Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2020/03129

 

 

 

 

 

 

 

 

                           2020         09         11                             

                               101/ШШ2020/03129

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн 0000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг,0 дугаар хороо, 00дугаар хороолол, 0 дугаар байр 000 тоотод оршин суух 0 овогт Г0 Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны гудамж 46А байрлах С х холбогдох, 

2,429,494 төгрөг гаргуулах, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “ ... төрийн албан хаагчид... үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно” гэсэн заалтын хүрээнд Засгийн газрын 2019 оны 7-р тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу С, хэмжилзүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/149 тоот тушаалаар надад 38,129,232 төгрөг олгохоор шийдвэрлэсэн боловч 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний Голомт банкинд байх дансанд 35,702,738 төгрөг шилжүүлж 2429,494 төгрөгийг хууль бусаар суутган авчээ. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 61.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана” 61.1.1-д “...тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэсэн надад хуулиар олгогдсон баталгааг үгүйсгэж хууль ёсны эрх ашгийг зөрчиж хохироосон байх тул 2,429,494 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан байдаг бөгөөд одоог хүртэл ажил хүлээлцээгүй байгаа болно. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй” гэсэн заалт зөрчигдсөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт тасарч тэтгэврийг бодитой тогтоолгох боломжгүй болж эрх ашиг хохироод байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 41.3- “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан байдаг тул 2019 оны 5 дугаар сарын 01-нээс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Г.Г нь С, хэмжил зүйн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол улсын Шадар садын тушаал, шийдвэргүйгээр өөрийн шууд харьяалан удирдуулах албан тушаалтан болох С, хэмжил зүйн газрын Стратегийн бодлого төлөвлөлт, дотоод аудитын газрын даргаар “ээлжийн амралтын хуудас”-т гарын үсэг зуруулж, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 8-ны өрийг дуустал ажлын 29 хоногийн ээлжийн амралтын мөнгийг авсан нь үндэслэлгүй юм. Үндэслэлгүйгээр олгогдсон ээлжийн амралтын мөнгө болох 2,429,494 төгрөг С, хэмжил зүйн газрын санхүүгийн тайлан тэнцэлд 2 улирал дараалан авлага үүсч явсаар 2019 оны12 дугаар сар хүрсэн байдаг. Энэ хугацаанд С хэмжил зүйн газрын нягтлан бодогчоос Г.Гт тухайн мөнгийг эргүүлэн байгууллагын дансанд хийж, зөрчлийг арилгуулах хүсэлт шаардлагыг удаа дараа гаргаж байсан боловч үл биелүүлэн, шийдвэрлэхгүй байсан. Иймд санхүүгийн зөрчлийг арилган байгууллагыг хохиролгүй болгохын тулд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г.Гт нэг удаагийн буцалтгүй тусламж олгох С хэмжил зүйн газрын даргын Б/149 дүгээр тушаалаар олгох мөнгөн дүнгээс тухайн авлага болох 2,429,494 төгрөгийг суутган тооцож С, хэмжил зүйн газрыг хохиролгүй болгосон байна.  

Г.Гийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор С, хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ийнхүү хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж, төрөөс цалин хөлс олгохгүй болсноор түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг С, Х төлөх үүрэг мөн адил дуусгавар болсон. Г.Г нь ажлаас чөлөөлсөн МУ-н Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхээр маргаан үүсгэсэн бөгөөд Шүүхийн анхан, давж заалдах, хяналтын шатны 3 шатны шийдвэрээр МУ-ын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өрийн 131 дүгээр тогтоолыг хууль тогтоомжид нийлцсэн шийдвэр хэмээн хэвээр үлээж шийдвэрлэсэн байх тул түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шийтгэл төлөлтийг С, Х төлөөгүй нь хууль тогтоомж зөрчөөгүй болно. Иймд Г.Гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч С х холбогдуулан 2,429,494 төгрөг гаргуулах, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан судалсаны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Г.Гийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр С, хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байх ба уг тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь тус тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0652 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Гийн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, С, хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /х.х-ийн 23-30 дахь талд

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 657 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0652 дугаар шийдвэрийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 31-47 дахь талд/

С, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Б/149 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Г тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, төрийн албанаас чөлөөлөгдсөн үндэслэлээр 38,129,232 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Г.Гийн Голомт банкин дахь харилцах дансанд 35,702,738 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 4, 19 дахь талд/

Хариуцагч С, Х нь нэхэмжлэгчид олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжаас суутгал хийх болсон үндэслэлээ “... нэхэмжлэгч нь С, хэмжил зүйн газрын даргын үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа Монгол Улсын шадар сайдын тушаал, шийдвэргүйгээр өөрийн шууд харьяалан удирдуулах албан тушаалтан болох С, хэмжил зүйн газрын Стратегийн бодлого, төлөвлөлт, дотоод аудитын газрын даргаар ээлжийн амралтын хуудаст гарын үсэг зуруулж, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг дуустал ажлын 29 хоногийн ээлжийн амралтын мөнгийг авсан нь үндэслэлгүй тул санхүүгийн зөрчил арилган, байгууллагыг хохиролгүй болгох үүднээс суутган авсан” гэж тайлбарласан. 

Г.Г нь С, хэмжил зүйн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа “Амралтын хуваарь батлах тухай” 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/23 дугаар тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б/03, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/14, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б/05 дугаар тушаалыг тус тус баталсан байх уг тушаалуудад дурдсанаар Г.Г нь өөрийн ээлжийн амралтын хуваарийг 2016 онд 7 дугаар сарын 10-ны өдрөөс, 2017 онд 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 онд 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 онд 3 дугаар сарын 29-ний өдрөөс тус тус амрахаар баталж, ээлжийн амралтаа биеэр эдэлсэн байна. /х.х-ийн 137-162 дахь талд/

  Хэдийгээр, хариуцагч нь Монгол Улсын, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 166 дугаар “Ээлжийн амралт олгох” зааврын 3-т зааснаар “... ээлжийн амралтын хуваарь батлах” эрхийг ажил олгогч /эрх бүхий этгээд/-д олгосон, уг зааврын дагуу С, хэмжил зүйн газрын ажилтан, албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг тус агентлагийн дарга батална, харин агентлагийн даргын ээлжийн амралтын хуваарийг эрх бүхий этгээд батлах зохицуулалттай атал Г.Г нь 2019 онд өөрөө өөртөө амралтын хуваарь баталсан нь хууль бус гэж нэхэмжлэлээс татгалзаж байх боловч ажилтан Г.Гийн гаргасан тус буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь ажил олгогчийн дотоодын хяналт шалгалт болон эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдоогүй байхад ээлжийн амралтыг хууль бусаар эдэлсэн гэж үзэн түүнд олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжаас суутгал хийсэн хариуцагчийн үйлдэл хууль зүйн үндэслэлгүй болжээ.

  Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тус үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн  5 дугаар зүйлд заасан ажил олгогчийн ажилтны өмнө хүлээх эрх, үүрэгт нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Г.Г тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, төрийн албанаас чөлөөлөгдсөн үндэслэлээр олгогдсон нэг удаагийн буцалтгүй тусламжаас хууль бусаар суутгасан 2,426,494 төгрөгийг хариуцагч С, хэмжил зүйн газраас гаргуулж, нэхэмжлэгч Г.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Г.Гийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр С, хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоолыг хүчингүй болгуулах, С, хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 76 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт тул дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан ажил олгогчийн үүрэг нь ажил, үүрэг гүйцэтгэж байгаа ажилтанд хамаарах бөгөөд ажилтныг ажлаас чөлөөлсөн тохиолдолд ажил олгогчид энэ үүргийг хүлээлгэх үндэслэлгүй юм.

Дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С, хэмжил зүйн газраас 2,426,494 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000 төгрөгт холбогдох хэсэг болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 124,022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С, хэмжил зүйн газраас улсын тэмдэгтийн хураамжид 53,773.9 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ