Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 590

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга  Г.Ууганзаяа,                            

улсын яллагч О.Багшбаяр,

иргэдийн төлөөлөгч Х.Номин,

шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Ц-д, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.С-д тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201725011360 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Ц, 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын тосны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62-39 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.С, 1990 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Физикийн багш мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 801-54 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч С.Ц нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд хохирогч Г.Ганбадралын зүүн гарын булчин хэсэгт хутгалан биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

-шүүгдэгч Н.С нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд хохирогч Э.Даваасүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр би 2 найзтайгаа дэлгүүр ороход манай эхнэр, дүүтэйгээ хамт гадна хүлээж байсан. Буцаад ирэхэд 3 залуу тэр хоёрыг хэл амаар доромжилж байсан ба манай эхнэрийг түлхэж байхыг би хараад тийм үйлдэл хийсэн. Миний албан ёсны эхнэр, 2 хүүхдийн ээжийг олон нийтийн газар доромжилсон тул би биеэ барьж чадаагүй. Очоод юу болоод байгааг асуухад 1 залуу манай найзыг шууд нүүр рүү нь цохьсон. Тэр үед би орц руугаа гүйж ороод хаалга татахад араас орцны хаалга нүдсэн. Гэр рүүгээ гүйж байхад орцны хаалга татаж орсон. Би дээшээ гүйсэн ба манай эхнэр орцны хаалга татаад үлдсэн. 3 залуу хаалга татаж, орцонд орж ирсэн ба манай эхнэр унахдаа чанга дуугарсан. Араас хөөж байсан тул би гэрээс хутга аваад айлгая гэж бодоод гар руу нь хутгалсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хэрэг болсны дараа хохирогчид тусламж үзүүлж, эргэж тойрч, хэрэгтэй эм тариаг нь авч өгсөн. Сүүлд хохирлын мөнгө нэхэмжлэхэд нь төлж барагдуулсан, 12 сая төгрөгийн хохирол төлбөрт төлсөн, Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйсан, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө найзуудаараа цуглаж, хөзөр тоглож байсан. 2 шил архи уугаад би унтаад өгсөн. Сэрэхэд хүмүүс гадна орилолдож байсан тул гарахад 1 залуу намайг шууд цохьсон. Би буцаагаад тэр залууг 2 удаа цохьсон. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна” гэв.

Хохирогч Г.Ганбадралын мөрдөн байцаалтад өгсөн: ”...хажуу талд үл таних 2 охин хэрүүл өдөөд Даваасүрэн бид хоёрын яриаг буруу ойлгоод байх шиг байсан. Тэгээд бид 2 ахиад хэний талаар асуудал хэрэггүй цаашаа яв, зайл гэж хэлсэн. Гэтэл тэр 2 охин цаашаа эргээд явсан ба тэр үед цаанаас нь үл таних 3 залуу хүрч ирээд тэр 3 залуугийн яг аль нь цохьсон болохыг харж амжаагүй. Ямар ч байсан нэг залуу нь манай найз Даваасүрэнгийн хацар руу цохих шиг болсон. Тэгээд Даваасүрэн доошоо зугтаах гээд гүйж байгаад газар унасан. Тэгээд би тэр 3 залуутай 6 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд барьцалдан авахад тэд нар намайг татаад байсан. Тэгээд зодолдож явсаар байгаад орц руу орж 1, 2 дугаар давхарын шатан дээр зодолдож байтал гэнэт миний зүүн гарын булчин хэсэгт эвгүй болоод явчихсан. Тэгээд хартал Цолмонхүү гэх залуу хутга барьчихсан далайгаад байсан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-22-25/,

Хохирогч Э.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Юунаас болсон юм бүү мэд тэр 2 эмэгтэй манай найз Ганбадралтай маргалдаж эхэлсэн. Тэр үед би хажуунаас нь тэр хоёр эмэгтэйд хандаж иймэрхүү маргаан гаргаж хэрүүл уруул хийхгүй шүү гэж хэлсэн. Тэр үед цаанаас 2-3 залуу хүрч ирээд нэг залуу нь үгийн зөрүүгүй миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгээд би зугтаах гэтэл миний араас тоосго шидэж байсан. Тэр үед машинаас Ганжаргал, Ганди 2 бууж ирээд би эргээд очтол Ганбадрал байхгүй байсан. Тэр хүмүүстэй хамт орц руу орчихсон байх шиг байхаар нь Ганжаргал бид 2 гүйгээд орц руу ороод Ганжаргал нь Ганбадралыг аваад гарсан. Тэр үед би доошоо тонгойгоод харсан чинь шалаар дүүрэн цус болчихсон харагдсан…” гэсэн мэдүүлэг. /хх-26-28/,

Гэрч М.Гандийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ганбадралыг 62 дугаар байрны 3 дугаар орц руу татаад орж байсан. Тэгээд би машинаас буугаад орц руу орох гэтэл дотроос Ганжаргал нь дүү Ганбадралыгаа хажуунаас нь сугадаад гараад ирсэн. Гэтэл орцон дотроос манай найз Даваасүрэн “яагаад байгаа юм бэ та нар” гээд орилж байсан. Тэгээд би Даваасүрэнг авах гээд орц руу ортол Сүхболд гэх залуу Даваасүрэнгийн нүүр рүү гараараа цохиод авсан ба тэр үед Даваасүрэн доошоо өнхрөөд унахад би замаас нь тосч аваад татаад гадагшаа гарсан юм. Тэгээд орцноос гартал Ганбадралын гарнаас цус гарч байсан ба Ганжаргал гарыг нь атгаад сууж байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-32-33/,

Гэрч Г.Ганжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...машиныхаа цонхоор хартал манай дүү Ганбадрал хэдэн залуустай зууралдаад 62 дугаар байрны 3 дугаар орц руу орж байгаа харагдсан. Тэгээд би машинаас буугаад хартал Даваасүрэн гадна газар уначихсан сууж байсан. Тэгээд би орц руу дүүгийнхээ араас  гүйж орсон ба намайг орц руу ороход 2 давхараас С.Цолмонхүү гэх залуу хутга барьчихсан далайж орж ирээд Ганбадралын зүүн гарны булчин хэсэг рүү 2-3 удаа хутгалж харагдсан. Гэтэл учиргүй их цус гойжоод эхэлсэн ба тэр үед би өөрийн дүү Ганбадралыг шатаар чирээд гарсан бөгөөд 1 давхарын шатаар бууж байхад урдаас надтай зөрөөд Даваасүрэн орж ирээд зогсож байсан. Тэгээд би дүүгээ аваад гарсан ба орцноос гараад Ганбадрал ухаан алдаад уначихсан…” гэсэн мэдүүлэг. /хх-34-35/,

Гэрч Ш.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Оюунномин бид 2 орцны үүдэнд зогсож байгаад буцаад гэр рүүгээ орох гэтэл 2 билүү 3 залуу согтуу байсан ба тэр залуучууд намайг “явах уу? янхан минь” энэ тэр гээд намайг биеэ үнэлэгч гэж бодсон байх, тэгээд байхаар нь би өөдөөс нь “би тийм биеэ үнэлэгч биш” гэж хэлээд уурласан. Гэтэл тэр залуу намайг түлхсэн ба би хөл алдаад газар унасан юм. Яг тэр үед цаанаас манай хүргэн ах Мөнхтөр ирээд намайг түлхсэн залууд хандаж “яаж байгаа юм бэ?” гэж хэлсэн. Гэтэл цаанаас манай нөхөр Цолмонхүү ах Сүхболд 2 ирээд нөгөө орцны үүдэнд байсан залуучуудтай зодолдож эхэлсэн юм. Тэр үед манай нөхөр гартаа хутга барьчихсан гараад ирсэн, тэр үед би нөхрөө салгах гээд урдуур нь ноцолдож байгаад би өөрөө баруун гараа хутганд зүсүүлчихсэн юм. Би гэр рүүгээ орох гээд хаалга нүдээд зогсож байтал миний араас манай нөхөр Цолмонхүү, Оюунномин 2 ирсэн ба Оюунномин гартаа хутга барьчихсан байсан, тэгээд гэрт ороод Оюунномин манай нөхрийг загнаад “чи хүн хутгалчихлаа шдээ” гээд тэр хутгыг нь усаар угааж байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-37-38/,

Гэрч Н.Оюунномингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Оюунчимэг бид 2 хамт орцны үүдэнд зогсож байсан юм. Гэтэл цаанаас нэг машины хажууд 2 залуу гарч ирээд Оюунчимэг бид хоёрыг “явах уу” гэж асуухаар нь бид 2 тэр 2 залууд хандаж “бид 2 тийм хүн биш ээ” гэж хэлсэн. Гэтэл тэр 2 залуу “өө ямар сүртэй юм бэ? Угаасаа янхан л байна шдээ” гэж хэлсэн. Тэгээд бид дөрвийн дунд хэрүүл үүсээд гэтэл нэг залуу нь Оюунчимэгийн цээж хавьд нь гараараа цохиход Оюунчимэг бид хоёрыг Оюунчимэг газар унасан юм. Тэр үед Оюунчимэг “чи надад гар хүрдэг хэн бэ” гэж хашгарахад цаанаас Мөнхтөр, Цолмонхүү, Одхүү 3 хүрч ирээд Мөнхтөр ах “юу болсон бэ” гэж асуусан ба нэг залуу нь Мөнхтөр ахыг цохиод авсан. Гэтэл цаанаас машин дотроос 2 залуу гарч ирсэн ба тэр үед бид нар зугтаагаад орц руу орсон. Би шууд Цолмонхүүгийн гэр рүү орсон. Оюунчимэгийн гарнаас нь цус гарчихсан байсан ба би Цолмонхүүг харахад гарт нэг том хутга байсан. Тэгэхээр нь би Цолмонхүүг загнаж жаахан тайвшруулж байгаад Цолмонхүүгийн барьж байсан хутга аваад гэр рүүгээ орж нэг газар тавьсан…” гэсэн мэдүүлэг. /хх-45-46/,

Гэрч А.Одхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Оюунчимэг, Оюунномин 2 үл таних 2 залуутай муудалцаад хэрэлдээд зогсож байсан. Мөнхтөрийг нэг нь цохиод авсан ба яг хэн нь цохьсоныг сайн хараагүй. Тэр үед би сандарсандаа Цолмонхүү, Мөнхтөр, Оюунчимэг, Оюунномин бид 5 зугтаагаад орц руугаа орсон юм. Оюунчимэг гэр рүү түрүүлээд орчихсон байсан ба Оюунчимэгийн баруун гарнаас цус гараад шалаар нэлээд их цус болчихсон байсан. Цолмонхүү хутга барьж байсан Оюунчимэгийн гарыг нь зүсчихсэн юм биш үү гэж ярилцаж байгаад манай найз Оюунномин, Оюунчимэг хоёр нийлээд шалны цус арчиж цэвэрлээд, Цолмонхүүгийн барьж байсан хутгыг бас угааж цэвэрлээд байх шиг байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-50-51/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №5392 тоот дүгнэлтэд:

  1. Г.Ганбадралын биед зүүн бугалгад бугалганы тараагуур судас, бугалны мэдрэл гэмтээсэн нэвтэрсэн шарх, цээжинд шарх, зүүн 5,7,8-р хавирга, баруун 8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-67/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №759 тоот дүгнэлтэд:

  1. Г.Ганбадралын биед зүүн 5-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Зүүн 7,8 баруун 8-р хавирганы хугарал рентген зургаар тогтоогдсонгүй.
  2. Дээрх зүүн 5-р хавирганы хугарал нь болсон хэргийн нөхцөлд үүсэх боломжтой.
  3. Зүүн 5-р хавирганы хугарал нь шинэ гэмтэл байна.
  4. Зүүн 5-р хавирганы хугарал Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Г.Ганбадралын биед зүүн бугалгад бугалганы тараагуур судас, бугалны мэдрэл гэмтээсэн нэвтэрсэн шарх, цээжинд шарх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг хамаарна. /хх-74/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №5389 тоот дүгнэлтэд:

  1. Э.Даваасүрэнгийн биед тархи доргилт, баруун чамархай, зүүн хөмсөгний гадна үзүүр, хамар, бүсэлхийн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамар, бүсэлхий, ууц, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-79/,

Яллагдагч Н.С мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг унтаж байтал Цолмонхүүгийн эхнэр Оюунчимэгийн нэг гарнаас нь цус гоожсон байдалтай намайг дуудаад гадна хүмүүс зодоод байна гэх шиг болсон. Тэгэхээр нь би сандарч босоод гүйгээд гарахад хохирогч Э.Даваасүрэн гэх залуу цагаан цамцтай байсан ба тэр залуу 3 давхараас доошоо ганцаараа бууж байсан, тэгэхээр нь би тэр залуу нь манай найзуудыг зодчихоод доошоо бууж байгаа юм байна гэж бодоод тэр залууг араас нь бариад автал тэр залуу ардаа гараа савсан юм. Гар нь миний зүүн талын шанаа руу цохьсон ба тэгээд би тэр залуугийн нүүр рүү 1-2 удаа л цохьсон байх...” гэсэн мэдүүлэг. /хх-111/,

Яллагдагч С.Ц мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэр рүүгээ гүйж ороод гал тогооны өрөөнөөс бариулны урд хэсэгтээ төмөр оруулгатай хар иштэй төмөр хутга аваад тэр хутгаараа нөгөө залуучуудыг айлгах санаатай гэрээсээ гартал 3 давхарын шатан дээр хохирогч Г.Ганбадрал гэх залуу надтай тааралдсан юм. Тэгэхээр нь Г.Ганбадралыг айлгах гээд хутгаа баруун гартаа барьж байгаад баруунаас зүүн рүү чиглүүлж далайгаад гүйлгэсэн юм. Гэтэл Ганбадрал доошоо буусан ба яг тэр үед манай эхнэр Оюунчимэг өөдөөс шатаар гараад ирсэн. Тэгээд миний гарт хутга байгааг хараад Оюунномин манай эхнэр 2 надаас хутгыг булааж авсан ба тэр үед манай эхнэр гараа зүсүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг. /хх-104/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-12/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17/,  эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-123/, тодорхойлолт /хх-124/, өргөмжлөл /хх-135/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-141/, хувийн байдлыг тогтоосон баримт /хх-145/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч С.Ц нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд хохирогч Г.Ганбадралын зүүн гарын булчин хэсэгт хутгалан биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь,

-шүүгдэгч Н.С нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд хохирогч Э.Даваасүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч С.Ц, Э.Д нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Ц-н үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2-н 2.4 дэх хэсэгт хамаарч байх бөгөөд дээрх зүйл ангид заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ялаас хүндэрсэн байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч Н.С-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

-шүүгдэгч  С.Ц-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Ц-г бусдын бие махбодид санаатай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг,

 -мөн шүүгдэгч Н.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Ц, Н.С нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогч нарт учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч C.Ц-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийг журамлан хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн шүүх шүүгдэгч Н.С-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын дотор төлөхыг даалгаж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. С.Ц- г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

- Н.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар С.Ц-г 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

-2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /500*1.000=500.000/ 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Ц, Н.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ц-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Н.С-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  •             , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР

                                          ШҮҮГЧИД                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                                Б.АРИУНХИШИГ