийлүүлэх боломжгүй болсон. 2020 оны 10 дугаар сараас “...” ХХК-ийн шилжүүлсэн төлбөр дууссан талаар гэрч Вао Вэнд мэдэгдэж дахин самар нийлүүлэх боломжгүй болсон. Харин тухайн үед самрын ченж Мягмарсүрэнтэй тохиролцож түүний хөрөнгөөр 20 гаруй тонн самар бэлтгэж нийлүүлсэн болох нь тогтоогдож шүүгдэгчийн субъектив талын шинж няцаагддаг. Өөрөөр хэлбэл, “...” ХХК-ийн мөнгөөр 21 тн 285 кг-аас илүү хэдэн тн, хэдэн кг самар бэлтгэснийг тогтоогоогүй байхад шүүхээс 68.490.500 төгрөгийн самрыг нийлүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй ба гэмт үйлдэл нь хүний идэвхитэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой. Пн хувьд шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр, завшсан гэж үзэх нөхцөл байдал буюу гэмт хэргийн шинж хөдөлбөргүй тогтоогдоогүй буюу “..." ХХК шүүгдэгч Х.П нарын хооронд үүсэн иргэний эрх зүйн харилцааг эрүүжүүлэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоолгүй гэрч Гал-Эрдэнэ, гэрч Вао Вэнд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэгт үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоож байгаа нь учир дутагдалтай. Учир нь, 2021 оны 4 дүгээр сард Гал- Эрдэнэ өөрөө “...” ХХК-нд очиж Х.Пгаас мөнгөө нэхэх талаар харилцан тохиролцсон байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өмгөөлөгч Баярсайхантай утсаар болон чат мессенжерээр холбогдож өгөх мэдүүлгийн талаарх хууль зүйн зөвлөгөөг авч мэдүүлэг өгсөн болох нь гэрчээр болон нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэгт тусгагдсан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэрийг танилцуулж тухайн хохирлыг өөрөөс нь нэхэмжлэхийг сануул түүнийг хохирогчийн хүсэл сонирхлыг илэрхийлсэн мэдүүлэг өгүүлэхээр ятган, нөлөөлсөн гэж үзэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдох хангалттай баримт хэрэгт авсагдаж энэ талаарх гомдлыг прокурор огт шийдвэрлэлгүй хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Хохирогчийн өмгөөлөгч Баярсайхан гэрч Вао Вэндийн мэдүүлэг авах ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө өгч түүний өмгөөлөгчөөр оролцсон мэдүүлгүүд, мөн Гал-Эрдэнэ, Вао Вэнд нарын гэрчээр эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн гэж үзэх боломжгүй юм. Мөн гэрч Гал-Эрдэнэ нь “...” ХХК-ний шилжүүлсэн 230.000.000 төгрөгөөс түүний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлснээр 18.000.000 төгрөгийг ашиг гэж хувьдаа авсан, Серс маркийн 7.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, эхнэр Отгонсүрэнгийн 5006338113 дугаарын данс руу нийт 4.000.000 төгрөгийг Пн данснаас шилжүүлсэн баримт хавтаст авагдсан. Гэрч тухайн төлбөрийг зөвшөөрч байхад энэ төлбөрийг хохиролд оруулсан тооцож байгаа нь ойлгомжгүй гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон Х.Пгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүгдэгчийн зүгээс Гал-Эрдэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-т “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэсэн заалтын дагуу хоёр удаа хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзан шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр самрын үнэ ханш цаг, өдрөөр өсөн нэмэгдэж байсан нь эргэлзээгүй тогтоогддог ба энэ талаар өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүгүй ба үнэлэх боломжтой нотлох баримт юм. Гэтэл самрыг бэлтгэх, ачих, савлах, зөөх зөөвөрлөх, шуудайлах, хүн хүчний зэрэг өртөг нь худалдан авсан үнэ зэрэг тус тус нэмэгдэж зах зээлийн үнэ тогтоогддог. Самрын зах зээлийн үнэ гэдэг нь худалдаанд зарагдаж байгаа үнэ ба бусад худалдаалагдаж байгаа самрын үнэ ханштай дүйцүүлэн бодсон өртгийг хэлнэ. Хөвсгөл аймгаас бэлтгэсэн самар нь бусад аймгуудаас бэлтгэсэн самраас чанартай, үнэ өндөр байдаг ба хохирогчийн зүгээс зах зээлийн үнийг өөрийн үзэмжээр тодорхойлж 21 тн 285 кг самрыг зах зээлийн бус өөрийн хүссэн үнээр тооцож авснаас өөрөөр хохирлын хэмжээг үнэн зөв бодитой тогтоосон баримт, дүгнэлтгүй байхад шүүх шүүгдэгчийн нийлүүлсэн самрыг хохирогчийн бодит бус үнэ, хэлцлийн нэг талд илтэд давуу байдал олгож хохирлыг зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн тооцсон нь үндэслэлгүй юм.

Шүүх гэрч Д.Мягмарсүрэн, С.Баярсайхан, Э.Гантулга, Б.Ганбаяр нарын мэдүүлэгт огт үнэлэлт дүгнэлт өгөлгүй учирсан хохирлыг тогтоон шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд үл нийцнэ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэрэг хаана” үйлдэгдсэн талаарх дүгнэлтийг огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, мөнгө шилжүүлсэн газар болох Налайх дүүргийн төвд байрлах захын хажуугийн Хаан банкны салбар дээр очиж 4 удаагийн гүйлгээ хийсэн гэж тайлбарлан мэдүүлсэн боловч “...” ХХК-ийн 50114122553 дугаартай данснаас 5075289747 тоот данс руу 2020 оны 9 дүгээр сарын 15, 9 дүгээр сарын 18, 9 дүгээр сарын 21, 9 дүгээр сарын 24-ний өдрүүдийн гүйлгээний хуулгаар тус тус интернэт банкаар шилжүүлж данс хоорондын гүйлгээний хураамжийн шимтгэл 200 төгрөг данснаас автоматаар хасагдсан болох нь “...” ХХК-ийн 50114122553 тоот дансны хуулгаар нотлогддог тул шүүхийн харьяаллыг Налайх дүүрэг гэж үзэх боломжгүй. Хэргийн үйл явц Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт эхэлж тухайн газар төгссөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хяналт тавих прокурорын газрын харьяаллыг тогтоосноос бус шүүхийн харьяаллыг тогтоогоогүй. Гэтэл Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг мөнгө шилжүүлснээр хэрэг үйлдэгдсэнд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчил юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Пн өмгөөлөгч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Пд холбогдох хэрэгтэй танилцахад прокурор, шүүх хоёр хэлмэгдүүлсэн. Өнөөдөр цагаатгагдах байх гэж найдаж байна. Х.Пг прокурор болон шүүхээс завших гэмт хэрэгт холбогдуулж гэм буруутайд тооцсон. Завших гэмт хэргийн үндсэн шинж нь итгэмжлэн хариуцсан этгээд байх ёстой. Дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 192 дугаар тогтоолд итгэмжлэн хариуцсан гэдгийг тайлбарласан. Хууль буюу гэрээ, хэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын хөрөнгийг хариуцан авч байгаа этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон. Х.Пн хийсэн хэлцэл /2хх-246/-ийн агуулга нь “би чамд мөнгөө өгье, зөрүүлээд самар өгөөрэй” гэсэн байгаа. Түүнээс “чи миний мөнгийг хариуцаад байж байгаарай, мөнгөө хэсэг хугацааны дараа эргүүлж авна” гэж байгаагүй. Х.Пд захиран зарцуулах эрх нь байсан. Тэгэхээр итгэмжлэн хариуцаж байгаа этгээд чинь захиран зарцуулах эрхгүйгээр хөрөнгийг нь хариуцаж байх байсан. Тэгээд тэрийгээ зөрчөөд өөртөө авчихвал гэмт хэрэг болно. Гэтэл хэлцлийн агуулга нь самар өгөөрэй, хураамжийг нь тушааж, нааш нь ачуулаарай гэсэн. Х.П итгэмжлэн хариуцах шинжийг хангахгүй байгаа. “...” ХХК-ийн захирал Болдбаатарыг хохирогчоор тогтоосон. /2хх-207/ Болдбаатар Налайх дүүрэгт байсан. Х.П Хөвсгөл аймагт байсан. Энэ хоёр хүн хоорондоо уулзаж, нэг ч удаа уулзаж хэлцэл хийгээгүй. “Чи миний хөрөнгийг хариуцна гэж Бодбаатар хэлээгүй, Х.П за гэж хэлээгүй”. Данснаас данс руу мөнгө шилжсэн. Жишээ нь, би хэн нэгэн хүний данс руу мөнгө шилжүүлбэл мөнгөө итгэмжлэн хариуцуулсан гэж үзэх үү, би тэр хүнтэй заавал тохиролцоонд орох ёстой. Шүүгдэгч Х.П “...” ХХК-тай хэлцэлд ороогүй. Хэргийн 246 дугаар хуудаст байгаа хэлцлийг харахад “Норд рөүд” компанитай Г гэдэг хүн гарын үсэг зурсан. Г хохирогч Болдбаатартай ямар ч холбоогүй. Компанийн ажилтан биш, өөр компанийн ажилтан. Болдбаатараас Г итгэмжлэл аваагүй.Тэгэхээр яаж яваад Болдбаатар гэдэг хүний хөрөнгийг Х.П завшсан юм бэ. Х.П Болдбаатарын 230.000.000 төгрөгийн итгэмжлэн хариуцсан этгээд болчихсон юм бэ. Энэ хүн ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах гэрээний холимог гэрээний хариуцагч юм. “...” ХХК иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад үлдсэн самрын мөнгийг нэхэмжлээд иргэний шүүхийн хариуцагч байх ёстой байтал 2 жилийн хорих ял авсан. Шүүх бүрэлдэхүүнээс Х.Пг цагаатгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Аын өмгөөлөгч Р.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хохирогчийн зүгээс болон өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна. Хөрөнгө завших гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар ямар нэгэн байдлаар итгэмжлэгдэн хариуцуулсан байхыг шаарддаг байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хөрөнгө завших гэмт хэргийг ямар нэгэн байдлаар тухайн этгээд өөрийн хөрөнгө, түүнийгээ зарцуулах эрхийг хэн нэгэнд шилжүүлснээр тухайн этгээд хүлээн авч түүнийг зарцуулалт хийснээр завших гэмт хэрэг эхлэх буюу төгснө гэсэн ойлголттой болсон. Өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл болон эрхийг хязгаарласан талаар үндсэн гомдлынх нь утга байна гэж ойлгосон. Эрүүгийн хуульд тодорхойлсон бүх шинжийг агуулаагүй гэж дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн шинж нь үйлдэл эс үйлдэхүй бөгөөд санаатай үйлдэж байгаа гэдгийг шинжийн хувьд тодорхойлсон. Үүний улмаас аливаа нэгэн этгээдэд хор, хохирол учрахыг тодорхой тусгаж өгсөн. “...” ХХК нь иргэдээр самар цуглуулах болсон. Тэгэхийн тулд хэрэгт авагдсан баримтаар Х.П найз Гал-Эрдэнийг дагуулан очиж хөрөнгө оруулагч Вао Вэн болон бусад хүмүүстэй уулзаж, мөнгийг авах болсон. Хэлцэл дээр 50 тонн самрыг авах бэлэн мөнгийг хэсэгчлэн 10 тонн тутам  самар авах байдлаар төлж хийнэ гэж заасан. 50 тонн самар бэлтгэх юм байна. Үүний тулд “...” ХХК мөнгө гаргаж өгнө гэж хэлцэл хийсэн. Х.П эхэлж санал тавьсан нь энэ бүхнээс ашиг олох боломжтой гэдгээ харсан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар аль нэг нь гэрээгээ зөрчихгүйгээр “Норд рөүд” компани, түүнийг төлөөлж байгаа Г нар 50 тонн бэлтгэх эрхээ “...” ХХК-д өгсөн. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний өмчлөх эрхийг хуульчлан зохицуулсан. Тэр хүрээнд Х.П “...” ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь эхлээд иргэний эрх зүйн харилцаа байсан. Энэ нь Х.Пн санаа зорилго, үйл ажиллагааны үр дүнд гэмт хэргийн шинжтэй болсон. Тодруулбал, завших гэмт хэргийн шинжтэй болж,  хохирлын хэмжээгээр хүндрүүлэн зүйлчлэгдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдон тогтоогддог. “...” ХХК-ийн шилжүүлсэн төгрөгөөр хэдний өдөр 1 кг самрыг хэдэн төгрөгөөр авсан гэдэг нь хэрэгт хамаарал бүхий гэрч нарын мэдүүлэг, Г, түүний гар бичмэлээр тогтоогддог. Итгэмжлэн хариуцсан хөрөнгийг завших гэнэ. “...” ХХК итгэж 50 тонн самар бэлтгэж өгөөрэй гээд “Норд рөүд” ХХК-д 50 тонн самар бэлтгэх зөвшөөрөлд үндэслэж Х.П руу 4 удаагийн үйлдлээр 230.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Х.П энэ мөнгийг самар бэлтгэхдээ эхний 10 тонныг өгч явуулсан.  Үлдсэнийг нь бусад хүмүүст өндөр үнээр зарсан. Тэр мөнгөө хувьдаа завшсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Мөнгийг хувьдаа завшсанаар гэмт хэрэг төгссөн гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хэргийн харьяаллын хувьд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа мөнгө шилжүүлсэн. Мөн самрыг Налайх дүүрэгт хүлээж авсан байдаг. Дундах үйл явц буюу самар бэлтгэх үйл ажиллагаа Хөвсгөл аймагт болсон болохоос эхлэл хэсэг нь Налайх дүүрэгт болсон. Өмнө нь мөрдөн байцаалтын шатанд хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн боловч харьяаллын бус гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас ирсэн. Энэ шийдвэрт хэргийн оролцогчийн хэн аль нь гомдол гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүрээнд оролцсон. Ямар нэгэн байдлаар хэн нэгэнд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахад давуу эрх олгоогүй. Хуулийн хүрээнд хэн аль нь хүсэлт тавьж оролцох эрхтэй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.П нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд “...” ХХК-ийг төлөөлж Т.Гтой тухайн үеийн ханшаар 50 тонн самар нийлүүлэх хэлцлийг байгуулж, улмаар 1 кг самрыг 6.500-7.500 төгрөгийн хооронд нийлүүлэхээр тохиролцсоны дагуу “...” ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас өөрийн эзэмшлийн ... тоот дансаар дамжуулан 230.000.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн боловч Х.П нь дээрх мөнгөнөөс 68.490.500 төгрөгийн үнэ бүхий самрыг нийлүүлэлгүй бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Өлзийсайханы “2021 оны 9 дүгээр сарын эхээр манай компанитай Х.П гэдэг хүн аман хэлцэл хийж 50 тн байгалийн түүхий самар бэлтгэж тухайн үеийн ханшаар авахаар тохиролцон түүний эзэмшлийн Хаан банкны 5075289747 дугаартай дансанд нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 50 сая төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 30 сая төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 50 сая төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний 100 сая төгрөг, нийтдээ 230 сая төгрөг шилжүүлсэн. Х.П нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 10 тн 128 кг самар, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 тн 157 кг самар нийлүүлж, нийтдээ 21 тн 285 кг самар нийлүүлснээс хойш харилцаагүй алга болсон. Одоо 28 тн 715 кг самар буюу үнийн дүнгээрээ 91.647.500 төгрөгийн үлдэгдэлтэй, түүнийгээ манай компани нэхэмжилж байна. ...Тухайн үеийн аман хэлцлийн дагуу 1 кг самрыг 6.500 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон. Самар ороод ирэхээр нь манай санхүүгийн ажилтнууд 6.500 төгрөгөөр тооцож авсан байна. Манай өгсөн мөнгөөр Х.П нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 48 тн самар бэлтгэсэн бөгөөд 21 тн самрыг “...” ХХК-руу ачуулаад үлдсэн самрыг нь хаашаа яасан талаар нь мэдэхгүй гэж цуг самар бэлтгэсэн Б.Гал-Эрдэнэ гэдэг залуу ярьдаг. Тэгэхээр Х.П нь манай мөнгөөр самар бэлтгээд 21 тн самрыг өгч, үлдсэнийг нь өгөлгүй залилан мэхэлсэн гэж үзэж байна. ...Манай захирал С.Болдбаатар Х.Птай самар бэлтгэх хэлцэл хийх үеэр Т.Гтой холбогдож асуухад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Х.П нь хүмүүсээс самар авахаар тохиролцон бэлтгэсэн байна гэхээр нь Т.Гыг гуйж 50 тн самар бэлтгэх хэлцлийг тэдний “Норд роуд” ХХК-тай хийж авсан юм билээ. ...” /1хх 13-14/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Аын “...мөн Х.П нарыг самраас ашиг олох хямдаар анх ярьсан үнээс бага авбал ашиг нь өөрсдөд нь унах нөхцөлтэй тэдэнд ашигтай хэлцлийг бид хийж өгсөн. Манайд бол 6.500-7.500 хооронд нийлүүлнэ гэж тохирсон байсан. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны 50.000.000 төгрөг 10 тонн самрын үнэ шилжүүлсэн. Үүнд ойн дагалдахын хураамж төлөх үнэ багтсан байсан. Бидэнд ойн дагалдахын хураамж 13.000.000 төгрөг гэж хэлсэн тул бид энэ мөнгийг ч тооцож эхний урьдчилгааг төлсөн. Үлдсэн нь самар авах мөнгө гэж хэлээд 3 удаа мөнгө шилжүүлсэн. Тэгтэл ойн дагалдахын төлбөр нь үнэндээ бол 8.000.000 төгрөг болсон байтал илүү үнэ хэлж дундаас нь мөнгийг нь авч хэрэглэсэн. Сүүлд нь хэрэг нээгдсэнээс хойш самар цуглуулсан он сар өдөр, авсан нэгж үнэ, жингийн тооцооноос үзэхэд 10 тонн самар ойн дагалдах хураамжийн төлбөр хангалттай багтах үнэ болохыг мэдсэн. Энэ 4 удаагийн сүүлийн хэсгийг самрын үнэ өсөөд байна гээд яаравчлуулан 100.000.000 төгрөг шилжүүлсэн. Үнэ өсөхөөс үл шалтгаалан 6.500-7.000 төгрөгөөр бид авахаар тохиролцсон байсан. Ингээд 9 дүгээр сарын 26-ны өдөр 10 тн 128 кг, 10 дугаар сарын 01-ний өдөр 11 тн 157 кг самар, нийт 21 тн 285 кг самар авсан. Хэлцлийн дагуу 10 тонн болох үед л нэг ачуулахаар хийгдсэн тул 2 удаа манай руу ачуулсан байсан. Тэгээд сүүлийн мөнгө өгүүлээд самар ачуулсны дараа Х.П нь манайтай холбоогоо тасалж хэлцлийн дагуу самраа нийлүүлж тооцоогоо бодоогүй алга болсон байдаг. .../2хх 10-11, 212/,

гэрч Б.Гал-Эрдэнийн “...Х.П бол яваагүй, цуглуулах ажлыг би гардаж хийсэн бөгөөд надад цуглуулаад туслаад өгвөл ашиг өгнө л гэсэн тул найз гэж бодоод итгээд явсан. Мөнгөний тооцоонд бол би ороогүй. Самар л явж цуглуулдаг байсан. Самар авбал би бичиг хийж Х.Пд өг гээд самар авсан хүндээ бичиж өгөөд тооцоо хийгээд явуулдаг байсан. Би өдөр өдрөөр гар бичмэл бичсэн байгаа. Эхний хуудсанд Эрдэнэбулган сумын Бөөрөлж багаас /1-р баг/ нийт авсан самар дэс дугаараар 1-55 хүртэл, Зэрлэг багаас /3-р баг/ 1-20 хүртэл дугаарласан нь самар авсан тооцоог гаргасан байгааг хэрэгт өгсөн энэ миний гар бичмэл эх хувиас хуулбарлан өгсөн. Цэнгэлийн мөнгөөр авсан гэж миний ойлгосон самрыг “...” ХХК-руу “Норд Роуд” ХХК-ийн гэрээний дагуу 10 тн 128 кг самрьг 2020 онь 9 дүгээр сарын 26-ны өдөр нэг удаа ачуулсан. Тэр самрыг ачихад би Х.Птай цуг байсан. Энэ самрыг их хурдан хямдхан цуглуулсан. Дахиж би хот болон бусад газар хүнд цуглуулсан самраа явуулахад байлцаагүй. Сүүлд сонсох нь ээ 11 тн 157 кг самрыг бас 4-5 хоногийн дараа 10 дугаар сарын 01-ний үед ачуулсныг мэдсэн, надад энэ талаар Х.П хэлээгүй. “...” ХХК-руу “Норд Роуд” ХХК-ийн хэлцэлтэй бүх самрыг манай суманд байрлах манай зочид буудлын зочны зааланд цуглуулдаг байсан. Тэндээс би нэг удаа эхний 10 тн орчмыг ачуулж байсан. Ер нь манай буудлыг ашигласан. Тухайн үед би 1 дүгээр багаас 9 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд самар авсан. Тооцоогоор болсон. Тухайн үед 9 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл самар авсан. .../2хх 13-14/,

гэрч Вао Вэндэгийн “...Бидний зүгээс энэ хүнээс үндэслэлгүй мөнгө шаардаагүй. Өөрийн компанийн нийт шилжүүлсэн үнэ түүнээс бэлтгэн нийлүүлсэн самрын тооцоо /тонн, кг/ мөн гардан бэлтгэн нийлүүлсэн Б.Ган-Эрдэнэ нарын тооцоо зэргийг үндэслэн мөнгө хүлээн авсан, самрын цуглуулсан мөнгөний бодит тооцоогоор тулган зөрүү мөнгийг буцаан олгохыг хүссэнээр дээрх маргаан гарсан. Эхний 2 самрыг нийлүүлснээс хойш утсаа авахаа болиод алга болсон. Тэгсэн Б.Гал-Эрдэнэ ирж бид нартай ажлын хөлс гэхэд учрыг мэдэж С.Болдбаатар захирал цагдаад гомдол гаргасан юм. Х.П надад Б.Гал-Эрдэнэ утсаа орхисон гээд Б.Гал-Эрдэнийн 91-тэй скайтелын дугаар байсан одоо сайн санахгүй байна. Ямарч байсан 91-тэй л дугаар байсан ба өөрийнхөө утаснаас ярьж байгаагүй. Уг нь бол анх Х.П өөрийнхөө утаснаас ярьдаг байж байгаад Хөвсгөлд очсоноосоо хойш Гал-Эрдэнийн дугаараас ярьдаг байсан. ...9 дүгээр сарын 26-ны өдөр, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд самар хүлээн авсан. Хүлээн авсан самруудын үнийн хувьд 6.500-7.000 төгрөгөөр тооцож байсан. Гэтэл бид энэ хүнд ашгаа өөрөө олох мөн тээврийн зардал 10.000.000 төгрөг, суманд төлөх дагалдахын үнэ 8.000.000 төгрөг, хэрэглээндээ унах унаа болон машин авсан мөнгийг бид өөрсдөө энэ мөнгөнөөсөө гаргасан. Гэтэл эвсан зардлаа хасаад бидний үлдэгдэл мөнгийг өгөөгүйд л манай компанийн хувьд гомдолтой байгаа. .../2хх 21/,

гэрч С.Болдбаатарын “2020 оны 9 дүгээр сарын эхээр манай компанийн махны борлуулалтыг хариуцдаг Цэнгэл гэдэг хүн Х.Пг самар авч байна, мөнгө нь байвал хүмүүсээс бэлтгэсэн самрыг нь худалдаж авна, манай компани самар бэлтгэвэл ямар вэ гэхээр нь би “Норд роуд” ХХК-ийн Хөвсгөлд байдаг Т.Г гэдэг хүнтэй холбогдож Х.П гэдэг хүнийг асуухад хүмүүсээр түүлгэчихсэн мөнгийг нь өгөөгүй самар гар дээр нь бэлэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Гт чи Х.Птай 50 тн самрын гэрээ хийчих бид мөнгийг нь шилжүүлье гээд гэрээгээ хийчихлээ гэхээр нь санхүүд хэлж мөнгийг нь 4 удаа тасалж явуулсан. Манай санхүүгийн нягтлан Цэрэндэжид 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эхний гүйлгээгээр 50 сая төгрөгийг Х.Пн эзэмшлийн Хаан банкны 5075289747 дугаартай дансанд нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 50 сая төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 30 сая, 2020 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр 50 сая, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 100 сая төгрөг, нийтдээ 230 сая төгрөг шилжүүлсэн. 91.647.500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ...Манай нягтлан Цэрэндэжид Налайх дүүргийн төвд байдаг Налайх захын хажуугийн Хаан банкны салбар дээр очиж 4 удаагийн гүйлгээ хийсэн. ...Х.Птай хамт самар бэлтгэсэн Б.Гал-Эрдэнэ гэдэг залуу танай мөнгөөр 48 тн самар авсныг би мэдэж байна гэж хуулийн зөвлөх Д.Өлзийсайханд хэлсэн байсан. ...” /1хх 18/,

гэрч Т.Гын “...Эрдэнэбулган суманд Х.П, Б.Гал-Эрдэнэ гэдэг 2 залуутай уулзаж гурвуулаа хөдөө явж үзэхэд самар бэлтгэж байгаа хүмүүс байсан. Х.П, Б.Гал-Эрдэнэ гэдэг 2 залуутай уулзаж гурвуулаа хөдөө явж үзэхэд самар бэлтгэж байгаа хүмүүс байсан. Х.П, Б.Гал-Эрдэнэ нарт самраа өгнө гэсэн найз нөхөд, танил хүмүүс нь сумын төвд ч байсан. 50 тн самар хангалттай бэлтгэчих хүрэлцээтэй байхаар нь захирал С.Болдбаатарт боломжтой юм байна гэж хэлсэн. Тэгээд сумын захиргаа дээр очиж нотариатаар баталгаажуулж “Норд роуд” ХХК-ийг төлөөлж би Х.Птай 50 тн самрын хэлцэл хийж “...” ХХК-аас 50.000.000 төгрөгийн урьдчилгаа мөнгө шилжүүлсэн. Түүнээс хойг 2 хоноод би Улаанбаатар хот руу ирсэн бөгөөд Х.П нь над руу залгаж 10 тн самар ачих гэж байна, тосож авах хүнийхээ дугаарыг өгөөч гэж ярьснаас хойш ямар нэгэн холбоогүй сураг тасарсан. ...Манай “...” ХХК-тай уялдаатай ажилладаг компани самар боловсруулах зөвшөөрөлтэй болохоор “Норд роуд” ХХК-ийн нэр дээр хэлцэл хийчих гэж С.Болдбаатар захирал хэлсэн. Би тэр компанид ажилладаггүй. ... Тухайн үед 1 кг самар 3.500 төгрөг орчим байсан. Анх “Норд Роуд” ХХК-тай хийсэн. Учир нь тэднийх самар бэлтгэн боловсруулах зөвшөөрөлтэй байсан тул гэрээ хийсэн. Сумаас зөвшөөрлийг 50 тн хэмжээгээр нэг удаа нэг аж ахуйн нэгжид өгдөг юм билээ. Сумаас өгсөн зөвшөөрлийн хэмжээ болох 50 тн бэлтгэж нийлүүлэх болсон. Би бол самар ургаж байгаа газар, хүмүүс түүж байгааг шалгах үүрэгтэй байсан. Харин хэлцлийг бол баримттай нь дээр гээд хийсэн. ...” /1хх 20-21, 2хх 19/,

гэрч Б.Гал-Эрдэнийн “Би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд самар бэлтгэх ажил эрхэлж байсан. 2020 оны 9 дүгээр сард Т.Г Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд очиж Х.Птай самар нийлүүлэх гэрээ хийсэн. Улаанбаатар хотоос “..." ХХК-иас 230 сая төгрөгийн санхүүжилт орж ирсэн гэж хэлж байсан. Бид хоёр нийт 49 тн 900 кг самрыг худалдаж авч бэлтгээд сумын төвд оруулж ирсэн. Үүнээс 2020 оны 10 сарын эхээр Х.П 20 тн самрыг Улаанбаатар хот руу “...” ХХК-руу ачуулаад, үлдсэн 29 тн самраас 8 тн самрыг тэнд байсан ченжид Х.П зарж, 21 тн самрыг Дарханаас ирсэн ченжид 1 кг-ийг 10.400 төгрөгөөр зарсан. Би тэрийг нь мэдээд “...” ХХК-руу явуулах самрыг яаж байгаа юм бэ гэхэд тэр самар байгаа, болно гээд л байсан. Х.П тэнд самар бэлтгэж байхдаа цахим тоглоом тоглодог байсан. 2020 оны 12 дугаар сард Х.П над руу утсаар яриад “...” ХХК-ийн Цэнгэл ахад өгөх ёстой мөнгөөрөө тоглочихсон. Одоо мөнгө байхгүй гэж ярьсан. Надад ашиг гэж хуваасан юм байхгүй. ...Эрдэнэбулган сумаас зүүн хойш 60 км-т 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Бөөрөлж гэх газраас барагцаагаар 2020 оны 9 дүгээр сарын 18-наас 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 28 тн 299 кг самар худалдаж авсан. Сумаас баруун урагш 80 гаруй км-т 3 дугаар багийн Зэрлэг гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 15-наас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 21 тн 602 кг самар бэлтгэж сумын төв рүү явуулсан байна. Түүний зарцуулалтыг Х.П мэдэж байгаа. ...Татварт ямар ч байсан мөнгө төлсөн, хэдэн төгрөг төлснийг мэдэхгүй. Хөдөө уулнаас 31 машинаар нэг удаа тээвэрлэх хөлс 1.500.000 төгрөг болж байсан. ...1 дүгээр багт байхад надад бага багаар өгч явуулаад барагцаагаар 50-аад сая төгрөг өгч нутгийн иргэдийн түүсэн самрыг авхуулсан, тэгэхэд 4.000-7.500 төгрөг хүртэл өсөж байхад нь авсан байна. Дараагаас нь эхлээд би хүмүүсийн самрыг авч үлдээд Х.Пд бичиг хийж өгч явуулаад тооцоог Х.П сумын төв дээр хийдэг байсан. 3 дугаар багт 6.000-7.500 төгрөгийн хооронд авхуулсан. Би тэр үед утсаар яриад юм уу тэдэн кг самар авлаа гэж бичиг хийж гарын үсэг зураад явуулж сумын төвд Х.П мөнгийг нь өгдөг байсан. Хөдөө ууланд самар бэлтгэх үедээ бичиж байсан дэвтрээсээ хуулж цэгцэлж бичээд авсан самрын нийт хэмжээг гаргахад 49 тн 901 кг самар бэлтгэсэн байна лээ. Тооцооны дэвтрээс хуулж бичиж цэгцэлснийг хуулбарлан хэрэгт хавсаргаж байна. Би ашиг гэж 9 сая гаруй төгрөг авсан. Самар бэлтгэхээр бид 2 дундаа Серс гэдэг Солонгосын ачааны машин 7 сая төгрөгөөр, ардаа ачаатай Пикап жип машиныг сумаасаа 10 сая төгрөгөөр худалдаж авсан. Ажил дууссаны дараа Серс машиныг би авч, Пикапыг Х.П авсан. “...” ХХК-аас ирсэн 230 сая төгрөгөөр 2 машин, 1 мотоциклийн үнэ, миний авсан 10 сая шахуу төгрөг, татварын зардал, тээврийн зардал энэ бүгдийг хасаад 49 тн 900 кг самар бэлтгэсэн нь үнэн, би уулнаас өөрийн биеэр авсан болохоор мэдэж байгаа. 50 тн самраа “...” ХХК-д тушаагаад хамгийн багаар бодоход бид хоёрт 80 сая төгрөгийн ашиг гарах байсан. Анх бид 2 олсон ашгаа 50, 50 хувиар хуваана гэж тохиролцсон байсан. Гэтэл бэлтгэсэн самрыг Х.П тэнд нь хүнд хотын ханшнаас дээгүүр үнээр зарчхаад надад юу ч өгөөгүй. “...” ХХК-д нийлүүлэх ёстой 8 тн самрыг Сүхээ гэдэг хүнд зарсан гэж сонссон, 20 тн самрыг Дарханы ченж Мийгаа гэдэг хүнд өгөхийг би харсан. ...2020 оны 10 сарын дундуур ченж Сүхээд 1 кг самрыг 7.500 төгрөгөөр зарсан гэсэн. 10 сарын сүүлээр Мийгаад 7.500-10.600 төгрөгийн хооронд өгсөн. ... Х.П самар авхуулахаар дансаар явуулсан мөнгө байхгүй. 1 дүгээр багийн Бөөрөлж гэх газар Улиадын аманд 2020 оны 9 дүгээр сарын 20-нд гарах үед 20 гаруй сая төгрөг бэлнээр өгч би самар худалдаж авсан. Дараа нь 2020 оны 10 дугаар сарын эхээр 15, 16 сая орчим төгрөг авч самар авсан. Х.П нь эндээс явахдаа миний утсан дээр аккаунт нээж тоглож эхэлсэн. Миний Хаан банкны карт нь олон улсад гүйлгээ хийх эрхтэй карт бөгөөд Х.П самар авах мөнгөөрөө гүйлгээ хийх гэхээр өөрөө банкны картгүй болохоор миний карт, картын нууц дугаарыг авч үлдсэн. Эрдэнэбулган суманд очоод 2020 оны 9 дүгээр сарын 10-ны үед миний картыг авч, “...” ХХК-аас мөнгө орсны дараа миний данс руу 50.3 сая төгрөг шилжүүлж валют болгож хөрвүүлээд цахим тоглоом тоглосон байсан. Би Х.Пгаас 2020 оны 9 дүгээр сард 900.000 төгрөг дансаар авсан нь үнэн бөгөөд өөр ямар ч мөнгө дансаар аваагүй. 2020 оны 9 дүгээр сарын 20-ны үед хөдөө самар авахаар гардаг өдрөө 20 сая төгрөг авсан. Түүний дараа өөрөө очихдоо авч очсон болон би мөнгөгүй болох үедээ тэнд байсан ченжээс мөнгө аваад дараа нь Х.П тэр хүмүүст тооцоо хийж өгсөн мөнгөний нийлбэр 20 сая төгрөг болоод байгаа. Түүнийгээ 20 сая төгрөг өгсөн гэж тайлбарлаж байна. Нийлбэр нь 40 орчим сая төгрөг бөгөөд түүгээр би самар худалдаж авч явуулсан. Сүүлийн 60 сая төгрөг гэдэг нь бол огт аваагүй мөнгө. .../1хх 25-27, 35, 136-137/,

гэрч Б.Ганбаярын “...Би 2020 оны 9 дүгээр сараас 10 дугаар саруудад Эрдэнэбулган суманд байгалийн самар авч байсан. Би тус сумын 2 дугаар багийн Хөөвөр гэх газарт байгалийн самар авч байсан. ...2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хөдөө модондоо цайруулсан самар 7.100-7.200 төгрөг байсан. Сумын төвд самраа оруулж ирж өгвөл 8.000 төгрөг байсан. ...2020 оны 10 сарын сүүлээр 9.000-10.000 төгрөгийн хооронд өссөн. .../1хх 147-148/,

гэрч Э.Гантулгын “...2020 оны 9 дүгээр сард цайруулсан самар 1 кг нь 5.000 төгрөгөөр, 10 сарын 01-ний өдрөөс хөдөө модондоо цайруулсан самар 1 кг нь 7.000-8.000 төгрөг байсан. ...10 дугаар сарын сүүлээр 9.000-10.000 төгрөгийн хооронд байсан. .../1хх 152-153/,

гэрч Б.Гансүхийн “...Би Х.Пг олон улсын сүлжээний мөрийтэй тоглоомыг тоглож байсныг мэднэ. Ямар тоглоомыг сайн мэдэхгүй. Ямарч байсан тоглож байсныг харсан. ...Би Х.Пг Эрдэнэбулган суманд 2020 оны 9 дүгээр сараас 10 дугаар сард самар авч байх үедээ гар утсаараа мөрийтэй тоглож байхыг нь харсан. .../1хх 197-198/,

гэрч Э.Идэрийн “...Х.Пн эгч нь Х.Пг гар утсаараа тоглоод мөнгө алдаад байна гэж санаа зовсон байдалтай хэлж байсан. Б.Гал-Эрдэнийг гар утсаараа мөрийтэй тоглоом тоглодог гэж огт сонсож байгаагүй. .../1хх 202/ гэсэнэ мэдүүлгүүд,

“Норд роуд” ХХК-ийг төлөөлж Т.Г Х.П нар нь 50 тонн самар бэлтгэн нийлүүлэх тухай хэлцэл /2хх 245/,

“...” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай данснаас 5075289747 тоот данс руу 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 50.000.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 50.000.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 100.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн” талаарх дансны хуулга /1хх 04-05/,

шүүгдэгч Х.Пн эзэмшлийн Хаан банкны 5075289747 тоот депозит дансны хуулга /1хх 50-53/, гэрч Б.Гал-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5912005167 тоот дансны хуулга /1хх 213-214/, гэрч Б.Гал-Эрдэнээс гаргаж өгсөн гар бичмэл болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 56-59, 78-79/, “...” ХХК-аас Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /1хх 2/, “...” ХХК-ийн дансны хуулга /2хх 4-5/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Х.Пг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах, хөрөнгө завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд юмс, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагддаг.

Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг.

Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогддог.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.

Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Норд роуд” ХХК-ийн төлөөлж Т.Г, иргэн Х.П нар нь “Хэлцэл” /2хх 246/ байгуулсан баримт байх бөгөөд Х.Пн хүлээх үүргийг 10 тн самар гүйцсэн тухай бүр ачааг бүрэн бүтэн тээвэрлэх, тээвэрлэлтийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангасан байх ба энэ үеийн эрсдлийг 100 хувь хариуцахаар харилцан то­хиролцсон байна. Өөрөөр хэлбэл, Х.П нь хэлцлээр “...” ХХК-ийн шилжүүлсэн мөнгөөр тус компанид самар тээвэрлэх үүргийг хүлээсэн. Харин тухайн мөнгийг өөрөөр захиран зарцуулах эрх түүнд олгогдоогүй болно.

Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр Х.П нь 230.000.000 төгрөгийг “...” ХХК-иас 50 тн самрыг нийлүүлэхээр 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан боловч 75.377.550 төгрөгийн үнэ бүхий самрыг нийлүүлэлгүй “...” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө буюу мөнгийг завшсан нь тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Шүүгдэгч Х.П нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд “...” ХХК-ийг төлөөлж Т.Гтой 50 тонн самар нийлүүлэх хэлцлийг байгуулж 230.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч дээрх мөнгөнөөс 68.490.500 төгрөгийн самарыг нийлүүлэлгүй эд хөрөнгийг завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хүндрүүлэх шинжид хамаарна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоожээ.

Иймд анхан шатны шүүхээс Х.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Х.П, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар “...Хохирлын хэмжээг үнэн зөв гаргаагүй. ...Анхан шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй. ...Х.Пг гэмт буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. ...гэрч нарын мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй. ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүд, “Норд роуд” ХХК-ийг төлөөлж Т.Г Х.П нар нь 50 тонн самар бэлтгэн нийлүүлэх тухай хэлцэл /2хх 246/, дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Пн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хохирол хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон байх тул шүүгдэгч Х.П, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.П, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П нь 61 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР