Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1795

 

 

 

 

 

 

 

 

 

С.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01921 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Аын хариуцагчД.Б, Г.Т нарт холбогдуулан гаргасан 1 570 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2019 оны 06 сарын 06-ны өдөр автомашин угаалгын газар түрээслэхээр хариуцагч нартай тохирч, түрээсийн төлбөрт 3 500 000 төгрөг, барьцаа 1 500 000 төгрөгийг төлж, 2019 оны 06 сарын 11-ний өдөр түрээсийн зүйлийг хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлээд 15 хоногийн дараа ямар ч ашиггүй болохыг хариуцагч нарт хэлсэн. Ингээд хариуцагч нар 2019 оны 07 сарын 10-ны өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан бөгөөд барьцаа 1 500 000 төгрөгийг өгөөгүй. Хариуцагч нар утсаа авахгүй, холбоо барихгүй байсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч гэрээний маргаан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч нараас барьцаа 1 500 000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 1 570 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Автомашин угаалгын газрыг 2019 оны 06 сарын 06-ны өдрөөс түрээслэхээр тохирч, мөн сарын 10-ны өдөр өмнөх түрээслэгч түрээсийн зүйлийг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч С.А нь автомашины угаалгын газрыг ашиглаж эхэлсэн. Автомашин угаалгын газрыг түрээслүүлэхээр зар тавиагүй байхад нэхэмжлэгч нь гуйсаар байгаад түрээслэхээр болсон. Ингээд сарын түрээсийн төлбөрийг 3 500 000 төгрөгөөр тохирч, 2 жилийн хугацаатай амаар гэрээ байгуулсан. Гэхдээ хугацаанаас нь өмнө гарсан тохиолдолд барьцаа мөнгийг буцаан өгөхгүй талаар нэхэмжлэгчид тайлбарласан. Нэхэмжлэгч нь автомашины угаалгын газрыг хүлээлцэхэд өөрөө ирээгүй, дүүгээ явуулсан бөгөөд 2019 оны 06 сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч 2019 оны 07 сарын 10-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээж ав гэж хэлээд цэвэрлэгээ хийлгүй орхиод явсан. Бид дараагийн түрээслэгчдээ хүлээлгэж өгөхдөө цэвэрлэх, эвдэрсэн зүйлийг засварлах зэрэгт их хэмжээний зардал гаргаснаас гадна түрээслэгч нь цахилгаан болон цэвэр, бохир усны төлбөрийг төлөөгүй байсан. Нэхэмжлэгчид оршин суугаа газраа худал зааж өгөөгүй, анхнаасаа бичгээр гэрээ байгуулж, энэ талаар тодорхой дурдаагүй учраас эрэн сурвалжлах шаардлага гарах ёсгүй байсан. Иймээс түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болон холбогдох зардлыг төлөөгүй тул 1 570 200 төгрөгийг төлөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагчД.Б, Г.Т нараас 1 178 286.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Аад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх               391 913.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 32 829 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: С.Аын манайд учруулсан хохирол болох 380 000 төгрөгийн үнэ бүхий шинэ бууг авч явсан мөнгө болон бохир ус соруулсан мөнгө, 2019 оны 06 сарын хогны 65 000 төгрөг, 00-ын суултуур эвдэрснийг засуулсан 60 000 төгрөг, бохир ус соруулж, лаг ачуулсан 120 000 төгрөг, угаалгын газрын дотор талыг цэвэрлүүлсэн зэрэгт нийт 295 000 төгрөг төлснийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй. С.А нь наадмын баярын өмнөх өндөр ашигтай 1 сард ажиллуулж ашиг олоод гэнэт 2019 оны 07 сарын 10-ны орой угаалгаа ав гэж хэлээд гараад явахдаа өөрийн хэрэглэсэн цахилгаан, ус, хогны мөнгөө төлөөгүй, бохир усаа соруулж лагаа цэвэрлээгүй, хогоо ачуулаагүй, ямар ч цэвэрлэгээ хийгээгүй, 00-ын суултуурыг эвдэлж ашиглах боломжгүй болгосон ба машин угаалгын шинэ усан бууг салгаад авч явсан. Дээрх зүйлүүдийг С.Аад эд хөрөнгө хүлээлцэх актаар хүлээлгэж өгсөн ба гэрээ байгуулахдаа авчирна гэж авч яваад 10-ны орой гэнэт гарсан. С.А нь биднийг зар тавиагүй байхад өөрөө утсаар ярьж, гуйсаар байгаад манай автомашин угаалгын газрыг 2 жилийн хугацаагаар түрээслэхээр тохиролцсон. Ингэхдээ сарын түрээс нь 3 500 000 төгрөг, хүлээлгэн өгсөн эд зүйлийн үнэ болон учруулсан хохирлыг арилгахтай холбогдуулан 1 500 000 төгрөгийг барьцаа болгож, 2 жилийн дараа гэрээний хугацаа дуусахаар гэрээний дагуу буцаан олгохоор тооцсон. Эхний орлого өндөртэй, ашигтай сард ажиллуулаад гарвал барьцаа мөнгийг буцаан олгохгүй бөгөөд тухайн сарын түрээс нь 5 000 000 төгрөг байхаар С.Атай тохиролцсон. С.А нь биднээс мөнгө нэхэмжлэх эрхгүй. Харин эвдсэн тоног төхөөрөмж болон авч явсан тоног төхөөрөмжөө буцаан өгөх боломжгүй бол үнийн дүнг төлөх ёстой. Дээрх зүйлүүдийг бид нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн. Иймд бид дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагчД.Б, Г.Т нарт холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа 1 500 000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70 200 төгрөг, нийт 1 570 200 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 8/а тоотод байрлах 312 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг автомашин угаалгын газар ажиллуулах зорилгоор түрээслэх тохиролцоо амаар хийгдэж, нэхэмжлэгч С.А нь 2019 оны 06 сарын 08-ны өдөр хариуцагчД.Бын Хаан банкны 5757117407 тоот дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нар нь өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 06 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшилд түрээслүүлэх зорилгоор шилжүүлсэн, улмаар 2019 оны 07 сарын 10-ны өдөр буцаан хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 5/

 

Дээрх харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа хэмээн анхан шатны шүүх зөв тодорхойлж, улмаар гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгчээ.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар талууд дээрх хэлцлээр шилжүүлсэн зүйлсийг буцаан өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч нарт шилжүүлсэн 5 000 000 төгрөгөөс түрээсийн төлбөрийн барьцаа 1 500 000 төгрөгийг гаргуулах”  гэж тайлбарладаг бол хариуцагч нар эс зөвшөөрч “... түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан ба барьцаа 1 500 000 төгрөгийг гэрээний хугацаа дууссаны дараа буцаан өгөхөөр тохирсон, нэхэмжлэгч хугацаанаас өмнө түрээсийн зүйлийг буцаан өгсөн учраас барьцаа төлбөрийг өгөхгүй” гэж тайлбарлан маргадаг.

Хариуцагч тал нэхэмжлэгчээс барьцаа төлбөрт авсан 1 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар буцаан төлөх үүрэгтэй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүх нэхэмжлэгчийн хариуцагч нарт шилжүүлсэн 1 500 000 төгрөгийн барьцаанаас үл хөдлөх эд хөрөнгө ашигласан хугацааны ашиглалтын зардал буюу цахилгааны төлбөрт 191 843 төгрөг, цэвэр, бохир усны төлбөрт 96 945.52 төгрөг,            32 924.73 төгрөг, нийт 321 713.25 төгрөгийг хасаж, үлдэх 1 178 286.75 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэхдээ 32 924.73 төгрөгийг ямар нотлох баримтад үндэслэн тооцсон нь тодорхойгүй байх боловч нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүйг зөвшөөрсөн гэж үзэх тул ийнхүү шийдвэрлэснийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо “...С.А 380 000 төгрөгийн шинэ буу авч явсан, мөн 2019 оны 06 сарын хогны 65 000 төгрөг, бие засах газрын суултуур засуулсан 60 000 төгрөг, бохир ус соруулж, лаг ачуулсан 120 000 төгрөг, угаалгын газрыг цэвэрлүүлсэн төлбөр зэрэгт нийт 295 000 төгрөгийг төлсөн” гэх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01921 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ                                                     

                                           ШҮҮГЧИД                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР