Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 869

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Ц , Н.С  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор О.Багшбаяр,

          шүүгдэгч С.Ц гийн өмгөөлөгч М.Х ,

          шүүгдэгч Н.С , түүний өмгөөлөгч С.Г ,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр  даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 590 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ц , түүний өмгөөлөгч М.Х  нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч С.Ц , Н.С  нарт холбогдох 2017 2501 1360 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ж овгийн С.Ц, 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын тосны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр баг, Хөгнө ханд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, одоо Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62-39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ГП94011017/;

 

2. Б овгийн Н.С, 1990 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Физик, Байгаль шинжлэлийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа, Анар хотхон, 801 дүгээр байрны 54 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй /РД:ЙС90052811/;

 

С.Ц  нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд хохирогч Г.Г ын зүүн гарын булчин хэсэгт хутгалан биед нь хүнд гэмтэл санаатай  учруулсан,

Н.С  нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд хохирогч Э.Даваасүрэнгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.Ц гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт, Н.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Ц г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, Н.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар С.Ц г 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /500*1000=500.000/ 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.С од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.С  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хоногоор тооцож  хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ц д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Ц , Н.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Ц   гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. Учир нь:

Миний бие 2 настай охин, 9 сартай хүү болон эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр хүүхдүүдээ харж ажил хийх боломжгүй байдаг бөгөөд би ажил хийж ар гэрээ авч явдаг. Цагдан хоригдсоны улмаас ар гэрийн байдал хүнд байгаа тул энэ байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж, харамсаж байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Алхам бүрээ хянаж байж чадна...” гэжээ.

 

Шүүгдэгч С.Ц гийн өмгөөлөгч М.Х  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг удирдлага болгон гомдол гаргаж байна.

С.Ц  нь 2017 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Г.Г ыг хутгалж, түүний биед хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа шударгаар хүлээж гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд огт маргаагүй. Хохирогчид эмчилгээ сувилгаа болон бусад зардалд 11.000.000 төгрөг өгсөн ба цаашид гарах зардал гэж өөрийн сайн дураараа нэмж урьдчилан 12.000.000 төгрөг өгсөн.

Хохирогчоос удаа дараа уучлалт гуйж, байнга эргэж, сэтгэл санааны дэм туслалцаа үзүүлж байсан. Хохирогч нь шүүхэд албан ёсоор хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтдээ “уг хэрэг гарахад миний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн учир гомдолгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн зэрэг баримтууд хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

С.Ц д ял хөнгөрүүлэн оногдуулж болох нөхцөл бүрэн байгаа гэж үзэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Нөгөө талаар Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байгаагийн зэрэгцээ С.Ц  нь хийсэн гэм буруугаа шударгаар хүлээж, чин сэтгэлээсээ гэмшиж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэртээ 8 сартайгаас 4 насны 2 хүүхэдтэй, эхнэр нь хүүхдээ асардаг, С.Ц  нь ажил хийж эхнэр, хүүхдээ тэжээдэг байсны зэрэгцээ 4 настай охин нь эцгийгээ санаж, сэтгэл санааны болон эдийн засгийн хүнд байдалд орж байна.

Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж, хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.С  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Н .Сүхболдын өмгөөлөгч С.Г  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.С од холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөрдөн байцаалтын шатанд Н.С  нь хохирогч Э.Даваасүрэнтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Ц , Н.С  нарт холбогдох хэрэг тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон. Хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч нарт ашигтайгаар зүйлчлэн шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

С.Ц  нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд хохирогч Г.Г ын зүүн гарын булчин хэсэгт хутгалан биед нь хүнд гэмтэл санаатай  учруулсан,

 

Н.С  нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд хохирогч Э.Даваасүрэнгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Г ын “...гурван залуугийн хэн нь тоосго шидсэнийг хараагүй. Би тэр гурван залуутай 12 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд барьцалдаж авахад тэд намайг татаад байсан. Тэгээд зодолдож явсаар байгаад 3 дугаар орц руу орж, 1, 2 дугаар давхрын шатанд дээр зодолдож байхад гэнэт миний зүүн гарын булчин хэсэгт эвгүй болоод явчихсан. Тэгээд хартал С.Ц  гэх залуу гартаа хутга барьчихсан далайгаад байсан. Тэр үед миний гарнаас цус гараад цацраад байсан...” /1-р хх 22-24, 25, 2-р хх-32-34/ ,

 

Хохирогч Э.Даваасүрэнгийн “... Г.Г  юу гэж хэлснийг санахгүй байна. Тэр хоёр хүүхэнтэй маргалдаж л байсан. Тэр үед цаанаас 2-3 залуу хүрч ирээд нэг залуу нь үгийн зөрүүгүй миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед надад ямар нэгэн гэмтэл учраагүй, би шууд хойшоо зугатаах гэтэл миний араас тоосго шидэж байсан. Тэр үед автомашинаас манай найз Г.Ганжаргал, Гандий хоёр бууж ирээд би эргээд очтол манай найз Г.Г  байхгүй байсан. Гэтэл тэр хүмүүстэй хамт орц рүү орчихсон байх шиг байхаар нь Г.Ганжаргал бид хоёр гүйгээд орц рүү ороод Г.Ганжаргал нь Г.Г ыг аваад гарахад нь би араас нь гарах гэтэл миний цамцны малгайнаас нэг залуу нь барьж аваад татаад байсан. Гэтэл хажуунаас хутга далайгаад хутгаар хатгах  гэж байгаа харагдсан. Тэр үед би доошоо тонгойгоод харахад шалаар дүүрэн цус болчихсон харагдсан. ...Тэгээд орцноос гараад харахад манай найз Г.Г ын зүүн гар руу нь хутгалчихсан байсан. ...ногоон өнгийн куртиктай 175-180 см орчим өндөр залуу л хутга барьж байсан. Тэр залуу орцон дотор ороод л хутга гаргаад ирсэн байсан. ...Миний биед учирсан гэмтлийг нэг халзандуу толгойтой, махлаг биетэй залуу нь миний хамар руу цохиж, толгой руу өшиглөж гэмтэл учруулсан. Тэр залуу цагаан өнгийн футболктой байсан. ...яг тэр үед Н.С  гэх залуу өөдөөс гарч ирээд гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд би цохиулчихаад эргэж хараад гарч зугтаах гэтэл миний юүдэнтэй цамцны малгайнаас нэг залуу нь бариад авсан. Тэгэхээр нь би эргээд хартал С.Ц  гэх залуу гартаа хутга барьчихсан байх шиг байсан, нэг юм гялалзаад над руу далайгаад байсан. Тэгээд доошоо тонгойн харахад шатаар дүүрэн улаан хүрэн өнгийн цус гарчихсан байсан, тэр үед Н.С  гэх залуу миний нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” /1-р хх-26-28, 29-30/,

 

Гэрч М.Гандийгийн “...Ганжаргал намайг дуудаад “хөөе гадна зодоон болоод байна” гэж хэлээд сэрээсэн, тэгээд харахад Г.Г ыг 62 дугаар байрын 3 дугаар орц руу татаад орж байсан. Тэгээд Г.Ганжаргал автомашинаас буугаад 62 дугаар байрын 3 дугаар орц руу гүйж орсон ба би тэр үед автомашинаа цоожлоод араас нь орц руу орох гэтэл дотроос Г.Ганжаргал нь дүү  Г.Г ыгаа хажуунаас нь сугадаад гараад ирсэн. Тэгтэл орцон дотор найз Э.Даваасүрэн “яагаад байгаа юм бэ та нар” гэж орилж байсан. Тэгээд Э.Даваасүрэнг авах гээд орц руу ортол Н.С  гэх халзандуу толгойтой бүдүүн биерхүү залуу нь ханцуйгүй цагаан өнгийн футболктой байсан ба тэр залуу Э.Даваасүрэнгийн нүүр лүү гараараа цохиод авсан ба тэр үед Э.Даваасүрэн шатаар доошоо өнхрөөд унахад би замаас нь тосч аваад татаад гадагшаа гарсан. Намайг орц руу ороход шатаар дүүрэн цус урсчихсан байсан. Тэгээд орцноос гарч ирээд хартал Г.Г ын гарнаас нь цус гарч байсан ба Ганжаргал гарыг нь атгаад сууж байсан...” /1-р хх-32-33/,

 

Гэрч Г.Ганжаргалын “...Г.Г  хэдэн залуутай зууралдаад 62 дугаар байрны 3 дугаар орц руу орж байгаа харагдсан. Тэгээд автомашинаас буугаад хартал Э.Даваасүрэн гадна газар уначихсан сууж байсан. Тэгээд би 3 дугаар орц руу дүүгийнхээ араас гүйж орсон ба намайг орц руу ороход С.Ц  гэх залуу гартаа хутга барьчихсан далайж орж ирээд манай дүү Г.Г ын зүүн гарны булчин хэсэг рүү нь далайгаад 2-3 удаа хутгалж харагдсан. Гэтэл учиргүй их цус гойжоод эхэлсэн ба  тэр үед би өөрийн дүү Г.Г ыг шатаар чирээд гарсан. Намайг 1 давхрын шатаар бууж байхад урдаас надтай зөрөөд Э.Даваасүрэн орж ирээд зогсож байсан...” /1-р 34-35/,

 

Гэрч Ш.Оюунчимэгийн “...Тэгээд 2 талаас маргалдаад зогсож байтал байрны баруун талаас манай нөхөр С.Ц , Г.Мөнхтөр, А.Одхүү 3 гарч ирээд нөгөө 2 залуутай маргалдаж эхэлсэн. С.Ц , Г.Мөнхтөр, А.Одхүү 3 нөгөө үл таних 2 залуутай маргалдаад бие биерүүгээ дайраад байхаар нь би дундуур нь орж салгасан. Гэтэл нөгөө 2 залуугийн нэг нь намайг “чи холд” гээд түлхсэн ба би тэр үед хөл алдаж газар унасан. Тэгээд л манай нөхөр С.Ц  бүр их уурлаж эхлээд маргаан болж байсан санаж байна. Тэгээд нэг мэдэхэд бид нар бүгдээрээ орц руу орсон ба Г.Оюуномин бид 2 хамгийн сүүлд ороод орцны хаалга хаагаад зогсож байтал гаднаас нэг залуу түлхэж холдуулаад дээшээ манай давхар луу гарсан. Тэгээд бид хоёр дээшээ 2 давхар луу алхаж байхад хохирогч Г.Г  ахтайгаа надтай зөрж доошоо буусан санагдаж байна. Тэгээд дээшээ харахад манай нөхөр С.Ц  гартаа хутга барьчихсан шатан дээр хохирогч Э.Даваасүрэн тонгойгоод зогсож байсан ба Э.Даваасүрэнгийн цамцных нь малгайнаас С.Ц  барьж аваад хутга далайж байсан. Г.Оюуномин салгах гээд дундуур нь орчихсон байсан, тэгэхээр нь би гүйж очоод С.Ц гийн гарнаас хутгыг нь авах гэж байгаад би өөрөө баруун гараа зүсүүлчихсэн юм. ...С.Ц гийн барьж байсан хутга нь манай гэрийн гал тогооны өрөөнд хоол хийдэг төмөр оруулгатай, хар бариултай, бариул дээрээ 3 ширхэг хадаастай хутга байсан...” /1-р хх-37-38, 39-40, 2-р хх-35-36/,

 

Гэрч Г.Оюуномингийн “...Бид 4-ийн хооронд хэрүүл үүсээд, гэтэл нэг залуу Ш.Оюунчимэгийн цээж хавьд нь гараараа цохиход Ш.Оюунчимэг газар унасан. Тэр үед Ш.Оюунчимэг “чи надад гар хүрдэг хэн бэ” гээд хашгирахад цаанаас Г.Мөнхтөр, С.Ц , А.Одхүү 3 хүрч ирээд Г.Мөнхтөр ах “юу болсон бэ” гэж асуусан ба нэг залуу нь Г.Мөнхтөр ахыг цохиод авсан. Гэтэл цаанаас нэг автомашин дотроос 2 залуу гарч ирсэн ба тэр үед бид нар зугатаагаад орц руу орсон. Бид шууд С.Ц гийн гэр лүү орсон. Тэгээд би 00 орж бие засчихаад буцаад гадагшаа гартал нөгөө залуучууд нь байгаагүй явчихсан байсан. Харин Ш.Оюунчимэгийн гарнаас нь цус гарчихсан байсан ба би С.Ц  рүү харахад гарт нь нэг том хутга байсан...” /1-р хх-45-46, 48, 2-р хх-37-38/,

 

Шинжээч эмч М.Энхтайвангийн: “...эмчлүүлэгчийн өвчний түүхээс үзэхэд зүүн 5, 7, 8 дугаар хавирга, баруун 8 дугаар хавирга зөрүү хугаралттай гэсэн байсан. Уг өвчний түүхийг үндэслэж дүгнэлт гаргасан. Г.Г ын зүүн бугалганы тараагуур судас, бугалганы мэдрэл гэмтээсэн шарх нь амь насанд аюултай учир дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэх шинэ гэмтэл мөн байна...” /1-р хх-70-71/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Г ын биед зүүн бугалганд бугалганы тараагуур судас, бугалганы мэдрэл гэмтээсэн нэвтэрсэн шарх, цээжинд шарх, зүүн 5, 7, 8 дугаар хавирга, баруун 8 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн 5392 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-66-67/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Г ын биед зүүн 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Зүүн 7, 8 дугаар, баруун 8 дугаар хавирганы хугарал рентген зургаар тогтоогдсонгүй. Дээрх зүүн 5 дугаар хавирганы хугарал нь болсон хэргийн нөхцөлд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн 5 дугаар хавирганы хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганд бугалганы тараагуур судас, бугалганы мэдрэл гэмтээсэн нэвтэрсэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 759 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /1-р хх-72-74/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Э.Даваасүрэнгийн биед тархи  доргилт, баруун чамархай, зүүн хөмсөгний гадна үзүүр, бүсэлхийн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамар бүсэлхий, ууц, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 5389 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-78-79/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Марльд шингээсэн улаан хүрэн өнгийн толбо нь цус байна, шүлс илрээгүй. Марльд шингээн ирүүлсэн цус нь ДНХ-ийн тогтцоороор нэг эрэгтэй хүний цус байх ба 4279 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хар өнгийн савхин куртик, цагаан өнгийн оймс, хар ангийн өмд, хүрэн өнгийн тэлээ, саарал өнгийн хос пүүзэн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн 4282 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-85-87/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-4-6, 7-12/, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/1-р хх-15, 16/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-18-20/, хохирогч Г.Г ын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв, Мөнгөн гүүр эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхүүд /1-р хх-153-162, 163-206/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /1-р хх-210, 225, 2-р хх-74/, хохирлын баримтууд /1-р хх-213-224, 226-240/, С.Ц , Н.С  нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч С.Ц г 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын хэмжээ 2-8 жил буюу ялын доод хэмжээ нь 2 жил болж хөнгөрсөн тул тус хуулийг буцаан хэрэглэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 хэсэгт зааснаар С.Ц д анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц г 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Н.С ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын бие махбодид хөнгөн гэмт санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт үйлдэл 2017 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө үйлдэгдсэн байх тул тухайн үеийн мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж заасан тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 590 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 590 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

1 дэх заалтад “Жаран овогт Сандуйжавын Цолмонхүүг бусдын бие махбодид хүнд гэтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, Боржигон овог Нэргүйн Сүхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг

“Жаран овгийн Сандуйжавын Цолмонхүүг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, прокуророос Боржигон овгийн Нэргүйн Сүхболдыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

 

2 дахь заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар С.Ц г 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /500*1000=500.000/ 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ц г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ГАНСҮХ     

 

                                      ШҮҮГЧИД                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ